Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414006710048 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******,

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн оройн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Орд нэртэй караокены үүдэнд *******тай зөрөх үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар *******ын нүүрэн тус гараараа цохиж зодсоны улмаас баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамар, зүүн шанаа, хүзүү, зүүн гарын алганы зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Орд караокены хаалганы үүдэнд танихгүй 2 эмэгтэй байсан хажуугаар нь зөрөөд гараад явахад бид нарыг янхнуудаа гичийнүүдээ гээд араас дуудаад орилоод байсан. Би буцаж ороод та нар яагаад бид нарыг янхан, гичийгээр дуудаад байгаа юм гэхэд нэг эмэгтэй нь намайг шууд цохисон. Бас нэг эмэгтэй гадаа зогсоолын урд байсан машинаас бууж ирээд цуг зодсон та нар намайг амжихгүй шүү гээд орилоод зодоод байсан. Миний биеийн зүүн нүд хөхөрч хавдсан, үүдэн шүд хөдөлсөн, хамар үзүүр хэсгээрээ мурийсан. Тухайн үед ******* гэх эмэгтэй намайг газар унагаагаад миний нүүр хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон.Би эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас би ямар нэгэн нөхөн төлбөр бол аваагүй. Надад нэмэлтээр гаргаж өгөх баримт материал байхгүй. Шүдний суваг эмчилгээ хийлгээрэй гээд миний данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн...Миний зүгээс нэг шүдээ янзуулсан гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12, 19-20/ 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нийт 29.700 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна. Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 29700 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 26/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. Орд караокед нөхөр******* болон, нартай сууж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гарч байсан чинь  *******ыг үл таних 2 эмэгтэй янхан хүүхэн минь гээд хэлсэн чинь ямар янхан юм уу гээд хэлсэн чинь шууд дайраад хоолойг нь боож унагаад өвдөглөж байгаад дээрээс нь цохиод байхаар нь би очоод салгасан...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Нэг мэдэхэд тасарчихсан цагдаа дээр ирчихсэн байсан. Тэгээд өглөө нь босож ирээд эхнэрээ харсан чинь нүд нь улайгаад хүзүүг нь самардсан байсан, хэн тэгсэн юм гээд асуусан чинь  үл таних 2 бүдүүн эмэгтэй намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

: “...манай найз ******* бид хоёр тамхи татах гээд гарсан чинь үүдэнд танихгүй 2 эмэгтэйтэй таараад маргалдаад нэг эмэгтэй нь *******тэй барилцаж аваад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад ноцолдоод байсан. Би салгах гээд очиход манай найз ******* нөгөө эмэгтэйн нүүрэн хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон...гэх мэдүүлэг, / хх-ийн 39-40/,

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 571 дугаартай

 1.*******ын биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамар, зүүн шанаа, хүзүү. зүүн гарын алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тоогдлоо” гэх дүгнэлт, / хх-ийн 52-53

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 02-04/, яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 54/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 70/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71-74/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75/,шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 80-100/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн оройн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Орд нэртэй караокены үүдэнд *******тай зөрөх үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар *******ын нүүрэн тус гараараа цохиж зодсоны улмаас баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний дээд. доод зовхины цус хуралт, хамар, зүүн шанаа, хүзүү, зүүн гарын алганы зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

Хохирогч *******ын.. ******* гэх эмэгтэй намайг газар унагаагаад миний нүүр хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон,... зүүн нүд хөхөрч хавдсан, үүдэн шүд хөдөлсөн, хамар үзүүр хэсгээрээ мурийсан..гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12, 19-20/ 

Иргэний нэхэмжлэгч *******ын..Хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нийт 29.700 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 26/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын...*******ыг үл таних 2 эмэгтэй янхан хүүхэн минь гээд хэлсэн чинь ямар янхан юм уу гээд хэлсэн чинь шууд дайраад хоолойг нь боож унагаад өвдөглөж байгаад дээрээс нь цохиод байхаар нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30/,

Гэрч ын..эхнэрээ харсан чинь нүд нь улайгаад хүзүүг нь самардсан байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34/,

Гэрч ын...нэг эмэгтэй нь *******тэй барилцаж аваад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад, ноцолдоод байсан. ******* нөгөө эмэгтэйн нүүрэн хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон...гэх мэдүүлэг, / хх-ийн 39-40/,

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 571 дугаартай..*******ын биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамар, зүүн шанаа, хүзүү. зүүн гарын алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, / хх-ийн 52-53/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******,  хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамар, зүүн шанаа, хүзүү. зүүн гарын алганы зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 52-53/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүр хэсэг рүү гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******ын дугаар данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн,/ хх-ийн 20-21/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь /шүд янзлуулмаар байна гэх хүсэлтийг гаргасан / хх-ийн 103-104/ тул цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 29700 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 29700 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож / хх-ийн 22-23/ шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгийн торгох  ял  оногдуулах...гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал / ам бүл 6, нөхар 4 хүүхдийн хамт амьдардаг, бага насны /3-13/ хүүхдүүдтэй, -ийн рестаронд тогооч ажилтай, сарын 15000000 төгрөгийн цалинтай/,  ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тодорхой орлоготой, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 29700 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА