| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00747/И |
| Дугаар | 156/ШШ2020/00255 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2020/00255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00747/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэнрлэн сум, .. дугаар баг, ........ тоот хаягт оршин суух, Б овогт Э А /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дугаар баг, тоот хаягт оршин суух, Х овогт Б Б /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хуваарьт эд хөрөнгийн үнэ 8 020 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Э.А,
хариуцагч Б.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос Б.Б танилцаж, 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Т нь төрсөн. Б.Б нь 2017 оны 06 дугаар сараас Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллах болж бид Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн хороололд А-61 дүгээр байранд 2 өрөө худалдан авч хамт амьдарч эхэлсэн. Уг байрны урьдчилгаа төлбөрийг Б.Б эцэг, эх төлж худалдан авч өгсөн. Дараа нь бид таарч тохирохгүй хэсэг хугацаанд тусдаа амьдарч байх үед уг байрыг надад мэдэгдэлгүйгээр Хэрлэн сум 1 дүгээр багийн Хийдийн 7а-05 тоот хаягтай хашаа байшингаар сольж наймаа хийсэн байсан. Анх намайг тусдаа айл болж байранд ороход эцэг эх маань өөрсдийн цалингаараа бүх эд хогшлыг маань надад өвч өгсөн юм.
Б.Б гэр бүл болсноос хойш байнгын хэрүүл маргаан үүсгэж, зан харилцааны хувьд таарамжгүй байдал бий болсон тул 2018 оны 01 дүгээр сараас би эцэг, эхийндээ хүүтэйгээ ирж амьдарч эхэлсэн. Гэрийн тавилга бол надад манай аав, ээж авч өгсөн тул хуваарьт өмч болно, одоо ороны сууцны тавилгыг байшинд тааруулж хэлбэр хэмжээг өөрчилсөн, мөн хариуцагчийн эзэмшилд удсан учир үнийг нь гаргуулна. Гэрийн тавилгыг гэрийн хэрэгцээндээ бид ашиглаж байсан. Иймд цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүү Б.Т хүүхдийн тэтгэлэг тогтоож, хуваарьт эд хөрөнгийн үнэ 8 020 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний эцэг Ц.Б нь 2018 оны 07 дугаар сард автомашины осолд орж хүнд бэртэл авч Улаанбаатар хотод гэмтэл согогийн үндэсний төвд яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж, эрчимт эмчилгээнд эмчлүүлэх цагаас эхлэн би сахиж асарч байсан. Энэ үед Э.А нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй дотно харилцаа үүсгэж, гэр бүлдээ анхаарал халамж тавихаа больж бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Асрамж дээр маргахгүй. Эд хөрөнгийн хувьд зарж борлуулсаны дараа мөнгийг гаргаж өгч болно, тэрнээс надад шууд одоогоор төлж барагдуулах боломж байхгүй. Дээрх эд хөрөнгө нь хуваарьт болон дундын эд хөрөнгө аль нь ч байсан би өөрт ногдох хувь гэж авахгүй. Гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан болохоор дундын хөрөнгө л гэж бодож байгаа. Үнэлгээний хувьд 4 010 000 төгрөг болно, түүнээс нэхэмжлэгчийн хэлж байгаа үнэ хүрэхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Б холбогдуулж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хуваарьт эд хөрөнгийн үнэ 8 020 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөх дээр маргаагүй бөгөөд эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Б.Б, Э.А нар нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Т нь төрсөн, хүүхэд одоо эхтэйгээ хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан байдаг.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид байгаатай холбогдуулан хүү Б.Т сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагч нь хүүхдийн одоо байгаа асрамжид маргахгүй гэснийг дурдаж байна.
II
Нэхэмжлэгч нь өөрийн хуваарьт хөрөнгөд тооцож,
1. ханын стенк 980 000 төгрөг,
2. гал тогооны тавилга 1 400 000 төгрөг,
3. хөргөгч 1 200 000 төгрөг,
4. хувцасны шкаф 500 000 төгрөг,
5. ор 750 000 төгрөг,
6. ширээ, 4ш сандал 750 000 төгрөг,
7. хувцасны өлгүүр /ком/ 880 000 төгрөг,
8. угаалгын машин 350 000 төгрөг,
9. хиншүү сорогч 180 000 төгрөг,
10. абжур 1ш 300 000 төгрөг,
11. абжур 1ш 250 000 төгрөг,
12. хөшиг 1ш 140 000 төгрөг,
13. хөшиг 1ш 200 000 төгрөг,
14. чүүл 1ш 60 000 төгрөг,
15. чүүл 1ш 80 000 төгрөг, нийт 8 020 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагчийн зүгээс дээрх эд хөрөнгө нь дундын хөрөнгө, үнэлгээний хувьд 4 010 000 төгрөг болно, гэхдээ ямар ч тохиолдолд өөрт ногдох хувь гэж авахгүй, зарагдсан тохиолдолд үнийг нь эхнэр, хүүхэддээ өгнө гэх байр суурийг илэрхийлсэн.
Нэр бүхий 15 тооны эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр авсан гэдэг дээр талууд маргаагүй бөгөөд зохигчийн хэн аль нь тухайн эд хөрөнгийг хамтран амьдрахдаа дундаа хэрэглэж байсан болохоо шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.
Зохигчийн дээрх тайлбараар нэхэмжлэгч өөрийн авсан хуваарьт хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлахад гэр бүлийн гишүүд өөрт ногдох хэсгийг авах эрхтэй боловч хариуцагч нь өөрт ногдох хувийг авахаас татгалзсан, мөн нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр авахыг хүссэн учир Э.А болон Б.Т нарт хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 15 тооны эд хөрөнгийн үнийг гаргуулан олгож байна.
Маргаж буй хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч 8 020 000 төгрөгөөр, хариуцагч 4 010 000 төгрөгөөр тодорхойлсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн өмнө нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн үнэлгээ болох 4 010 000 төгрөгөөр тухайн 15 тооны эд хөрөнгийг үнэлж, уг үнийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 010 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй бүрэн танилцсан нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, цаашлаад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар маргааны зүйлд үнэлгээг шүүхийн зүгээс хийлгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон диспозитив зарчмын аль алийг зөрчихөөс гадна мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулах болно.
III
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 739 дүгээр захирамжид зохигч гомдол гаргахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасныг, түүнчлэн хариуцагч нь 8 000 000 төгрөгийн зээлийн 50%-ийг нэхэмжлэгчээр төлүүлэх хүсэлт гаргасан боловч хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй учир хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Б Б, Б овогт Э А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Т 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.А даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4 010 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 010 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 470 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,
хариуцагчаас 182 904 төгрөг гаргуулан 149 310 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 33 594 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ