| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0081/э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000088 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******” гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед согтуугаар хамтран амьдрагч эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “гэртээ байхгүй, гадуур явлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн орчимд манай нөхөр ******* над руу залгаад “хаана байна” гэхээр нь би нөхөртөө “зүүн довын дэлгүүрт байна” гэж хэлсэн. Удалгүй зүүн довын дэлгүүрийн гадаа машинтай ирээд дуут дохио дуугаргахаар нь гарч очиход манай нөхөр согтуу байсан. Нөхөр бид хоёр дэлгүүрийн гаднаас хөдлөөд ахыг гэрт нь буулгаж өгөөд гэр рүүгээ явж байх замд манай нөхөр “чи яах гэж дэлгүүр орсон юм бэ, хэнтэй явж байсан юм бэ” гээд шууд миний хамар руу 2 удаа цохисон. Тухайн үед миний хамраас маш их цус гарсан бөгөөд би машинаас бууж зугтааж найз дуудаж бид хоёр эмнэлэг явж үзүүлсэн. Надад энэ хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр *******той одоо хэвийн харилцаатай хамт амьдарч байгаа. Манай нөхөр дахин надад гар хүрэхгүй гэдгээ илэрхийлж бид хоёр хамт амьдарч байгаа. Ийм учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 9-12/
Иргэний нэхэмжлэгч а мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэхийг шүүж үзэхэд эмчилгээний зардалд 38,675 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 17-18/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ДОР/0725/98 тоот дүгнэлтэд:
1. биед хамрын хянга ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, баруун гуяны цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Хамрын хянга ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, баруун гуяны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 34-35/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд хоёр хүүхдээ гэрт нь эзгүй үлдээгээд гадуур архи уугаад явж байгаа байдалд нь дургүйцэж уурласан. Ингээд маргалдаж байх үедээ би уурлаж түүний нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Үүнээс хойш манай эхнэрийн хамарнаас нь цус гоожиж машинаас буугаад эмнэлэг рүү явсан. ...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14/
Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 30/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-33/
*******оос Эрүүл мэндийн даатгалын санд 39,000 төгрөгийг төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 59/
*******ид холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-48/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт согтуугаар хамтран амьдрагч ыг “гэртээ байхгүй, гадуур явлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “... хоёр хүүхдээ гэрт нь эзгүй үлдээгээд гадуур архи уугаад явж байгаа байдалд нь дургүйцэж уурласан. Маргалдаж байхдаа би уурлаж түүний нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Үүнээс болж манай эхнэрийн хамарнаас нь цус гоожиж машинаас буугаад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...зүүн довын дэлгүүрийн гадаа машинтай ирээд дуут дохио дуугаргахаар нь гарч очиход манай нөхөр согтуу байсан. Нөхөр бид хоёр дэлгүүрийн гаднаас хөдлөөд ахыг гэрт нь буулгаж өгөөд гэр рүүгээ явж байх замд манай нөхөр “чи яах гэж дэлгүүр орсон юм бэ, хэнтэй явж байсан юм бэ” гээд шууд миний хамар руу 2 удаа цохисон. Тухайн үед миний хамраас маш их цус гарсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ДОР/0725/98 тоот “ биед хамрын хянга ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, баруун гуяны цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамрын хянга ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь: Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг нэг бүрийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, улмаар уг үйлдэл, эс үйлдэхүй нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх шинж, сэдэлт, санаа зорилго байгаа эсэхийг шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч *******ийн үйлдэлд гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийн зарчмыг хөндсөн, улмаар хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүний сэтгэл санаа, бие махбодод халдаж байсан дадал зуршил болсон шинж, сэдэлт, санаа зорилго эрүүгийн 2521000000088 дугаартай хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна тухайн гэмт үйлдэл нь хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн тохиолдлын шинжтэй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн болох нь хохирогч “...*******той хамтран амьдраад 9 жил болж байна, манай нөхөр тухайн өдөр намайг хардсандаа л зодсон байх...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ийн “...би хөдөөнөөс ирэхэд гэртээ байхгүй гадуур айлаар явсан байхаар нь уурлаж үг хэлсэн. Нэгнийхээ үгийг даахгүй хоорондоо хэрэлдэж би уураа барьж чадалгүй гараараа нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболдын “*******ийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ДОР/0725/98 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 38,675 төгрөгийг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Бодонгууд овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд 38,675 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА