Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/289

 

 

 

 

 

    2021           3             23                                       2021/ДШМ/289                                    

                                                                                                            

 

Ю.Над холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Т.Серикжан,

шүүгдэгч Ю.Н,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 295 дугаартай шүүгчийн захирамжийг прокурор Ц.Арвинбуудайгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Ю.Над холбогдох эрүүгийн 2003000000407  дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Чүрэм овогт Ю.Н, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Золуба” ХХК-д онлайн борлуулагч ажилтай, ам бүл 4,

            Ю.Н нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар дунд сургуулийн урд замд Д.Хын эзэмшлийн Тоёота приус маркийн 48-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай, эрэгтэй О.О мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ю.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Учир нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О хохиролтой холбогдуулан нийт 10.415.615 төгрөг нэхэмжилж байх бөгөөд үүнээс эмчилгээний зардалд 6.710.350 төгрөг нэхэмжилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгээс “Г.Онь өөрөө эм зүйч мэргэжилтэй, эмийн санд ажилладаг хүн юм. Г.О насанд хүрээгүй хохирогчийн хохиролд энэ хэрэгт хамааралгүй баримтууд цуглуулж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар хэлж мэтгэлцэв. Хохирогч талаас гаргасан эмийн сангийн баримтуудаас үзэхэд олонх нь бэлэн бус гүйлгээгээр төлбөр төлөгдсөн И баримтууд байна. Тухайлбал, “Ази фарма”-сүлжээ эмийн сангийн Цамбагарав салбар, Монос Улаанбаатар ХХК-ийн Монос-Өнөр эмийн сангуудын И баримт бүхий бэлэн бусаар хийгдсэн гүйлгээнүүдийн карт эзэмшигч хэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст дээрх баримтууд нь насанд хүрээгүй хохирогч Э.О эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй хамааралтай эсэхийг зайлшгүй тогтоох нь зүйтэй. Эдгээр нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад үүссэн шинэ нөхцөл байдал болох бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоолгохоор Ю.Над холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Учир нь, шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад ... хэрэг хянан шийдвэрлэх явцад үүссэн шинэ нөхцөл байдал болох бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Шүүх хуралдаан дээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нараас гаргасан хохиролтой холбогдох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О хохиролтой холбогдуулан нийт 10.415.615 төгрөг үүнээс эмчилгээний зардалд 6.710.350 төгрөг нэхэмжилж, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгээс “Г.Онь өөрөө эм зүйч мэргэжилтэй, эмийн санд ажилладаг хүн юм. Г.О насанд хүрээгүй хохирогчийн хохиролд энэ хэрэгт хамааралгүй баримтууд цуглуулж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар хэлж мэтгэлцэв. Хохирогч талаас гаргасан эмийн сангийн баримтуудаас үзэхэд олонх нь бэлэн бус гүйлгээгээр төлбөр төлөгдсөн “И” баримтууд байна. Тухайлбал: Ази-Фарма-Сүлжээ эмийн сангийн Цамбагарав салбар, “Монос Улаанбаатар” ХХК-ийн “Монос-Өнөр” эмийн сангуудын И баримт бүхий бэлэн бусаар хийгдсэн гүйлгээнүүдийн карт эзэмшигч хэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар 4 тогтоосны эцэст дээрх баримтуудыг нь насанд хүрээгүй хохирогч О.Оджаргалын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй хамааралтай эсэхийг зайлшгүй тогтоох нь зүйтэй” гэжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О болон түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нараас насанд хүрээгүй хохирогч О.Оджаргалын эрүүл мэндэд зарцуулсан баримтууд гаргаж өгсөн бөгөөд дээрх эмчилгээнд зарцуулагдсан гэх “И” баримтуудыг хүүхдийн эмчлэгч эмчийн бичиж өгсөн эмийн дагуу хэрэглэсэн эсэх талаар шүүх нь эмчилгээний карттай тулгалт хийж үзэн хэрхэх талаар шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 295 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Т.Серикжан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Оюунсүрэнд 3.367.000 төгрөгийг хохирол учирсан байна. Үүнээс шүүгдэгч Ю.Н нь 800.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас гаргаж өгсөн хохирлын баримтуудтай холбогдуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд учирсан хохирол, хор уршгийг тогтоож хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтаас шалтгаалж хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  хохирол хор уршгийг тогтоох ёстой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасан байхад хохирол хор уршгийг тогтоогоогүй мэтээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хохирлын баримт хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаажээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон хавтас хэргийг бүхэлд нь хянаад захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж буй эсэх, цугларч буй нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх” ёстой.

Гэвч хавтаст хэрэгт буй баримтаас үзэхэд эмчилгээний зардал гэж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан баримтад, эмчилгээний зардлаас гадна, түүнд хамааралгүй хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа худалдаж авсан  баримтууд мөн хавсаргагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол,хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэрхэн үнэлэх, энэ талаараа шүүхийн шийтгэх тогтоолд тусгах эрх нь шүүхэд нээлттэй бий тул прокуророос ирүүлсэн  хэргийн хэмжээнд нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой  байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн оролцуулж, эргэлзээтэй гэж үзсэн нотлох баримтын эх сурвалжийг тодруулан хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хохирлын тооцоог нарийвчлан гаргаж, хэнээс хэнд ямар хэмжээний хохирлыг гаргуулан олгох  нь үндэслэлтэй болохыг заах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Ю.Над холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Ц.Арвинбуудайгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 295 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Ю.Над холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл шүүгдэгч Ю.Над урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                                      ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ