| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Э.Н,
Нарийн бичгийн дарга А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Э-ын Н-т холбогдох 2528000000048 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй тавилгын дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрийн бараа худалдан борлуулсны орлогыг өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... тоот данс руу шилжүүлэн завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Н-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс ... дэлгүүрт угсралт, хүргэлтийн ажилтнаар орсон. Тухайн үед Т эгч гадаад явсан байсан. З эгчийг цайндаа гарсан хойгуур хүн ирээд 1,450,000 төгрөгийн бараа авсан. Би Т эгчийн дансыг мэдэхгүй байсан учир өөрийн дансаар авч, улмаар уг мөнгийг хувьдаа ашигласан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайх ... нэртэй тавилгын дэлгүүр ажиллуулдаг юм. Манай дэлгүүрт Э-ын Н гэх хүнийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр туслах ажилтнаар авч ажиллуулсан. Түүнээс хойш Н нь туслах ажилтнаар ажиллаж тавилга зөөж, угсрах, бусад ажилд оролцох, хаягаар тавилга хүргэж угсарч өгөх ажил хийдэг юм. Би гэр бүлээрээ 2024 оны 12 дугаар сарын 20-нд яваад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Намайг эзгүй байх хугацаанд манай дэлгүүрийг худалдагч З хариуцан ажиллаж байсан. Би ирснийхээ дараа дэлгүүрийн орлогын тооцоо хийсэн чинь 1,450,000 төгрөгийн орлого дутсан байсан. Тэгэхээр нь шалгаж үзсэн чинь туслах ажилтан Н уг орлогыг өөрийнхөө данс руу хийгээд авчихсан байсан. Тэр үед Н ажилд ирэхээ больчихсон байсан. Тэгээд би худалдагч З-ыг учраа олж энэ мөнгийг төлүүлээрэй гэж хэлсэн байсан чинь Н миний утас руу манай хамаатны эгч мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би шилжүүлсэн байгаа, удахгүй төлж өгөн гэж мессеж бичиж байгаад хэл чимээгүй болчихсон... Н нь ажилд орсноосоо хойш элдэв өвчин зовлон тоочсоор байгаад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 550,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийн зээлүүдийг гуйж авч байсан, эргэж төлөөгүй байгаа, үүн дээр тавилгын мөнгө болох 1,450,000 төгрөг гээд нийт 1,719,500 төгрөгийн зээл, 1,450,000 төгрөгийг нэмээд нийт 3,169,500 төгрөгийг Наас нэхэмжилнэ.” (хавтаст хэргийн 11 дэх тал)
Гэрч Ж.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Н гэх хүнийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... дэлгүүрт туслах ажилтнаар ажилд орсноос нь хойш таньдаг болсон, урьд нь таньдаггүй байсан... Би энэ асуудлын талаар сүүлд нь мэдсэн. Тухайн үед буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэг эмэгтэй хүн дэлгүүрт ирээд ор худалдаж авахаар болоод маргааш ирж авна гээд явсан. Тэгээд маргааш нь би түр гарсан хойгуур Н-ыг дэлгүүрт байх хугацаанд тэр эмэгтэй дэлгүүрт ирээд ор худалдаж авъя гэж байна гэж Н ярихаар нь би тооцоог нь Т эгчийн данс руу хийлгээд авчих гэсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд дараа нь би Н-аас юу болсныг асуусан чинь тооцоог нь Т эгчийн данс руу хийлгэсэн гэж хэлсэн. Тэгээд би мэдээгүй өнгөрсөн. Тухайн үед Т эгч гадаад явчихсан байсан болохоор мэдээгүй, сүүлд нь ирсэн хойноо өдөр өдрийн орлогоо тооцож үзэж байгаад уг мөнгийг Н хувьдаа авсныг нь мэдсэн.” (хавтаст хэргийн 17 дахь тал)
Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... нэртэй тавилгын дэлгүүрт туслах ажилтнаар ажилд орсон. Үүнээс хойш ажиллаж байх хугацаандаа дэлгүүрийн захирал Т эгчээс мөнгө зээлж авч байсан нь үнэн би эхлээд 450,000 төгрөг, дараа нь дахин 550,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн харин барааны мөнгө авсан гэдэг нь нэг айл манай дэлгүүрээс ор, матраас, тумбочка худалдан аваад хүргүүлсэн юм. Тэгээд ямар данс руу шилжүүлэх вэ гэхээр нь би дэлгүүрийн дансыг мэдэхгүй байсан болохоор өөрийнхөө дансаар мөнгийг нь авчихсан. Тэгээд маргааш нь уг мөнгийг өгөх гэсэн боловч Т захирал гадаад явчихсан болохоор би өгч чадаагүй байж байгаад ажлаасаа гараад явсан. Би бас хамт ажилладаг Заас 455,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн би эдгээр хүмүүсээс зээлсэн мөнгөө өгөх болно.” (хавтаст хэргийн 14 дэх тал)
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 25 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал)
Э.Н-ын цалин тооцоо (хавтаст хэргийн 30 дахь тал)
Ажилтны анкет (хавтаст хэргийн 31 дэх тал)
Э.Н-ын “Хаан банк”-ны ... тоот дансны хуулга (хавтаст хэргийн 40-52 дахь тал)
Н.Т-ийн Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 73 дахь тал)
Шүүгдэгч, хохирогч нарын хохирлын талаарх харилцан тохиролцсон хүсэлт (хавтаст хэргийн 74 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Н-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тухайн гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-т 1,450,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч Э.Н-аас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-т олгуулах саналтай байна гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж байна, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Н нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй тавилгын дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрийн бараа худалдан борлуулсны орлогыг өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... тоот данс руу шилжүүлэн завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Ж.З-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), Э.Н-ын “Хаан банк”-ны ... тоот дансны хуулга (хавтаст хэргийн 40-52 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг,
“итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгоно.
Шүүгдэгч Э.Н нь “...” нэртэй тавилгын дэлгүүрт туслах ажилтнаар буюу хөдөлмөрийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-ийн “Манайх ... нэртэй тавилгын дэлгүүр ажиллуулдаг юм. Манай дэлгүүрт Э-ын Н гэх хүнийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр туслах ажилтнаар авч ажиллуулсан. Түүнээс хойш Н нь туслах ажилтнаар ажиллаж тавилга зөөж, угсрах, бусад ажилд оролцох, хаягаар тавилга хүргэж угсарч өгөх ажил хийдэг юм...” (хавтаст хэргийн 11 дэх тал) гэх,
гэрч Ж.З-ын “Би Н гэх хүнийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... дэлгүүрт туслах ажилтнаар ажилд орсноос нь хойш таньдаг болсон, урьд нь таньдаггүй байсан” (хавтаст хэргийн 17 дахь тал) гэх мэдүүлгүүд болон Э.Н-ын цалин тооцоо (хавтаст хэргийн 30 дахь тал), ажилтны анкет (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Н-ыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл Э.Н нь “...” нэртэй тавилгын дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрийн бараа худалдан борлуулсны орлогыг өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... тоот данс руу шилжүүлэн завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,450,000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Тт 1,450,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1,450,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-т олгох нь зүйтэй байна.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 3,169,500 төгрөгийг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн байх боловч завших гэмт хэргийн улмаас 1,450,000 төгрөгийн хохирол учирсан, үлдэх 1,719,500 төгрөг энэхүү гэмт хэрэгтэй холбоогүй байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Н-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой харилцан тохиролцсон зэргийг харгалзан дөрвөн төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Н нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-аас 1,450,000 (нэг сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-т олгосугай.
6. Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ