| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00356/И |
| Дугаар | 129/ШШ2017/434 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 129/ШШ2017/434
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 129/ШШ2017/00445 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, эмэгтэй, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Баахан булаг нэртэй газар оршин суух Б овогт О.Ч-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1982 онд төрсөн, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 15-04 тоот хаягт оршин суух Б овогт П.М
Хариуцагч: 1978 онд төрсөн, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 15-04 тоот хаягт оршин суух Б овогт Н.М нарт холбогдох
2.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Ч миний бие П.М, Н.М нартай анх 2016 онд танилцаад одоог хүртэл найзалж байна. Н.М 2016 оны 05 сарын 06-ны өдөр “Найз нь Улаанбаатар хот орох гэсэн чинь том автомашиндаа бензин хийх мөнгөгүй байна, маргааш хот ороод мөнгийг чинь шилжүүлье” гэж хэлээд надаас 700.000 төгрөг авсан. Дараа нь 2016 оны 05 сарын 20-ны өдөр П.М “Эхнэрийн бие муу байна, хот орж оношлогоо хийлгэнэ” гээд 950.000 төгрөгийг Н.Мөнхцэцэгийн дансаар, бэлнээр 50.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг авсан. Мөн 2016 оны 08 сарын 25-ны өдөр П.М “Хотоос аймаг руу явах гэсэн юм, автомашиндаа юм авч тавих гэсэн юм, очоод бүх мөнгийг чинь өгье” гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. П.М, Н.М нар надаас нийт 2.700.000 төгрөгийг авсан. Би П.М, Н.М нартай удаа дараа утсаар ярьж мөнгөө авахыг шаардсан боловч “өгнө” гэж хэлэхээс өөр юм хэлэхгүй, мөнгөө өгөхгүй байна. Иймд П.М, Н.М нараас 2.700.000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М 2016 оны 05 сарын 06-ны өдөр “Улаанбаатар хот орох гэсэн чинь бензиний мөнгөгүй байна, маргааш хот ороод мөнгийг чинь шилжүүлье” гэж хэлээд надаас 700.000 төгрөг авсан. Тэгээд 2016 оны 05 сарын 20-ны өдөр П.М “Эхнэрийн бие муу байна, хот орох шаардлагатай байна” гээд 950.000 төгрөгийг Н.М-н дансаар, бэлнээр 50.000 төгрөг, нийлээд 1.000.000 төгрөгийг авсан. Мөн 2016 оны 08 сарын 25-ны өдөр П.М “Хотоос аймаг руу явах гэсэн юм, автомашиндаа юм авч тавих гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, очоод бүх мөнгийг чинь өгье” гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. П.Мөнх-Эрдэнэ, Н.М хоёр надаас 2.700.000 төгрөг авсан. Мөнгөө авах гээд утсаар ярихаар дандаа шалтаг хэлээд өгөхгүй байна. П.М, Н.М нар надад 270.000 төгрөг өгсөн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдсэн 2.400.000 төгрөгийг хариуцагч П.М, Н.М нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч П.М, Н.М нараас 2.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.Ч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2.400.000 төгрөгийг П.М, Н.М нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч П.М, Н.М нар нэхэмжлэлийг гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан. Хариуцагч П.М, Н.М нарт нэхэмжлэгч О.Ч-н нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 26-ны өдөр гардуулж, хариуцагч нар нь 2017 оны 08 сарын 09-ний өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож энэ талаар тайлбар гаргаагүй тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимтай. Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч Н.М-н Төрийн банк дахь 0000181900167844 тоот дансанд 2016 оны 05 сарын 06-ны өдөр 700.000 төгрөг, 2016 оны 05 сарын 20-ны 950.000 төгрөг, ХААН банк дахь 5154090606 тоот дансанд 1.000.000 төгрөг, нийт 2.650.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар, мөн хариуцагч П.М-д 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь нэхэмжлэгчийн “2016 оны 05 сарын 20-ны өдөр П.М “Эхнэрийн бие муу байна, хот орж оношлогоо хийлгэнэ” гээд 950.000 төгрөгийг Н.М-н дансаар, бэлнээр 50.000 төгрөгийг надаас авсан” гэх тайлбар болон нэхэмжлэгч нь 2016 оны 05 сарын 20-ны өдөр ХААН банк дахь 5135506904 тоот данснаас 50.000 төгрөг авсан зарлагын баримтаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч Н.М-н данс руу мөнгө шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь “2.700.000 төгрөгийг хариуцагч П.М, Н.М нар надаас авсан учир хоёулангаас нь төлөгдөөгүй 2.400.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэлийг гардан аваад хариуцагч П.М, Н.М нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүйг О.Ч-с мөнгө зээлсэн үйл баримттай маргаагүй гэж үзнэ.
Иймд хариуцагч П.М, Н.М нараас нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээнд буюу 2.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ч-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 53.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч П.М Н.М нар нь өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд “Эдний Вонго маркийн машины татварт 74.200 төгрөг, оношлогоонд 21.600 төгрөг, даатгалд 30.600 төгрөг, суудлын машины оношлогоонд 66.800 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Мөн бэлэн 270.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Ингээд нийт 463.200 төгрөгийг хасуулна” гэх тайлбарыг гаргасан.
Өмгөөлөгч нь хариуцагч нарт эрх зүйн туслалцаа үзүүлэх эрх, үүрэгтэйгээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул түүний тайлбарыг хариуцагч нарын /зохигчийн/ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, үгүйсгэж буй тайлбар гэж үзэн шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч П.М, Н.М нараас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ч-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М, Н.М нараас 53.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ч-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА