Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Найдангууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000117 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн командлал мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Найдангууд овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, 71 дүгээр байрны гадаа хохирогч үл ялих шалтгааны улмаас “Хоншоор ясны урд болон гадна хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны цөмөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Найдангууд овогт ******* ******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, 71 дүгээр байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих шалтгааны улмаас маргалдан зодож, түүний биед хоншоор ясны урд болон гадна хажуу хана, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн хацрын нум ясны цөмөрсөн хугарал, хамар яс баруун талын зөрүүтэй хугарал, тархи доргилт, хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн тал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, хоёр талын нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, доод уруулын цус хуралт, баруун шууны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 03 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд найз болох Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “Бийт” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. ...Улмаар түүнийг болиулах гэж хорьсон боловч болихгүй над руу агсраад дайраад байсан бөгөөд миний нүүр хэсэгт цохих гэж байхад нь би бултаж хүчтэй оногдоогүй. Ингээд би хариуд нь түүний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Миний цохисон үйлдлийн улмаас биед уг гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...манай гэрийн гадаа буюу 71 дүгээр байрны гадаа ирээд гэр рүүгээ орох гээд машинаас буугаад эргээд харахад ******* нь миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон ба тухайн цохиулсны улмаас намайг газар унах үед миний дээрээс дахин 2-3 удаа нүүр рүү минь цохисон. ...******* намайг орцны 2 давхарт гаргаж өгөөд “цагдаад хэлвэл ална шүү” гэж хэлээд орхиод явсан. ...Намайг *******ээс өөр хүн цохиж  зодоогүй. ...Намайг цохисон ******* гэх залуугийн хувьд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч нийт 7,000,000 төгрөгийг надад өгсөн. Иймд миний хохирол бүрэн барагдаж байгаа гэж хэлж болно. ...би сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлүүлэх бодолтой байна. Надад үүнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,

иргэний нэхэмжлэгч “...Хохирогч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд эмчилгээний зардалд 191,372 төгрөгийг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДОР/0725/166 тоот “... биед хоншоор ясны урд болон гадна хажуу хана, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн хацрын нум ясны цөмөрсөн хугарал, хамар яс баруун талын зөрүүтэй хугарал, тархи доргилт, хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн тал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, 2 талын нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, доод уруулын цус хуралт, баруун шууны цус хуралт шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хоншоор ясны урд болон гадна хажуу ханын хугарал, зүүн хацрын нум ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, яаралтай тусламжийн хуудс /хх-ийн 23/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7,130,000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болно. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардалд зарцуулсан 191,372 төгрөгийг төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Найдангууд овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 7,130,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 191,372 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА