Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00310

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00310

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Хүрэнбулаг тооцооны төвийн /регистрийн дугаар 2693321/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох гэм хорын хохирол 7 597 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагч А.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Хаан банкны Хүрэнбулаг тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******гийн манай банкны зээлээр худалдан авч эзэмшиж, ашиглаж байгаа, манай ******* улсын дугаартай автомашиныг 2017-07-06-ны өдөр 18 цагийн үед А.Даваасүрэн нь жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж МУ-ын Замын Хөдөлгөөний Дүрэм зөрчин мөргөж, манай банкны өмчлөлийн автомашинд 5 480 000 /таван сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгний хохирол /гэмтэл/ учруулсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр, болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Мөн автомашинд учирсан эвдрэл, хохиролын үнэлгээ тогтоолгоход 317000 төгрөг Бан Хас ХХК үнэлгээний компанид төлсөн төлбөр, автомашиныг засуулсан хөлс болох 1 800 000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймд А.Даваасүрэнгээс 7 597 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд Хаан банк ХХК-ны гаргасан 7 597 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон ослын хэрэгт миний бие буруугүй. Учир нь тухайн осол гарах болсон шалтгаан нь 2552 ОРА улсын дагаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь өөрийн зорчих хэсэгт байгаа замын саадыг тойрч урсгал сөрсөн тул осол гарсан. Ийнхүү миний бие буруугүй тул уг нэхэмжилж буй 7 597 000 төгрөгийг хариуцахгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч  Хаан банкны Орхон салбар хариуцагч А.Даваасүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 7 597 000 төгрөг /үнэлгээний хөлс 317 000 төгрөг, хохирол 5 480 000 төгрөг, засварын хөлс 1 800 000 төгрөг /гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч А.Даваасүрэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Toyota rav4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Нарангэрэл нь А.Даваасүрэнд холбогдуулан гэм хорын хохиролд 8 503 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх 2017 оны 08 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх нэхэмжлэгч П.Нарангэрэлийг Хаан банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хаан банк нь А.Даваасүрэнд холбогдуулан гэм хорын хохиролд 8 503 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, энэ нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэсэн үндэслэлээр мөн ххэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон түүний нөхөр П.Нарангэрэл нар автомашин худалдан авах зорилгоор Хаан банктай 71 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан Toyota rav4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай автомашиныг худалдан авч, автомашины өмчлөлийг Хаан банкинд фидуцийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд Хаан банк тус тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул тэрээр хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхтэй.

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт байрлах эм ханган нийлүүлэх төвийн урд зам дээр П.Нарангэрэлийн жолоодож явсан Toyota rav4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Sonata-6 маркийн 79-93 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, 79-93 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Даваасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь зохигчдын тайлбар, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаартай шийтгэвэр, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Ослын улмаас Хаан банкны өмчлөлийн Toyota rav4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай автомашины урд гупер, зүүн их гэрэл, гуперийн доод хормой, гуперийн сетка дунд, гуперийн доторх хөөс, гупер дээрхи чирэгчний таг хагарч 5 480 000 төгрөгийн гэмтэл учирсан болох нь Далайван Аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2018 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн хохирлын үнэлгээгээр тогтоогдож байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7 597 000 төгрөгийн 70 хувь болох 5 317 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 хувь болох 2 279 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал:Toyota rav4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Нарангэрэл нь эм ханган нийлүүлэх төвийн урд зам дээр байрлах /траншейны нүх/ саадыг тойрон гарах үедээ зорчих хэсгийг заагласан цагаан зурвас дээр А. Даваасүрэнгийн жолоодож явсан Sonata-6 маркийн 79-93 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн болох нь гэрч М.Эрдэнэбат, Б.Төртөвшин нарын 2018 оны 11 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, зам тээврийн ослын акт, фото зураг, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Үйл баримтыг үндэслэн гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл П.Нарангэрэл нь өөрийн зорчих эгнээнд байгаа саадыг тойрохын тулд эсрэг урсгалд байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөх үүрэгтэй, хариуцагч А.Даваасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аютомашин жолоодсон буруутай байх тул хохирлын хэмжээг зохигчдын гэм бурууд тохируулан хариуцуулсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр 514.1-д заасныг баримтлан хариуцагч А.Даваасүрэнгээс 5 317 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 279 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 502 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Даваасүрэнгээс 100 036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Р.ҮҮРИЙНТУЯА

                                               ШҮҮГЧИД                                     Б.БЯМБАСҮРЭН

Л.АРИУНЦЭЦЭГ