Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2021/05398/И |
Дугаар | 101/ШШ2022/00371 |
Огноо | 2022-01-25 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/00371
2022 01 25 | 101/ШШ2022/00371 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.М,
Нэхэмжлэгч: О.Онарын гаргасан,
Хариуцагч: М.Х-д холбогдох,
1,656,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч М.Х, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч О.О, О.М нар бид хариуцагч М.Хтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, Б0 тоот хаягт орших орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хариуцагч бид нар гэрээ байгуулахдаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг түүнээс авч, үлдэх төлбөрийг орон сууцны ипотекийн зээлээр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байсан.
Гэтэл хариуцагч М.Х нь банкнаас орон сууцны зээл олгох шалгуур, нөхцөлийг хангаагүйн улмаас талуудын байгуулсан гэрээ цуцлагдаж, улмаар бид нарын хооронд төлбөр тооцоо, засварын зардлын талаар маргаан үүссэн.
Хариуцагч нь анх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус орон сууцанд нүүж орсноос хойш 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 13 сар амьдарсан бөгөөд үүнийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд цахилгаан эрчим хүчний төлбөр төлсөн баримт, мөн Оч баялаг өргөө ХХК-нд орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтаар нотолдог.
Энэхүү ашиглалтын зардалд хэрэглэсэн цэвэр бохир ус, халуун ус, дулаан гэх мэт зардлууд багтдаг. Түүнчлэн нэхэмжлэгч бид хариуцагчид холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл орон сууцанд амьдарч байсан 10 сарын төлбөрт 4,000,000.00 төгрөгийг авахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгөхөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч М.Х нь түүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уг орон сууцанд амьдарсан тул түүнээс 3 сарын төлбөрт 1,200,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч М.Х нь орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн, энэ талаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн мессеж-зурвасаар нотлогдож байгаа тул цаг хугацааны хувьд маргаан байхгүй гэж үзэж байна.
Анх хариуцагч нь орон сууцанд орохдоо надад 30,000,000.00 төгрөгийг өгснөөс миний бие 27,000,000.00 төгрөгийг буцааж өгсөн. Энэ талаар 0 тоот шийдвэрт тодорхой дурдсан байдаг. Би, 3,000,000.00 төгрөгийг гэрээний дагуу торгууль, алдангид тооцож өөртөө байлгаж байсан. Хариуцагчийг орон сууцанд нүүж орох үед бид хоёр хоорондоо ярилцаад зээл гарна гэсэн итгэл үнэмшлийн хүрээнд тэрээр орон сууцанд засвар хийсэн. Гэвч засвар хийж дууссаны дараа банкнаас зээл гарах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ингээд хариуцагч М.Хээс нэхэмжлэгч О.О, О.М бид хоёроос 30,000,000.00 төгрөгийн үлдэгдэл болох 3,000,000.00 төгрөгийг орон сууцанд хийсэн засварын зардлын хамт нэхэмжилсэн.
Гэвч шүүхээс өмнөх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ намайг хариуцагчаас гэрээ цуцалсан гэсэн үндэслэлээр торгуульд 3,000,000 төгрөгийг авах ёсгүй гэсэн бөгөөд харин орон сууцанд засвар хийхэд зарцуулсан төлбөрийг хариуцагч М.Хид олгохоор шийдвэрлэсэн. Миний зүгээс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг 1 сарын 400,000.00 төгрөгт тооцож нэхэмжлэхэд хангаж шийдвэрлэсэн байдаг.
Би, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0 тоот шийдвэрийн дагуу хариуцагч М.Хид 2,385,000.00 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Нгээс авч өгснийг дансны хуулгаар нотолж байна. Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгч бид нарын өмчлөлийн орон сууцыг хүлээлгэн өгөхгүйгээр 3 сарын хугацаанд амьдарсан тул өмчлөгч бид нар энэ хүртэл орон сууцаа бусдад түрээслүүлэх боломжоо алдсан, хэн ч хүний орон сууцанд үнэ төлбөргүй суух эрх байхгүй.
Мөн хариуцагч М.Х нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 35 дугаар байрны 3 тоот хаягт орших орон сууцанд засвар хийхдээ дотор талын 2 ширхэг хаалгыг шинээр сольсон байсан. Гэвч намайг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байрыг шилжүүлэн авахад эдгээр хаалгууд солигдоогүй буюу хуучнаараа байсан. Хариуцагч нь 0 тоот шийдвэр гарахаас өмнө шинэ хаалганы зураг өгч, нотлох баримт бүрдүүлэн ээж бид хоёроос үндэслэлгүйгээр хаалганы мөнгө гэж 456,000.00 төгрөгийг авсан боловч шүүхийн шийдвэрийн дараа хаалгыг буцаан сольсон байсан. Эдгээр хаалганы зардлыг тооцвол нэг хаалга 180,000.00 төгрөг, 2 ширхэг хаалганы үнэ 360,000.00 төгрөг бөгөөд үүнд дээр нэмж тооцсон ажлын хөлс 96,000.00 төгрөгийг нэмээд нийт 456,000.00 төгрөгийг тооцож авсан юм.
Иймээс, хариуцагч М.Хээс нэхэмжлэгч О.О, О.М нарын өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд амьдарч суусны төлбөрт 1,200,000.00 төгрөг, шүүхийн шийдвэр гарахаас өмнө баримт бүрдүүлж үндэслэлгүйгээр нэхэмжлэн авсан хаалганы зардал 456,000.00 төгрөг, нийт 1,656,000.00 гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч О.Мээр дамжуулан ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгээр нэхэмжлэгч нартай 2018 оны 12 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Ингээд би, 2019 оны 05 дугаар сард Чингис хаан банк ХХК-иас зээлийнхээ талаар лавлахад таны зээл манай зээлийн хорооны хурлаар батлагдаагүй байна гэсэн. Намайг энэ тухай нэхэмжлэгч О.Мэд хэлэхэд чи нэг жил хүлээчих, жилийн дараа зээлийг чинь найдвартай гаргаж өгъе гэсэн тул итгээд хүлээхээр шийдэж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардсан боловч нэхэмжлэгч О.М нь хүлээн зөвшөөрөөгүй.
Улмаар энэ хугацаанд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд асар их хохирол учирсан тул бид нарын хооронд маргаан үүсч, тус шүүхийн 0 тоот шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү тус маргаан дуусч нэгэнтээ хэрэг хаагдсан болно. Энэ хэрэг маргаанаас өрх толгойлсон эмэгтэй би болон 8 настай хүү маань эд хөрөнгийн болоод сэтгэл санааны хохирол ихээр амсч, маш хүнд байдалд орж, орон гэргүй гудамжинд гарах дээрээ тулсан.
Би, анхнаасаа орон сууц түрээслэх, хөлслөх зорилготой байгаагүй, харин худалдан авахаар тохирсон байсан. Хэрэв надад орон сууц түрээслэх, хөлслөх зорилго байсан бол хүнд мөнгөө хүүтэй зээлдүүлээд, зээлийнхээ хүүгээр орон сууцны түрээсээ төлөх байсан. Бид нарын хооронд бичгээр болон амаар түрээсийн гэрээ байгуулна гэсэн тохироогүй тул надаас түрээсийн мөнгө авах үндэслэл байхгүй. Намайг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гэхэд нэхэмжлэгч О.М ..........энэ асуудлыг ингээд дуусгая, чи надаас шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөө авчих...... гэж хэлэхэд нь би, түүнд 3,000,000.00 төгрөгийг гүйцээхийн тулд ......хаалга болон тагтны хаалтыг худалдан борлуулна, чамд илүү зардал төлөхгүй, хаалгыг худалдан борлууллаа..... гэдгээ хэлээд хаалгыг худалдсан.
Гэхдээ миний бие хаалганы мөнгө 456,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхийг зөвшөөрч байна, харин түрээсийн төлбөрийг яасан ч өгөхгүй. Нэхэмжлэгч О.Мээс болж би өөрт минь байсан 60,000,000.00 төгрөгөөс 30,000,000.00 төгрөгийг түүнд урьдчилгаа гэж өгөөд үлдсэн мөнгөөрөө орон сууцыг нь тохижуулсан ба эргээд орон сууцыг нь чөлөөлж өгөхдөө бүх тавилгаа тал үнээр нь худалдан борлуулж хохирсон. Учир нь, надад тавилгаа аваад явах орон байр байхгүй байсан тул зөвхөн хувцсаа аваад эгчийнхээ гэрт очсон. Тухайлбал, 1,000,000.00 төгрөгөөр авсан байсан плиткээ 500,000.00 төгрөгөөр худалдан борлуулсан гэх мэтээр хохирсон. Нэхэмжлэгчээс хананд нь тохируулаад хийлгэсэн байсан тавилгыг аваад үлдчих дараагийн хүн нь худалдан авахад нь хямдруулаад худалдан борлуулчих гэж гуйхад үгүй, тавилгаа аваад гар гэж хэлсэн.
Би, нэхэмжлэгч О.М, О.О нартай 2019 оны 12 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулсан болохоос Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул эрх зүйн хоёр өөр зохицуулалт бүхий үр дагавар үүсгэх гэрээ болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.
Шүүхээр шийдвэрлэгдсэн харилцааг шинээр сэргээх буюу үйл баримтыг дахин дүгнэх, хэлэлцэхийг хуулиар хориглосон байдаг. Тиймд ч учраас энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэс болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 тоот шийдвэр,
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 0 тоот захирамж,
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01тоот захирамж,
5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12 тоот шийдвэр,
6. А ХХК-ийн орон сууц хөлслөх гэрээний үнийн санал,
7. Л.Нгийн Хаан банк ХХК дахь дансны хуулга,
8. Улсын тэмдэгтийн хураамжид 47,680.00 төгрөгийг төлсөн баримт,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Нэхэмжлэгч О.М, О.О болон хариуцагч М.Х нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээ,
2. Орон сууцны дотор зураг,
3. Орон сууцны дотор талын хаалганы зураг,
4. Нэхэмжлэгч О.М болон хариуцагч М.Х нарын харилцан бичсэн зурваст үзлэг хийсэн баримт.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М, О.О нараас хариуцагч М.Хид холбогдуулан 1,656,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг бид нарын орон сууцанд засвар хийсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу хаалганы мөнгө гэж 456,000.00 төгрөг авсан боловч тухайн хаалгыг бусдад худалдан борлуулсан байсан тул урьд өмнө хариуцагчид өгсөн мөнгөө буцааж авахын сацуу хариуцагч нь орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүлээлгэн өгөхгүй амьдарсан тул 3 сарын төлбөрт 1,200,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэсэн.
Харин хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нараас шүүхийн шийдвэрийн дагуу хаалганы мөнгө гэж авсан 456,000.00 төгрөгийг буцааж төлөхийг зөвшөөрсөн бөгөөд 1,200,000.00 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О.М, О.О нар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч М.Хтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, түүнд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж буй орон сууцнаас 48.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 83,011,000.00 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нар 48.83 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1,700,000.00 төгрөгөөр тооцож нийт 83,011,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд зааснаар төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ /х.х-ийн 57-60 хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар тухайн орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд багтааж ашиглалтанд оруулсан буюу зохигч нарыг тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулах тэр цаг хугацаанд 48.38 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн болсон байсныг хариуцагчид хүлээлгэн өгсөн зэргээс үзвэл тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч М.Х нь ипотек /орон сууцны зээл/-ийн зээлд хамрагдаж чадаагүйн улмаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр талууд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан байна.
2. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 тоот шийдвэрээр Х.Хийн нэхэмжлэлтэй О.М, О.О нарт холбогдох 11,717,800.00 төгрөг гаргуулах, мөн 7,000,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэжээ /х.х-ийн 6-14 хуудас/.
Тодруулбал, Х.Х нь О.М, О.О нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 30,000,000.00 төгрөгийн үлдэгдэл 3,000,000.00 төгрөгийг орон сууцанд засвар хийсэн зардал 2,347,800.00 төгрөг, гал тогооны болон үүдний шүүгээ хийлгэхэд гарсан зардал 3,170,000.00 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 1,000,000.00 төгрөг, урьдчилгаа төлбөрт өгсөн 30,000,000.00 төгрөгт 2,200,000.00 төгрөгийн хүү тооцож нийт 11,717,800.00 төгрөгийг нэхэмжилсэн бол О.М, О.О нар Х.Хээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл орон сууцанд амьдарсан гэсэн үндэслэлээр 4,000,000.00 төгрөг, гэрээ цуцалсантай холбогдуулан торгуульд 3,000,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Ингээд дээр дурдсан шүүхийн 0 тоот шийдвэрээр О.М, О.О нараас урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3,000,000.00 төгрөгийг орон сууцанд засвар хийсэн зардал 2,347,800.00 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 1,000,000.00 төгрөг, нийт 6,347,800.00 төгрөгийг гаргуулж Х.Хид олгож, харин Х.Хээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл орон сууцанд амьдарсан гэсэн үндэслэлээр 4,000,000.00 төгрөгийг гаргуулж О.М, О.О нарт олгосон байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 10 тоот шийдвэрт дурдсанаар хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч О.М, О.О нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсантай холбоотойгоор тухайн орон сууцанд хийсэн засварын зардалд 2,347,800.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнд 456,000.00 төгрөгийн үнэтэй хаалга багтсан байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Тодруулбал, нэгэнт 0 тоот шийдвэрээр хариуцагч Х.Хийг нэхэмжлэгч О.М, О.О нарын орон сууцанд 2,347,800.00 төгрөгийн засвар хийсэн гэж тогтоосон тул талууд энэ талаар маргах эрхгүй.
3. Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Х.Х нь тийнхүү Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0 тоот шийдвэрийн дагуу нэхэмжлэгч О.М, О.О нараас 2,347,800.00 төгрөгийн засварын зардлыг авсан атлаа 456,000.00 төгрөгийн үнэтэй хаалгыг бусдад 200,000.00 төгрөгөөр худалдсан байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч О.М, О.О нарын орон сууцанд 2,347,800.00 төгрөгийн салгаж үл болох засварын ажил хийсэн гэсэн үндэслэлээр ийм хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэрээр авсан боловч 456,000.00 төгрөгийн үнэтэй хаалгыг бусдад худалдсан байсан учраас нэхэмжлэгч нар төлөх ёсгүй мөнгийг хариуцагчид төлсөн гэж маргасан.
Хариуцагч нь энэ тухай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй бөгөөд 456,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ. Иймд, хариуцагчийг 456,000.00 төгрөгийн үнэтэй хаалганы мөнгийг нэхэмжлэгч нарт буцаан төлөх үүрэгтэй эсэх талаарх тухайлан дүгнэх шаардлагагүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгч О.М, О.О нар хариуцагч Х.Хээс 456,000.00 төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхтэй.
4. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Хийг нэхэмжлэгч О.М, О.О нарын орон сууцанд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд амьдарсан гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн 3 сарын төлбөрт 1,200,000.00 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг бусдын өмчлөлийн орон сууцыг үнэгүй ашиглаж, 3 сарын хугацаанд 1,200,000.00 төгрөгийн зардал хэмнэсэн гэсэн.
Гэвч нэхэмжлэгч О.М, О.О нарын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч М.Хтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь талуудын худалдах, худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгч нарын зөвшөөрснөөр тус орон сууцыг худалдан авах зорилгоор эзэмшиж, ашиглаж байжээ.
Нөгөө талаар хариуцагч М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд уг 48.38 м.кв талбайтай орон сууцанд амьдарсан хэвээр байсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нар хариуцагчийг орон сууцыг буцаан хүлээлгэн өгөхийг шүүхийн журмаар шаардаагүйг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд орон сууц хөлсөх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гээд 492.4.1-т анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэж заасан.
Тайлбарлавал, зохигчдын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, улмаар талуудад тус гэрээний дагуу авсан, өгсөн зүйлээ харилцан буцаах үүрэг үүссэн байсан, нэхэмжлэгч О.М, О.О нар хариуцагч М.Хийг тухайн орон сууцанд амьдарч байгааг мэдэж байсан, тэдгээрийн хооронд тус гэрээтэй холбоотой маргаан шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд нэхэмжлэгч нар хариуцагчаас орон сууцыг буцаан шаардаагүй, цаашид орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг хэрэгжихгүй гэдгийг тус тус мэдсэн байхад ийнхүү хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэдэгт хамаарна.
Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч О.М, О.О нар 01 тоот шийдвэрээр хариуцагч М.Хид өгөх 6,347,800.00 төгрөгөөс түүнээс авах авлагыг хасаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,385,000.00 төгрөгийг түүнд төлсөн байна /х.х-ийн 22 хуудас/.
Энэ талаар хариуцагчийн нэхэмжлэгч нарыг шүүхийн шийдвэрийн дагуу 6,347,800.00 төгрөгийг төлөхгүй удаад байсан тул орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд улмаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,385,000.00 төгрөгийг төлмөгц нэхэмжлэгч нарт орон сууцыг хүлээлгэж өгсөн гэсэн тайлбар нь үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна.
Үүнээс үзвэл хариуцагч М.Х нь нэхэмжлэгч О.М, О.О нарын орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаж байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч М.Хээс 456,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М, О.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,680.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,330.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР