Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/00102

 

 

 

 

 

 

 

 

 

2021 12 28

101/ШШ2022/00102

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Х.Д.Н /

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, тоот хаягт оршин суух И.Д.Э / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,462,990,641.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний болон барьцааны гэрээг цуцалж, барьцаалуулсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Л.З, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.л.ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч А ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нийт 1,265,742,827.92 төгрөгийг 65 хоногийн хугацаатай нэг жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д зааснаар зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 647,146,354.79 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 647,146,354.79 төгрөгийг тус тус төлөх ёстой байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна.

 

Иймд, бид үндсэн зээл 1,265,742,827.92 төгрөг, зээлийн гэрээний 3-т зээлийн хугацаа тооцож эхлэх өдрөөс эхлэн зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг зээлдүүлэгчид бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй зээлийн үндсэн дүнд жилийн 18 хувийн хүү төлнө гэж заасныг үндэслэн хуримтлагдсан хүү 161,044,101.17 төгрөг, нийт 1,426,786,929 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

 

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 36,203,712.67 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл ба зээлийн гэрээний хугацаанд ногдох хүүгийн нийлбэр 1,306,315,954.18 төгрөг, хэтрүүлсэн хугацаанд ногдох хүү 156,674,687.58 төгрөг, нийт 1,462,990,641.76 төгрөг болгосон.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч А ХХК-иас үндсэн зээл 1,265,742,827.92 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 40,573,126.26 төгрөг, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох хугацаа хэтрүүлсний хүү 156,674,687.58 төгрөг, нийт 1,462,990,641.76 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Үүнээс гадна хариуцагч нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох хариуцагч А ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн тоот хаягт байршилтай 326 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.Нгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  хариуцагч Д.Эийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 80 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмэгдүүлсэн.

 

Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр их хэмжээний хэлцлийг хийхийг зөвшөөрч болно, хэрэв компани нэг өмчлөгчтэй байх тохиолдолд шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлнэ. Хавтаст хэргийн 14 дэх тал болон 57 талд хариуцагч Д.Н гэх хүний тухайн зээлийг олгох хүсэлт, мөн өөрийнхөө дансанд авах хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан тул төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж маргах нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан Монголбанкнаас ирсэн зээлийн мэдээллийн сангийн баримтаар хариуцагч А ХХК-ийн A ******* ХХК-иас авсан зээл нь төлөгдсөн байх тул манай компаниас зээлсэн мөнгийг ашигласан гэж үзнэ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-тай хариуцагч А ХХК-ийн муу зээлийг шилжүүлэн авахаар тохиролцсон гэх боловч бодит байдлын хувьд авч үзвэл 1,265,742,827.92 төгрөгийг зээлдүүлсэн болох нь дансны хуулга, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчийн өөрийнхөн хүсэлт зэргээр тогтоогдоно.

 

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй, манай компани нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхлэн явуулдаггүй тул үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчсөн гэж тайлбарлах нь буруу, хариуцагч А ХХК нь анхнаасаа Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт болон бусдад төлөх өр төлбөртэй байсан учраас хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө данс руу шилжүүлж аваад компанийнхаа өр төлбөрийг барагдуулсан байсан.

 

Хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, мөн бусад үндэслэлийн талаар дурдсан боловч зохигчдын байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хууль зөрчөөгүй, эрх бүхий этгээд нь өөрөө тухайн гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсан тул хэлцлийг хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид, өөрсдийнхөө дансанд байсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх хэлцэл биш.

 

Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус зааснаар хүчин төгөлдөр барьцааны гэрээгээр барьцаалуулсан зүйлийг чөлөөлөх боломжгүй, нэхэмжлэгч Х.л.ХХК-иас хариуцагч А ХХК-д 1,265,742,827.92 төгрөгийг хүлээлгэн өгсөн учраас гэрээгээ зөрчсөн гэх үйл баримт байхгүй, хариуцагч нар шүүхэд өгсөн хариу тайлбараасаа өөр зүйл ярьж байна. Учир нь, хариуцагч А ХХК-иас бичгээр гаргасан хариу тайлбарт нь зээлийн гэрээг байгуулсан гэсэн байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх бүхий этгээд байгуулаагүй, зээлийг хүлээн аваагүй гэж ойлгомжгүй тайлбар өгч байгааг зөвшөөрөхгүй.

 

Бидэнд, хүүнээс хүү тооцсон зүйл байхгүй, хариуцагч А ХХК нь A ******* ХХК-д төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүгийн хэмжээгээр манай Х.л.ХХК-иас 1,265,742,827.92 төгрөгийн зээл авсан тул үүнээс л зээлийн хүү тооцсон.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А ХХК-ийн A ******* ХХК дахь 310 тоот зээлийн дансны хуулгын 231, 232, 233 дугаарт тус тус бичигдсэнээр тус компанийн 1,265,742,827.92 төгрөгийн зээл нь хаагдсан байна. Гэтэл хариуцагч нь манай компаниас авсан мөнгөөр банкинд төлөх зээлийг бүрэн төлсөн байхад зээлийг огт аваагүй мэт тайлбар гаргаж байгаад гайхаж байна.

 

Нөгөө талаар хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Н нь нэхэмжлэгч Х.л.ХХК-д зээлийг төлөх шаардлагыг хариуг зөвшөөрсөн баримт өгсөн гэдгийг хавтаст хэрэгт байгаа баримтаар нотолж байхад хариуцагч нар зээлийг аваагүй гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Иймд, бид үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй, харин сөрөг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байх тул хариуцагч А ХХК-иас 1,462,990,641.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.л.ХХК-д олгож, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

 

Тус шүүхэд нэхэмжлэгч Х.л.ХХК-иас манай компанид холбогдуулан гаргасан зээлийн өр төлбөрт нийт 1,426,786,929.00 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

Манай компани нэхэмжлэгч Х.л.ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдүүлэгч Х.л.ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй буюу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор шилжүүлэн олгоогүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлж өгөөгүй байгаа нь зээлийг олгосон гэж үзэхгүй бөгөөд зээлдэгчид өгөөгүй зээлийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид байхгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч Х.л.ХХК нь хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд биш тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу хариуцагчаас зээлийн өр төлбөрийг төлж дуусах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрх бүхий этгээд биш.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.7-д зааснаар хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд өөр хүн ажиллаж байхад иргэн Д.Н нь компанийг төлөөлж гэрээ, хэлцэл байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.л.ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч А ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Д.Нг гүйцэтгэх захирал гэж ойлгож, бодитоор зээл олгох хүсэл зорилгогүй атлаа зөвхөн A ******* ХХК-иас авах дансны авлагаа шийдвэрлэх зорилгоор бодит бус зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, түүнийгээ үндэслэн зээлийн гэх өр, төлбөр нэхэмжилж шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Учир нь, хэдийгээр Д.Н нь хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, компанийн тамга, тэмдгийг хэрэглэх эрхтэй этгээд ч гэсэн тус компанийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлж, гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцлийг, 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцлийг, 56.1.8-д хууль заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар, мөн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж тус тус зохицуулсан байна.

 

Эдгээр зохицуулалтуудаас харахад нэхэмжлэгч Х.л.ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь бизнесийн зөвлөгөө өгөх байхад үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж иргэн Д.Нг хариуцагч А ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг мэдсээр байж эрх бүхий этгээдийн зөвшөөрөл бүхий зөвшөөрөл, итгэмжлэлгүй этгээдтэй хууль зөрчиж мөнгө хүүлэх зорилгоор гэрээ байгуулсан, түүнчлэн тухайн зээлийг бодитоор олгоогүй, нөгөө нь зээлийг авахгүй гэдгийг аль аль нь мэдсээр байж дүр үзүүлж гэрээ хэлцэл байгуулсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулж байна. Иймд, хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хариуцагч А ХХК-д огт олгоогүй зээлийг шаардах эрх нэхэмжлэгч Х.л.ХХК-д байхгүй юм.

 

Хариуцагч А ХХК нь A ******* ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 24 сарын хугацаатай 1,500,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний хугацааг дахин 2 жилээр сунгаж, зээл төлж дуусах эцсийн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болгосон. Гэтэл энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй 2 сарын хугацаа дутуу байхад тус A ******* ХХК нь нэхэмжлэгч Х.л.ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээ байгуулсан.

 

Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Х.л.ХХК-ийн төлбөр тооцоо гүйцэтгэх төлбөрийн даалгавар, шаардлагын дагуу банкнаас түүнд өөрийн харилцагчийн актив /зээл/-ийг шилжүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангах, Х.л.ХХК нь тухайн активыг шилжүүлэн авч төлбөр тооцооны үүргээ хангуулахаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, A ******* ХХК нь өөрийн банк дахь Х.л.ХХК-ийн харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, харилцагчийн анхны шаардлагаар гарган өгөх боломжгүй буюу төлбөр мөнгөний үүргийг түргэн гүйцэтгэх чадваргүй болсны улмаас А ХХК-иас авах авлага болох актив /зээл/-ийн шаардах эрхийг Х.л.ХХК-д шилжүүлэн өгч төлбөр мөнгөний үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь тус гэрээний 1-9 дэх зүйл заалтаас маш тодорхой харагддаг.

 

Тухайлбал, дээрх гэрээний 9 дэх заалтад Банкнаас уг гэрээний дагуу нийт 1,148,242,827.92 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн болно гэсэн зохицуулалтаас харахад A ******* ХХК дахь Х.л.ХХК-ийн харилцах данс дахь төлбөр мөнгийг гүйцэтгэх үүргээ зээлийн шаардах эрхийг шилжүүлэн өгөх замаар гүйцэтгэсэн байна. Мөн нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуцагч А ХХК-д зээл олгосон гэж шаардаж байгаа тухайн зээлийн гэрээнийхээ хугацааг A ******* болон А ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дуусах хугацаагаар буюу 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөөд үлдсэн зээлийн үнийн дүнг ижил хэмжээгээр зээлийн хүүг адилхан жилийн 18 хувийн хүүгээр тусгасан байгаа зэрэг нь шаардах эрхийг шилжүүлэн авч, зөвхөн дүр эсгэсэн байдлаар гэрээ байгуулсан болох нь тодорхой нотлогдож байна.

 

A ******* ХХК нь төлбөр мөнгийг түргэн гүйцэтгэх чадваргүй болсон болох нь хавтаст хэрэгт байгаа тус банкинд хүргүүлж байсан Монгол банкны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А6/215 тоот албан шаардлага, Х.л.ХХК-ийн хөрөнгө барьцаалах тухай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20/026 тоот бичиг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/029 тоот мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20/032 тоот албан бичиг, A ******* ХХК-иас Хубилай давхар даатгал ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Хандсүрэнд хүргүүлж байсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГЗ/195 тоот зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрх шилжүүлэн өгч болох талаарх албан бичиг, мөн санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэйгээр мэдээлж, тайлагнаж байдаг A ******* ХХК-ийн сайтын цахим хаягт тайлагнасан Х.л.ХХК-ийн даалгавраар төлбөр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байх хугацаа болох 2020 оны 1, 2-р улирлын тайланд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь 25 хувиас бага, биелэлт нь -11,6 хувьтайгаар тайлагнасан зэрэг баримтаар нотлогддог юм.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.л.ХХК-ийн нэхэмжлээд байгаа мөнгө нь бодит байдал дээр өөрсдийнх нь олгосон зээл бус харин A ******* ХХК-иас шилжүүлж авсан шаардах эрхийнхээ дагуу нэхэмжилж буй мөнгөн төлбөр юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү шаардах эрхийн дагуу төлбөр мөнгөө нэхэмжлэхгүй, өөрсдөө зээл олгосон мэт үндэслэлээр нэхэмжилж байгаа нь хууль бус байхаас гадна хариуцагч болон гуравдагч этгээдэд хууль бусаар хохиролтой дараах нөхцлийг үүсгэж байна. Үүнд:

 

-               A ******* ХХК нь нэхэмжлэгч Х.л.ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээний 5 дугаар заалтад А ХХК-ийн зээлийн үлдэгдэл 1,265,742,827.42 төгрөг гэж тусгасан байдаг. Энэхүү үнийн дүнд 90,742,827.92 төгрөгийн зээлийн хүү орсон багтаж байгаа болох нь тус гэрээний 3 дугаар заалтаас тодорхой харагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Х.л.ХХК нь зээлийн хүү орсон үнийн дүн болох 1,265,742,827.42 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг хууль бусаар байгуулж, бодитоор олгоогүй хүүтэй үнийн дүнгээс дахин хүү давхардуулан тооцож, хүүнээс дахин хүү нэхэмжилж хууль зөрчиж байна.

-               Нэхэмжлэгч Х.л.ХХК нь дээрх хүчин төгөлдөр бус хууль зөрчиж байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу хариуцагч А ХХК-д зээлийн мөнгөн хөрөнгийг түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй тул тухайн зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй, шаардах эрхгүй атлаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь хариуцагч нарын хувьд хууль бус, хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна.

-               Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ, мөн мөнгөн хөрөнгийг хариуцагч А ХХК-ийн эзэмшил, ашиглалтад захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлээгүй тул зээлийн гэрээний дагуу шаардах эрх байхгүй болно. Нэгэнт зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах үндсэн эрх үүсээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах нэмэлт эрх мөн адил үүсэхгүй.

-               Түүнчлэн нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуагч А ХХК-д бус иргэн Д.Нгийн данс руу зээлийг шилжүүлж, хариуцагч компанид олгосон мэт санхүүгийн бичилт хийлгэсэн нь хуулийн талаасаа агуулгын хувьд зээлийг олгосон гэж үзэх үндэслэл биш бөгөөд харин ч эсрэгээрээ A ******* ХХК-иас шилжүүлэн авсан зээлийн гэрээний шаардах эрхийн төлбөрөө уг банкинд шилжүүлсэн байна гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-иас шилжүүлж авсан активтай холбоотойгоор шаардлага гаргаж байгаа бол түүнийг хуулийн дагуу зөв зүйтэй гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9, 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн зээлдүүлэгч буюу барьцаалагч нь зээлийн болон барьцааны гэрээ гэх уг гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд энэхүү гэрээ хэрэгжиж зээл олгогдоогүй, маргаан бүхий гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй тул түүнд буцаан шаардах эрх үүсээгүй, шаардах эрхгүй, зээлийн гэрээний 2 сарын хугацаа дууссан учраас бодитоор хэрэгжээгүй, гэрээний барьцаалагч нь бусдын өмч хөрөнгийг гэрээний хугацаа дууссанаас хойш хууль бус, шударга бусаар барьцаалж байна гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Тийм ч учраас барьцаалагч нь дээрх хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн өмчлөгчийн өмчөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах зэргээр өмчлөх эрхээ шилжүүлэхэд нь саад болж, улмаар хууль бусаар барьцааны эрхийг эзэмшиж, үндэслэлгүйгээр барьцаалж, барьцаанаас чөлөөлөхгүй байх тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.л.ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулсан гэх хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний барьцаанаас үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус барьцааны гэрээгээр барьцаалуулсан хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эээс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

 

Би, хариуцагч А ХХК-ийн захирал Д.Нтай ажил хэрэг болон найз нөхдийн холбоотой байсан. Тэрээр миний орон сууцны гэрчилгээг түр хугацаагаар хэрэглээд өгье гэж гуйхаар нь өгсөн. Тухайн үед миний бие аавыгаа эмнэлэгт сахиж байсан бөгөөд Д.Нг гуйгаад байхаар нь өгсөн юм. Би, барьцаанд тавиад зээл авсан гэх мөнгөнөөс 1 төгрөг ч аваагүй, миний орон сууцыг худалдах, барьцаалуулахыг зөвшөөрөхгүй.

 

Тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байхдаа барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9, 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар өмчлөгчийн өмчөө эзэмшиж ашиглаж захиран зарцуулах зэргээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байх тул барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардсан.

 

Гэвч миний бие 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Х.л.ХХК болон Д.Э нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцаалсан иргэн миний өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах Ү-2 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Х.л.ХХК-д даалгах шаардлага бүхий бие даасан шаардлагаа үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг цуцлах гэж нэмэгдүүлэн өөрчилсөн.

 

Үндэслэлийн хувьд хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Н нь намайг төлөөлөн нэхэмжлэгч Х.л.ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан талаар энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо мэдсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангагдах гэрээ: Зээлдүүлэгч Х.л.ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, түүний хавсралт, нэмэлт өөрчлөлтүүд гэж заасан байсан.

 

Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч Х.л.ХХК болон хариуцагч А ХХК нар хэн аль нь зээлийн гэрээ байгуулж, бодитоор зээл олгох, авахыг хүсээгүй боловч A ******* ХХК-иас зээлийн эрх шилжүүлэн авсан байдлыг баталгаажуулахын тулд зээлийн гэрээ хийсэн ба зээлийг шилжүүлэн аваагүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч гэх Х.л.ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээлийн төлбөр 1,265,742,827.92 төгрөгийг хариуцагч А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, цаашид ч гэрээ хэрэгжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ингээд ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдсан зээлийн гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225.1, 226.1.1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Х.л.ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг цуцлах зайлшгүй шаардлагатай байх тул тухайн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д.Нгаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч А ХХК нь A ******* ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 24 сарын хугацаатай 1,500,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг дахин 2 жилээр 2020 ооны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. Тус зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу гэрээний үүрэг хэрэгжиж байх хугацаанд тус банкны зүгээс төлбөрийн чадвар муудсан тул төлбөр тооцооны үүргийг гүйцэтгэхийн тулд сайн гэж үзсэн зээлийн гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч Х.л.ХХК-д шилжүүлж байгаагаа тухайн үед хэлж байсныг нэхэмжлэгч нь мөн адил хүлээн зөвшөөрч, холбогдох гэрээ, хэлцэл байгуулна гэж байсан юм.

 

Үүний дагуу A ******* ХХК болон Х.л.ХХК нар дахин зээлийн гэрээ гэсэн нэрээр гэрээ байгуулж, холбогдох гүйлгээний баримтуудад гарын үсэг зурснаар А ХХК-ийн зээлийн гэрээний шаардах эрхийг Х.л.ХХК-д шилжүүлсэн гэж ойлгож байсан. Гэтэл нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-иас зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авч байгаа гэдэг агуулгаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ гэсэн нэрийг ашиглан байгуулсан гэрээг үндэслэн зээлийг олгосон гэж үзэж хариуцагч А ХХК-иас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Учир нь, A ******* ХХК болон Х.л.ХХК нар иргэн Д.Н миний хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулан шаардах эрхийг шилжүүлж авахад шаардлагатай гэдэг агуулгаар зээлийн гэрээ гэсэн нэрээр гэрээ байгуулсан атлаа түүнийгээ үндэслэн А ХХК-ийн эзэмшил, ашиглалтад захиран зарцуулах эрхтэйгээр зээлийг шилжүүлэн олгосон мэтээр зээлийн гэрээний өр, төлбөр нэхэмжилж байгаа нь бодит нөхцөл байдал болон бидний хоорондын хүсэл зоригийн илэрхийлэлд нийцэхгүй зөрчилдөж байна.

 

Өөрөөр хэлбэл, A ******* ХХК нь өөрийн банк дахь Х.л.ХХК-ийн харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, харилцагчийн анхны шаардлагаар гарган өгөх боломжгүй байсан тухайн үед Х.л.ХХК нь A ******* ХХК дахь өөрийн 32 тоот харилцах данснаас мөнгө гаргаж, зээл олгох мөн адил боломжгүй байсан юм. Нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн авсан актив буюу шаардах эрхийнхээ төлбөрийг төлөхийн тулд, мөн банк нь төлбөрийн даалгаврыг хийж гүйцэтгэсэн гэж тооцохын тулд зээл олгов, зээл хаав гэсэн агуулгаар иргэн Д.Н миний дансыг ашиглан зөвхөн холбогдох санхүүгийн бичилтүүдийг хийсэн байдаг.

 

Гэтэл Д.Н би, A ******* ХХК дахь өөрийн 39 тоот данснаас зарлагын гүйлгээ хийж, А ХХК-ийн зээлийн өр, төлбөрийг хаах зөвшөөрөл даалгавар хэзээ ч өгч байгаагүй, тийм зөвшөөрөл даалгавар байхгүй. Банкны хувьд Банкны тухай хуульд заасны дагуу харилцагчийн данснаас зарлагын гүйлгээ хийхдээ зайлшгүй харилцагчийн зөвшөөрөл, даалгавраар хийхийг зохицуулсан байдаг. Үүнийгээ нэхэмжлэгч нь зээлийг олгосон мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-иас шаардах эрхийг шилжүүлж авсан гэсэн үндэслэлээр шаардлага гаргаагүй, шаардах эрхийг шилжүүлэн авч буй гэсэн агуулгаар дахин байгуулсан зээлийн гэрээг ашиглан шаардлага гаргаж байгаагаас болж зээлийн гэрээний үнийн дүнд орсон нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү, үндсэн хүүний өр төлбөрөөс зөвхөн мөнгө хүүлэх зорилгоор дахин зээлийн хүү тооцож байгаа байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг олгоогүй байдлаас дүгнэхэд зээлийг буцаан шаардах эрх үүсээгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.

 

Мөн миний бие хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэдий ч компанийг шууд итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш юм. Иймд, нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуцагч А ХХК-д зээлийг олгоогүй байж зээлийн гэрээний өр, төлбөр шаардаж буй нь хууль бус шаардлага байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.л.ХХК-иас хариуцагч А ХХК, Д.Н, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,462,990,641.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгч Х.л.ХХК-д холбогдуулан зохигчдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр барьцаалуулсан хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай, мөн хариуцагч Д.Эээс нэхэмжлэгч Х.л.ХХК-д холбогдуулан барьцааны гэрээг цуцалж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

Талуудын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуцагч А ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,265,742,827.92 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 7-9 хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч А ХХК нь уг 1,265,742.827.92 төгрөгийг 65 хоногийн хугацаанд ашиглаж, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, мөн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлж дуусах нөхцөлтэйгөөр зээлэхээр болжээ.

 

Түүнчлэн зохигчид тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, давхар тоот хаягт байрлах Ү-220 тоот улсын бүртгэлийн дугаартай 326 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Баянзүрх дүүрэг, давхар тоот хаягт байрлах Ү-2204 тоот улсын бүртгэлийн дугаартай 196.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.Эийн өмчлөлийн *******, тоот хаягт байрлах Ү-2 тоот улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Д.Нгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 байрлах Ү-220 тоот улсын бүртгэлийн дугаартай 281.05 м.кв талбайтай хувийн сууц, гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулахаар барьцааны гэрээг байгуулсан байна /х.х-ийн 17-27 хуудас/.

 

Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Х.л.ХХК-ийг зээлийн гэрээний зүйл 1,265,742.827.92 төгрөгийг хариуцагч А ХХК-д хүлээлгэж өгөөгүй, хариуцагч Д.Нд шилжүүлэн өгснийг хүлээн авсан гэж үзэхгүй, зээлийн гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул хүчин төгөлдөр бус, хэрэв нэхэмжлэгч нь A ******* ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан бол тэрхүү гэрээг үндэслэн нэхэмжлэх ёстой, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байж зээлийн гэрээ байгуулсан гэж тус тус маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг төлөх, зээлдүүлэгч нь зээлийг буцаан шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.л.ХХК-иас хариуцагч А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Д.Нгийн A ******* ХХК дахь 39 тоот дансанд 1,265,742,827.92 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн байна /х.х-ийн 56, 57 хуудас/,

 

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/08349 тоот захирамжийн дагуу Монголбанкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар хариуцагч А ХХК-ийн A ******* ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр авсан 2,500,000,000.00 төгрөгийн зээл нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлөгдөж дууссан байна /х.х-ийн 106-109 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.л.ХХК-иас хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Нгийн A ******* ХХК дахь 39 тоот дансанд 1,265,742,827.92 төгрөг шилжүүлснийг хариуцагч компанийн тухайн банкинд төлөх ёстой байсан зээлийг нь суутган төлүүлжээ. Энэ талаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч А ХХК-ийн A ******* ХХК дахь 310 тоот зээлийн дансны хуулгын 231, 232, 233 дугаарт тус тус бичигдсэнээр 1,265,742,827.92 төгрөгийн зээл нь хаагдсан байна /х.х-ийн 100-104 хуудас/.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, түүнчлэн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний зүйл 1,265,742.827.92 төгрөгийг өөрийн 39 тоот дансанд шилжүүлэхийг зөвшөөрснийг үндэслэн нэхэмжлэгчийн нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь бусад этгээдээс авсан зээлээ төлсөн байна. Иймд, нэхэмжлэгч Х.л.ХХК-ийг хариуцагч А ХХК-д 1,265,742,827.92 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй /х.х-ийн 14, 58 хуудас/.

 

2.            Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр гээд 15.3.4 банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх-д тусгай зөвшөөрөлтэй явуулна гэжээ. Өөрөөр хэлбэл, банк байгуулахгүй хэдий ч банк бус санхүүгийн үйл ажиллагаа болон хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардагдах ба харин иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулах зээлийн гэрээнд тусгай зөвшөөрөл шаардахгүй.

 

Тийм ч учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д энэ төрлийн зээлийн харилцааг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх талаар тухайлан зохицуулаагүй, тус хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж заасан нь нэхэмжлэгч Х.л.ХХК, хариуцагч А ХХК нарын байгуулсан зээлийн гэрээнд хамаарахгүй юм.

 

Үүнээс гадна Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно гэж зөвшөөрсөн байдаг.

 

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хариуцагч А ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч Д.Н нь гарын үсэг зурсан байна.

 

Мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Д.Н нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан бөгөөд тухайн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ажээ /х.х-ийн 150-152 хуудас/.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаар гүйцэтгэх захирал нь компанийг гадаад, дотоод харилцаа, гэрээ, хэлэлцээрт төлөөлөх эрхтэй боловч хувьцаа эзэмшигч нь компанийг төлөөлөх эрхгүй гэсэн үг биш юм.

 

Учир нь, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж зааснаар хариуцагч А ХХК-ийн эзэмшигч Д.Н нь тухайн компанитай холбоотой шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тус хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар хувьцаа эзэмшигч нь их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг олгох эрхтэй тул зээлийн гэрээнд хариуцагч компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигч нь гарын үсэг зурсныг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай болно.

 

Үүнийг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж зааснаар тайлбарлавал хариуцагч А ХХК-ийн эрх бүхий этгээд нь тухайн зээлийн гэрээг байгуулахыг зөвшөөрч, өөрөө гарын үсэг зуржээ.

 

Нөгөө талаар хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Л.Гантөмөр гэж хүн томилогдсон байхад тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Н нь компанийг төлөөлөн бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулж байсан байна /х.х-ийн 143-149 хуудас/.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасныг харгалзах учиртай.

 

Тайлбарлавал, хэн нэгэн этгээдэд өөрийг нь төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлж, улмаар ийм ойлголт өгсөн хүнийг нөгөө этгээд шударгаар төлөөлж бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан бол хэлцлийн үр дагавар нь төлөөлүүлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүснэ. Энэ утгаар төлөөлүүлэгч нь гуравдагч этгээдэд төлөөлөгчийг өөрийнхөө нэрийн өмнөөс төлөөлөх эрхтэй ба уг эрх хэмжээний хүрээнд ажилласан гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн бол төлөөлүүлэгч нь төлөөлөгчийг эрх хэмжээгүй байсан гэж маргах эрхгүй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.л.ХХК-иас хариуцагч А ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1,373,105,562.04 төгрөг төлөхийг шаардаж байсан, хариуцагчийг төлөөлөн хувьцаа эзэмшигч Д.Нгаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийг төлөх тухай хүсэл зоригоо илэрхийлж байжээ /х.х-ийн 59, 60 хуудас/.

 

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар хариуцагч А ХХК-ийн зүгээс зээлийг авсан болон буцаан төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байна.

 

Иймээс хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Н нь тус компанийг төлөөлж нэхэмжлэгч Х.л.ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний зүйлийг хүлээн авч, компанийнхаа бусад этгээдэд төлөх зээлийг төлсөн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар 1,265,742,827.92 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

4.            Харин нэхэмжлэгч Х.л.ХХК-ийг хариуцагч А ХХК-ийн A ******* ХХК-д төлөх ёстой байсан 1,265,742,827.92 төгрөгийн зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.л.ХХК болон A ******* ХХК нар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр тооцооны үүрэгт тооцуулж актив шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ /х.х-ийн 53, 54 хуудас/.

 

Энэхүү гэрээгээр хариуцагч А ХХК болон A ******* ХХК нарын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,175,000,000.00 төгрөг, зээлийн хүүний өр 73,359,266.27 төгрөг, хуримтлагдсан хүү 17,383,561.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,881,863.00 төгрөг, нийт 1,267,624,690.92 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү болох 1,881,863.00 төгрөгийг чөлөөлж, үлдэх 1,265,742,827.92 төгрөгийг 117,500,000.00 төгрөгөөр бууруулж авахаар тохиролцсон байна /х.х-ийн 55 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-иас авах авлагадаа хариуцагч А ХХК-ийн тус банкинд төлөх зээлийн шаардах эрхийг ийнхүү шилжүүлэн авахаар тохиролцжээ. Гэвч нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-иас хариуцагч А ХХК-ийн тус банкинд төлөх ёстой зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн аваагүй, харин хариуцагч компанид 1,265,742,827.92 төгрөгийн зээлийг олгосон болох нь дээр дурдсанаар тогтоогдсон /х.х-ийн 48-52 хуудас/.

 

Уг зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд A ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х.л.ХХК-ийн 32 тоот данснаас 1,265,742,827.92 төгрөгийг хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Нгийн дансанд шилжүүлээд улмаар хариуцагч компанийн төлөх ёстой байсан зээлийг суутган авч төлүүлсэн ба нэхэмжлэгч Х.л.ХХК болон хариуцагч А ХХК-иуд хариуцагчийн энэхүү банктай байгуулсан зээлийн гэрээний нөхцлөөр зээлийн гэрээг байгуулсан байна /х.х-ийн 56, 114, 119-123 хуудас/.

 

Иймд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зээлийн гэрээний зүйл 1,265,742,827.92 төгрөгийг хүлээн аваагүй, зээлийн гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийг A ******* ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан, үйл ажиллагаагаа зөрчиж гэрээ байгуулсан, зээлийг олгоогүй тул гэрээг цуцлах үндэслэлтэй гэсэн тайлбарууд тус тус үндэслэлгүй байна.

 

5.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч А ХХК нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой ба тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч Х.л.ХХК-д учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Х.л.ХХК-иас хариуцагч А ХХК-д холбогдуулан үндсэн зээл 1,265,742,827.92 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 40,573,126.26 төгрөг, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох хугацаа хэтрүүлсний хүү 156,674,687.58 төгрөгийг тус тус нэхэмжилсэн /х.х-ийн 40-43 хуудас/.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуцагч А ХХК, Д.Э, Д.Н нарт тус тус холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байна /х.х-ийн 214, 218-220 хуудас/.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2, 3, 6 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч компанийн төлбөл зохих зээлийн хүүгийн хэмжээг тооцож үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 65 хоногийн хугацааны зээлийн хүү 40,573,126.26 төгрөг болж байна.

/1,265,742,827.92x1.5%=18,986,142.41 нэг сарын хүү, 18,986,142.41x12=227,833,708.92 нэг жилийн хүү, 227,833,708.92:365=624,201.94 1 өдрийн хүү, 624,201.94x65=40,573,126.26 төгрөг/.

 

Гэвч тус зээлийн гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хавсралтаар зохигчид үндсэн зээл, зээлийн хүүг төлөх тусгайлсан хугацааг 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, мөн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэж тус тус тохирохын сацуу зээлийн хүүгийн хэмжээг 30,468,677.11 төгрөг гэж тохиролцжээ /х.х-ийн 10 хуудас/.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн 198.2Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.

 

Тодруулбал, тухайн зээлийн гэрээний 2, 3, 6 дугаар зүйлд тус тус зааснаар 1,265,742,827.92 төгрөгийг 65 хоногийн хугацаанд сарын 1.5 хувийн хүүтэйгээр хуанлийн 365 хоногийн аргачлалаар тооцоход зээлийн хүү нь 40,573,126.26 төгрөг болж байгаа хэдий ч гэрээний хавсралтаар хариуцагч нь зээлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, зээлийн хүүнд 30,468,677.11 төгрөгийг төлнө гэсэн үүргийг хүлээсэн байна.

 

Мөн уг хавсралтаар хариуцагч компанийн нийт төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн хэмжээг 1,294,292,709.57 төгрөг гэснээс үндсэн зээл 1,265,742,827.92 төгрөгийг хасахад 28,549,881.66 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй мэт зөрчилдөөнтэй ойлгогдож байна. Иймээс талуудын байгуулсан зээлийн гэрээний хавсралтад зааснаар хариуцагч А ХХК-иас үндсэн зээл 1,265,742,827.92 төгрөгийг 30,468,677.11 төгрөгийн хүүгийн хамт 1,296,211,505.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.л.ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдох хугацаа хэтрүүлсний хүү 156,674,687.58 төгрөгийн хувьд дараах үндэслэлээр хангах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалт нь зохигчдын гэрээгээр тохирсон үндсэн үүргийн хүү бус, хуулиар тогтоосон хариуцлагын шинжтэй хүү юм. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тэрээр тухайн хугацаанд тохирсон хүүг үүрэг гүйцэтгүүлэгчид нөхөн төлөх хариуцлага хүлээх бөгөөд энэ нь үндсэн үүрэг биш байдаг учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж ялгаатай болохыг тодотгосон байдаг.

 

Нөгөө талаар талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийг үзвэл үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд зохигчид зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан эсэхээс үл хамаарч хариуцагч нь зээлийг төлж дуусгах хүртэлх хугацаанд хүү төлнө гэсэн агуулгыг илэрхийлж байна. Гэтэл Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай ижил утга бүхий тухайн зохицуулалтыг банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдийн зээлийн гэрээний харилцаанд хэрэглэх учиргүй.

 

Энэ талаар Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заажээ. Иймд, хариуцагч А ХХК-иас үндсэн зээл 1,265,742,827.92 төгрөгийг гэрээний хавсралтад тодорхой заасан 30,468,677.11 төгрөгийн хүүгийн хамт нийт 1,296,211,505.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.л.ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 166,779,136.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.л.ХХК-ийг хүүгээс хүү тооцож байнх гэсэн тайлбарын хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийн A ******* ХХК-д төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,265,742,827.92 төгрөгийн хэмжээгээр зээл олгож, тийнхүү зээлдүүлсэн мөнгөнөөсөө хүү тооцсон байх тул хүүгээс хүү тооцсон гэж үзэхгүй.

 

6.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч А ХХК, барьцааны гэрээний барьцаалуулагч Д.Н, Д.Э нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

7.            Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгч Х.л.ХХК-д холбогдуулан зохигчдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр барьцаалуулсан хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай, мөн хариуцагч Д.Эээс нэхэмжлэгч Х.л.ХХК-д холбогдуулан барьцааны гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Тодруулбал, хариуцагч А ХХК нь зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, мөн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж, түүнчлэн 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж, 68 дугаар зүйлийн 68.1Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Харин хариуцагч Д.Эийн зүгээс нэхэмжлэгч Х.л.ХХК-ийг зээлийн гэрээний зүйлийг шилжүүлэн өгөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д тус тус заасан үндэслэлээр барьцааны гэрээг цуцалж, барьцаалуулсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан.

 

Гэвч нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуцагч А ХХК-д 1,265,742,827.92 төгрөгийн зээлийг олгосон нь тогтоогдсон тул хариуцагч Д.Эийн зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Х.л.ХХК болон хариуцагч А ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, тус хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан тул барьцааны гэрээг цуцлах, барьцаалуулсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолд:

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бол нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд нийтийн дэг журам, ёс суртахуун, зан үйлд огт нийцэхгүй байхыг ойлгоно гэж,

 

Мөн зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж,

 

Түүнчлэн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ. Уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж,

 

Энэ зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн 4 дүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт заасан төрөлд хамаарах хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Гэтэл хариуцагч А ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг ямар хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан талаар тодорхой тайлбар өгсөнгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.л.ХХК нь хариуцагч А ХХК-д зээлийн гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн, хариуцагчийг төлөөлөн компанийн хувьцаа эзэмшигч этгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх тухай өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байсан, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар энэ төрлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулахад зайлшгүй тусгай зөвшөөрөл шаарддаггүй, нэхэмжлэгч Х.л.ХХК нь A ******* ХХК-иас хариуцагч А ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлж аваагүй зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдсон тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд няцаагдаж байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,296,211,505.03 төгрөгийг хангаж, 166,779,136.73 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А ХХК-иас 1,296,211,505.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.л.ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 166,779,136.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9, 68 дугаар зүйлийн 68.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А ХХК, Д.Э нарын гаргасан нэхэмжлэгч Х.л.ХХК-д холбогдох хүчин төгөлдөр бус барьцааны гэрээгээр барьцаалуулсан болон барьцааны гэрээг цуцалж, барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч А ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах Ү-220 тоот улсын бүртгэлийн дугаартай 326 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах Ү-2204 тоот улсын бүртгэлийн дугаартай 196.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.Эийн өмчлөлийн *******,  тоот хаягт байрлах Ү-2 тоот улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Д.Нгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах Ү-220 тоот улсын бүртгэлийн дугаартай 281.05 м.кв талбайтай хувийн сууц, гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.л.ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,701,070.00 төгрөгийг, хариуцагч А ХХК-ийн төлсөн 70,200.00 төгрөгийг, хариуцагч Д.Эийн төлсөн 948,150.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 6,639,008.00 төгрөгийг, мөн хариуцагч А ХХК, Д.Э, Д.Н нараас 70,200.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.л.ХХК-д олгосугай.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР