| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/00183/И |
| Дугаар | 101/ШШ2022/00362 |
| Огноо | 2022-01-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/00362
| 2022 01 25 | 101/ШШ2022/00362 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц.Д-ын гаргасан,
Т.Г-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр миний ач хүү Ц.Бын найз болох Т овогтой Гэд яаралтай орон сууцны захиалгын мөнгө хэрэгтэй байна, хямдралын хугацаа дуусах гээд байна, миний хугацаатай хадгаламжийн хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусна гэж гуйхаар нь 20 хоногийн дараа буцаагаад өгөх юм байна гэж бодоод би өөртөө байсан бүх мөнгөө банкнаас авч, ач хүү Ц.Б цахимаар 5,000,000.00 төгрөг зээлж, бид хоёул 10,000,000.00 төгрөгийг түүнд өгсөн юм. Гэтэл тэрээр мөн оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөнгийг буцааж өгөх нь бүү хэл утсаа авахгүй, заасан хаягтаа байхгүй болсон. Тэрээр одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул Т.Гийг эрэн сурвалжилж өгнө үү.
Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул эзгүйд хянан шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Даас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Т.Гийг тодорхойлон эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл тэрээр Т.Гэд бэлнээр өгсөн гэх 5,000,000.00 төгрөгийг түүнээс нэхэмжлэх гэхэд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс улбаалан эрэн сурвалжлуулах шаардлагатай байгаа ажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч Ц.Д нь Хас банк ХХК дахь өөрийн 001 тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийт 5,000,000.00 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийжээ.
Ингээд уг мөнгийг зээлсэн гэх Т.Гээс буцаан нэхэмжлэхээр түүний оршин суудаг гэх Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны засаг даргаас бүртгэлтэй эсэхийг тодруулахад Т.Г нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туулын 89, 100 тоотод оршин суудаггүй гэх тодорхойлолт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.................. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтаар Т.Г нь уг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна. Учир нь, тэрээр нэхэмжлэгчээс 5,000,000.00 төгрөг авсан гэсэн бичиг өгч байжээ.
Хариуцагчийн оршин байгаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулахаар нэхэмжлэгч тал өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүйг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Ц.Д нь энэ талаар тодорхой арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн энэ хэргийг шүүхээс хянан хэлэлцэж байх хугацаанд Т.Гийг Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Туул 89, 100 тоот болон 02 тоот хаягт оршин суудаг эсэхийг тодруулахад дээрх хаягуудад бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй ажээ.
Тодруулбал, шүүхээс хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн харъяа хорооны засаг даргын тодорхойлолтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.7 болон Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар тухайн баг, хорооны засаг дарга нь хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх, мэдээлэх чиг үүрэгтэй тул хууль ёсны баримт гэж тооцох учиртай.
Иймд, нэхэмжлэгчийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан ба нэхэмжлэгчээс хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг үндэслэн т Тын Г /рд:/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Гийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР