Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 412

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, В.Содномцэрэн, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар магадлалтай, А.А-д холбогдох 201713000013 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, И м овогт А-ийн А.

А.А нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум, Богд гол багийн “Туна далай” барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нэвтэрч мөнгөн хазаар, аяга, ээмэг, даруулга зэрэг эд зүйлс хулгайлж иргэн Д.С-т 9.517.600 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан А.А-ы цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.А-аас 9.517.600 төгрөгийг гаргаж “Туна далай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 100.000 төгрөгийг гаргаж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А- гаргасан гомдолдоо “...Нэгжлэг хийхдээ тогтоолыг эхнэр Ш.Д-д уншуулахад зөвхөн А.А-ы гэрт гэж заасан боловч тогтоолоо зөрчин амбаарт нэгжлэгийн үйл ажиллагааг хууль бусаар гүйцэтгэхдээ эмх замбараа муутай, хэн, хаана, юуг гүйцэтгэж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Мөн протоколыг гараар үйлдэж, надад  танилцуулсан боловч гарын үсэг зуруулаагүй, хавтаст хэрэгт протоколын гар бичмэлийг хавсаргаагүй, өмгөөлөгчид нэг хувийг өгөөгүй, хөндлөнгийн гэрч байлцуулаагүй нь хэт 1 талыг барьсан гэж үзэж байна. Нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйлс С-ийн хазаарын зураг минийхтэй харьцуулан үзэхэд тэс өөр байгаа. Мөн гэрч Б нь анхны мэдүүлэг, таньж олуулах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, анхан шатны хурал дээр зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. Хохирогч С нь хазаарын тооны талаар зөрүүтэй мэдүүлж, ашиг сонирхлын зөрчил, 1 талыг барьж худал мэдүүлэг өгч байгаа нь учиртай байна. Үүнийг цагдаа, прокурор, шүүх шалгалгүй хэт нэг талыг барьж шийдсэн. Мөрдөгч шигтгээнүүдэд таньж олуулах ажиллагаа хийхэд манайхаас хураан авсан зүйлүүдийн зураг байсан боловч шигтгээний зураг байгаагүй юм. Гэтэл хавтаст хэрэгт байгаа тэмдэглэлийг компьютерт шивж, хуурамчаар шигтгээ нэмж, нэгжлэг хийхэд оролцоогүй хөндлөнгийн гэрчийн гарын үсэг зурагдсан нь хуурамч юм. Иймд хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэн намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А-ы өмгөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан гомдолдоо “...А.А нь түүнд холбогдуулсан хэргийг үйлдээгүй гэдгээ тогтвортой мэдүүлж ирсэн. Гэр болон бусад газраас хураагдсан эд зүйлийн гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад түүний өгсөн мэдүүлгийг сайтар нягтлан шалгах ёстой байсан. Гэтэл зөвхөн А.А-ы хэргийн эзэн холбогдогч гэсэн үндэслэлээр бусад сэжиг бүхий нөхцөл байдлыг шалгалгүй орхигдуулсанд миний үйлчлүүлэгч гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд А.А-ы гэр болон бусад газар нэгжлэгийг 2 удаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй. Журам зөрчсөн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөрдөгч нэгжлэг хийхдээ тэмдэглэлийг шууд хөтөлж, уг ажиллагаанд оролцсон хүмүүст танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулах журамтай. Гэтэл мөрдөгч нэгжлэгийн тэмдэглэлийн гар бичмэлийг хэрэгт хавсаргаагүй, харин компьютерээр шивснийг хавсаргасан. Энэ нь шүүгдэгчийн шүүх хуралдаан болон гомдлууддаа “мөрдөгч тэмдэглэлдээ элдэв зүйл нэмж оруулсан, нэгжлэгээр илрээгүй эд зүйлсийг дурдсан” гэх зүйл үнэн гэдгийг давхар нотолж буй нотолгоо юм. Тухайн үед нэгжлэгээр хураагдсан эд зүйлийг фото зургаар баталгаажуулсан. А.А-ыг буруутгаж буй үндэслэл, нотолгоо болгож буй “жижиг цэнхэр шигтгээ” нь тус зурагт авагдаагүй. Энэ байдал нь А.А-ы мэдүүлгийг үндэслэлтэй гэдгийг баталж байна. Гэтэл хоёр шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхааран үзэлгүй, эсрэг дүгнэлт хийсэн байгаад гомдолтой байна. Энэ бүхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,6,7 дахь хэсгүүдийг зөрчихөд хүргэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, ойлгомжгүй, мөрдөн байцаалтын явцад энэ зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй. Энэ зөрүүтэй байдлыг шүүхийн шатнаас залруулах ямар ч бололцоогүй. Мөн мөрдөн байцаалтын үеэр хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр байсан учир л А.А-ы өмссөн байсан гутлуудын мөрний дардас авагдах ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Энэ дардас тохироогүй учир л яллах  талын нотолгоо болгосонгүй. Энэ бүхнээс мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг хэн үйлдсэн гэх нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзэх талтай. Өмгөөлөгч би мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгах ажиллагаа дутмаг хийгдэж, зөвхөн А.А-ыг буруутгах чиг хандлага баримталсанд гомдолтой байна. Хоёр шатны шүүх эд зүйлийн нийт даац хэр билээ, хохирогчоор тогтоогдсон этгээд алдагдсан эд зүйлийн талаар өөр өөр мэдүүлэг өгч байгаа эсэхэд зөв зүйтэй дүгнэлт хийсэнгүй. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд А.А-ы барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нэвтрэн барьцааны эд зүйлүүд болох бусдын эд зүйлийг хулгайлсан гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай нотлох баримтууд тогтоогдоогүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдолдоо “...А.А-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэхийн зэрэгцээ хууль бус нотлох баримтыг үндэслэсэн гэж үзэхээр байна. А.А-ы гэр, амбаар, машин зэрэгт нэгжлэг хийх зөвшөөрөл нь хэлбэрийн хувьд зөвшөөрөл олгосон мэт харагдаж байгаа боловч яг нэгжлэг хийх байршлыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3-ийн 3.4 заалтыг зөрчсөн нотлох баримтыг үндэслэж шүүхүүд дүгнэлт гаргасан. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч Давхарбаяр болон хохирогч нарын мэдүүлгүүдийн аль нь үндэстэй аль нь үгүйсгэгдэж байгаа талаарх үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчиж байна. Иймд хэргийг хянан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасан хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолтой танилцсан. Хэрэг 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Баруун бүсийн худалдааны төвийн ломбардаас эд зүйл хулгай хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Шүүгдэгч уг хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож, 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хэргийг шалгахдаа Эрүүгийн процессын хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр бичигдээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ямар хууль буруу хэрэглэсэн, ямар хууль зөрчсөн талаар тодорхойгүй байна. Хэрэв 2017 оны 01 сарын 22-23-нд шилжих шөнө гарсан хэргийг 2002 оны хуулийг барьж шийдвэрлэж байгаа юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэл хэрэгт хангалттай нотлогдсон. Завхан аймгийн шүүхийн шүүгч нар шүүгдэгчийг хулгайн гэмт хэрэг өмнө нь үйлдсэн байхад тэнсэн харгалзах ял оногдуулж, шүүгдэгчийг давраасан болохоор дахин хулгайн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна. Хулгайн эд зүйл шүүгдэгчийн гэр, амбаараас гарч ирснийг таньж олуулсан. Гэрч Б удаа дараа эд зүйлийг А-аас худалдаж авсан гэдгээ мэдүүлсэн. Үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг хэлбэр төдий биш үндэслэлтэй олгосон.  Гэрч Бямбажавын мэдүүлгээр хэргийн үйл баримт хангалттай нотлогдож байна. Хэргийн газрын үзлэгээр хэрэг үйлдсэн хүн ломбардыг сайн мэддэг хүн хулгай хийсэн байж болзошгүй гэсэн таамаг гаргасан. Камерыг хэдийд ажилтай, ажилгүй гэдгийг мэдэж байх боломжтой хүн бол А юм. Шинжээчийн дүгнэлтээр ч шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. А нь ганцаараа энэ хэргийг үйлдсэн үү. Мэргэшсэн хүн юм шиг санагдсан” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон тогтоолын талаар хэлэхэд прокурорт хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Харин шүүх хуралдааны үед прокурор 2 мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулан нэгжлэг хийсэн ажиллагааны талаар тодорхой яриулсан байдаг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн А.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.А нь Завхан аймгийн Улиастай сум, Богд гол багийн нутаг дэвсгэрт байрладаг “Туна далай” барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж хохирогч Д.С-т 9.517.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх А.А-ы гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээг мөн адил хамааруулж ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Хууль тогтоогч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг өөрчлөөгүй боловч дээд хэмжээг найман жил болгож тогтоосон байхад прокурор хэргийг буруу зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх зөвтгөн өөрчилж, гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.     

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх, түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, В.Содномцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН