Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/00376

 

 

 

 

 

 

 

 

 

2022 01 25

101/ШШ2022/00376

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн гаргасан,

 

Хариуцагч: О.Б-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, өмгөөлөгч А.Б, хариуцагч О.Б, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Бид хоёр анх 2005 онд танилцаж, хамтран амьдраад 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан юм. Ингээд хамт амьдарч байх хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.М, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.М нар төрсөн.

 

Хамтын амьдарлын эхний жилүүдэд гэр бүлийн харилцаа маань ердийн хэвийн байсан боловч нөхөр О.Б нь 2017 оноос Төв аймгийн М суманд газар авч, үхэр маллаж эхэлсэнээс хойш гэртээ ирэх нь багасаж, улмаар гэр бүлээсээ хөндийрч эхэлсэн. Энэ үед би хүүхдүүдтэйгээ хамт зөвхөн цагаан сар болон бусад баяр наадмын өдрүүдээр л очдог болсон байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сард нөхрийгөө гэртээ ирэхэд нь утаснаас нь өөр хүнтэй бичсэн мессежүүдийг миний бие олж харсан. Үүнээс болж бид хоёр муудаж, тусдаа амьдрах болсон бөгөөд хариуцагч нь Төв аймгийн  суманд өөр хүнтэй хамт амьдарч, хүүхэдтэй болсон гэдгийг мэдээд гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан.

 

Надад одоо хариуцагчтай хамт амьдрах хүсэл сонирхол байхгүй тул эвлэрэхгүй, энэ талаар гэрлэлтээ цуцлах шийдвэрийг гаргахаасаа өмнө маш их тунгаан бодсон тул дахин ярилцах шаардлагагүй.

 

Ийм, бидний гэрлэлтийг цуцалж, Б.М, Б.М, Б.М нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Бид нарт эд хөрөнгийн маргаан байхгүй, уг асуудлыг ярилцаж тохиролцсон гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн ярьсан зүйлтэй маргахгүй. Гэхдээ миний бие яагаад гэрээсээ явах болсон бэ гэвэл эхнэрийнхээ дагавар хүүхдээс болж би гэрээсээ хөөгдсөн. Би, гэр бүлдээ сайн, сайхныг л хүсдэг тул заримдаа эцэг хүний хувьд үр хүүхдүүддээ хатуу үг хэлэхээр нэхэмжлэгч нь өөрийн том хүүхдийг ад үзэж байна гэж намайг ойлгож, надтай муухай харилцаж, тэр хүүхдийг буруу эрхлүүлдэг. Гэвч би энэ талаар ямар нэгэн муу зүйл санадаггүй.

 

Намайг сүүлийн 2-3 жилийн хугацаанд хүүхдүүдээ зун бүр авахыг хүссэн боловч нэхэмжлэгч нь явуулдаггүй, хүү Б.М минь надтай ойр дотно өссөн учир хамт байх дуртай ч сүүлийн үед нь ирэх нь багасаж, утсаар хааяа ярьдаг болсон. Харин би охидуудтайгаа утсаар ярьдаг, гэхдээ уулзах гэхээр хүүхдүүдээ улам хэцүү байдалд оруулчих болов уу гэж бодоод их уулздаггүй.

 

Би, 2017 оноос Төв аймгийн М суманд газар авч, үхэр маллан амьдарч байгаад нэг бүсгүйтэй танилцаад одоо хамт амьдарч, нэг хүүхэдтэй болсныгоо нуухгүй.

 

Нэгэнт нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шийдвэрийг гаргасан байхад надад зөрөөд байх шаардлагагүй. Гэвч нэхэмжлэгч нь намайг гэрээсээ хөөгдчихөөд одоо хэрхэн амьдарч, үр хүүхдүүдийнхээ төлөө яаж хөдөлмөрлөж байна вэ гэдгийг ойлгохгүй, мэдэхгүй байж гэрлэлтээ цуцлуулах талаар л ярьсан. Үүнээс үзвэл тэр гэрлэлтээ цуцлуулах шийдвэрээ гаргачихсан байх тул эвлэрэхгүй. Ерөнхийдөө манай гэр бүлд сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ асуудлууд болсон. Би, өнгөрсөн жилүүдэд хүүхдүүдийг минь над руу явуулаад өгөөч гэж нэхэмжлэгчид хэлж байсан.

 

Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй, хүүхдүүдийнхээ төлөө би өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөсөн, цаашдаа ч хөдөлмөрлөх болно гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 206,710.00 төгрөгийг төлсөн баримт,

2.            Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Оцелосэргэлт өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,

3.            Гэрлэлтийн гэрчилгээ,

4.            Хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ,

5.            Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ааас хариуцагч О.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байна.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.А, хариуцагч О.Б нарыг 2005 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэж, тэдгээрийн гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар зохигчдын гэрлэлт хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй, гэрлэгчдийн эрх, үүрэг үргэлжилсэн хэвээр байна.

 

Ингээд гэрлэгчдийг хамт амьдрах хугацаанд тэдгээрийн дундаас 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.М, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.М нар төрсөн ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар эх Д.А, эцэг О.Б, хүү Б.М, охин Б.М, Б.М нарын хувьд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсч, өнөөдрийн байдлаар зохигчдын хувьд эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй, хасагдаагүй, эцэг, эх, хүүхдүүдийн харилцаа үргэлжилж байгаа нь талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Гэвч гэрлэгчдийн зан харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь гэрлэснээс хойш 2017 оны хүртэлх хугацаанд хэдийн байсан хэдий ч энэ үеэс эхлэн талуудын зан ааш таардаггүй, хэрүүл маргаантай байсны улмаас хөндийрч, улмаар 2019 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ажээ. Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрлэгч нар ахуйн шинжтэй маргаан хийдэг байсан, бие биеэ сонсдоггүй, хүлээн зөвшөөрдөггүй, харилцан ярилцдаггүй, буулт хийдэггүй байсан зэрэг шалтгааны улмаас зөрчилтэй асуудлаа улам даамжруулсаар тусдаа амьдрахад хүрсэн ба нөхөр О.Б нь өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлаас болж зохигчид цаашид бие биетэйгээ хамт амьдрах хүсэл сонирхолгүй болжээ.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагч Д.Наранцэцэг нь 2021 оны 11 дүгээр сард зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагааг явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Хэдийгээр зохигч нарыг эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон ч шүүхээс гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,2, 129 дүгээр зүйлийн 129.1.7, мөн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрэн хэлэлцэх талаар боломж байгаа эсэхийг тодруулж, үр дагаврын талаар тайлбарлаж, эвлэрэх арга хэрэгслийг хэрэглэх талаар санал болгосон ч тэд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хэвээр байна.

 

Тодруулбал, гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд гэрлэлтээ хэвийн үргэлжлүүлэх талаар аливаа санал санаачилга гаргалгүй амьдарсан, талуудын зан харилцаа таарахаа больсон, нөхөр О.Б нь өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон зэргээс шалтгаалан хамт амьдрах хүсэл зориггүй болж, гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна.

 

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1-д гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж зааснаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт ................................Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж зааснаар гэрлэгчид эвлэрэхгүй бол шүүхээс тэдгээрт заавал гэрлэлтээ үргэлжлүүлэхийг даалгаж шийдвэрлэх учиргүй юм.

 

Энэ талаар 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталж, 1964 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай олон улсын конвенцийн 2 дугаар зүйлд Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чөлөөтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрлэж болно........ гэж, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно гэж тус тус заажээ.

 

Иймд, нэгэнт гэрлэлт буюу гэрлэгчдийн эрх, үүрэг нь сайн дурын үндсэн дээр үүсдэг харилцаа бөгөөд талууд гэрлэлт, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа тул шүүхээс дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохигчдыг эвлэрлүүлэх арга хэмжээг авахаас татгалзаж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

2.            Хариуцагч О.Б нь хүү Б.М, охин Б.М, Б.М нарыг эх Д.Аийн асрамжид үлдээхэд маргахгүй гэсэн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамт өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэсний дагуу 18-аас доош настай хүүхдийн асрамжийн талаар талууд тохиролцох, хэрэв гэрлэгчид тохиролцоогүй тохиолдолд шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэдэг журамтай.

 

Иймд, гэрлэгчид хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх талаар тохиролцсоныг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.М, охин Б.М, Б.М нарыг эх Д.Аийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

3.            Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг юм. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зохигчид үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

 

Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, түүнчлэн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус тодорхой зохицуулсан тул эцэг О.Б нь хүү Б.М, охин Б.М, Б.М нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

Иймээс дээрх хуулийн 40 дүгээр зүйлд тэтгэлгийн хэмжээний талаар зохицуулсан ба 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Бгөөр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

4.            Шүүхээс ийнхүү нэхэмжлэгч Д.Ариунтунгал, хариуцагч О.Б нарын гэрлэлтийг цуцалж байгаа ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн хүлээсэн эрх, үүрэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг нь гэрлэгчид тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь ч гэлээ тэдгээрийн хувьд байнга хадгалагдах бөгөөд гэрлэлт цуцлах нь эцэг, эх байх, эцэг, эх болон хүүхдийн хоорондын харилцаа болоод хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргийг дуусгавар болгож байгаа зүйл биш юм.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд нь эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох тул хүүхдийн энэхүү эрх болон эцэг, эхийн эрх, үүргийг үндэслэлгүйгээр хязгаарлаж болохгүй.

 

Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс хүүхдүүдээ төрсөн эцэгтэй нь уулзахад аливаа хэлбэрээр саад болохгүй байх, хариуцагч нь эцэг хүний хувьд хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр байгааг үүгээр дурдаж байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Аюуш овогт Дашживаагийн Ариунтунгалаг, хариуцагч Жанчивынхан овогт Очирын Бат-Өлзий нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.М, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.М нарыг эх Д.Аийн асрамжид үлдээсүгэй.

 

3.            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү Б.М, охин Б.М, Б.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг О.Бгөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг үүгээр дурдсугай.

 

5.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,710.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 206,710.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дд даалгасугай.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР