Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ганзоригийн Дуулгад холбогдох эрүүгийн 201726030103 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Б.Соёлмаа, хохирогч Т.Оюунтөмөр, шүүгдэгч Г.Дуулга, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, гэрч С.Цэгцбаяр, шинжээч эмч Ш.Цэцэгмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Говь гурван эрдэнэ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 6-12 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж 7 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны 2 орц, 80 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Ганзоригийн Дуулга /РД:МЮ84070273/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Дуулга нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15-16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” ХХК-ний гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, “хадам аав Насанбат руу дайрлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Т.Оюунтөмөрт хүч хэрэглэн, түүний нүүр, толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Дуулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 13:00-15:00 цагийн хооронд хадам ээж, аав, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ явахаар болсон. Тэгээд замдаа “Жүр-Үр” ХХК-иас 2 бялуу авахаар очсон. Тэгээд 3 хүүхдээ машинд үлдээгээд хадам ээж, аав, эхнэр гурав бялуу авах гээд “Жүр-Үр” ХХК-ийн дэлгүүр орсон. Тэгээд удаад байхаар нь би араас нь очиход оочер ихтэй байсан. Тэгээд би үүдэн дээр нь хараад зогсож байтал хохирогч Оюунтөмөр хадам аавтай муудалцаж, хадам аавыг хэл амаар доромжилсон зогсож байсан.

Хохирогч оочер дайрч, зүтгэсээр байгаад л тортоо аваад гарсан. Тэгээд зөрж гарахад нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхэд манай хадам аав эхлээд “Жүр-Үр” ХХК-иас гарсан. Гэтэл хохирогчийн машин “Жүр-Үр” ХХК-ийн үүдэнд ирчихсэн, хадам аавтай хэрэлдээд зогсож байсан.

Би машиндаа тортоо тавиад буцаад гүйхийн хооронд манай эхнэрийг салгах гэхэд эхнэр лүү дайрч, хэл амаар доромжилж, манай эхнэр машинд нь суулгаад хаалгыг нь хаах гэхэд хөлөө хавчуулчихаад хаалгахгүй байсан. Тэгээд над руу дайрсан. Тэгэхээр нь би очоод “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нилээд зохисгүй аашилсан. Тэгэхээр нь би уураа барьж чадалгүй хоёр удаа цохисон. Тухайн үед намайг “Жүр-Үр” ХХК-аас гарахад миний харснаар хадам аавыг машин дотроосоо цонхоороо заамдсан байдалтай  байсан. Би дэлгүүрээс хоёр гартаа торт бариад гарсан болохоор тортоо машиндаа тавьчихаад очиж салгасан. Намайг очих үед салгах гэж байсан манай эхнэр лүү бас дайрч, хэл амаар доромжилж, бид нар луу зөндөө хараал хэлсэн. Манай хадам аав 58 настай, эхнэр 33 настай. Настай хүн, бас эмэгтэй хүнийг дээрэлхэж элдэв янзаар хэлээд байхаар нь би уураа барьж чадалгүй өмөөрч цохисон. “Жүр-Үр” ХХК-ний гадаа болсон асуудал нэг минут хүрэхгүй хугацаанд болсон байх.

Тэгээд бид нар бүгдээрээ салаад явах гэтэл хохирогч машин дээр буцаж ирээд баахан юм яриад “би цагдаа дуудна” гэсэн. Тэгэхээр нь би “цагдаа дууд, бид нар хүлээж байя” гэхэд цагдаа ирээгүй. Тэгээд “за тэгвэл цагдаа руу явъя” гээд би машинтайгаа урд нь гараад явахад Оюунтөмөр араас ирээгүй. Тэгээд бид нар Сэлэнгэ аймаг руу явах гэж байсан болохоор тэр чигээрээ он гаргах гээд явсан.

Хохирогч Оюунтөмөрт учирсан гэмтлийг би учруулсан. Энэ гэм буруугаа ойлгож байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Би хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг би 100 хувь төлж барагдуулах болно. Миний хувьд тухайн үед олон нийтийн газар уураа барьж чадахгүй зүй бус үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна.” гэсэн  мэдүүлэг,

 

2. Хохирогч Т.Оюунтөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг өнгөрч байхад эхнэр Цэенцогзол, охин Маргад нарын хамтаар “Жүр үр” ХХК-ний дэлгүүрт бялуу авахаар очсон. Ингээд эхнэр, хүүхэд хоёроо машиндаа орхичихоод өөрөө дэлгүүр лүү орж, эхнэрээрээ бялуу сонгуулъя гэж буцаж гараад, эхнэр хүүхдийнхээ хамтаар дэлгүүр лүү орсон. Тэгээд хүнд захиж үлдээсэн оочертоо ороод бялуугаа авсан. Гэтэл хөндлөнгөөс 50 орчим насны нэг хүн “чи яагаад оочер дайраад байгаа юм бэ, чи яасан мэдлэг боловсролгүй юм бэ” гэж доромжлоод эхэлсэн. Тэгэхэд нь би “юу яриад байгаа юм бэ, ахаа оочероороо явж байна” гээд бялуугаа аваад эргэтэл Дуулга замаас “чи яагаад олон юм яриад байгаа юм бэ” гэхэд нь би “чамтай юм яриагүй байна” гэхэд “бүдүүн банди минь, чамайг би ална шүү” гээд өөдөөс дайраад байхаар нь эхнэр, хүүхдээ аваад дэлгүүрээс гарсан.

Тэгээд би эхнэр хүүхдийнхээ хамт машиндаа суугаад явах гэж байтал Насанбат нь ирээд толгойгоороо дохисноо, машины цонх  тогшсон. Би цонхоо нээтэл Насанбат намайг “чи жаахан хүүхэдтэй явж байж яасан мэдлэг боловсролгүй юм бэ” гээд доромжлохоор нь “та юу яриад байгаа юм бэ, хүнийг гаднаас нь хараад яаж мэдлэг боловсролтой эсэхийг дүгнэж чадаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Дуулгын эхнэр нь ирээд машины хаалга саваад байхаар нь би “та нар яагаад байгаа юм бэ” гээд машинаасаа буугаад “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү, өнөөдөр баяр ёслол болох гэж байна ш дээ” гэхэд Насанбат намайг заамдаж аваад байж байтал Дуулга үгийн зөрүүгүй гүйж ирээд, машины суудал дээрээс түлхээд дээрээс 4-5 удаа цохисон.

Миний нүүрнээс цус гарч машиныхаа рулийн ард ортол дээрээс 3, 4 удаа дэвсэлсэн. Манай эхнэр хүүхэд хажууд байсан. Тэгээд тухайн үед би шоконд ороод, цусаа арчаад жаахан байж байгаад машинаасаа бууж ирээд “цагдаа дуудна” гэхэд “чаддаг юм бол цагдаагаа дууд” гээд миний барьсан утсыг аваад шидсэн.  Миний утас газар унаад,  утсаа асаах гэтэл асахгүй байсан. Тэгээд машиндаа ороод суухад эхнэр “би цагдаа дуудаадахъя” гэхэд миний утас асахгүй байсан. Тэгээд хар машинтай залуу зогсож байхаар нь манай эхнэр очоод “манай нөхрийг зодчихлоо, утсаа өгөөд яриулаач” гээд ярьсан юм.  

Тэгээд эхнэр машин дээр хүрч ирээд “би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Тэр үед  Дуулга машинтайгаа хөдлөөд явах гэхээр нь би “та нар яагаад хүн зодчихоод, хэргийн газраас явах гээд байгаа юм бэ, та нарыг явах юм бол хэргийн газраас зугтаасан гэнэ шүү, би цагдаа дуудсан байгаа” гэхэд “чаддаг юм бол цагдаа дууд” гээд байсан.

Тэгээд би буцаж ирээд машиндаа сууж байтал Дуулга дахиад машинтайгаа явах гэхэд нь би жолоочийн хаалгыг нь онгойлгоод хавдсан газраа болон гоожиж байсан цусаа харуулаад “та нар хүнийг ийм болгочихсон байна шүү дээ, яагаад явах гээд байгаа юм бэ” гэж хэлчихээд машиндаа очиход Дуулга зугатаад яваад өгсөн.  Тэгээд би машины дугаарыг нь харсан болохоор цагдаа дээр ирж өргөдөл өгсөн. Би тухайн өдрөө цагдаад мэдүүлэг өгсөн.

Тэгээд шүүх эмнэлэг дээр очиход намайг эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт үзүүлж, шүүх эмнэлэгт материалаа өгчихөөд,  шөнийн 02:00 цагт гэртээ харьсан. Миний 10 сартай нялх хүүхдийн дэргэд намайг зодсон. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Жүр-Үр” ХХКомпани дээр ирж бичлэгийг хуулж авсан. Намайг Дуулгад зодуулж байхад манай эхнэр “наадах чинь аймар юм байна, зодуулчих, зодуулчих” гэж хэлсэн нь үнэн. Тэгэхэд “алаад хаячихъя, гүйцээчихье” гээд над руу дайраад байсан.

Би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн зургаа 3 дугаар эмнэлэгт үзүүлэхэд нүдний доторх  хана хугаралтай байна. Яваандаа хүндрэх магадлалтай, хамрын хагалгаандаа нэн даруй орохгүй бол болохгүй, эмчийн зөвлөгөөнөөр орох хэрэгтэй гэж байсан. Тэгээд би 3-р эмнэлэгт  эмчид үзүүлэхэд наалданги үүсэх гэж байна. Хагалгаанд ороход 700.000-900.000 төгрөг гарна, нүдний хагалгаанд ороход 800.000 төгрөг болох юм байна гэж хэлж байсан учир би мөрдөн байцаалтын шатанд 2.372.250 төгрөг нэхэмжилж байсан юм.  

Тэр үед нь би  Дуулгад хэлэхэд “чи бодит хохирлоо нэх, яагаад худлаа төлбөр нэхээд байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд бид 25.000 төгрөгөөр ЭМЖЖ эмнэлэгт дахин үзүүлэхэд хамрын хугарал, хамрын муруйлт байна. Томографийн зураг 140.000 төгрөгөөр авахуулаад ир гэсэн. Надад 140.000 төгрөг байгаагүй,  нялх хүүхэдтэй, хүнд зодуулчихсан, ажилгүй гээд учраа хэлээд “хагалгааны зардал урьдчилсан байдлаар хэд болох вэ” гэхэд ЭМЖЖ эмнэлгийн эрхлэгч эмч нь тооцож бодоод 1.529.755 төгрөг болно гэж баримт бичиг өгсөн юм.  Одоо хамрын хагалгаанд ороход шаардлагатай 1.519.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө хийлгэсэн эмчилгээний зардал /хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, бариа хийлгэсэн/ нийт 487.000 төгрөг болсон байгаа. Үүнээс өөр эмчилгээ хийлгэж чадаагүй, надад боломж байгаагүй.

Дуулга нь надад 1.000.000 төгрөг эмчилгээний зардалд шилжүүлснийг хүлээн авсан. Одоо миний нүд анивчиж, шөнө унтаж чадахгүй, хамар байнга битүүрдэг зовиуртай болсон.  

Дуулга тухайн үед эрүүл байсан. Дэлгүүрийн гадаа Дуулгын хадам аавыг хэл амаар доромжилсон асуудал байхгүй, Насанбат өөрөө ирээд машины цонх  тогшоод, намайг цонхоо нээхэд “чи жаахан хүүхэдтэй байж яасан мэдлэг боловсролгүй юм бэ” гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү, хүнийг гаднаас нь хараад яаж мэдлэг боловсролтой эсэхийг дүгнэж чадаж байгаа юм бэ” гэж л  хэлсэн. Би Насанбатыг цохиж зодсон асуудал байхгүй. Дуулгын эхнэр нь ирээд “болиоч” гээд машины хаалга саваад байхаар нь би “та нар яагаад байгаа юм бэ” гээд машинаас буухад Насанбат намайг заамдаж авсан. Насанбат намайг заамдаж авах үед түүнд гэмтэл учирсан байх. Насанбат нь намайг зодож, цохиогүй.” гэсэн мэдүүлэг,   

 

3. Гэрч С.Цэгцбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хэрэг болсон 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би “Жүр үр” ХХК-ийн гадаа машиндаа хүн хүлээгээд сууж байсан. Хохирогч, шүүгдэгч, настай хүн гурвын хооронд маргаан болсон юм шиг байсан. Энэ гурван хүний маргаан ойролцоогоор 4-5 минут болсон, зодоон нь 20-30 секунд орчим болсон, их хурдан. Эхлээд настай хүн, хохирогч Оюунтөмөр хоёр маргалдахад Дуулга нь байгаагүй. Дараа нь хохирогч Оюунтөмөр нь машинаа байрлуулчихаад, машинаасаа бууж ирээд настай хүнтэй маргалдаж байсан. Миний харснаар настай хүн хохирогч руу дайраад байх шиг харагдсан. Учир нь гар хуруугаараа зааж, гар нь гозолзоод нилээн ширүүн хөдлөөд байх шиг харагдсан.

Оюунтөмөрийг машиндаа суух гэж байхад Дуулга ирээд хажуу талаас нь цохисон.  Тэгээд Оюунтөмөр машин руугаа унасан. Тэгэхэд Оюунтөмөрийн эхнэр нь юм шиг байсан, нялх хүүхэд тэвэрсэн эгч гарч ирээд “болиоч ээ, уучлаарай ахаа” гээд байх шиг байсан.  

 Дараа нь Оюунтөмөрийн эхнэр нь над дээр ирээд “утсаа өгөөч, цагдаа дуудах гэсэн юм” гэхэд нь би утсаа өгөөд яриулсан.  Дараа нь хэрэг гаргасан хоёр хүн яваад өгсөн.  Тэгээд ч миний хүлээж байсан хүмүүс дэлгүүрээс гарч ирээд би явсан. Тэгээд намайг явж байхад араас “цагдаа над руу дуудлага өгсөн байна, хаана очих вэ” гэж асуусан. Тэгээд би Цагдаад хэрэг гарсан газрыг зааж өгсөн. Дараа нь Цагдаагийн байгууллагаас намайг дуудаж мэдүүлэг авсан. Би тухайн болсон асуудлыг машин дотроосоо хараад сууж байсан болохоор тэр хүмүүс юунаас болж маргалдсан, юу гэж хоорондоо маргаж хэрэлдсэнийг сонсоогүй. Настай хүн эрүүл байсан уу, согтуу байсан уу гэдгийг анзаараагүй.

Тэр маргаан зодоон болох үед настай хүн, энэ шүүгдэгч Дуулга, хохирогч Оюунтөмөр гуай байсан. Бас гэр бүлийнх нь юм шиг 2, 3 эмэгтэй хүн салгах гэж байгаа байдалтай байсан.  Би тухайн үед бие биедээ зам тавьж өгөөгүй болохоор л маргасан юм болов уу гэж бодсон.  Настай хүн, жолооч хоёрыг хэрэлдэж маргалдаад байгаа юм шиг зогсож байхад хажуу талаас Дуулга ирээд хохирогчийг цохисон, тэр үед хоёр эмэгтэй, бас нэг хүүхэд хажууд нь байсан. Бас Дуулга хохирогчийн машин дотроос нь нэг юм авах шиг болсон. Тэрийг л би түлхүүрийг нь  авч байна гэж ойлгосон. Оюунтөмөр нь машинаа байрлуулахаас өмнө тэдний хооронд ямар асуудал болсныг би хараагүй, мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын үед асуухад өгсөн мэдүүлэг, одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг,

 

4. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Т.Оюунтөмөрийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамар, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт няцарсан шарх, баруун дээд 1-р шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдсон байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн,  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Нүдний ухархайн дотор ханын хугарал нь бороололт нь хурдан учраас хөнгөн зэргийн гэмтэл юм.  Хохирогчид учирсан гэмтлийн хувьд гэмтэл авсан даруй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх  боломжтой.  Эмчилгээ хийлгээгүй байдал нь гэмтлийн зэрэг болон эдгэрэлтэд нөлөөлөхгүй.  

Тасралтгүй 28 хоногоос дээш хугацаагаар эмнэлгийн байгууллагаар яваад эмчлэгдэхгүй байгаа бол хүндэвтэр гэмтэл гэж үзнэ. Нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал нь гэмтэл авсан даруйдаа эмчилгээ хийлгэвэл эдгэрэлт нь түргэсэх бөгөөд эмчилгээ хийлгээгүй бол ердийн явцаараа өнөөдрийн байдлаар бүрэн эдгэрсэн байх хөнгөн гэмтлүүд юм.

Миний дүгнэлтэд хамрын таславчийн муруйлт гэсэн онош байхгүй, хохирогчид ийм гэмтэл учраагүй. Хамар ясны таславчийн муруйлт нь хамар ясны хугарлаас өөр гэмтэл юм.  Хамар ясны таславчийн муруйлтын үед хамар битүүрч, нус гоожох үе байдаг. Гэхдээ хамар битүүрэх маш олон шалтгаан байдаг.

Шүүх эмнэлгийн үзлэг хийхэд хохирогч өөрийн биеэр ирж үзүүлсэн, бас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог үндэсний төвд хохирогчийн зураг, компьютерт томографийн  дүгнэлт зэргийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон. Хохирогчийн зурагт гавал ясанд хугарал тодорхойлогдоогүй, баруун нүдний зөөлөн эд, хуйхан доор хаван хавдартай, хамар яс хугарсан, баруун нүдний ухархайн дотор хана хугаралтай, тархины эдэд өөрчлөлтгүй гэж гарсан байна. Хохирогчид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын аль зэрэгт хамаарч байгааг шүүх эмнэлгийн шинжээчид тогтоодог. Гэмтлийн зэргийг тогтоохдоо авахуулсан зургийг нь үндэслэж гаргадаг.  

Хамар ясны хугарал гэмтэл хамар битүүрэх шалтгаан болохгүй. Хамар ясны зөрүүгүй хугарал нь бороолоод эдгэчихдэг учраас хагалгаа хийлгэх шаардлага байхгүй. Нүдний ухархайн дотор ханын хугарал нь цөмөрсөн хугарал биш учир хамар битүүрэх шалтгаан болохгүй. Нүдний ухархайн дотор ханын хугарал нь цөмөрсөн хугарал, цөмрөөгүй хугарал гэж байдаг. Цөмөрсөн хугарлын үед нүдний хана цаашаа хонхойх хүндрэл үүснэ. Гэхдээ энэ нь зарим хүнд үүсч, зарим хүнд огт үүсдэггүй.

Энэ хохирогчийн хувьд хамар ясны зөрүүтэй хугарал, нүдний ухархайны цөмөрсөн хугарал учраагүй тул дүгнэлтэд заасан хохирогчид учрсан гэмтлүүд нь ердийн явцаараа эдгэрэх боломжтой, мэс ажилбар, хагалгаа хийх шаардлагагүй гэмтэл юм. Хохирогчид зулай хэсэгтээ зөөлөн эдийн няцрал үүссэн байна. Үүнээс болж тархи толгой байнга өвдөхгүй, тархинд үүссэн гэмтэл байхгүй. Зөөлөн эдийн няцрал нь ил хуйхны гэмтэл тул тархинд нөлөөлөхгүй.

ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн онош нь шинжээчийн дүгнэлтэд байхгүй байна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал хоёр гэмтэл нь хавсарч хохирогчийн бие одоо болтол эдгэхгүй, зовиуртай байх боломж байхгүй.”  гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 201726030103 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1х, 5-6х/,

 

2. Хохирогч Т.Оюунтөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14:00 цаг өнгөрч байхад эхнэр Цэенцогзол, охин Маргад нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” ХХК-ний дэлгүүрт бялуу авахаар очсон. Ингээд эхнэр, хүүхэд хоёроо машиндаа орхичихоод өөрөө дэлгүүр ортол дараалал ихтэй байхаар нь хүнд дараалал захичихаад буцаж гарч ирээд хэсэг байж байгаад эхнэр, хүүхдийнхээ хамт дэлгүүр рүү буцаж орсон. Тэгтэл миний захисан дараалал нилээн дөхчихсөн болохоор нь би эхнэрээр авах бялуугаа сонгуулж байтал дарааллын дунд хэсэгт зогсож байсан 50 орчим насны, 160 орчим см өндөртэй, бордуу царайтай эрэгтэй намайг “дараалал дайрлаа, чи яасан мэдлэг боловсролгүй юм бэ” гээд надтай маргалдаад байсан.

Тэр хүнийг Насанбат гэдэг юм байна лээ. Тухайн үед би Насанбатад “би энд дараалал захисан байсан, урдуур чинь дайрсан зүйл байхгүй” гэдгээ хэлээд бялуугаа худалдаж аваад гарах үед үүдэнд зогсож байсан 30 болон 50 орчим насны эмэгтэйчүүдтэй хамт явж байсан 30 орчим насны, шар өнгийн куртиктэй, 172 см орчим өндөртэй, зууван шар царайтай залуу намайг “чи одоо юу гээд байгаа юм бэ, битгий хуцаад байгаарай, ална шүү” гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр залууд “би  чамтай яриагүй, тэнд хүнтэй ярьж байна” гэж хэлээд гарах гэтэл нөгөө залуу намайг “бүдүүн банди минь ална шүү” гээд байсан. Энэ залууг нь Дуулга гэдэг юм байна лээ.

Ингээд би эхнэр, хүүхдийнхээ хамт машиндаа суугаад явах гэж байтал Насанбат нь дэлгүүрээс гарч ирснээ намайг “буугаад ир” гээд толгойгоороо дохиод, өөрөө миний машины хажууд ирээд, жолооч талын буюу баруун урд талын цонхыг тогшсон. Би тэр үед нь цонхоо нээтэл Насанбат намайг “нялх хүүхдээ дагуулчихаад, үйлчилгээний дараалал дайраад, яасан мэдлэг боловсролгүй юм бэ” гээд байхаар нь би түүнд “та хүнийг гаднаас хараад мэдлэг боловсролгүй гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ” гээд маргалдаж байхад 30 орчим насны эмэгтэй бидэн дээр ирж, миний машины хаалгыг онголзуулаад “яв, яв” гээд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “чи яахаараа хүний өмч хөрөнгөнд хамаагүй халддаг юм бэ” гээд машинаасаа буусан.

Тэгээд “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү” гэж хэлтэл Насанбат нь намайг заамдаж автал би эрчиндээ хойшоо машиндаа суухад, тэрээр намайг заамдахаа больсон. Тэгтэл Дуулга бидэн дээр ирснээ гэнэт миний баруун нүд, хацар, шанаа орчимд гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Мөн хөлөөрөө баруун гар, хавирга орчимд 4-5 удаа өшиглөсөн. Тэгтэл миний баруун нүд, нүүр хавдаад, хамарнаас цус гараад эхэлсэн. Би машиндаа цусаа цэвэрлэчихээд бууж ирээд “та нар яахаараа хүн зодчихоод явах гээд байгаа юм бэ, би цагдаа дуудна” гэж хэлээд халааснаасаа цагаан өнгийн Самсунг Галакси Эс-4 гар утсаа гаргаж иртэл Дуулга нь “чаддаг юм бол цагдаагаа дуудаарай” гэж хэлээд, гар утсыг булааж авч газар шидэхэд миний утас хэдэн хэсэг салаад, буцааж угсарахад асахгүй байсан учир манай эхнэр цагдаа дуудах гээд явсан.

Би Насанбат, Дуулга нарыг огт танихгүй. Тухайн өдөр Насанбат нь намайг “үйлчилгээний дараалал зөрчлөө” гэсэн шалтгааны улмаас надтай маргалдсан. Миний хувьд Насанбат болон түүний охиныг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Дуулгад цохиулснаас болж миний хамар, баруун нүдний ухархайн яс хугарсан гэсэн онош тавигдсан. Дуулга нь намайг зодож байхад хамт явсан хүмүүс нь хараад зогсож байсан. Одоогийн байдлаар Гэмтлийн эмнэлэгт 80.000 төгрөгөөр толгойн томографийн зураг авхуулсан, Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт өдрөөр эмчилгээ хийлгэсэн. Мөн толгойгоо бариачид бариулсан. Эдгээрт 400.000 орчим төгрөг зарцуулсан. Мөн хамрын яс тэгшлэх мэс засал хийлгэх шаардлагатай тул 600.000-700.000 төгрөг болох юм байна. Баруун нүдний ухархайн яс нөхүүлэх мэс засал ямар үнэтэй болохыг би мэдэхгүй байна. Дуулгаас эмчилгээний зардал, эмнэлэг явахад зарцуулсан бензин тосны зардлаа нэхэмжилж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

3. Гэрч Н.Цэенцогзолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 12 сарын 29-ний өдөр 14 цаг өнгөрч байхад нөхөр Оюунтөмөр, охин Маргадын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах “Жүр үр” ХХК-ний дэлгүүрт бялуу худалдан авахаар очсон. Ингээд охин, бид хоёр машиндаа үлдээд Оюунтөмөр дэлгүүр лүү орчихоод удалгүй гарч ирснээ “дараалал ихтэй байна, би дараалал захьчихлаа, чи ороод бялууныхаа сонголтыг хийчих” гэж хэлсэн. Би охиноо тэврээд, Оюунтөмөрийг дагаж дэлгүүр лүү ороод авах бялуугаа сонгож өгсөн. Оюунтөмөр “бялуугаа аваад ирье” гээд явсан ба би охиноо тэврээд дэлгүүрийн коридор хэсэгт нь  зогсож байхад гаднаас 50 гаран насны эрэгтэй, эмэгтэй, 30 гаран насны эрэгтэй, эмэгтэй, 6-7 дугаар ангийн болов уу гэмээр нэг охин дагуулсан хүмүүс орж ирсэн. 30 гаран насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нь охинтойгоо миний дэргэд үлдээд, 50 гаран насны эрэгтэй, эмэгтэй хоёр нь касс руу явсан. Удалгүй Оюунтөмөр бялуугаа аваад, охин бид хоёр дээр иртэл миний хажууд зогсож байсан 30 гарын насны эрэгтэй Оюунтөмөрт хандан “чи муу юу гээд байгаа юм бэ” гэхээр нь Оюунтөмөр тэр залууд “би чамтай яриагүй, цаана чинь ярьж байна” гэж хэлээд бид нар гарах гэж байхад нөгөө залуу зодох гэж байгаа юм шиг цээжээ түрээд дайрахад хамт явсан 6-7 дугаар өнгийн бололтой охин нь “ааваа боль” гэж хэлээд нөгөө залуугийн гарнаас нь татаад байсан.

Тэр залуу бидний хойноос “муу бүдүүн банди минь” гээд дэлгүүрт үлдсэн. Оюунтөмөр болон охин, бид гурав машиндаа суух үед би Оюунтөмөрөөс “юу болоод энэ залуу чам руу дайраад байгаа юм бэ” гэж асуухад “сая дэлгүүрт 50 гаран насны эрэгтэй миний хойноос орж ирчихээд, намайг үйлчилгээний дараалал дайрлаа, ямар мэдлэг боловсролгүй юм бэ гээд байсан, саяны залуу тэр хүний хүүхэд нь юм шиг байна” гэж хоорондоо ярилцаад, дэлгүүрийн гаднаас хөдлөх гэж байхад нөгөө Оюунтөмөр лүү дайраад байсан залуу, охин болон хамт зогсож байсан 30 гаран насны эмэгтэй, мөн 50 гарын насны эрэгтэй нь манай машин дээр ирээд Оюунтөмөрийн талын цонхыг тогшихоор нь цонхоо доош нь буулгатал “чи ийм жаахан хүүхэдтэй явж байж ямар мэргэжил боловсролгүй хүн бэ, оочер дайрлаа” гэхэд Оюунтөмөр тэр хүнд “та хүнийг гаднаас нь хараад мэдлэг боловсролтойг нь мэддэг юм уу” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах “чи юу гээд байгаа юм бэ, буугаад ир” гээд байсан.

Тэгтэл цаанаас 30 гаран насны нэг эмэгтэй нь ирснээ машины хаалганы бариулаас бариад татаж нээж хаагаад байхаар нь Оюунтөмөр тэр эмэгтэйд “чи хүний эд хөрөнгөд ингэж халдаад байх даа яадаг юм” гээд маргалдсан.

Тэгтэл нөгөө 50 гаран насны эрэтэй хүн “чи муу юу гээд хуцаад байгаа юм бэ” гэснээ Оюунтөмөрийг заамдаж авахад нь “би жаахан хүүхэдтэй явж байна шүү дээ та болиоч” гэж хэлээд хойшоо ухрахдаа рулийнхээ ард суусан. Тэгтэл дэлгүүрт маргалдаад байсан 30 гаран насны залуу “чи муу гөлөг юу гээд байгаа юм бэ” гээд Оюунтөмөрийн баруун шанаа, нүүр, хамар орчимд гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод баруун чамархай, дагз орчимд нь  4-5 удаа өшиглөтөл тэр залуугийн өмсөж явсан пүүз нь манай машинд унасан.

Тухайн үед Оюунтөмөрийн хамар, амнаас нь цус гараад, цус нөжтэйгөө хутгалдаад баруун нүд нь овойж хавдаад тагларсан. Оюунтөмөр цагдаад дуудлага өгөх гээд цагаан өнгийн Самсунг Галакси эс-4 мини гар утсаа гаргаж иртэл Оюунтөмөрийг зодсон 30 гаран насны залуу “чи чаддаг юм бол цагдаагаа дуудаарай” гэж хэлээд Оюунтөмөрийн утсыг булааж аваад газар шидсэн. Дуулгад зодуулсны улмаас Оюунтөмөрийн баруун нүдний дотор хана хугаралтай, хамарны яс хугарч, мөгөөрс нь дотогшоо чихэгдсэн байна гэсэн онош тавигдсан. Насанбат гэдэг тэр 50 гаран насны эрэгтэй болон Дуулга нар Оюунтөмөрийг нийлж зодож цохисон зүйл байхгүй.

...Оюунтөмөрийг Насанбат хэл амаар доромжилж ирээд заамдаад түлхээд машинд суулгасан. Харин Оюунтөмөр нь Насанбатыг зодож цохиогүй, Насанбатыг машин руу татаж зууралдсан асуудал байхгүй. ..” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 70-71х/,    

 

4. Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12 сарын 29-ний өдөр нөхөр Насанбат, охин Батцэцэг, хүргэн Дуулга, зээ Анударь, Анан, Ангараг нарын хамт Сэлэнгэ аймаг явахаар болоод 15:00 цагийн орчимд ...замдаа “Жүр үр” ХХК-ийн үйлдвэр орж торт авахаар болоод уг газарт очсон. Тэгээд торт авахаар нөхөр Насанбат ороод, араас нь охин Батцэцэг, бид 2 орсон. Тэгээд би охин Батцэцэгийн хамт тортоо сонгоод зогсож байхад хүмүүс “очерлооч” гээд дуу гараад байсан. Тэгээд тортоо сонгоод нөхрийн дэргэд очоод тортоо авах гэхэд нэг залуу урдуур дайраад торт аваад гарах гээд явахаар нь би “чи энэ олон хүмүүсийн урдуур дайраад байхдаа яадаг юм бэ очерлоод авахад яадаг юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед манай хүргэн Дуулга орж ирсэн байсан. Тэгээд торт аваад гарч байсан залуу эргэж хараад “намайг новш минь дуугүй бай”  гээд гараараа заагаад хэлэхэд манай хүргэн Дуулга “чи хэнийг хэлээд байгаа юм бэ” гэсэн чинь торт авсан хүн “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь Дуулга “энэ хүн манай ээж” гэж хэлсэн.

Тэгээд нөхөр Насанбатыг очероос гаргаад би очерлоод тортоо  бичүүлээд авсан. Тухайн үед торт авсан залуу, Дуулга, Насанбат гурав  гадаа гарсан байсан. Тэгээд би тортоо аваад охин Батцэцэгийн хамт гадаа гарахад үүдэн дээр нь маргаан хийсэн залуу машинтай зогсож байсан ба манай нөхөр Насанбатыг жолооч талын цонхоор маргасан залуутай цуг явсан эмэгтэй хүн цамцнаас нь зулгаасан байдалтай байхаар нь би гүйж очоод “чи ямар ичдэггүй юм бэ аав шигээ хүнийг болиоч” гэж хэлсэн.

Охин Батцэцэг ч “та нар болиоч” гээд хаалгыг нь хаахад жолооч залуу нь Батцэцэг рүү нэг юм хэлсэн. Би нөхөр Насанбатыг аваад явах гэж байхад Дуулга “чи манай эхнэрийг доромжиллоо” гээд зөрөөд очсон. Тэгээд би нөхөр Насанбатыг машинд оруулаад эргэж харахад Дуулгыг эхнэр Батцэцэг нь “боль” гээд түлхээд зогсож байсан. Тэгээд Дуулга машинаа бариад хөдлөхөөр нь би “явж болохгүй” гэж хэлсэн чинь Дуулга “зүгээрээ араас дагаад ирж байна, цагдаа руу явъя” гэж хэлсэн.

Машинд суугаад хөдлөх гэж байхад маргасан залуу ирээд “чи хүн зодоод явах гэлээ”  гээд зам хаагаад зогсоход нүдний доор нь шалбараад улайсан харагдахаар нь би Дуулгаас “чи хэзээдээ цохисон юм” гэж асуухад Дуулга нь Батцэцэгийг доромжлоод байхаар нь цохисон гэж хэлсэн. Би цохиж байгааг нь хараагүй. Манай нөхөр Насанбатын цамцны захнаас зулгаагаад зогсож байхад нь би салгасан. Тухайн үед гар, хүзүүнд нь маажсан байсан. Ойр орчимд хүн харагдаагүй. Нөхөр Насанбат Сэлэнгэ аймагт очоод мөр өвдөөд байна гэж байсан. Уг нь Сэлэнгэд үлдэнэ гэж байсан боловч эмнэлэгт үзүүлнэ гээд хотод буцаж ирсэн. Миний ярьсан хэлсэн бүхэн үнэн ..” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-75х/,

5. Гэрч Н.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 12 сарын 29-ний өдөр амралтын өдөр байсан болохоор аав Насанбат, ээж Оюунцэцэг, охин Анударь, хүү Ангараг, дүү Ананд, нөхөр Дуулга нарын хамт Сэлэнгэ аймаг явахаар гарсан. Замдаа “Жүр үр” ХХК-ийн үйлдвэр дээр очоод аав, ээж бид 3 ороод,  аав оочер аваад, би ээжийн хамт торт сонгоод лангуун дээр явж байсан. Тэгээд тортоо сонгоод аавын хажууд очиход “хөгшин өвгөн чинь” гээд нэг залуу аавын хажуугаар зөрөөд өнгөрсөн. Тэгээд аав уг залуугийн араас “чи өөрөө соёлтой байгаа ч” гэж хэлсэн. Тэгээд аавыг очероос гаргаад, ээж орж зогсоод, аав очероос гарсан чинь нөгөө маргалдсан залуу нь тортоо аваад гарч явахдаа аав руу юм хэлсэн. Тухайн үед манай нөхөр орж ирээд үүдэн дээр зогсож байгаад уг залууг “чи настай хүнтэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд уг залуу гараад явсан. Тэгээд манай аав гараад, араас нь нөхөр, ээж, бид 3 тортоо аваад удалгүй гарахад дэлгүүр дотор аавтай маргасан залуу цагаан өнгийн машин дотроос хаалгаа онгойлгоод, аавыг заамдсан байсан ба хажуугийн суудал дээрээс эхнэр нь гэх хүн бас хувцаснаас нь зулгааж байсан. Тэгээд ээж бид хоёр очиж аавыг салгаад хойшоо болоход нь би хаалгыг нь хаах гэхэд нөгөө залуу хөлөө хавчуулаад хаалгахгүй байсан. Тухайн үед тэр залуугийн эхнэр нь бууж ирээд хэл амаар доромжлоод байсан ба маргалдсан залуу машин дотроосоо бууж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан.

Тухайн үед нөхөр Дуулга машинд тортоо тавиад, эргэж ирээд “чи миний эхнэрийг хэл амаар доромжлоод байхдаа яадаг юм бэ” гээд хэлэхэд бас л хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр гараараа уг залуугийн нүүр лүү нь цохихоор нь шууд дундуур нь ороод салгасан. Тухайн үед манай 11 настай охин маань машинаас бууж ирээд “ахаа та болиоч ээ” гээд орилоод уйлаад байсан.

Тэгээд бид нар машиндаа суусан чинь нөгөө залуу хүрч ирээд “ та нар явахгүй шүү” гэж хэлээд байж байтал эхнэр нь хүрч ирээд нөхрөө “сайн зодуулчих” гээд байсан. Уг залуу би хүмүүс дуудсан байгаа явж болохгүй шүү гээд байсан. Тэгээд бид нар хүлээж байя гээд машиндаа сууж байхад нөгөө залуу цаашаагаа явж байснаа “би цагдаа дуудлаа, явж болохгүй” гэж дахин хэлсэн. Бид нар явахгүй зогсоод хүлээгээд байсан ба цагдаа ирэхгүй болохоор бид машинтайгаа Хан-Уул дүүргийн цагдаа руу явсан чинь нөгөө машинтай залуу араас дагаад явж байсан. Явж байгаад эргээд харахад уг машин алга болсон байхаар нь бид явчихаж гэж бодоод, оройтож байна гээд Сэлэнгэ аймаг руу шууд явсан.

2017 оны 01 сарын 01-ний өдөр хот руу буцаж ирсэн. Аав Насанбат хүүхдийн хичээл сургууль амарсан, хүүхэд харж үлдэнэ гэсэн боловч толгой, мөр нь өвдөөд байна гээд буцаад хамт хот руу ирсэн.

Уг маргаан юунаас болсон гэдгийг би мэдэхгүй байна. Машинтай хүн машин дотроо сууж байгаад аавыг заамдаж татаад байсан. Эхнэр нь бас зулгаагаад байсан. Цохиж байгаа зүйл хараагүй. Нөхөр Дуулга тэр залууг нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход нь би сандраад салгасан. Аль гараараа цохисныг нь мэдэхгүй байна, хөлөөрөө цохиогүй. ...Уг хүн маргалдаж байхад гар утас гаргаж ирээгүй. Харин машинд суусны дараа утсаараа яриад яваад байсан. Ямар утас байсныг нь мэдэхгүй. Тухайн үед аав Насанбатын толгой өвдөөд байна гээд нүүр, гар нь зулгарсан байдалтай, монетон гинж нь тасарсан байсан. Мөн мөр өвдөөд, гар нь хөдлөхгүй гэсэн. Тэр үед би аавын зургийг гар утсаараа дарсан юм.  Манай нөхөр Дуулга уг залууг цохисны дараа зүүн шанааны орчим улайсан байдалтай байсан. Цус гарсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-78х/,

 

6. Гэрч С.Цэгцбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

“...Би 2016 оны 12 сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Жүр үр” ХХК-ийн үйлдвэрийн харалдаа зогсоол дээр найзын машин дотор суугаад найз Цацралыг хүлээж байхад цайвар өнгийн жижиг машинтай хүн ирээд зогссон. Дотор нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан ба өлгийтэй хүүхэд тэвэрсэн байсан юм. Уг машин зогсоход настай  эрэгтэй хүн болон нэг залуугийн хамт ирээд цонхоор нь хэрэлдэж байгаад хаалгыг нь онгойлгосон юм. Настай хүн нь машин барьж явсан хүнтэй хэрэлдэж байхад машин барьж явсан хүн машинаасаа буугаад ирсэн. Тухайн үед настай хүнтэй хамт явсан залуу машин дотроос түлхүүрийг нь булаагаад авсан. Тэгээд түлхүүр авсан залуу цааш явахад араас нь жолооч залуу дагаад явсан. Тэгээд “Жүр үр” ХХК-ийн цаагуур ороод,  жолооч залуу эргээд түлхүүрээ авч ирээд машинаа хөдөлгөөд зам чөлөөлж зогсоод, хаалгаа онгойлгоод бууж ирэх гээд цухуйж байхад настай хүнтэй хамт явсан залуу ирээд шууд гараараа цохиод, өшиглөхөд уг жолооч залуу буцаад машиндаа ороход настай хүнтэй хамт явсан залуу дахин гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед жолоочтой хамт явсан хүүхэд тэвэрсэн эмэгтэй бууж ирээд “болиоч” гээд орилоод больсон.

Тэгээд настай хүн болон зодсон залуу хоёр цааш яваад хоёулаа нэг машинд суугаад явах гэхэд зодуулсан залуу машины урдуур ороод явуулахгүй “цагдаа дуудна” гэхэд “цагдаагаа дууд” гээд байсан.

Тэгээд би машин дотор сууж байхад жолоочтой хамт явсан хүүхэд тэвэрсэн эмэгтэй ирээд “утсаа өгөөч, цагдаа дуудах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгөхөд уг эмэгтэй цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байхад нөгөө настай хүн, зодсон залуу хоёр явсан. Тэгээд манай найз гарч ирээд би шууд явсан. Би тэр маргалдсан хүмүүсийг танихгүй, одоо харвал танихгүй байх.

Маргаан болох үед цайвар машинтай зодуулсан залуу болон өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн байсан. Харин нөгөө талд нь настай хүн болон өндөр залуу байсан. Маргалдаж байх үед настай хүн болон өндөр залууг 2 эмэгтэй хүн, бас нэг бага насны хүүхэд ирээд салгах гээд байсан. Өөр хүн байгаагүй.

Намайг харахад настай хүнийг хүн цохиж зодоогүй. Настай хүн жолооч залуу руу дайраад зууралдаад байсан. Жолооч залуу настай хүнийг түлхэж байсан юм. Миний харснаар настай хүнийг мөргөсөн, цохисон зүйл байхгүй. Машинд настай хүнийг оруулаагүй. Маргаан юунаас болсныг мэдэхгүй. Миний урд ирэхдээ л маргалдсан байсан. Настай хүнтэй хамт явсан өндөр залуу цайвар жижиг машинтай бүдүүн залууг машинаасаа буух гэж байхад нь гараараа цохиод, өшиглөсөн. Уг залууг машины суудал дээр суухад нь өндөр залуу дахин гараараа 2-3 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Зодуулсан залуу гар утас гаргаж ирж байгаа зүйл харагдаагүй. Тэр зодуулсан залуугаас цус гарсан зүйл хараагүй, харин нүүрний баруун тал нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-81х/,

 

7. Мөрдөн байцаалтын шатанд Ч.Насанбатын хохирогчоор өгсөн:

“... 2016 оны 12 сарын 29-ний өдөр 15 цагийн үед ...”Жүр үр” ХХК-ийн  дэлгүүрт торт авахаар очсон. Очер ихтэй байсан. Хүмүүс дэлгүүрийн кассын баруун талд цувраад очерлосон байсан. Би ч дэлгүүр оронгуутаа очерлоод зогссон. ...Ингээд миний очер дөхөж байтал зүүн талаас 164-165 орчим өндөртэй махлагдуу 30 орчим насны залуу очер дайраад ороод ирсэн. Тэгтэл миний урд зогсож байсан хоёр хүн махлаг залууг очерын урдуур дайрлаа гэж дургүйцээд “чи очерлооч” гэж хэлсэн. Нөгөө махлаг залуу ч юу ч хэлэхгүй дайрсаар байгаад миний урдуур ороод бялуугаа аваад гарсан. Ингээд миний очер болохоор нь би эхнэрээ өөрийнхөө оронд зогсоож бялуугаа ав гэж хэлчихээд өөрөө дэлгүүрээс гартал нөгөө залуу миний урд явж байхаар нь би тэр залууд хандаж “чи соёлтой байгаач” гэж хэлсэн. Тэр залуу юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй үглээд цааш явсан. Ингээд намайг дэлгүүрийн үүдэнд зогсож байхад нөгөө залуу цагаан өнгийн жижиг машин жолоодож ирснээ дэлгүүрийн өмнө ирж зоссоноо, өөрийнхөө талын цонхыг онгойлгоод “новшнууд минь аятайхан байгаарай, ална шүү гөлөгнүүд минь” гэж хэлэхээр нь би түүнд “юу гэнэ ээ чи” гээд машиных нь хаалгыг нээгээд “чиний буруу шүү дээ, чи юу гээд байгаа юм” гэхэд тэр залуу “та хүнийг соёлтой, соёлгүйгээр нь дууддаг хэн юм бэ” гэж хэлснээ миний зүүн ханцуйн дээрээс огцом угз татаад, зүүн гарыг хөшиж, намайг машин руугаа оруулснаа толгойгоороо миний дух хэсэгт мөргөсөн. Тэгтэл уг машины урд талд сууж байсан хүүхэд тэвэрсэн 30 орчим насны эмэгтэй баруун сарвуу, зүүн хацар дээр маажсанаа зүүж явсан монетон гинж цамцны захтай хамт татаад хоолой боож байхдаа гинж тасалсан. Тэгтэл Оюунцэцэг, Батцэцэг нар “болиоч” гэж орилж байгаад намайг тэр хоёр хүнээс салгасан.

Тэгсэн нөгөө залуу Батцэцэгийг бас хэл амаар доромжилсон ба тэр үед хойд талд зогсож байсан Дуулга гэнэт уурлаад “эхнэрийг минь хэл амаар доромжилдог чи ер нь юу юм бэ” гээд миний зүүн гар талаас орж ирээд нөгөө махлаг залуугийн баруун нүд орчим нь гараараа цохисон. Тэгэхэд Оюунцэцэг “больцгоо” гэж хэлээд намайг хойш нь татаад аваад явсан. Энэ хооронд Дуулгийн охин Анударь орилж уйлаад байгаа сонсогдсон.

Ингээд бид машиныхаа хажууд зогсож байхад нөгөө махлаг залуу машинаа зайдуу тавьчихаад буцаж бидэн дээр ирээд “та нар харж байгаарай, наанаа байж байгаарай, би одоо хүн дуудаад үзүүлээд өгнө өө” гээд орилоод байсан. Тухайн үед Оюунтөмөрийн баруун нүд бага зэрэг хөхөрсөн харагдаж байсан. Тэр үед намайг маажсан эмэгтэй “цагдаа дуудна, чи дахиад зодуулчих” гээд гар утас бариад зогсож байсан.

Би 2017 оны 01 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст ирж тайлбар өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан. Шүүх эмнэлэг дээр очоод үзүүлээд зүүн мөрний хөдөлгөөн хязгаарлагдаад байнга өвдөөд байгаа, мөн толгой байнга өвдөөд байгааг хэлэхэд зүүн мөрөндөө нарийн шинжилгээ хийлгэж ир гэхээр нь мөрний MRI шинжилгээ хийлгэсэн. Тархины MRI шинжилгээ хийлгэх гэсэн үнэтэй болохоор нь хийлгээгүй. Махлаг залууг Оюунтөмөр, эхнэрийг Цэенцогзол гэдгийг сая мэдэж авлаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа надад хэлэх зүйл алга.

Дуулга эхнэрээ өмөөрч Оюунтөмөрийг цохисноос түүний биед гэмтэл учирсан байх.  Миний хувьд Оюунтөмөрийг дэлгүүр дотор очер дайраад байхаар нь “соёлтой бай л даа” гэж хэлсэн. Түүнээс өөр юм хэлээгүй. Харин дэлгүүр дотор очерлож байсан хүмүүс түүнд шаардлага тавьсан. Миний хувьд Оюунтөмөрийг зодож цохисон зүйл байхгүй, тэр залууд гар хүрээгүй. Оюунтөмөрийн Самсунг галакси эс-4 маркийн гар утсыг газар шидэж эвдэлж гэмтээсэн гэж худлаа ярьж байна. Түүний гар утсыг Дуулга булаан авч, газарт шидэж эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,  

 

8. Хохирогч Т.Оюунтөмөрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15:00 цаг өнгөрч байхад эхнэр Цэенцогзол, охин Маргад нарын хамт торт авахаао “Жүр үр” ХХК-ийн үйлдвэр дээр ирсэн. Манай хүүхэд нялх болохоор эхнэр тэвэрч машиндаа үлдээд, би орж оочер аваад буцаж гарч ирээд эхнэрээ оруулж торт сонгуулахаар болсон. Тэгээд эхнэр Цэенцогзолыг дагуулж ороод тортоо сонгоод захисан оочертоо орох гэтэл 2-3 хүний хойно байсан Насанбат гэх хүн “чи оочерлоод аваач” гэж хэлсэн. Тэгээд би “захисан оочертоо орж байна” гэхэд Насанбат нь намайг “чи яасан мэдлэг боловсролгүй юм бэ” гээд намайг хэл амаар доромжилсон. 

Тэгээд би тортоо аваад эргээд гарах гээд үүд рүү явахад дуулга гэх залуу үүдэн дээр намайг “чи одоо юун олон юм яриад байгаа юм, бүдүүн банди минь, ална шүү” гэж хэлэхээр нь би “чамтай яриагүй, цаана чинь ярьж байна” гэж хэлээд эхнэр хүүхдийнхээ хамт гараад машинаа унаад тойроод гарах гээд явж байхад Насанбат гуай гарч ирээд иашины цонхон дээр ирээд цонх тогшихоор нь би цонхоо онгойлгосон. Гэтэл Насанбат нь намайг “чи ямар мэдлэг боловсролгүй юм бэ” гээд дахиад доромжилсон. Тухайн үед охин нь ирээд машины хаалга онгойлгож намайг хөөгөөд байхаар нь би “чи яагаад хүний эд хөрөнгөд хүрээд байгаа юм” гэж хэлэхэд Насанбат гуай намайг заамдаад авсан. Тэгээд би хойш болоод машины суудал дээр суухад дуулга ирээд 4-5 удаа гараараа нүүрлүү цохиод, 3-4 удаа өшиглөөд явсан. Тухайн үед Дуулгын гутал нь сугараад машинд унахад дуулга гутлаа машинаас авсан.

...Би Дуулгатай маргаагүй, Насанбаттай оочероос болж маргаж байхад бид хоёрын дундуур дуулга орж ирээд над руу дайрсан. Би машиндаа суугаад явах гэхэд Насанбат ирээд хэрүүл хийгээд явуулахгүй, хэл амаар доромжлоод байсан. Охин бас хаалга онгойлгоод явуулахгүй маргалдаж байхад Дуулга ирээд шууд цохисон. Над руу Насанбат нь дайраад заамдсан байхад нь би “та яаж байна аа” гээд хойш ухраад, машиныхаа суудалд суусан. Насанбатыг цохиж зодсон, зууралдсан зүйл байхгүй. Миний гар утас ажиллаж байгаа тул би утсаа хураалгахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 935 тоот:

1. Т.Оюунтөмөрийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд,  доод зовхи, баруун хацар, хамар, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт няцарсан шарх, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,

 

10. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 1192 тоот:

1. Насанбатын биед зүүн хацар, баруун сарвуун ар зулгарал, зүүн мөрний үений суналт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 23х/,  

 

11. Эд зүйл түр хураан авсан, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Үзлэгээр илэрсэн байдал: “...үзлэгээр нэг ширхэг цагаан өнгийн, S-3 маркийн гар утасанд /Оюунтөмөрийн эвдэрсэн гэх утас/ үзлэг хийхэд гар утсанд ил харагдах ямар нэг эвдрэл гэмтэлгүй байх ба гар утас асаалттай, ажилгаанд ямар нэг саатал байхгүй хэвийн ажиллаж байв гэсэн,

Үзлэгийг үргэлжлүүлж нэг ширхэг шаргал өнгийн 44 см урттай, 3 орчим мм өргөнтэй хүзүүний гинжинд үзлэг хийхэд түгжих хэсгийн  нэг талын гогцоо онгойж тасарсан байв. Үзлэгээр эд зүйлд өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй болно...” гэснийг тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /хэргийн 30-34х/, 

 

12. Эд зүйл /гар утас, гинж/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 42-43х/,

 

13.  “Жүр үр” ХХК-ийн үйлдвэрийн дэлгүүр доторхи 2016 оны 12 сарын 29-ний өдрийн бичлэг бүхий CD-г хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, уг CD-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 67-69х/,

 

14. Хохирогч Т.Оюунтөмөрөөс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны 12 сарын 29-ний өдрийн Компьютерт томографийн дүгнэлт, биед учирсан гэмтлийг харуулсан гэх фото зураг, эмчилгээний зардал хохиролтой холбоотой баримтуудыг хураан авч, хэрэгт хавсаргасан тэмдэглэл /хэргийн 96-103х/,

 

15. Хохирогч Ч.Насанбатаас эмчилгээний зардалтай холбоотой мөрний MRI зураг авхуулсны төлбөрийн баримт биед учирсан гэх гэмтлийг харуулсан фото зураг /хэргийн 104-106х/,   

 

16. Яллагдагч Т.Оюунтөмөрт холбогдох “Насанбатыг зодож танхайрсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хэргийн 117-118х/,

17. Эрүүгийн 201726030103 тоот хэргээс “Оюунтөмөр нь Насанбатын монетон гинжийг тасалсан, Дуулга нь Оюунтөмөрийн гар утсыг санаатайгаар буюу танхайрах явцдаа гэмтээсэн” гэх үйлдэл, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хэргийн 120-121х/,

 

18. Шүүгдэгч Г.Дуулгын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 12 сарын 29-ний өдөр би эхнэр Батцэцэг, 11 настай охин Анударь, 7 настай хүү Ангараг, үеэл дүү 7 настай Ангараг, хадам аав Насанбат, хадам ээж Оюунцэцэг нарын хамт гэрээс гарсан. “Жүр үр” ХХК-ний дэлгүүр орж бялуу авахаар очсон. Тус дэлгүүрийн гадна очоод аав Насанбат, ээж Оюунцэцэг, эхнэр Батцэцэг нар бялуу авахаар дэлгүүр лүү ороод, би хүүхдүүдээ хараад машинд үлдсэн. Тэд нарыг дэлгүүрээс гарч ирэхгүй удаад байхаар нь би хүүхдүүдээ машинд үлдээчихээд дэлгүүр лүү ганцаараа ортол очер ихтэй байсан.

Тэнд оочерлож байсан хүмүүс 175 орчим см өндөртэй, махлагдуу, цагаан царайтай, ноосон малгай өмссөн залууг “оочерын урдуур дайрлаа” гээд маргалдаж байсан. Мөн манай аав тэр залууг “чи очертоо орооч” гэж хэлтэл нөгөө залуу нь манай аавыг “төгцөг минь” гэж байснаа бялуугаа аваад оочер дундаас гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи яагаад байгаа юм бэ” гэтэл тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ, новш минь” гэж хэлэхээр нь би тэр залууд “би хүүхэд нь байна новш минь” гэтэл тэр залуу намайг “зайл” гэж хэлчихээд дэлгүүрээс гараад явсан.

Ингээд аавын оочер болоход ээж, эхнэр хоёр дээр очоод бид гурав бялуугаа аваад дэлгүүрээс гартал дэлгүүрт маргалдаад байсан махлаг залуу машинтайгаа манай машины хажууд ирчихсэн аавтай маргалдаад зогсож байсан. Тэр залуугийн дуу нь нилээн өндөр болчихсон орилж чарлаад байсан. Тэр хооронд би бялуугаа машинд тавьтал нөгөө залуу хадам аавыг зуураад авсан. Ээж, эхнэр хоёр очиж тэр залууг ааваас салгаад эхнэр маань “чи машиндаа суу” гэж хэлээд нөгөө залуугийн машины хаалгыг хаах гэтэл тэрээр нэг хөлөө машиныхаа хаалганд тээглүүлж зогсчихоод, машиныхаа хаалгыг хаахгүй, манай эхнэрийг “пизда минь гөлөг нар минь” гээд хэл амаар доромжлоод зодох гэж дайраад байхаар нь би тэр залуугийн баруун шанаа, нүд орчимд гараа атгаж байгаад 2 удаа цохичихоод би машиндаа суусан. Аав, ээж, эхнэр, хүүхдээ ч гэсэн “машиндаа суу” гэж хэлсэн.

Тэгтэл тэр залуу гар утсаа гаргаж ирснээ “ямар овоо хулгайч вэ, би хүн дуудаж чамайг алуулна” гээд орилоод байсан. Би тэр залууд “за би байж байя” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу машиндаа сууснаа буцаж ирээд “цагдаа дуудна” гээд байсан. Тухайн үед би тэр залууд “надад айгаад байх зүйл алга, бидний хэн хэн нь буруутай шүү” гэж хэлсэн.

Тухайн үед тэр залуугийн баруун нүд хөхөрсөн харагдаж байсан. Тэгээд бид цагдаа ирэхийг хүлээж нилээн суусан боловч ирэхгүй болохоор нь Станцын замаар Хан-Уул дүүргийн цагдаа руу явсан боловч нөгөө залуу бидний хойноос ирээгүй. Тэгэхээр нь цагдаа руу явж байснаа болиод Сэлэнгэ аймаг руу гараад явсан. Замдаа аавыг хартал хамарны угалз хэсэг нь маажигдсан шархтай болсон, мөн хүзүү нь тойроод улаан оромтой болчихсон, баруун зүүн гарын сарвуу хэсэгт нь маажигдсан байсан. Аав бидэнд саяны залуу гинж тасалчихсан байна, газраас олж авлаа гээд халааснаасаа монетон гинжээ гаргаж үзүүлсэн.

Оюунтөмөрийг урьд харж байгаагүй. Тухайн өдөр Оюунтөмөр дэлгүүрт оочер дайрчихаад шаардлага тавьсан хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Манай аавыг хэл амаар доромжлоод байхаар нь түүнтэй би маргалдсан. Дэлгүүрээс бялуугаа аваад гараад иртэл Оюунтөмөр нь манай аавтай маргалдаад зогсож байснаа аавын заамдсан. Аавыг тэр залуугаас салгасан эхнэрийг маань хэл амаар доромжилсон. Хажууд нь Анударь охин маань уйлаад зогсож байсан. Аавд учирсан гэмтлийг Оюунтөмөр учруулсан байх.  Оюунтөмөр аавыг заамдсан байхыг би харсан. Цохиж байгаа зүйл хараагүй, харин зууралдаад боож байсан. Би Оюунтөмөрийн гар утсыг авч шидэж, эвдэлсэн зүйл болоогүй.

...Би эхнэр Батцэцэг, аав Насанбат нарыг өмөөрөөд хэрүүл дуусгах гэж Оюунтөмөрийн нүүрэн тус газарт нь хоёр удаа гараараа цохиход эхнэр Батцэцэг боль гэж орилоод намайг түлхэж холдуулсан. Тэгээд байж байхад Оюунтөмөртэй хамт явж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд хэл амаар доромжлоод Оюунтөмөрт хандан “ахиад сайн зодуул” гээд орилоод байсан.  Би Оюунтөмөрийн машины түлхүүрийг булааж авсан зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х, 82-84х/ зэрэг нотлох баримтууд болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 38х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 39х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54х/, гэрч Г.Тамирын мэдүүлэг /хэргийн 72х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 123х/, Бакалаврын дипломын хуулбар, хавсралт /хэргийн 124-125х/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 126х/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 127х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 128х/ баримтуудыг тус тус хэрэгт авагдсаныг шүүх шинжлэн судлав.

 

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дуулга нь  2016 оны 12 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” ХХК-ийн гадна “үл ялих зүйлээр” буюу аав Насанбат руу дайрлаа” гэснээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин Т.Оюунтөмөрт хүч хэрэглэн, түүний нүүр, толгой руу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохироогүй байна.  

 

 2016 оны 12 сарын 29-ний өдөр 15:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” ХХК-ийн үйлдвэрийн дэлгүүрийн гадна шүүгдэгч Г.Дуулга нь хохирогч Т.Оюунтөмөрийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр  зодож, биед нь  “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамар, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт няцарсан шарх, баруун дээд 1-р шүдний эмтрэл” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.  

 

Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар нь хэн аль нь гэр бүлийн бусад гишүүдийн хамт “Жүр үр” ХХК-ийн үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс бялуу авахаар очсон, хохирогч Т.Оюунтөмөр нь уг дэлгүүрт орж бялуугаа авахад тус дэлгүүрт үйлчлүүлж байсан шүүгдэгчийн хадам эцэг гэх Ч.Насанбат нь хохирогчийг “үйлчилгээний дараалал зөрчиж урдуур дайрлаа, соёлтой байгаа ч” гэж хэлэхэд түүнтэй маргалдан зохисгүй байдлаар харьцаж, бялуугаа аваад дэлгүүрээс гарах үед нь  Г.Дуулга нь “чи яагаад байгаа юм бэ, би хүүхэд нь байна” гэхэд нь “чамд ямар хамаатай юм” гэх зэргээр сөргөөцөлдсөн, уг маргаан дууссан байна.

Үүний дараа дэлгүүрийн гадна хохирогч Т.Оюунтөмөр нь Ч.Насанбат “нялх хүүхдээ дагуулчихаад үйлчилгээний дараалал дайраад, чи ямар мэдлэг боловсролгүй юм бэ” гэж хэлснийг өөрийгөө хүндээр доромжлогдлоо хэмээн ойлгож түүнтэй үргэлжлүүлэн маргалдаж заамдалцсан байдалтай байхад нь тэднийг салгах гэж очоод машиных нь хаалгыг онгойлгон “яв яв” гэснийг “машины хаалга онголзуулаад эд хөрөнгөд халдлаа”,  “хүний олон хүнээ барьдаггүй юм” гэж шүүгдэгчийн эхнэр /Батцэцэг/  болон хадам эцэг /Ч.Насанбат/ нартай муудалцан маргаж, улмаар заамдалцсан байдалтай байхад нь  дэлгүүрээс гарч ирсэн Г.Дуулга нь хараад, тэдэн дээр очиж, хохирогч Т.Оюунтөмөрийг цохиж, өшиглөсөн, үүний улмаас хохирогчийн биед дээр дурьдсан хөнгөн гэмтэл, мөн хохирогч Т.Оюунтөмөр болон Ч.Насанбат нар хоорондоо маргалдаж муудалцсаны улмаас заамдалцаж зууралдсанаас Ч.Насанбатын биед “зүүн хацар, баруун сарвуун ар зулгарал, зүүн мөрний үений суналт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь тогтоогдсон байна.

 

“Өөрийн эхнэр болон хадам эцэг Ч.Насанбат руу дайрч давшлан зүй бус, зохисгүй харьцлаа” гэснээс хохирогчтой маргалдан зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тухайн хэрэг танхайн сэдэлтээр үйлдэгдээгүй, хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаа буюу тодорхой шалтгаантай маргааны улмаас үйлдэгдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдах бөгөөд тухайн хэрэг маргаан Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” ХХК-ийн үйлдвэрийн дэлгүүрийн гадна,  гудамжинд, өдрийн цагаар гарсан хэдий ч тухайн үед тус газарт шүүгдэгч, хохирогч, тэдгээртэй хамт явсан гэр бүлийн бусад гишүүд болох энэ хэргийн гэрч нараас өөр хүн байгаагүй, гудамж талбай, олон нийтийн газарт нийгмийн хэв журам болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд дээрх гэмт хэргийг “үл ялих зүйлээр шалтаглан” үйлдсэн гэх байдал хангалттай тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдэлд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой, бүдүүлгээр зөрчин, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгаж зориуд удтал үргэлжлүүлэх субъектив санаа зорилго тогтоогдохгүй байна

 

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дуулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.   

 

Хохирогч Т.Оюунтөмөр нь гэмт хэргийн улмаас биедээ авсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээний зардал хохиролд мөрдөн байцаалтын шатанд  2.372.250 төгрөг нэхэмжилж, 487.550 төгрөгийн зардалд хамаарах нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь гэм хорын хохиролд тооцон 1.000.000 төгрөгийг  хохирогчид нөхөн төлсөн талаар хэргийн 132-р талд Хаан банкны орлогын мэдүүлэг баримт авагдсан,  хохирогч нь уг мөнгийг хүлээн авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул баримтаар гарсан хохирогчийн эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн гэж үзнэ.  

 

Хохирогч Т.Оюунтөмөр нь цаашид хамрын эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай хэмээн 1.519.755 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч уг эмчилгээ үйлчилгээг бодитой хийлгээгүй байх тул уг шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь: “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсантай холбоотой гарсан зайлшгүй бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүлйийн 505.1 дэх зохицуулсан тул хохирогч Т.Оюунтөмөр нь  шаардлагатай гэж үзвэл дээрх эмчилгээ үйлчилгээг хийлгэсний эцэст гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Дуулгаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэсэн болно.    

 

Шүүх, шүүгдэгч Г.Дуулгад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээний үйлчилгээний зардалд зарцуулсан гэх нэхэмжлэлээр шаардсан баримт бүхий хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшин гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Жүр үр ХХК-ийн дэлгүүрийн бичлэг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт Г.Дуулга цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Боржигин овогт Ганзоригийн Дуулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Боржигин овогт Ганзоригийн Дуулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Дуулгыг 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Дуулгад оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд Г.Дуулга нь хохирогч Т.Оюунтөмөрт 1.000.000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 /нэг/  ширхэгийг Эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

7. Энэ хэрэгт Г.Дуулга нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Дуулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Дуулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД