Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/00366

 

 

 

 

 

 

 

 

 

2022 01 25

101/ШШ2022/00366

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б-ын гаргасан,

 

Ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Аий станцад цахилгааны инженерээр ажиллаж байгаад 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. Гэхдээ миний Дархан-Уул аймгийн Аий станцад цахилгааны инженерээр ажилласан 1 жил 9 сарын хугацаа буюу 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны баримт бичгүүд Нийслэлийн архивын газар болон Дархан-Уул аймгийн архивын газруудын аль алинд нь байгаагүй тул дээрх хугацааны тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй.

 

Иймд, намайг Дархан-Уул аймгийн А станцад 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цахилгааны инженерээр ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.    Дархан-Уул аймгийн Архивын хэлтсийн лавлагаа,

2.    Үндэсний төв архив болон Нийслэлийн Архивын газрын лавлагаа,

3.    Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр,

4.    Гэрч Б.С, Ж.Т нарын хөдөлмөр болон нийгмийн даатгалын дэвтэр, тодорхойлолт,

5.    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 тоот шийдвэр,

6.    Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн нэхэмжлэгч, гэрч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх баримт,

7.    Зураг,

8.    Шүүхийн журмаар даалгавар гүйцэтгүүлэн авсан гэрч нарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Баас тус шүүхэд ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0 тоот болон 2 тоот захирамжаар Б.С, Ж.Т нарыг гэрчээр оролцуулж, нотлох баримтыг холбогдох газраас бүрдүүлсэн ба даалгавар гүйцэтгүүлэн гэрч нараас мэдүүлэг авсан.

 

Шүүх, нэхэмжлэгч Ж.Быг Дархан-Уул аймгийн А станцад 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цахилгааны инженерээр ажиллаж байсныг дараах баримтаар тогтоов. Үүнд:

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Быг Дархан-Уул аймгийн А станцын даргын 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8 тоот тушаалаар тус байгууллагад цахилгааны инженерээр 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон ба энэ талаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичжээ. Ингээд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар улсад 4 жил, 8 сар, 12 хоног ажилласан жилийг тооцож, түүнд нийгмийн даатгалын дэвтэр олгосон байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ж.Бын нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг Дархан-Уул аймгийн А станцад 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан болохыг тэмдэглэсэн ба тэрээр 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ц ХК-нд шилжиж ажиллахаар болсон тул ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн Б.С, Ж.Т нарыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад тэд нэхэмжлэгч Ж.Быг дээрх байгууллагад ажиллаж байсан гэсэн.

 

Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 715 тоот шийдвэрээр гэрч Б.Сыг тус аймгийн А станцад 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан гэж тогтоосон бол гэрч Ж.Тын хувьд уг байгууллагад 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрчүүд нэхэмжлэгчийн хамт Дархан-Уул аймгийн А станцад хамт ажиллаж байсан нь шүүх хуралдаанд танилцуулсан зураг, бусад баримтаар тус тус нотлогдож байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ж.Бын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-г Дархан-Уул аймгийн А станцад 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цахилгааны инженерээр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР