| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2020/00237/И |
| Дугаар | 156/ШШ2020/00253 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2020/00253
156/ШШ2020/00253
156/2020/00237/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дадал сум, .. дүгээр багт оршин суух, Б овогт Д Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Дадал сум, .. дүгээр багт оршин суух, Х овогт А А /РД:/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.Т,
хариуцагч А.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А 2011 оны 08 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Т.Э төрүүлсэн. А.А нь 2012 оны 04 дүгээр сараас Д.Б гэх эмэгтэйтэй хувийн харилцаатай болж бидний харилцаа хөндийрч эхэлсэн. 2013 оны 06 дугаар сард хүүхдээ бодож байна эргэж нийлье гэж ирсэн. Тухайн үед охиноо бодож эргэж нийлсэн боловч нэг сар бололгүй яваад өгсөн. Би 2015 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд А.А аав Ц.А, ээж Г.О нарын хамт охин Т.Э өсгөх хугацаанд нэг ч удаа охиныгоо эргэж ирээгүй. Миний бие охин Т.Э хамт 2015 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан бөгөөд охин Т.Э хүссэн үед нь өвөө эмээтэй уулзуулж хамт байлгадаг. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул А.А охин Т.Э 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс шүүхэд хандах хүртэлх хугацааны тэтгэмжийг нөхөн гаргуулж, 18 нас хүртэлх хугацааны тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Харилцан тохиролцсны үндсэн дээр нэхэмжлэлдээ оруулж тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагаа охиноо өсгөхөд зарцуулсан зардалд 2 000 000 төгрөг нэхэмжилж, үүнийг төлөх хариуцагчийн хугацааг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Т.Э нь миний төрсөн охин мөн. Тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна. Өнгөрсөн хугацаанд охиныг өсгөхөд гарсан зардалд 2 000 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Хуулийн зохицуулалтыг ойлголоо гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч А.А холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс шүүхэд хандсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэмж нөхөн гаргуулах, мөн хуульд заасан хэмжээний дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь тэтгэмж нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа охин Т.Э өсгөхөд гаргасан зардал 2 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн болно.
А.А, Д.Т нарын дундаас 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Т.Э төрсөн, Т.Э нь хариуцагчийн төрсөн хүүхэд, уг хүүхэд одоо эхийн асрамжид байдаг гэдэг дээр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргаагүй.
Нэхэмжлэлийн шаардлага, хүүхдийн эрх ашгийг харгалзаад Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчийн маргаагүй байр суурь зэргийг харгалзан үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдийн эцэг тогтоох асуудлыг маргааны онцлогт тохируулан шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хүлээн зөвшөөрсөн байдлийг нь харгалзан охин Т.Э эцгээр А.А тогтоож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул Т.Э эцэг А.А нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, мөн охин Т.Э нь эхийн асрамжид байгаа бөгөөд энэ талаар маргаан гараагүй болохыг тус тус дурдвал зохино.
Охин Т.Э өсгөхөд гаргасан зардал 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, уг хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Т.Э эцгээр А.А тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Э 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.А нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.А нь хүүхэд өсгөхөд гарсан зардал 2 000 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Т төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, уг хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,
хариуцагчаас 103 794 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 33 594 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ