| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0116/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.Сансарбаяр
Шүүгдэгч Ч...
Шүүгдэгчийн өмгөөлөгч В...
Хохирогчийн өмгөөлөгч Б... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн ... сумын “....” шатахуун түгээх станцад ******* ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт .... /регистрийн дугаар: ..../
Шүүгдэгч Ч... нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн ... сумын ... багийн “...” гэх газарт байх өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.... эзэмшил, өмчлөлийн зөв талын чих оно имтэй, зөв талын гуяны дээр ... дээр жижиг ... тамгатай сартай хүрэн зүсмийн 2 настай адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй болохыг мэдсээр байж орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн эзэмшилдээ байлган улмаар 2024 оны 08 дугаар сард иргэн У... худалдаж борлуулж өөрийн өмчийн адил захиран, зарцуулж түүнд 800.000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Д.... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Д.... нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1 Хохирогч Д... 1 тооны адуу Завхан аймгийн ... сумын ... багийн ... гэх газар бэлчээрлэж байсан ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр Завхан аймгийн ... сумын ... багийн “...” гэх газар бэлчээрлэж байсан Ч... адуунд 2025 оны 10 дугаар сард нийлсэн байсан нь шүүгдэгч Ч.... “... 2023 оны өвөл манай адуу ... сумын ... багийн нутаг ... гэх нэртэй эзэнгүй бэлчээрт байсан ... би 2023 оны 10 дугаар сарын дундуур тухайн газар адуугаа бүртгэх гээд очсон чинь манай адуунд сартай хүрэн зүсмийн багавтар адуу нийлчихсэн харагдаж байсан. Тэгээд өвөл ганц хоёр удаа адуугаа эргэж тойрч очиход тухайн адуу манай адуунд байж л байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард адуугаа дэллэх гээд адуунуудаа хашаанд шахсан чинь зөв талын гуяны дээр ... дээр ... тамгатай, зөв талын чихэн дээр оно имтэй сартай хүрэн зүсмийн адуу байсан. Тэгээд би адуунуудаа дэллэчхээд бүгдийг нь гаргаад явуулсан. Тэгээд тэрнээс хойш адуун дээрээ нэг их очиж чадалгүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын дунд хэсэгт манай сумын У... гэдэг хүн адуу худалдаж авна гэхээр нь хөдөө адуу руугаа яваад нөгөө сартай хүрэн үрээг ганцааранг нь тууж авч ирээд У... зарж борлуулсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа хөдөө явж байгаад гэртээ ирсэн чинь манай ах ******* над руу залгаад У.... зарсан адуу чинь ... адуу юм биш үү эзэн нь таниад байна гэхээр нь би урдаас нь хэний адуу гэдгийг нь бол би сайн мэдэхгүй 2023 оны 10 дугаар сард манай адуунд нийлчихсэн байсан эзэн нь олдохгүй болохоор нь би зарчихсан юм гэж хэлсэн....” гэсэн мэдүүлгээр,
Ч... адуунд нэг тооны адуу нийлсэн байсан тухай мэдүүлсэн гэрч Д.... “...Би энэ оны хавар яг хэзээ байсныг мэдэхгүй байна. Хүргэн ... адуугаа дэллэх гээд тууж ирээд манай өвөлжөөний хашаанд хашсан. Тэгээд хүргэн адуугаа дэллэх үед хашаанд байсан адуунууд хашаа дээгүүр харайгаад байсан болохоор ээж гарч ирээд харж байгаа ч гэхээр нь би хашааны гадна зогсоод адуунуудыг нь харж байсан чинь адууны дунд арай өөр зүсмийн тамга нь ондоо нэг адуу байсан тэгэхээр нь би хүргэнээс энэ юун адуу вэ? гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна өнгөрсөн жил намар адуугаа нэг эргэж ирэхэд адуунд нийлсэн байсан хэний адуу гэдгийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тэгж тэр сартай хүрэн үрээг нийлсэн байсныг мэдсэн. Тухайн үед тэдний адуунд өөр айлын адуу байгаагүй. Тухайн адуу Ч... адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Х... “...Би өнгөрсөн жил буюу 2023 оны 10 дугаар сард адуунд явж байхад ... адуугаар ороход тэдний адуунд сартай хүрэн зүсмийн ... дээрээ ... тамгатай адуу байсан. Дараа нь ... ярилцаж байхад манай адуунд нэг үрээ нийлсэн байна гэж ярьсан. Тухайн үед адууны эзнийг мэдэхгүй болохоор яг хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Тухайн адуу ... адуунд өвөлжөөд, хаваржаад, зуссан. Тухайн адуу нь Ч.... адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн байсан. Өөр ямар нэгэн адуу байгаагүй. Тухайн адууг хэн нэгнээс худалдаж аваагүй өөрөө гүйж ирсэн адуу...” гэсэн мэдүүлгээр,
Өөрийн адуунд нийлсэн байсан дээрх 1 тооны адууг шүүгдэгч ... овогт ... нь 2024 оны 08 дугаар сард Завхан аймгийн ... сумд адуу авч байсан иргэн С.... 600,0000 төгрөгөөр худалдсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Ч.... өөрт нь 1 тооны адуу худалдсан тухай мэдүүлсэн гэрч С.... “...гэх залуу над руу ... утсаар залгаад адуу авч байгаа юу? адуу аваачиж өгнө гэж ярьсан тэгээд 2024 оны 08 сард ... сумын төв дээр намайг эзгүй байх үеэр "...." манай гэрийн хашаанд уяж орхиод явсан байсан. Тухайн үед ... нь адуунд гарал үүслийн гэрчилгээ аваагүй байсан. Тэгээд маргааш ... гэх хүн ирээд миний адуу байна чамд миний адууг хэн авчирч өгөв? гэхээр нь би ... манай хашаанд уяж орхиод явсан байсан талаар хэлсэн. Тэр адууг нь хот руу авч явалгүй хашаандаа үлдээгээд ... нөгөө адуугаа аваарай гэж хэлсэн, ... ч ирээд нөгөө хүрэн үрээгээ аваад явсан байсан... Би тухайн адууг 600,000 төгрөгөөр худалдаж авахаа тохиролцсон” гэсэн мэдүүлгээр,
Алдсан 1 тооны адуу нь Н.... худалдан авч байсан адуунд байсан тухай мэдүүлсэн хохирогч Д... “...Би ... сумаас өөрийн эзэмшлийн 3 азарга буюу 72 тооны адууг 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрийн орчимд яг тухайн өдрөө сайн санахгүй Завхан аймгийн ... сумын ... багийн ... гэх газарт иргэн ... / .../ гэж дууддаг хүнд тууж хүргэж тоолж хүлээлгэж өгсөн юм....Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд манай адуунаас 4 тооны адуу алга болсон байсан...Тэгтэл энэ намар буюу 2024 оны 08 дугаар сарын эхээр манай суманд адуу авч байсан У.... гэдэг залууд миний алдсан 4 тооны адууны 1 тооны адууг манай сумын ... багийн иргэн ... гэдэг залуу авч ирж агтанд өгсөн байсан. Манай охин Б... намайг та адуу өгсөн юм уу таны тамгатай адууг агтанд өгсөн байна гэсэн. ...Би маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын эхээр л байсан яг тухайн өдрөөс санахгүй юм, агт авч байсан газарт очиж үзсэн чинь миний алдсан 4 тооны адууны нэг нь байсан. Би агт авч байсан У... гэдэг залуугаас энэ адууг хэн гэж хүн авч ирж өгсөн талаар асуухад Ч... гэдэг залууг авч ирж өгсөн гэж хэлсэн. Миний алдсан адуу тухайн үед буюу 2023 оны 08 сард сартай хүрэн зүсмийн зөв талын чих оно имтэй, ... тамгатай 2 настай адуу буюу эр даага байсан. Одоо 2024 онд 3 настай буюу шүдлэн үрээ байх ёстой. Миний өөрийн адуу байсан болохоор тамга, зүсээр нь адуугаа таньсан. Би өөрийн алдсан гэх 1 тооны адууг 800,000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн хүргэн хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ... сум, ... сум, ... сумдын нутгаар хайж явсан. Надад адуугаа хайж сураглаж хүмүүстэй уулзаж захиж явахад тээврийн хэрэгсэлд бензин шатахуунд 1 сая төгрөгийн хохирол учирсан. Манай адуу тухайн үед ... сумын ... багийн нутаг ..., ..., ... гэх газруудаар нутаглаж бэлчээрлэдэг байсан. Манай адууг тухайн үед харж байсан Д... гэдэг залуу байнгын хариулгатай харж байсан. Миний адуу урд өмнө нь салж айлын адуу дагаж явж байгаагүй. Миний яг унаган адуу...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б... "... Манай ээж ... суманд байсан адуунаас 4 тооны адуу алга болсон гэж ярьж байсан. Би нутгийн хүмүүсээс сураад л байсан сураг нь гараагүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын сүүлээр усанд явж байхад манай суманд адуу авч байсан хүний адуун дунд манай адууны им, тамга нь яг адилхан адуу байсан. Би ээж рүү яриад ороод ирээч гэсэн чинь ээж орой орж ирээд мал авч байсан адуун дунд үзэх гэсэн чинь харанхуй болчхоод юм харагдахгүй болохоор нь маргааш өглөө нь сумын төвийн баруун захад хашаанд хашсан байсан адуун дунд ээж очоод үзэхэд манай адуу мөн байна гээд тэр адууг ачуулаагүй. Тэгээд энэ адууг хэн өгсөн бэ гэхэд мал авч байсан ... гэх залуу энэ адууг Ч.... өгсөн гэж хэлсэн. Бид нар энэ манай адууг яагаад зарсан юм бэ? гэхэд эхлээд манай найз өгсөн гэж байснаа сүүлдээ болохоор адуунд маань ирээд нийлсэн өвөлжөөд, хаваржаад, зуссан юм. Эзэн нь гээд хүн ирэхгүй болохоор нь адуу худалдаж авч байна гэхээр нь зарсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлгээр,
хохирогчийн адууг маллаж байсан гэрч Д... 2025 оны 01 дүгээр сарын 21-ний “...Би Д.... гэх хүний төрсөн дүү бид 2 нэг айлын хүргэчүүд байгаа юм. Садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Би ... адууг 2021 оны 09 сараас эхлэн маллаж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн. Адууг нь хүлээлгэн өгөхдөө тоог нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Өөрөө ирээд тоолж аваад явсан. 2022 оны зун азарга хасаад зөв талын гуяндаа ... даага, хээр шүдлэн үрээ 2 алдсан тэрийг ... өөрөө мэдэж байгаа. Намайг адууг нь хариулж маллаж байхад ямар нэгэн адуу алга болоогүй...” гэсэн мэдүүлгээр,
С... Ч... худалдсан 1 тооны адууг Д... өөрийн адуу мөн байна гэж таньсан тухай тэмдэглэсэн 2024 оны 10 дугаар сарны 31-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ч... адуу завшсан үйлдлийн улмаас Д... 800,000 төгрөгийн хохирол учирсан нь “*******” ХХК-ний шинжээч Ж... 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай “…сартай хүрэн үрээ -нийт үнэ 800,000 ....төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
1.3 Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн өөрийн адуунд нийлсэн байсан 1 тооны адууг худалдан борлуулсан дээрх үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ шүүгдэгчийн холбогдсон хэргийг “2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн ... сумын ... багийн “...” гэх газарт байх өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.... эзэмшил, өмчлөлийн зөв талын чих оно имтэй, ... тамгатай сартай хүрэн зүсмийн 2 настай адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй болохыг мэдсээр байж орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн эзэмшилдээ байлган улмаар 2024 оны 08 дугаар сард иргэн У... худалдаж борлуулж өөрийн өмчийн адил захиран, зарцуулж түүнд 800.000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан” гэж буюу шүүгдэгчийн Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн өмчлөлийн адуунд нийлсэн адууг худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан ба Мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинж болох хулгайлах гэсэн ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж тодорхойлсон. Энэ зүйлд заасан хулгайлах гэсэн ойлголтод Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн эзэмшилдээ байлган улмаар худалдсан гэх шинжийг хамааруулаагүй байна.
Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарахгүй шинж болох Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй алдуул малыг бусдад худалдсан гэх шинжээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.
Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах идэвхитэй үйлдлээр илэрдэг бол …алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй эзэнгүйдсэн байгаа малыг ойлгоно.
Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малын эзнийг олох алхам хийгээгүй эс үйлдэхүйгээр бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатайгаар завшсан шууд санаатай үйлдлээр илэрнэ.
Алдуул малын эзнийг олох идэвхтэй үйлдэл хийх гэдэг нь Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “ алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлэх явдал юм.
Энэ хэргийн тухайд 2023 оны 10 дугаар сард Ч…. нь өөрийн адуутай нийлсэн Д…. 1 тооны адууг 2024 оны 08 дугаар сард энэхүү нөхцөл байдлыг ашиглан Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж Н… 600,000 төгрөгөөр худалдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Ч... холбогдох хэргийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ч... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч... нь хохирогч Д... 1 тооны адууг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдсон байна.
1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгч Б... Д... сэтгэцэд учирсан хор уршиг 3,293,400 төгрөг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 374635 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хохирогч Д... 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 74000 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 79,982 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 57,618 төгрөгийн, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 120,035 төгрөгийн шатахуун авсан нь хэрэгт авагдсан шатахуун худалдан авсан баримтуудаар тогтоогдож байна. Шатахуун худалдан авсан цаг хугацаа нь Д... сэтгэцийн шинжилгээнд хамрагдсан цаг хугацаа болон хохирогч Д... нь Ховд аймгийн шүүх шинжилгээний хэлтэст өөрийн биеэр очиж шинжилгээнд хамрагдсан нөхцөл байдалтай тохирч байна.
Харин хэрэгт авагдсан 50,000 төгрөгийн баримтаар нь хэзээ юу авсан нь тодорхойгүй байх тул шинжилгээ өгөхөөр явсан зардлаас 50,000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс 331,635 төгрөгийг хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Хохирогч Д... сэтгэцэд хор уршиг учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ... ... /РД: .../-ын сэтгэцэд хор хохирол учирсан байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэг дүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан .
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргалчлал “-ын 3 дугаар зүйлийн 3.8-д “ Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл … шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал хохирогчид учирсан үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу гэм буруугаа гэмшиж байгаа байдал төлбөрийн чадвар, …зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж, 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг хүснэгтээр баталж хүснэгтийн 1 дүгээр зэрэглэл нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоохоор заасан.
Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 660,000 төгрөг байсан нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 660,000*2=1,320,000 төгрөгийн төлбөр тогтоож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 331,635 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 1,320,000 төгрөг нийт 1,651,635 төгрөгийг гаргуулж хохирогч Д... олгохоор шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-“...учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ” гэж зааснаар шүүгдэгч нь хохирогчид бодит хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч... ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... тойн овогт ... холбогдох хэргийг Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ч... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.... 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч... оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч... нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.... 1,651,635 төгрөгийг гаргуулж хохирогч Д... олгосугай.
7. Шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ