| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/519 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/519
2025 02 17 2025/ШЦТ/519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч М.М ,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. овогт Б.Б т холбогдох эрүүгийн 2403 00898 0029 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Урбанекийн уулзвар дээр Fuso маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөний дүрэмд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талдаа яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтыг зөрчсөний улмаас .... маркийн мотоцикльтой мөргөлдөж, тус мотоциклийн жолооч болох 33 настай М.М ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М мэдүүлэхдээ: “Тэр өдөр 10 дугаар сарын 04-ний өдөр байсан. Нарны зам дээр ажлаа хийгээд явж байсан. Яг чигээрээ явж байх явцад гэнэт Б.Б ын жолоодож явсан “Эм си эс кока кола”-ийн хүргэлтийн машин баруун дараад намайг мөргөсөн. Мөргүүлээд би газар унасан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/, хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/, иргэний хариуцагч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23/, иргэний нэхэмжлэгч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26/, иргэний нэхэмжлэгч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34/, иргэний нэхэмжлэгч С.С-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14237 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мядагмаагийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3313 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-72/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1000398 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-81/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 82/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаярын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3032 дугаартай магадлагаа /хх-ийн 85-86/, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 98/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 108/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 109/,
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 111/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна..” гэх дүгнэлтийг,
Хохирогч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Урбанекийн уулзвар дээр Fuso маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөний дүрэмд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талдаа яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтыг зөрчсөний улмаас .... маркийн мотоцикльтой мөргөлдөж, тус мотоциклийн жолооч болох 33 настай М.М ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Сод Монгол шатахуун түгээх станцын хойд замд болсон байх бөгөөд осол нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэлтэй зорчигч мопедтой зорчигчийг мөргөх хэлбэрээр үйлдэгдсэн байв. Ослын газрын зам орчны байдал нь суурингийн доторх асфальтан гадаргуутай, шулуун тэгш хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, зам гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, зам орчин байв. Мопедтой зорчигчоор анх мөргүүлсэн цэгийг заалгаж А үсгээр газарт унасан цэгийг Б үсгээр үл хөдлөх цэгийг В үсгээр тус тус тэмдэглэж хэмжилт хийхэд А цэгээс Б цэг хүртэл 7,60м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгт гарган хэмжихэд 4,70м*5,10м, Б цэгээс зүүн талын хашлага хүртэл 3,60м, зорчих хэсгийн өргөн нь 11,50м тус тус хэмжээстэй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/, хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ажлын бараа материал цуглуулах гээд ажил дээр байсан захирлын мопедыг жолоодоод Барс захаас “Их наяд” худалдааны төв рүү 10 цаг 30 минутын орчим ганцаараа явж байхад замын 2 дугаар эгнээнд явж байсан Эм Си эс кола гэсэн бичигтэй улаан өнгийн ачааны машин баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ намайг харалгүй мөргөсөн. Би мопедтой газарт унасан тэгтэл машины жолооч машинаас нэг хүний хамт бууж ирээд намайг өргөж босгосон. Тэгээд машиндаа намайг суулгаад яаралтай түргэн тусламж дуудсан. Удалгүй эмч ирээд миний биеийг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөх үү гэхэд намайг мөргөсөн машины жолооч хоёулаа тохиролцъё, гомдлыг чинь барагдуулна гэж хэлэхээр нь би “за, за” гэж хэлээд хамт явж байсан залуутай цуг гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Осол гардаг өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд 2 хоногийн дараа буюу 1 дэх өдөр хөлний хагалгаанд орсон. 2 хоногийн дараа эмнэлгээс гарахад эмчилгээний мөнгө гэж 1,800,000 төгрөгийн миний Хаан банкны ... дугаартай данс руу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Миний зүүн хөлийн шилбэний яс хугарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, иргэний хариуцагч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би осол болох үед нь байгаагүй. Манай компанийн түгээлтийн жолооч Б.Б нь компанийн эзэмшлийн Fuso маркийн .... улсын дугаартай байсан. Энэ ослын талаар байгууллагад мэдэгдээгүй. Тээврийн цагдаагийн албанаас мөрдөгч холбогдож мэдсэн. Тэрний дагуу байгууллагын өөр жолооч тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн техникийн үзлэгийн оношилгоонд оруулсан... Ер нь манай байгууллага жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалтай. Б.Б өөрөө ажилдаа ирэхгүй алга болж ажлаас чөлөөлсөн. Бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг Б.Б төлж барагдуулна. Ажлаас халагдаагүй байсан бол манай байгууллага хариуцах байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, иргэний нэхэмжлэгч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Fuso маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэх шаардлагагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, иргэний нэхэмжлэгч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... маркийн мопедод үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэх шаардлагагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.М нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,295,360 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай жолоочоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14237 дугаартай “М.М ын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мядагмаагийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3313 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн талын тольгүй, урд их гэрэл ажиллахгүй байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд шаврын хаалт 1,8 см зурагдсан, зүүн талын хаалт, хөлийн гишгүүр, зүүн талын хагарсан нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх үндэслэлтэй. Баруун талын хаалтны зах ирмэг хэсэг зурагдсан гэмтэл нь шинэ гэмтэл байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь тоормосны шингэн дамжуулагч системтэй байна. Тоормос хэвийн ажиллаж байна. Тоормосны систем нь ажиллагаатай байна. 180см3 багтаамжтай дотоод шаталтад хөдөлгүүр байна. Зориулалтын багажгүй тул гэрлийн хүчний үзүүлэлтийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-72/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1000398 дугаартай “Mitsubishi маркийн Fuso загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангаж байна. Тус үзлэгээр эвдрэл, гэмтэл илрээгүй. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS-тэй байна. Тоормос хэвийн ажиллаж байна. Тухайн автотээврийн хэрэгсэл нь замын нөхцөл байдал ачаа ачсан зэргээс шалтгаалж тоормос гишгэх зам дээр мөр үүснэ. Mitsubishi маркийн Fuso загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ухрах камер байхгүй. Урд их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь шинээр 2023 онд импортоор орж ирсэн бөгөөд техникийн хяналтын үзлэгт орсон байна. 2023 оны техникийн хяналтын үзлэгт 07 дугаар сарын 21-ний өдөр орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 78-81/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 82/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаярын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3032 дугаартай “Мотоциклийн жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Fuso загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөний дүрэмд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талдаа яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 85-86/, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Урбанекийн уулзвар дээр Fuso маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөний дүрэмд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талдаа яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтыг зөрчсөний улмаас .... маркийн мотоцикльтой мөргөлдөж, тус мотоциклийн жолооч М.М ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 1,295,360 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 1,800,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б , хохирогч М.М нар сэтгэцэд учирсан хохирлыг харилцан тохиролцож 8,580,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон үүнээс 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болохоо илэрхийлсэн.
Хохирогч М.М ын сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 8,580,000 төгрөг, үүнээс урьдчилан төлсөн 6,000,000 төгрөгийг хасаж 2,580,000 төгрөгийг хохирогч М.М д, 1,295,360 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын санд дээрх хохирлыг нөхөн төлсөн гэх боловч энэ талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэх дүгнэлтийг,
Хохирогч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б т оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оос 2,580,000 төгрөг гаргуулан хохирогч М.М д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оос 1,295,360 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО