Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2019/00149

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2019/00149

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1995 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******,*******,-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Анужин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр С.Ариунаагийн гуйлтын дагуу түүнд Зээлийн гэрээг байгуулж 7 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1/нэг/ жилийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Өмчлөх эрхий гэрчилгээ Ү-2101006564 дугаарт********************* 3-6-95 тоот хаягт байршилтай 17м2 бүхий 1 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ мөн байгуулсан. С.Ариунаа нь мөнгө зээлэх үедээ маш чухал мөнгөний хэрэг гарсан учраас мөнгө зээлээч хэмээн гуйсаар байгаад гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 01 дугаар сарын 19-ны өдөр надаас 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш С.Ариунаа нь үндсэн зээл болон хүүгээс нэг ч удаа төлөлт хийгээгүй ба утсаар холбогдох үед удахгүй төлнө гэж хэлдэг байсан сүүлдээ утсаа авахаа больсон. Уг зээлийн гэрээний дагуу С.Ариунаа нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүг төлж дуусгах ёстой байсан боловч өдийг хүртэл зээл төлөх байтугай утсаар ч холбогдохгүй байна. Иймээс үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг /1 жилийн хүү/ зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасан алданги 3 462 500 төгрөг нийт 15 462 500 төгрөг С.Ариунаагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Анужингийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Н.Анужингаас би мөнгө аваагүй бөгөөд Оргилуун Алт ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 7.500.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хүү гэж үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Оргилуун Алт ХХК ийн 5125085477 дансанд төлбөрийг төлж байсан боловч хугацаанд төлбөрийг хийж чадаагүй билээ. Хувь иргэн Н.Анужингаас мөнгө зээлээгүй, уг хоршооны эрхлэгч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Хоршооны нэрийн өмнөөс мөнгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үлдэгдэл зээл 6.900.000 төгрөг байгаа бөгөөд хүү болон үндсэн зээлийн төлбөрийг хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага 15.462.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Өмнө нь шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. С. Ариунаа нь зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн*******,*******, 3-р баг Уурхайчин 3-6-95 тоот хаягт байрлах 17 м.кв талбайтай нэг өрөө бүхий орон сууцыг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15 462 500 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Анужингийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч Н.Анужингаас мөнгө аваагүй бөгөөд Оргилуун Алт ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 2017.01.07 нд 7.500.000 төгрөгийг зээлсэн бөгөөд ҮХ-27 тоот зээлийн гэрээ байгуулсан . Үүнээс хэд хоногийн дараа тус хоршооны эрхлэгч гэх Анужин зээлийн гэрээг дахин байгуулдаг гэж 2017.01.19 ны өдөр гэрээг нотариат дээр орж байгуулж байсан ба гэрээ байгуулсан өдөр түүнээс мөнгө аваагүй. Анх байгуулсан ҮХ-27 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч гаргаж өгөхгүй байна. 2017.01.19-ний өдрийн Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ тул барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анужин гэх иргэнээс мөнгө аваагүй учир барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Анужин 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч С.Ариунаагаас үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг, алданги 3 462 500 төгрөг нийт 15 462 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа.

Хариуцагч С.Ариунаа ...Н.Анужингаас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 7 500 000 төгрөгийг зээлж аваагүй, харин Н.Анужингийн ажилладаг Оргилуун алт хоршооноос 7 500 000 төгрөг зээлсэн гэсэн тайлбар гаргаж байгаа.

Шүүх нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй байна гэж үзэж түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Тодруулбал:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Н.Анужин С.Ариунаагийн гуйлтаар өөрийн хувиас мөнгө зээлдүүлсэн. С.Анужин Оргилуун алт ХХК-нд ажилладаг нь үнэн, гэхдээ С.Анужин хувиараа мөнгө зээлдүүлж байгаагүй учраас компаний бланк, загвар ашиглаж ҮХ-027 дугаартай баримт ашигласан. Энэ баримтанд зээлдэгч С.Ариунаа мөнгө хүлээн авсан болохоо баталж гарын үсэг зурсан гэсэн тайлбар гаргаж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд ...нэхэмжлэгч Н.Анужингаас С.Ариунаа нь мөнгө зээлээгүй. Харин С.Ариунаа Оргилуун алт хоршооноос 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 7 500 000 төгрөг зээлж авсан. Ингээд 10 хоногийн дараа тухайн хоршооны эрхлэгч гэх Н.Анужин С.Ариунааг дуудаж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Оргилуун Алт компанийг төлөөлж гэрээ байгуулж байгаа гэсэн болохоос биш хувь иргэн Н.Анужингаас зээл аваагүй. Зээлийн эргэн төлөлтийг Оргилуун алт компанийн 5125085477 тоот дансанд төлбөрийн гүйцэтгэлийг хийж байсан. Төлбөрийн гүйцэтгэлийг хийхдээ тухайн компани дээр очиж Н.Анужинд төлж, Н.Анужин төлөлтийг цааш хийдэг байсан гэсэн. Оргилуун алт ХХК-д 6 900 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлнө гэж хариуцагчийн зүгээс хэлсэн гэсэн тайлбар гаргаж байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан ҮХ-027 тоот гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 19 зээлдэгчийн мэдээлэл С.Ариунаа 7 500 000 төгрөгийг 5% хүүтэй 30 хоногийн хугацаатай хүү 375 000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 7 875 000 төгрөг, зээлдүүлэгчийн мэдээлэл Н.Анужин, эрхлэгч, барьцаа хөрөнгө 17м2 арктай 1 өрөө орон сууц, зээлийг Оргилуун алт ХХК-ийн Хаан банкны 5125085477 дансанд төлнө, 7 500 000 төгрөгийг бэлэн хүлээн авсан С.Ариунаа гэж гарын үсэг зурсан байна.

Хаан банкны Орхон салбарын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр 5125085477 тоот дансны эзэмшигч нь Б.Эрдэнэбаяр, дансны нэр нь Оргилуун алт ХХК болох нь, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 албан бичгээр 5120123441 тоот дансны эзэмшигч нь Н.Анужин болох нь тус тус тогтоогдож байна.

5125085477 тоот дансны депозит дансны хуулгаас /Оргилуун алт ХХК/ Б.Эрдэнэбаярын данснаас С.Ариунаагийн 5094480150 дугаарын данс руу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 6 500 000 төгрөг, С.Ариунаагийн 5094480150 дугаарын данснаас / Оргилуун алт ХХК / Б.Эрдэнэбаярын 5125085477 дугаарын дансанд 2017 оны 03 дугаар сарын 02-нд 375 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 12-нд н.Ариунаа гэсэн нэрээр 380 000 төгрөг, С.Анужингийн 5120123441 данснаас 2017 оны 05 дугаар сарын 18-д н.Ариунаа зээл гэсэн утгаар 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-нд 3 250 000 төгрөг, мөн өдөр 30 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-нд 100 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байгаагаас, мөн ҮХ-027 тоот гэрээнд Оргилуун алт ХХК 5125085477 дугаарын дансанд зээлийн эргэн төлөлтийг буцаан төлөх үүргийг С.Ариунаад хүлээлгэсэн зэргээс С.Ариунаа нь Оргилуун алт ХХК-тай зээлийн гэрээний харилцаатай байсан байна гэж үзэх үндэслэл боллоо.

Нэхэмжлэгч Н.Анужин нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу С.Ариунаад 7 500 000 төгрөг шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй тул уг зээлийн гэрээний үүргийг С.Ариунаагаас шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Анужингийн хариуцагч С.Ариунаад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 15 462 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Анужингийн хариуцагч С.Ариунаад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Анужингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Р.ҮҮРИЙНТУЯА