Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2019/00162

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2019/00162

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг 11-р гудамж 11 тоотод оршин суух Шарга овгийн Энхтуяагийн Ханддоржийн /регистрийн дугаар ГЮ93031710/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 14-р гудамж 10 тоотод оршин суух Буржгар овгийн Пүрэвсүрэнгийн Батсайханд /регистрийн дугаар ФА93080818/ холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ханддорж, хариуцагч П.Батсайхан, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ханддорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ханддорж би П.Батсайханы хүсэлтээр машинаа 6 000 000 төгрөгөөр зарсан. Тэгээд миний машиныг тавьж мөнгө гаргаж өгнө гээд машиныг маань нэр дээрээ шилжүүлэн 2018 оны 12 сарын 12-нд нотариатаар батлуулсан. 2 хоногийн дараа 5 200 000 төгрөг авахаар тохирсон. 2018 оны 12 сарын 15-ны орой 19 цагт гэрт 3 700 000 төгрөг П.Батсайхан авч ирж өгсөн. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийг ээжийнхээ тэтгэвэрийн зээлийг авч өгнө гээд шалтаг шалтгаан хэлсээр байгаад удаан хугацааны дараа мөнгө ирж ав гээд 1 000 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл 500 000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд П.Батсайханаас үлдэгдэл 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Э.Ханддоржийн соната 6 машиныг нь 5 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Машиныг Сайн ломбарданд тавьж төлбөрийг нь өгөхөөр болж 2018 оны 12 сарын 12-ны өдөр нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэр дээрээ шилжүүлж авсан. Тухайн үед ломбарданд тавихын тулд үнэлгээ өндөр болгон 6 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Машинаа ломбарданд тавихад бага үнээр бодоод өгөх мөнгө нь хүрэхгүй болоод ах н.Пүрэвнямын машиныг давхар тавьж 4 000 000 төгрөг авч, 3 700 000 төгрөгийг Э.Ханддоржид бэлэн өгөөд, хэд хоногийн дараа 1 000 000 төгрөг нэмж өгч нийт Э.Ханддоржид 4 700 000 төгрөг өгсөн. Тухайн үед машиныг авахад урд салхины шил цуурсан, хроп, диск, натыка эвдэрхий байсан. Э.Ханддорж дулаан орохоор сольж өгнө гэсэн. Би машиныхаа эвдрэлийг засаж өгсөн хойно нь 500 000 төгрөгөө өгье гэж тайлбарлаж хэлсээр байтал Э.Ханддорж нь манай ажил дээр ирж доромжилж, дарамтлах, сүрдүүлж, зодож эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан. Энэ хүнийг бодоод гэрийнхэндээ болон цагдаад хэлээгүй өнгөрөөсөн. Миний бие өвдөөд 3 хоног босч чадаагүй гэрийнхэндээ ханиад хүрээд цээжээр өвдөөд байна гэж худал хэлсэн. Ийм байхад зэрлэг, ухамсаргүй зан араншинтай хүн үлдэгдэл 500 000 төгрөгөө авчихаад миний машины эвдрэлийг засаж өгнө гэдэгт итгэхгүй байна. Иймд миний машиныг хэлэлцэж тохиролцсоноороо засуулбал үлдэгдэл 500 000 төгрөгөө өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ханддорж нь хариуцагч П.Батсайханаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

П.Батсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э.Ханддоржоос Hyundai Sonata 6 маркын 42 70 ОРО автомашиныг 5 200 000 төгрөгөөр худалдах авахаар тохирч худалдан авсан нь, автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч зээлийн барьцаанд тавьж зээл авч үнээс нийт 4 700 000 төгрөгийг төлсөн, үлдсэн 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

Автомашины үнийг 5 200 000 төгрөгөөр тохирсон, худалдах, худалдан авах гэрээнд зээл авахын тулд гэрээний үнийг 6 000 000 төгрөг гэж бичсэн тухайд талууд маргаагүй.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж Hyundai Sonata 6 маркын 42 70 ОРО автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул хариуцагчаас хэлэлцэн тохирсон үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд ...Анх авахад хоёр араандаа дугарч ордог байсан. Тэгээд би хропондоо байгаа юм байна гэж бодоод засаад авч болох байх гэж бодсон. Тэгээд саяхан хот ороод засварын газар үзүүлсэн чинь хропондоо биш, мүп нь эвдэрчихэж гэсэн.Автомашиныхаа эвдрэлийг засаж өгвөл үлдэгдэл 500 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргасан.

Худалдан авагч нь эд хөрөнгийн догодлыг арилгуулах буюу доголдолгүй тухай төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Гэвч худалдан авагч эд хөрөнгийг худалдан авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол дээрхи шаардлагыг гаргах эрхээ алдана.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тэрээр нэхэмжлэгчээс Hyundai Sonata 6 маркын 42 70 ОРО автомашиныг хүлээн авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байна.

Иймд хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн долголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж, түүнээс автомашины үнийн үлдэгдэл 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Батсайханаас 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ханддоржид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөг төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА