| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0638/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/764 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, ****************, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Э.Ариунболд /ХУД/,
шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
**************** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000178 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************** оны 05 дугаар сарын 19-ний өдөр ************* аймгийн ************ суманд төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****************-ийн *********** суралцдаг, ам бүл 5, ************ аймгийн **************** сумын ******************* 6 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ****************** байранд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************** (РД:**********************);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************** нь согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө **************** дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспогийн гудамж орчимд **************** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалан Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер ****************г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр лүү нь мөргөж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч **************** нь согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө **************** дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспогийн гудамж орчимд **************** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалан Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер ****************г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр лүү нь мөргөж хүч хэрэглэсэн үйл баримт нь:
1. ХУДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн Дуудлага лавлагааны хуудаст 940411... дугаарын утаснаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 03:54:45 минутад: “...Согтуу хүмүүс хоргоогоод маргаан үүсгээд байна...” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2. Хохирогч ****************н: "...2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний бие **************** дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн Зайсан-112 чиглэлд эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Улмаар 03:50 минутад **************** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспод согтуу хүмүүс хоргоод маргаан үүсгээд байна гэх уг дуудлага мэдээлэлд Зайсан-113 чиглэлд манай чиглэл болох Зайсан-112-г нэмэлтээр дуудсан. Уг дуудлага мэдээлэлд очиход тухайн хүмүүс нь цагдаагийн алба хаагч нарыг эсэргүүцэж зууралдсан байдалтай байсан. Тухайн үед иргэн **************** нь гар утсаараа бичлэг хийж буй харагдахаар нь би хүрч очин “цагдаагийн алба хаагчийн бичлэгийг зөвшөөрөлгүй хийгээд байна, гар утсаа гаргаад ирээ” гэж шаардлага тавих үед “чадахгүй, миний эрх” гээд миний албаны хувцас болон мөрдөснөөс зуурч чангаасан. Энэ үед биед минь халдаж биеийн хүч хэрэглэх бодит үндэслэл үүссэн тул цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу биеийн хүч мэх хэрэглэсэн. Тухайн иргэнд энэ асуудлыг манай хэлтэс дээр очиж шийднэ гээд машин луу суулгах үед эсэргүүцэл үзүүлж миний зүүн нүдний доод хэсэгт мөргөсөн. Миний зүүн нүдний доод хэсэгт хөхөрч хавдаж, шарх үүссэн. Би гомдолтой байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би ажлаа зохих ёс журмын дагуу хийж байхад тухайн иргэн нь намайг хэл амаар доромжилсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
3. Гэрч ****************ы: “...Миний бие 2022 оноос хойш **************** дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн жолоочоор ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эргүүлийн офицер ****************н хамт Зайсан-112 чиглэлд буюу **************** дүүргийн нутаг дэвсгэрээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болно. 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зайсан 113 чиглэлд "Омни бааранд хүмүүс маргалдаад байна” гэх дуудлагад нэмэлтээр очиход Зайсан 113 чиглэлийн цагдаа нар дуудлагын хүрээнд очсон байсан. Тэгээд манай чиглэлийн офицер **************** нь тус дуудлагын хүрээнд **************** гэх залууг эрүүлжүүлэх ёстой болсон бөгөөд тус эрэгтэй тухайн олон нийтийн аюулгүй байдлыг хөндөж агсам согтуу тавьсан байсан ба тэгээд **************** нь дуудлагын машинд тухайн ****************ыг суулгах хооронд эргэж хараад ****************г толгойгоороо мөргөсөн. Тухайн үед бол **************** болоод бид нар хууль ёсны шаардлага буюу эрүүлжүүлэх, цагдаагийн байр руу авч явах ёстойгоо ойлгуулж хэлсэн байсан. Тэгтэл тухайн иргэн эсэргүүцэл үзүүлсээр буюу шаардлага биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байсан. Тухайн үед миний бие **************** гэх эрэгтэй нь ****************н нүүр хэсэгт мөргөж байгааг харсан, мөн үүний өмнө тухайн иргэн **************** нь “өөрийн эрх, би мэдэж байна, намайг авч явах ёсгүй, би явахгүй” гэх мэт зүйлс ярьсаар байсан болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГО0725/2500 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...****************н биед зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
5.Шүүгдэгч ****************ын: “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний бие найзуудын хамт **************** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Омни” бааранд шоудаж байсан. Тэгтэл тухайн үед **************** нь манай дүү ****************тэй маргалдсан.Тухайн үед бол ****************, ****************, ************ нар байсан юм. Тэгээд хоорондоо бол зодолдсон юм байхгүй байсан, тэгтэл **************** цагдаа дуудчихсан байсан. Тэгээд дуудлагынхаа хүрээнд цагдаа нар ирсэн ба тэгээд бид уг нь хоорондоо маргалдаж зодолдоогүй учраа олчих гэж байсан чинь цагдаа нар авч явна гээд байхаар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ер нь согтуу байсан тул зарим зүйлийг санахгүй байгаа гэхдээ цагдаагийн алба хаагчидтай маргалдсанаа бол бага санаж байна. Намайг авч явах гээд гавласан байсан ба намайг араас түлхээд машин руугаа суулгах гээд байхаар нь эргэж хараад намайг машин руу суулгах гэж байсан цагдаагийн нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд намайг машин руугаа авч явж эрүүлжүүлэхэд саатуулсан. Цагдаагийн алба хаагчаас гадна өөр хэн нэгний биед халдаагүй, ямар нэгэн тийм үйл явдал болоогүй, миний бие цагдаагийн алба хаагчийн биед халдсандаа маш их гэмшиж байна. Ер нь бол бид нарыг олон нийтийн газар танхайрсан гэж л авч явах гэж байсан. Би яагаад, ямар шалтгаанаар цагдаагийн алба хаагчийн биед халдах болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна, согтуудаа л болчимгүй үйлдэл хийсэн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч ****************ын хувьд, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч **************** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймээс шүүгдэгч ****************ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.
Хохирол төлбөрийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч ****************н эрүүл мэндэд зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдоогүй гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/2500 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, улмаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 22, 51 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч **************** нь “...хэлэх зүйлгүй” гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгч ****************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж, хохирогчид төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал /********оюутан/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард олдог орлогын байдлыг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч **************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************д 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************д оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ