| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч Ц.Г,
Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн М-ийн Х-д холбогдох 2528000020032 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг Гурвансайхан гэр хорооллын ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ц.Г-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж, биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Х-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 11 дүгээр сарын 09-нд Д-ийн гэрт очоод байж байтал гаднаас танихгүй согтуу хүн орж ирсэн. Тэгээд бид нар хамт 2,5 литртэй шар айраг хувааж уусан. Гэтэл манай хуурай дүү Д-ийн мээмнээс нь бариад, салтаа руу нь гараа хийх гээд оролдоод байхаар нь би чи яах гээд байгаа юм бэ гэхэд миний хоёр дахь эхнэр байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи болилдоо эмэгтэй хүн доромжлоод гээд барьж аваад нүцгэн хөлөөрөө цээж рүү нь 2 удаа өшиглөөд урагшаа үүд рүү чирээд хаалгаар түлхэж гаргасан. Би өөрөөр цохиж нүдсэн асуудал байхгүй гэв.
Хохирогч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед Д.Д-ийн хөхийг нь барьж, салтаа руу нь гараа хийсэн зүйл байхгүй. Би гэрийн гадаа 2,5 литртэй нэг шар айргийн тал байсныг уучхаад очсон. Очиход эд нар шар айраг ууж байсан, уг шар айргаас нь 3 уусан. Би энэ хүнийг огт танихгүй. Намайг яагаад зодсоныг мэдэхгүй. Намайг нэг сэргээд харахад өшиглөөд зодож байсан. Намайг өөр тийшээ яваад хүнд зодуулсан байх гээд худлаа яриад байна. Би өөр тийшээ яваагүй, тухайн үед зодуулчхаад шууд эмнэлэг явсан. Тухайн үед эхнэр түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд түргэн дээр очоод дусал хийлгээд толгойныхоо зургийг авхуулсан. Тэгээд манай охин ирээд намайг гэр рүү хүргэж өгөөд би хадмынд унтсан. Өөр айл руу явсан зүйл байхгүй гэв.
Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед манай эхнэрийн найз Ц миний утас руу залгасан. 2024 оны 10 сард байх Цн хүүхдийг гэрт нь хүргэж өгчихөөд явах гэтэл машин эвдрээд Ц-н хажуу айлаас нь бахиа авч хэрэглэсэн байсан. Тухайн өдөр Ц намайг бахиа авчраад өг, манай хажуу айлын хүн нэхээд байна гэж хэлсэн. Ц-н гэрт очиж хажуу айлд нь орж бахиа өгсөн. Ц-нд орж мэнд мэдэх гээд гэрт орсон. Намайг Ц-н гэрт ороход 3 залуу байж байгаад гэрээс гараад явсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрт үлдсэн. Ц манай эхнэрийг хаана байгаа юм гэхээр нь хотод байгаа гэж хэлчихээд би Ц-н гэрээс гарсан. Гэрийн хаалга нээтэл миний шилэн хүзүүн дээр нэг юмаар хүчтэй цохиж авсан. Нэг сэрсэн чинь миний дээрээс нэг хүн өшиглөж байсан. Би босоод зугтаасан. Зүүн нүдний дээд хэсэгт духан дээр булдруу үүссэн, толгойн ар дагз хэсэгт хавдсан, амьсгаа авах, ханилгах, юм өргөхөд зүүн талын хавирга хөндүүлнэ, баруун чих хатгуулж өвдөнө, зүүн талын бөөр бага зэргийн өвчтэй, хоёр нүд хөхөрсөн, зүүн талын чихний ар тал хөхөрсөн.” (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг хотод байж байхад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед манай нөхөр миний утас руу залгасан. Ц-н гэрт ирээд мэнд мэдчихээд эргээд гэрээс нь гартал миний хойноос нэг хүн гараараа боогоод авсан. Нэг мэдсэн би газар уначихсан, миний толгой руу нэг хүн өшиглөж байсан гэж ярьсан. Ц бид хоёр 10 гаруй жилийн өмнө аймгийн Далангийн ногооны талбай дээр ногооны зэрлэг түүж байгаад танилцсан. Хааяа манай гэрээр орж гараад явдаг байсан. 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 25-ны үед Ц миний утас руу залгаад сургуулийн хүүхэд аваад өгөөч гэж гуйсан. Нөхөр бид хоёр Ц-н хүүхдийг сургуулиас нь аваад гэрийнх нь гадаа очсон. Хүүхдийг гэрийнх нь гадаа буулгаад явах гэтэл машин асахгүй болчихсон. Нөхөр Ц-н хажуу айлаас бахь авч хэрэглэсэн. Нөгөө айлын хүн нь бахиа нэхээд байхаар нь аваачиж өгөөд Ц-н гэрт ирсэн хүн манай нөхрийг зодсон байна.” (хавтаст хэргийн 18 дахь тал)
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай хажуу айл Д-ийн гэрт хүмүүс ирчихсэн, архи уугаад гэрээс орж гараад байсан. Намайг сургуулийн хүүхэд хүргэж өгөөд өдрийн 13 цагийн үед гэрт ирэхэд хажуу айлын Д дуудсан. Д-ийн гэрт ороход Г, Д, Х, Э.Э нар 2-3 шил архи, 4-5 ширхэг 2.5 литрийн пиво тавьчихсан ууж байсан. Би Г-гоос дээр ирэхэд нь бахь өгсөн байснаа нэхтэл, надад шинэ бахь өгсөн. Би өгсөн архинаас нь амсаж өгчхөөд гэрээс нь гараад явсан. Төд удалгүй 20-30 минутын дараа хашаанд хүн орилоод байхаар нь гэрээс гараад хартал Г хашаан дотор доошоо дөрвөн хөллөсөн байдалтай, өмсөж явсан цамцаа тайлаад тэвэрчихсэн, орилоод хэвтэж байсан. Би юу болсон юм гээд Д-ийн гэрт ороход асуудал Х надад Г, Д-ийн салтаа, гуянаас нь базаж аваад байхаар нь би гэрийн үүдээр нь түлхээд гаргасан юм гэж хэлсэн... 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө Д-ийн гэрт Х эхнэрийн хамт ирсэн байсан. Өглөө 10 цагийн үед Г гэх залуу Д-ийн гэрт ирсэн. Өдөр 12 цагийн үед Д-ийн гэрийн зүүн урд талд нэг хүн орилоод байсан. Би тухайн үед гэрээс гараад хартал Г гэх залуу доошоо тонгойгоод, газар суучихсан, нүүрээ дарчихсан ёо ёо гээд орилоод байсан. Би Д-ийн гэрт ороод энэ гадаа орилоод байгаа залуу яагаад орилоод байгаа юм гэж Д, Х хоёроос асуусан. Х миний өөдөөс миний дүү Дийн салтаа, саам руу гараа хийгээд, оролдоод байхаар нь би чирээд гэрийн үүдээр түлхээд гаргасан гэж хэлсэн. Төд удалгүй Г манай гэрт орж ирээд миний утсыг авч гараад гэрийн гадаа үүдэн дээр эхнэртэйгээ яриад байсан. Би юу гэж яриад байсныг мэдээгүй. Тухайн үед согтуу, гуйваад явж чадахгүй байсан. Хувцас нь шороо болчихсон байсан. Тухайн үед нүүр царайг нь анзаараагүй. Би орой 17 цагийн үед охиноо сургуулиас нь аваад ирэхэд Г-гийн өмсөж явсан цамц манай хашааны блок дээр 2-3 хоносон. Дээрх цамц нь шороо болчихсон, урагдсан байсан. Г гэх залуу анх Д-ийн гэрт ирэхдээ согтуу ирсэн, Д, Х, Э гурав 0.5 граммын 1 шил архи хувааж уугаад дууссан. Намайг ороод 2.5 литрийн пиво хувааж уугаад дуусаж байсан. Тэр гурав нээх согтоогүй, халамцуу байсан.” (хавтаст хэргийн 56, 92 дахь тал)
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үдээс хойш байсан санагдаж байна /одоо цагийн сайн санахгүй байна/ З манай гэрт нэлээн согтуу орж ирсэн. Би гэрийнхээ баруун талд газар суугаад хоол хийж байсан. З гэрт орж ирээд миний дээд талд газар суусан. Би З-д цай хийж өгсөн. З миний баруун талын хөхнөөс гараараа 2-3 удаа базаж авахаар нь би уурлаад Згийн гарын аваад шидсэн. З дахин миний өмд рүү гараа хийх гээд байсан. Тухайн үед манай гэрт хөдөөнөөс хуурай ах Х, эхнэрийн хамтаар ирсэн байсан. Х З-г чи яах гээд эмэгтэй хүн дээрэлхээд байдаг юм гэж хэлээд З-г сууж байхад нь хоёр мөрнөөс нь гараараа барьж аваад өргөөд үүд рүү шидсэн. З үүдэнд баруун талынхаа гарыг тулаад суугаад унах шиг харагдсан. З гэрийн үүдэнд очоод унасан. Х ах гэрээс түлхээд гаргаж байх шиг байсан. Бид хэд хоол идчихээд гэрээс гарсан. Бид нарыг гэрээс гарахад З хашааны үүдэнд гуйваад зогсож байсан.” (хавтаст хэргийн 53-54 дэх тал)
Гэрч Д.Д зөрчлийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үдээс хойш байсан санагдаж байна /одоо цагийн сайн санахгүй байна/ З манай гэрт нэлээн согтуу орж ирсэн. Намайг гэрийн баруун талд газар суугаад хоол хийж байхад З миний дээд талд суусан. Би З-д цай хийж өгсөн. З миний баруун талын хөхнөөс гараараа 2-3 удаа базаж авахаар нь би уурлаад Згийн гарыг аваад шидсэн. З дахин миний өмд рүү гараа хийх гээд байсан. Тухайн үед манай гэрт хөдөөнөөс хуурай ах Х, эхнэрийн хамтаар ирсэн байсан. Х З-г чи яах гээд эмэгтэй хүн дээрэлхээд байдаг юм гэж хэлээд З-г сууж байхад нь өмсөж явсан хувцаснаас нь хоёр гараараа барьж аваад өргөөд үүд рүү шидсэн. З гэрийн үүдэнд очоод унасан. Х ах гэрээс түлхээд гаргаж байх шиг байсан. Төд удалгүй Х ах эхнэрийн хамтаар явсан, би ажилтай байсан болохоор гэрээс гараад явсан. Намайг гэрээс гарахад З хашааны үүдэнд гуйваад зогсож байсан.” (хавтаст хэргийн 17 дахь тал)
Насанд хүрээгүй гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр /цаг мэдэхгүй байна/ намайг гэртээ ганцаараа байж байхад гэрийн гадаа, хашаан дотор эрэгтэй хүн хашхираад уйлаад байх шиг сонсогдсон. Би гэрээс гараад харахад хажуу айлд ирж архи ууж байсан ахыг Х ах, гэрээсээ түлхэж гаргаад газар унагаасан. Нөгөө ах толгойгоо хоёр гараараа тэврээд доошоо хараад хэвтээд байсан. Х ах тэр ахын толгой, гэдэс рүү нь өшиглөөд, гараараа цохиж аваад байсан. Би айгаад гэртээ орсон... Намайг хичээлд явахаас өмнө 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11-12 цагийн үед Д эгчийн гэрээс Х ах Г гэх ахыг чирч гаргаад гэрийн гадаа өшиглөөд байсан. Ээжийг дэлгүүр явсан хойгуур намайг гэрт байхад Г ах Д эгчийн гэрийн гадаа газар нүүрээ гараараа дараад газар хэвтчихсэн Х ах Г ахыг өшиглөөд, дээрээс нь дэвслээд зодоод байсан. Тухайн үед Г ахыг духан дээр жижиг булд руу болчихсон байсан.” (хавтаст хэргийн 61, 93 дахь тал)
Шинжээч эмч С.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Г-гийн биеийн үзэхэд тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт зэрэг гэмтлүүд илэрсэн. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ц.Г-гийн биед үүссэн гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” (хавтаст хэргийн 91 дэх тал)
Шүүгдэгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15-16 цагийн үед аймгийн төв дээр эхнэрийн найз болох Дийн гэрт эхнэр бид хоёр хөдөөнөөс ирсэн. Д бид хоёрыг ирлээ гээд хоол цай хийсэн. Д 2.5 литрийн 1 ширхэг пиво, би бас 1 ширхэг пиво, нийт 2.5 литрийн 2 ширхэг пиво дэлгүүрээс авсан. Манай эхнэр хүүхдээ унтуулна гээд орон дээр унтаад өгсөн. Д бид хоёр авсан 1 ширхэг пиво хувааж уугаад сууж байтал гаднаас нэлээн согтуу танихгүй залуу гэрт орж ирсэн. Д, нөгөө залуу бид гурав пиво хувааж уугаад сууж байтал нөгөө залуу Д-ийг миний хоёр дахь эхнэр гэж хэлээд гараараа хөхнөөс нь базаж аваад, өмд рүү нь гараа хийх гээд байсан. Д-ийн охин /5, 6 дугаар анги/ нөгөө залууг та ээжийг яах гээд байгаа юм гэж хэлсэн. Би чи яах гээд байгаа юм хүүхдийн дэргэд, эмэгтэй хүн доромжилдог юм гэж хэлээд нөгөө залуугийн хоёр суганаас нь гараараа өргөж аваад гэрийн үүд рүү түлхтэл гэрийн үүдэнд бөгсөн биеэрээ унасан. Би дахин нөгөө залууг босгоод гэрийн хаалгаар түлхээд гаргасан. Нөгөө залуу гэрийн гадаа цаашаа алхаад яваад өгсөн. Үлдэгдэл 2.5 литрийн 1 ширхэг пиво уугаагүй үлдээгээд эхнэр бид хоёр гэр рүүгээ, Д найзындаа очиж хононо гээд бид гурав гэрээс гарсан.” (хавтаст хэргийн 19-20 дахь тал)
Шүүгдэгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Эхнэр бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15-16 цагийн үед аймгийн төв дээр эхнэрийн найз, миний хуурай дүү болох Д-ийн гэрт хөдөөнөөс ирсэн. Д эхнэр бид хоёрыг ирлээ гээд хоол цай хийсэн. Д бид хоёр дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг пиво авсан. Манай эхнэр 2 настай хүүхдээ унтуулна гээд орон дээр унтаад өгсөн. Д хоол хийгээд, авсан шар айргийнхаа нэгийг хувааж уугаад сууж байтал гаднаас нэлээн согтуу танихгүй залуу гэрт орж ирсэн. Би гэрийн баруун хойд талд, Д гэрийн зүүн талд гэрийн баганы хойд талд газар суугаад хоол хийгээд сууж байсан. Нөгөө танихгүй залуу болох Г Д-ийн хажууд очоод газар суусан. Д, Г бид гурав шар айраг хувааж уугаад сууж байтал Г Д-ийн миний хоёр дахь эхнэр гэж хэлээд гараараа хөхнөөс нь базаж аваад, өмд рүү нь гараа хийх гээд байсан. Би Г-г чи яах гээд эмэгтэй хүн доромжилдог юм гэж хэлээд Г-гийн цээжин тус газар 2 удаа өшиглөж аваад хоёр суганаас нь гараараа өргөж гэрийн үүд рүү түлхтэл гэрийн үүдэнд унасан. Дахин Г-г тэвэрч босгоод гэрийн үүдээр түлхээд гаргасан.” (хавтаст хэргийн 63 дахь тал)
Шүүгдэгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Эхнэр бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15-16 цагийн үед аймгийн төв дээр эхнэрийн найз, миний хуурай дүү болох Д-ийн гэрт хөдөөнөөс ирсэн. Д эхнэр бид хоёрыг ирлээ гээд хоол цай хийсэн. Д бид хоёр дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг шар айраг авсан. Манай эхнэр 2 настай хүүхдээ унтуулна гээд орон дээр унтаад өгсөн. Д хоол хийгээд, авсан шар айргийнхаа нэгийг Д бид хоёр хувааж уугаад сууж байтал гаднаас нэлээн согтуу танихгүй залуу гэрт орж ирсэн. Би гэрийн баруун хойд талд, Д гэрийн зүүн талд гэрийн баганы хойд талд газар суугаад хоол хийгээд сууж байсан. Нөгөө танихгүй залуу болох Г Д-ийн хажууд очоод газар суусан. Д, Г бид гурав шар айраг хувааж уугаад сууж байтал Г Д-ийг миний хоёр дахь эхнэр гэж хэлээд гараараа хөхнөөс нь базаж аваад, өмд рүү нь гараа хийх гээд байсан. Би Г-г чи яах гээд эмэгтэй хүн доромжилдог юм гэж хэлээд Г-гийн цээжин тус газар 2 удаа өшиглөж аваад хоёр суганаас нь гараараа өргөж гэрийн үүд рүү түлхтэл гэрийн үүдэнд унасан. Дахин Г-г тэвэрч босгоод гэрийн үүдээр түлхээд гаргасан.” (хавтаст хэргийн 74-75 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Г-гийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал)
М.Х-гийн Ө-н төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 112 дахь тал)
М.Х-гийн Е-ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 113 дахь тал)
Сумын мал тооллогын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 114 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Х-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Ц.Г нь шүүгдэгч М.Х-гээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...тухайн өдөр болсон үйл явдал нь хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үүд рүү авч шидэж, түлхэж гаргасан. Энэ үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр гарсан тархины доргилт, духан дээрх зулгаралт гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энэ гэмтэл үүссэн байж болно. Харин толгой, эрүү хэсэг рүү нь цохисон үйлдэл байхгүй. Хамар ясны хугарал гээд байгаа гэмтэл нь манай үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас үүссэн гэмтэл гэж үзэхгүй байгаа. Хохирогч өөрөө ч мөн хамар ясны хугарлаа багадаа сурч байхдаа үүссэн байх боломжтой талаар хамар мурийсан байсан гэдгийг хэлж мэдүүлж байна. Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр тэмдэглэгдсэн компьютер томографын шинжилгээний хариу дээр хамар яс мурийсан гэж тэмдэглэсэн байдаг. Тийм учраас хамар ясны хугарал гэмтлийг манай үйлчлүүлэгч учруулаагүй. Бусад гэмтлийг учруулсан байхыг үгүйсгэхгүй. Хохирогчийн зүгээс эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан талаар хэлж мэдүүлдэггүй. Мөн баримтаар нотлогдсон хохирол төлбөр өнөөдрийг хүртэл гаргаж өгсөн зүйл хавтаст хэрэгт байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлбөрийг нөхөн төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Өнөөдрийн байдлаар хохирогчийн зүгээс нотлох баримтаар бүрдүүлсэн хохирол төлбөр байхгүй байгаа учраас өөрийн үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч Ц.Г-гийн зүгээс мөнгөн дүн хэлж мэдэхгүй байна, гэхдээ толгой, тархиа үзүүлж харуулаад сайн эмчилгээ хийлгэж авъя гэсэн бодолтой байна гэх,
Шүүгдэгч нь миний хувьд хохирогчийн цээж рүү нь 2 удаа цохисноос өөр толгой, тархи руу гар хүрээгүй, өргөөд гадаа гаргасан, гадаа огт гар хүрээгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг Гурвансайхан гэр хорооллын ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ц.Г-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж, биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Ц.Г-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч А.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч Д.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 56, 92 дахь тал), гэрч Д.Д-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал), насанд хүрээгүй гэрч Ц.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61, 93 дахь тал), шинжээч эмч С.Ш-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...толгой, эрүү хэсэг рүү нь цохисон үйлдэл байхгүй. Хамар ясны хугарал нь манай үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас үүссэн гэмтэл гэж үзэхгүй байна. Хохирогч өөрөө ч хамар ясны хугарал гэмтэл багадаа үүссэн байж болзошгүй талаар мэдүүлж байна” гэж, шүүгдэгчийн хувьд “хохирогчийн цээж рүү нь 2 удаа нүцгэн хөлөөрөө өшиглөснөөс өөр толгой, тархи руу нь цохисон зүйл байхгүй, өргөөд гадаа гаргасан, гадаа огт гар хүрээгүй” гэх тайлбар, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч М.Х нь хохирогч Ц.Г-гийн толгойн тус газар нь цохисон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Г-гийн “...Гэрийн хаалга нээтэл миний шилэн хүзүүн дээр нэг юмаар хүчтэй цохиж авсан. Нэг сэрсэн чинь миний дээрээс нэг хүн өшиглөж байсан. Би босоод зугтаасан. Зүүн нүдний дээд хэсэгт духан дээр булдруу үүссэн, толгойн ар дагз хэсэгт хавдсан, амьсгаа авах, ханилгах, юм өргөхөд зүүн талын хавирга хөндүүлнэ, баруун чих хатгуулж өвдөнө, зүүн талын бөөр бага зэргийн өвчтэй, хоёр нүд хөхөрсөн, зүүн талын чихний ар тал хөхөрсөн.” (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Гэрч А.М-ын “Намайг хотод байж байхад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед манай нөхөр миний утас руу залгасан. Ц-н гэрт ирээд мэнд мэдчихээд эргээд гэрээс нь гартал миний хойноос нэг хүн гараараа боогоод авсан. Нэг мэдсэн би газар уначихсан, миний толгой руу нэг хүн өшиглөж байсан гэж ярьсан...” (хавтаст хэргийн 18 дахь тал),
Гэрч Д.Ц-ийн “Төд удалгүй 20-30 минутын дараа хашаанд хүн орилоод байхаар нь гэрээс гараад хартал Г хашаан дотор доошоо дөрвөн хөллөсөн байдалтай, өмсөж явсан цамцаа тайлаад тэвэрчихсэн, орилоод хэвтэж байсан. ... Би тухайн үед гэрээс гараад хартал Г гэх залуу доошоо тонгойгоод, газар суучихсан, нүүрээ дарчихсан ёо ёо гээд орилоод байсан....” (хавтаст хэргийн 56, 92 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Ц.Н-ийн “...Би гэрээс гараад харахад хажуу айлд ирж архи ууж байсан ахыг Х ах, гэрээсээ түлхэж гаргаад газар унагаасан. Нөгөө ах толгойгоо хоёр гараараа тэврээд доошоо хараад хэвтээд байсан. Х ах тэр ахыг толгой, гэдэс рүү нь өшиглөөд, гараараа цохиж аваад байсан. Би айгаад гэртээ орсон... Х ах Г гэх ахыг чирч гаргаад гэрийн гадаа өшиглөөд байсан. Ээжийг дэлгүүр явсан хойгуур намайг гэрт байхад Г ах Д эгчийн гэрийн гадаа газар нүүрээ гараараа дараад газар хэвтчихсэн Х ах Г ахыг өшиглөөд, дээрээс нь дэвслээд зодоод байсан. Тухайн үед Г ахыг духан дээр жижиг булд руу болчихсон байсан.” (хавтаст хэргийн 61, 93 дахь тал) гэх мэдүүлгүүд тогтвортой мэдүүлж нотолжээ.
Түүнчлэн хохирогчийн зүгээс “Сургуульд байхдаа сагсны бөмбөгөөр цохиулсан тул хамар мурийж хугарсан байх гэж бодсон” гэж мэдүүлж байх хэдий ч тухайн цаг хугацаанд бөмбөгөөр цохиулсны улмаас хамар мурийж, хугарсан болохыг тогтоосон баримт авагдаагүй бөгөөд харин шүүгдэгчид зодуулсан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 43 минутад хохирогч Ц.Г нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлж, толгойн компьютерт томографын зургийг авхуулсан (хавтаст хэргийн 25 дахь тал), 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн компьютерт томографын шинжилгээ (хавтаст хэргийн 29 дэх тал)-ний дүгнэлт хэсэгт: “Fracture nasal bone Cerebral edema” буюу “Хамрын ясны хугарал, тархины хаван” гэх онош тогтоосон баримтуудаас үзэхэд хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал бүхий гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Ц.Г-гийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт гэмтлүүд үүсчээ...” (хавтаст хэргийн 30-31 дэх тал) гэх шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шинжээч эмч С.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад “2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Г-гийн биеийн үзэхэд тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт зэрэг гэмтлүүд илэрсэн. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ц.Г-гийн биед үүссэн гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” (хавтаст хэргийн 91 дэх тал) гэх мэдүүлгээр хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал бүхий гэмтэл нь шинэ гэмтэл болох нь давхар нотлогдсон байна.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогчийн толгойд гар хүрээгүй гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нар “хамар ясны хугарлыг учруулаагүй” гэж маргаж байх боловч шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт аваагдаагүй байх тул тэдний гаргасан мэдүүлэг, дүгнэлт няцаагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Х-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, Ц.Г-гийн эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч М.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Х-гийн хохирогч Ц.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Х нь хохирогч Ц.Г-гийн эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах болон шүүхийн шатанд дээрх гэмтэлтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Харин шүүх хуралдааны явцад хохирогчийн хамар ясны хугарал бүхий гэмтэлд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэдүүлгийг харгалзан хохирогч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд манай үйлчлүүлэгч хөдөө мал маллаж амьдардаг, бага насны хүүхдүүдтэй хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч Ц.Г-гийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч нь би хөдөө мал малладаг, манай эхнэр нялх хүүхдээ хардаг тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн бага насны 2 хүүхэдтэй, мөн мал малладаг болох нь Х.Ө-н төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 112 дахь тал), Х.Е-ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 113 дахь тал), сумын мал тооллогын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 114 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Г нь баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн М-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Г нь баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ