Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Б.******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000055 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/ дугаартай шийтгэврээр 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,92 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ви" гэх нэртэй баарнаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Хөх толгой” 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Дуурсах 3 дугаар багийн “Хонгор хотхон” хүртэлх замд өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 44 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй  гэв.

3. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед манай найз болох Б.******* нь над дээр приус 30 маркийн тээврийн хэрэгсэл унаж ирсэн. Тэгээд бид хоёр гадуур гараад 2 дугаар сургуулийн ард талд байдаг билльяардны газарт тоглож байгаад 22 цагийн үед тус газраасаа гараад “ви” клаб нэртэй бааранд ороод тус газарт бид хоёр хүн тус бүр 2 ширхэг шилтэй “сэнгүр” нэртэй пиво ууж байгаад шөнийн 02 цагийн үед тус баарнаас гарсан. Тэгээд ******* машинаа пиво уусан байхдаа жолоодож замын хөдөлгөөнд оролцоод намайг “Хөх толгой”-д байдаг манай найзын гэрт хүргэж өгөөд өөрөө гэр лүүгээ явлаа гээд ганцаараа яваад өгсөн өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24/

4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн үед шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад ******* ******* улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан ба харилцан ярилцахад илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байхаар нь АRRM006 маркийн согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад тус иргэнээс 0,92 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон ба тус иргэний унаж явсан тээврийн хэрэгслийнхэн жолоочийн эсрэг талын урд суудалд суулгаж тээврийн хэрэгслийн журмын хашаанд хүргэсэн ба уг иргэний мэдээллийг шүүж үзэхэд Б.******* гэх нэртэй иргэн байсан тус иргэн нь 2024 онд тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгэхээр нь Цагдаагийн газрын жижүүрийн дуудлага мэдээлэлд гэмт хэргээр оруулж бүртгүүлсэн өөр зүйл болоогүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 26/ болон гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, зөрчил илрүүлсэн талаарх эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас, тэмдэглэл /хх-ийн 4-5/, Өмнөговь аймгийн  Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 2024/ЗШ/ дугаартай шийтгэвэр /хх-ийн 09-11/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                            

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Өмнөговь аймгийн  Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн шийтгэвэр 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,92 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ви" гэх нэртэй баарнаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Хөх толгой” 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Дуурсах 3 дугаар багийн “Хонгор хотхон” хүртэлх замд өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч өгсөн “...Тухайн үед шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад ******* ******* улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан ба харилцан ярилцахад илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байхаар нь АRRM006 маркийн согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад тус иргэнээс 0,92 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон ба тус иргэний унаж явсан тээврийн хэрэгслийнхэн жолоочийн эсрэг талын урд суудалд суулгаж тээврийн хэрэгслийн журмын хашаанд хүргэсэн ба уг иргэний мэдээллийг шүүж үзэхэд Б.******* гэх нэртэй иргэн байсан тус иргэн нь 2024 онд тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгэхээр нь Цагдаагийн газрын жижүүрийн дуудлага мэдээлэлд гэмт хэргээр оруулж бүртгүүлсэн өөр зүйл болоогүй....” гэх мэдүүлэг болон  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* 2024 оны 04 дүгээр сарын 03-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар багт 3.74 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Приус ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Өмнөговь аймгийн  Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн  14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн  5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  0,92 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ви" гэх нэртэй баарнаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Хөх толгой” 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Дуурсах 3 дугаар багийн “Хонгор хотхон” хүртэлх замд өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдаж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин Шүүх шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зургаан  / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ