| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/0222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/516 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/516
2025 02 17 2025/ШЦТ/516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч О.Нандинцэцэг,
хохирогч Г.Э ,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2411 00000 1752 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Г.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд авагдсан зүйл бүгд үнэн зөв байна. Надад учирсан хохирлыг барагдуулчих юм бол өөр гомдол саналгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Б.Найдан би эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч Е.Хуанган нарын илтгэх хуудас /хх-ийн 3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10/, хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13, 16/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14020 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24/, шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” бааранд хохирогч Г.Э ийг толгойгоор нь багана мөргүүлэх зэргээр цохиж зодон түүний биед духанд язарсан шарх, дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Б.Найдан би эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч Е.Хуанган нарын хамт Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороо Тэс-117 авто эргүүлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 01:57 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар Юби энтертайнмент баар манай найзын найзыг зодчихлоо гэх дуудлага мэдээллийг шалган Г.Э /РД:..../ иргэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба зүүн хөмсөг нь зүсэгдсэн цус гарсан байдалтай байсныг 103 дуудан эмч Саруулд үзүүлэхэд яаралтай гэмтэл явж оёул гэсэн тул найз Э хүлээлгэн өгөв. Утас:...., холбогдогч Б.Г /..../ нь архи согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн байдалтай байсныг эхнэр Ж.А /....../ утас:... иргэнд хүлээлгэн өгөв..” гэх илтгэх хуудас /хх-ийн 3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Бичлэг рүү орж үзэхэд нийт 00 минут 44 секундын бичлэг байх ба уг бичлэгийг тоглуулахад баруун дээд булан хэсэгт 2024-10-23 01:51 гэх бичиглэлтэй байв. Камерын бичлэг эхлэх үед ... баарны гол хэсэг буюу бүжгийн талбай харагдаж байв. Уг камерын бичлэг нь харанхуй орчинд анивчсан гэрэлд хийгдсэн бичлэг байв. Бичлэгээр бүжгийн талбайн гол хэсэгт бараар хувцастай эмэгтэй /цаашид №/ гэх, бараан хувцастай, саравчтай малгай арагшаа харуулан өмссөн, хар өнгийн бугуйн цаг зүүсэн эрэгтэй хүн /цаашид №2/, камерын бичлэгийн дээд хэсэгт бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн /цаашид №3/ бүжиглэсэн байдалтай байв. Бичлэгний 0 минут 2 дахь секундэд №2, №1-д чихэнд нь ойртон юм яриад №3 руу чиглэн очиж бичлэгийн 00 минут 14 секундэд №2, №3-ыг заамдалцаж байгаад цаад талд байрлах баганыг №2 нь №3-ын толгойгоор нь мөргүүлээд тэднийг ноцолдож байхад баарны хамгаалагч болох 2 эрэгтэй, бичлэгийн баруун дээд булангаас 1 эмэгтэй, 1 эрэгтэй ирж №2, №3 нарыг салгаснаар бичлэг дуусав...” гэх тэмдэглэл /хх-ийн 9-10/, хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэр залуутай хамт явж байсан эмэгтэй нь надаас тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь нөгөө залуу “тамхи байхгүй гэж юу яриад байгаа юм” гээд над руу дайраад тэр залуутай маргалдсан. Тэр залуу миний зүүн нүдний хамжуу руу чамархай хэсэг рүү өшиглөхөд нь би бултаад зүүн чамархай хэсэгт халцарсан. Тэгээд Т бид хоёр буцаад баар руугаа орсон... намайг бариад өшиглөх гээд байхаар нь би хоёр гарыг нь бариад авсан чинь намайг түрээд, баарны баганыг толгойгоор мөргүүлсэн. Тэрийг мөргөхөд зүүн хөмсөг сэтэрчихсэн. Мөн миний нүүр рүү 1-2 цохиод завж сэтрээд хамраас цус гарсан. Тэгээд хүмүүс тэр залууг салгахаар нь би найздаа хэлээд цагдаа дуудуулсан. Миний зүүн хөмсөг сэтэрч цус гарсан. Хамраас цус гарч, доод завжны зүүн талд язарч цус гарсан. Одоо эрүүлжүүлнэ гэж байгаа залуу миний нүүр рүү 1-2 удаа цохиж, нүүрээр багана мөргүүлснээс болж энэ гэмтэл учирсан.. Эм тариа худалдан авсан 228,990 төгрөг, юу би каб үйлчилгээ авсан 28,060 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-25-ны нийт 3 өдрийн цалин болох 546,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хөмсөгний косметик хагалгаанд орохыг эмнэлгээс зөвлөсөн, учир нь хөмсөгний дээд талд гэмтлийн эмнэлгийг оёо тавьсан, сорви миний гоо сайханд нөлөөлж байгаа болохоор мэс засалд орох хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 16/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14020 дугаартай “Г.Э ийн биед духанд язарсан шарх, дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна..” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо .... диско нэртэй бааранд хажуу талд бүжиглэж байсан залуугийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Харин толгойгоор нь мөргүүлээгүй. Тухайн үед болсон үйл явдлыг согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Би Г.Э ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Б.Г ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Г.Э ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.Э ийг өшиглөсөн, түүнийг багана мөргүүлсэн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “духанд язарсан шарх, дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар 250,350 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрөө тус тус нэхэмжилжээ.
Хохирогч Г.Э ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99% дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,300,000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардалд 250,350 төгрөг, нийт 3,550,350 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүдэгч Б.Г оос 196,380 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар Б.Г од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирогчийн тусламж үйлчилгээ авсан гэх 196,380 төгрөгийг хэн, хэрхэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 46/ гэх баримтаар шүүгдэгч Б.Г оос 196,380 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.
Харин Эрүүл мэндийн даатгалын сан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан ба 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Э ийн Худалдаа хөгжлийн банкны ..... дугаарын дансанд 300,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн шилжүүлгийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Г оос 3,250,350 төгрөг гаргуулан хохирогч Г.Э т олгох нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хадгалж, хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг,
Хохирогч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Б.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г од 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оос 3,250,350 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э т олгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын сан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО