| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2020/00255/И |
| Дугаар | 156/ШШ2020/00286 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 156/ШШ2020/00286
156/ШШ2020/00286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00255/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дүгээр баг, ............. тоот хаягт оршин суух, Б овогт Я Г /РД:/-ын хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
прокурор Д.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Г эцэг П овогтой Я нь 1933 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Дотоод хэргийн газрын Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47, 51 дүгээр зүйлээр 5 жил хорих ялаар шийтгэгдэж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Төрсөн эцгийг П Л, эхийг С Ц, үрчилж авсан эцэг П Я, эх Т Д юм. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Я.Г нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/6257/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
П /Б/-ын Я нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Дотоод хэргийн газрын Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47, 51 дүгээр зүйлээр 5 жил хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн П.Я нь хэлмэгдэх үедээ өөрийн эд хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, Я.Г нь П.Я үрчилж авсан хүү гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссийн хурлын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоол,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/653 тоот лавлагаа,
- Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэр,
- Улсын дээд шүүхээс 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон цагаатгалын гэрчилгээ,
- Үндэсний төв архивын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03-5/524, 03-5/525, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/1224 тоот лавлагаанууд,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... Я.Г эцэг нь П Я ... гэх 1 дүгээр маягтын лавлагаа-А,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19, Хэнтий аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 тоот албан бичгүүд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан, гэрч Ч.М, Л.Б, Н.Б нарын мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч П.Я нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн эд хөрөнгөтэй байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Я.Г 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Б овогт Я Г олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ