Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/270

 

 

 

 

 

    2021          3             16                                      2021/ДШМ/270                                      

                                                                                                            

 

Б.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 2011003800882 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Заяат овогт Б.Т, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, “Говь” ХХК-д дотоод аудитын хэлтэст аудитороор ажилладаг, ам бүл 4,

            Б.Т нь Төрийн банкны Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд шунахай сэдэлтээр, өөрийн хэрэгцээндээ өр төлбөрөө дарах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч иргэн Ж.Мөнхөөгийн нэр дээр 346502363365 дугаартай иргэдийн энгийн харилцах дансыг шинээр нээж, интернет банкинд бүртгэж, түүний 346502360274 дугаарын хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалан 9 удаагийн үйлдлээр 17.267.000 төгрөгийн “онлайн хадгаламж барьцаалсан" зээлийг цахим хэрэгсэл ашиглаж Төрийн банкийг төөрөгдөлд оруулан, хуурч гаргуулан өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Заяат овогт Б.Тг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Тгээс 6.763.782 /зургаан сая долоон зуун жаран гурав долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Төрийн банкны Мөнгөн завьяа салбарт гаргуулан олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн Төрийн банкинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо “Говь” ХХК-д аудитор ажилтай, эхнэр маань Тольт дунд сургуульд хятад хэлний багшаар ажилдаг. Бага насны 2 хүүхэдтэй 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 29 хоногийн хугацаанд хоригдохдоо өөрийн гэм буруутай үйлдлийг бүрэн ухамсарлаж, туйлын их харамсаж сууна. Гэм буруутай үйлдлийн улмаас ар, гэр, эхнэр хүүхэддээ энэ хүнд нөхцөл байдалд оруулсандаа туйлын их харамсаж байна.  Гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохгүй гэдгээ амлаж байна.  Иймд ар гэрийн минь байдал, хохирол төлсөн нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг минь сольж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Төрийн банкны Чингэлтэй дүүрэг дэх салбарын харьяа “Мөнгөн завьяа” тооцооны төвд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Б.Тд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Б.Т нь хохирол төлбөрөө бүрэн төлсөн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Гэхдээ Б.Т нь торгох ялыг хэрхэн төлөх талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Т нь Төрийн банкны Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд шунахай сэдэлтээр, өөрийн хэрэгцээндээ өр төлбөрөө дарах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч иргэн Ж.Мөнхөөгийн нэр дээр 346502363365 дугаартай иргэдийн энгийн харилцах дансыг шинээр нээж, интернет банкинд бүртгэж, түүний 346502360274 дугаарын хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалан 9 удаагийн үйлдлээр 17.267.000 төгрөгийн “онлайн хадгаламж барьцаалсан" зээлийг цахим хэрэгсэл ашиглаж Төрийн банкийг төөрөгдөлд оруулан, хуурч гаргуулан өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан нь:

хохирогч Б.Н“...2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр манай банкны харилцагч Ж.Мөнхөө ирж хадгаламжийн хүүг тооцуулах гэж ирэх үед түүний данснаас нь бэлэн мөнгө авсан байсан. Ингээд тухайн дансанд манай банкны дотоод хяналт шалгалтын газраас шалгалт ороод дотоод хяналт, шалгалтын газрын хянан шалгагч Б.Т нь манай салбарт ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 9 удаагийн үйлдлээр нийт 17.285.000 төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээлийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх дансанд авч ашигласан болох нь тогтоогдсон. Б.Т нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Б.Т нь төрийн банкинд 10.308.459 төгрөг эргэн төлөх үлдэгдэлтэй байгаа. Б.Тийг ажиллаас нь халж хэрэглэгчдийн хохирлыг барагдуул гэсэн шийдвэр гарсан байгаа. ...” /1хх 29-30/,

гэрч Ж.Э“...Би анх 2014 оноос 2017 оны хооронд Төрийн банкинд ажилладаг байсан юм. Тэр хугацаанд Б.Т бид хоёр хамт ажиллаж байгаад танилцсан. Би тэгээд 2017 онд ажиллаасаа гарсан. Б.Т нь манай Хан-Уул дүүрэгт байрлах Дөл хотхонд байрыг түрээсэлдэг байж байгаад 2018 оны 09 дүгээр сараас хойш мөнгө төгрөгөө өгөхгүй алга болоод өгсөн юм. Тэрнээс хойш бараг уулзаж чадаагүй, утсаар л ярьдаг байсан. Би Тэлмэнгийн Төрийн банкнаас авсан мөнгөний талаар огт мэдэхгүй байна. Тэлмэн нь өмнө нь надад 1.000.000 гаран төгрөгийн өртэй байсан. Дээр нь манай байрыг түрээсэлж байсны төлбөр болох 4 сая орчим төгрөгийн өр дутуу байсан. Эдгээр мөнгийг над руу Б.Т шилжүүлж өгч байсан. Өөр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Б.Тгийн нэр дээр байдаг 88186254 гэсэн дугаарыг хэсэг ашиглаж байсан юм. Тэр үед надад интернет банкны нууц үг ирэхээр нь би Б.Тд хэлж өгч байсан тохиолдол байгаа. Тэрнээс би Ж.Мөнхөөгийн интернет банкны нууц үгийг ашиглаж мөнгө авсан юм байхгүй, таних ч үгүй хүн байна. Б.Т нь ямар ч байсан өмнө нь өгөх ёстой байсан мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгч байсан. ...” /1хх 39/,

гэрч Г.М“...Би Тэлмэн, Энхмөнх гэх хүмүүсийг танихгүй. Миний 5035264887 дугаарын Хаан банкны данс руу 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.997.000 төгрөгийг Төрийн банкны данснаас шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Сая л дансны хуулгаа хараад мэдлээ. Миний интернет банк болон картын нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №170 дугаартай “...Б.Тгийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх нийт 9 удаагийн гүйлгээтэй холбоотой “Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын гаргасан “Мөнгөн завьяа” тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайланд Б.Тд холбогдох 20.021.387.00 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан тайлан нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Б.Тд холбогдох 9 удаагийн гүйлгээтэй холбоотой зээлийн 17.267.000.00 төгрөг, шимтгэл болон өргөдлийн хураамжийн 18.000.000 төгрөг зээлийн хуримтлагдсан хүү 2.736.387.00 төгрөгийн нийт 20.021.387.00 төгрөгийн авлага үүсгэсэн нь үндэслэлтэй байна. Б.Тд холбогдох нийт 20.021.387.00 төгрөгийн авлагаас 2019 онд 8 удаагийн гүйлгээгээр 9.712.928.00 төгрөг, 2020 онд 2 удаагийн гүйлгээгээр 544.676.83 төгрөг нийт 10.257.604 төгрөгийн төлбөр төлөгдөн шинжилгээ хийж дуусах хугацааны байдлаар 9.763.782.17 төгрөгийн тооцооны үлдэгдлийг төлөхөөр байна. ...” /1хх 48-49/ гэсэн дүгнэлт,

Төрийн банкны Чингэлтэй дүүрэг дэх салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан /1хх 189-215/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Тийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тг “онлайн хадгаламж барьцаалсан" зээлийг цахим хэрэгсэл ашиглаж Төрийн банкийг төөрөгдөлд оруулан, хуурч гаргуулан өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Б.Тгийн “...Ар гэрийн минь байдал, хохирол төлсөн нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг минь сольж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ц.Даваажаргал “...Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө шүүхээс тогтоосон 6.763.782 /зургаан сая долоон зуун жаран гурав долоон зуун наян хоёр/ төгрөгийг  хохирогч Төрийн банкны Мөнгөн завьяа салбарт  төлж, бусдад төлөх төлбөргүй болсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг доош татаж, ялыг хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

                                   

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан торгох ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Тд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

                                        ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

                                        ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ