Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Б.Соёлмаа,

хохирогч Ж.Энхболд,

иргэдийн төлөөлөгч Ё.Сэрээнэн,

шүүгдэгч О.Лхагвабат, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам,

шүүгдэгч Б.Булганбаатар, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Н.Баатарсүрэн, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Баасансүрэнгийн Булганбаатар,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Насандэлгэрийн Баатарсүрэн,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Анчин шарнууд овогт Отгонпүрэвийн Лхагвабат нарт холбогдох эрүүгийн 201626030567 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн 2 дугаар баг, Октъябрын 9 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Баасансүрэнгийн Булганбаатар /РД:МК94040313/,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод 40 дүгээр байрны 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Насандэлгэрийн Баатарсүрэн /РД:НЭ94083031/,

 

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт амьдардаг, Ховд аймгийн Цэцэг сумын 5 дугаар баг, Хөшөөтийн гудамжны 92 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 10 дугаар гудамжны 146а тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Анчин шарнууд овогт Отгонпүрэвийн Лхагвабат /РД:ПМ92123011/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

1. Шүүгдэгч Б.Булганбаатар нь Э.Баярсайхан, А.Алтантулга, Х.Балжинням нартай бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 3-15 тоотод оршин суух иргэн О.Мягмарсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Би Эс Би /BSB/ маркийн телевизорыг хулгайлж, О.Мягмарсүрэнд 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Баярсайхан, А.Алтантулга нартай бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-15 тоотод оршин суух иргэн Н.Оюунтунгалагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн Самсунг маркийн телевизорыг хулгайлж, Н.Оюунтунгалагт 450.000 төгрөгийг хохирол учруулан, нийт 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 660.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- мөн О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Н.Баатарсүрэн  Х.Өлзийсайхан руу довтолж, зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад О.Лхагвабатын хамт Ж.Энхболд руу довтолж, Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин арагш унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, О.Лхагвабат нь Ж.Энхболдын Самсунг нөте 1 /Samsung note 1/ маркийн гар утас, айпад /Ipad/ зэргийг дээрэмдэх үйлдлийг Н.Баатарсүрэнгийн хамт санаачилж зохион байгуулан, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарын хамт гардан гүйцэтгэж, Ж.Энхболдод 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь Б.Булганбаатар, О.Лхагвабат нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 04 дүгээр 7-ноос 8-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Х.Өлзийсайхан руу довтолж, зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад, Б.Булганбаатар, О.Лхагвабат нар Ж.Энхболд руу довтолж, Б.Булганбаатар, Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин арагш унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, О.Лхагвабат Ж.Энхболдын Самсунг нөте 1 /Samsung note 1/ маркийн гар утас, айпад /Ipad/ зэргийг дээрэмдэх үйлдлийг Б.Булганбаатарын хамт санаачилж зохион байгуулан, Б.Булганбаатар, О.Лхагвабат нарын хамт гардан гүйцэтгэж, Ж.Энхболдод нийт 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч О.Лхагвабат нь Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Н.Баатарсүрэн Х.Өлзийсайхан руу довтолж зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад, Б.Булганбаатарын хамт Ж.Энхболд руу довтолж, Б.Булганбаатар Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин арагш унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад, Ж.Энхболдын Самсунг нөте 1 /Samsung note 1/ маркийн гар утас, айпад /Ipad/ зэргийг дээрэмдэх үйлдлийг Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн нарын хамт гардан гүйцэтгэж Ж.Энхболдод нийт 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                       

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Булганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“2016 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө бид 3 нэг шил 0,75 литрийн архи, 2,5 литрийн нэг сав пиво хувааж уугаад  Дэнжийн-1000 орохоор Энхтайваны гүүр давах гээд алхаж явахад хажуугаар 2 ах зөрсөн. Тэгтэл Баатарсүрэн 1 ахтай нь зууралдан газар унаад, тэр ахын доор нь орчихсон байсан. Тэгэхээр нь би Баатарсүрэнгийн дээр нь байсан хохирогч Энхболдын цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Баатарсүрэнг босгоод бид хоёр булан тойроод явахад Лхагвабат шатан дээр нэг гар утас барьчихсан, оролдоод сууж байсан. Би тэр гар утсыг нь үзэхээр аваад халаасандаа хийгээд, Баатарсүрэн, Лхагвабат  бид гурав Энхтайваны гүүрэн дээр явж байтал машинтай ах нар ирээд, бид гурвыг барих гэхээр нь бид нар зугтаасан. Маргааш өглөө нь би сэрээд нөгөө Нөте 1 маркийн гар утсыг нь талбайн хажуу талын утасны газарт хувь хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Би бүх зүйлийг санаж байна. Би дээрмийн гэмт хэрэг хийгээгүй, Лхагвабат газар унасан байсан гар утсыг аваад явсан. Баатарсүрэн бид хоёрт тэр хоёр хохирогч гэх ах нарыг дээрэмдэх, эд зүйлсийг нь авах гэж ярилцаагүй, тийм санаа зорилго байгаагүй. Хохирогч Ж.Энхболдын алга болсон гэх Ай падыг нь би огт хараагүй хараагүй. Би хохирогч гэх Өлзийсайхантай маргалдаагүй, түүнтэй зодолдоогүй. 

Дархан-Уул аймагт хоёр удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлтэд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал маргахгүй. Хулгайн хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч Энхболдын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. Хөнгө ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч О.Лхагвабатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

 

“...2016 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Булганбаатар, Баатарсүрэн бид 3 Энхтайваны гүүр давах гээд явж байх замд  2 ахтай таарсан. Тэгээд бид тэр хоёр ахын хажуугаар зөрж өнгөрөхдөө Баатарсүрэн нэгнийг нь /хохирогч Энхболд/ мөрөөрөө шүргээд өнгөрсөн. Тэгтэл Булганбаатар, Баатарсүрэн хоёр тэр хоёр ахтай ноцолдож байхад нэг ахынх нь халааснаас гар утас нь унасан. Би тухайн үед газарт унасан байсан утсыг нь шүүрч аваад гүүр лүү гүйсэн. Араас Булганбаатар, Баатарсүрэн нар ирсэн. Бид 3 гүүрний гол хэсгийн сандал дээр амраад сууж байхад би нөгөө гар утсыг нь Булганбаатарт өгсөн. Тэгтэл машинтай хүмүүс ирэхээр нь бид нар зугатаасан. Тэгээд Баатарсүрэн бид хоёр баригдаад цагдаа дээр ирсэн. Би хүн зодоогүй, газар унасан байсан гар утсыг нь авсан, Булганбаатар, Баатарсүрэн хоёр л тэр хоёр ахтай зодолдсон. Бид Ай падыг нь аваагүй, гэхдээ төлбөрийг нь төлсөн. Тухайн үед бид 3 архи уусан байсан боловч нэг их согтоогүй, болсон асуудлыг би тодорхой санаж байна. Зодооны дараа Баатарсүрэнгийн нүд нь хавдсан байсан. Бид нар хохирогчийн “эд зүйлийг авъя” гэж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Энэ хэрэг болох үед би халамцуу байсан. Би хохирогчийн хажуугаар нь зөрөхдөө мөргөлдсөнөөс болж маргалдсан. Тэгээд би эхэлж хохирогчийг цохисон. Хохирогчийн гар утсыг Лхагвабат авч явсаныг би хараагүй. Хохирогч Өлзийсайхан ахтай ноцолдож байхад Б.Булганбаатар намайг босгоод бид хоёр явсан. Өлзийсайханд цохиулсны улмаас миний нүд хөхөрч хавдсан байсан. Бид гурав хохирогч нарын эд зүйлийг дээрэмдье гэж урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Тэгээд бид нар зугтаагаад Энхтайваны гүүрэн дээр уулзсан, тэгэхэд Лхагваа газар унасан байсан утсыг нь авсан гэж хэлсэн. Хохирогч Энхболдын биед учирсан гэмтлийг би учруулсан. Булганбаатар зодоонд оролцоогүй, намайг татаж босгоод явсан.” гэсэн мэдүүлэг,  

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Ж.Энхболдын  өгсөн:

 

“...Би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ташкент ресторанд найз Баатаржаргалтай уулзсан. Бид хоёр дээр найз Өлзийсайхан нэмэгдэж ирээд, бид 3 хүний 3, 3 шил пиво авч уусан. Тэгээд орой ресторан хаах болоод, бид 3 гараад Өлзийсайхан бид хоёр Баатаржаргалыг урд замаас нь таксинд суулгаж өгчихөөд, би Өлзийсайханыг гэр лүү нь дөхүүлж өгөхөөр Ташкент рестораны урдуур 2 байрны дунд нарийхан замаар явж байхад урдаас 3-н залуу /шүүгдэгч Булганбаатар, Баатарсүрэн, Лхагвабат/ гүйж гарч ирээд 1 залуу нь /Булганбаатар/  шууд Өлзийсайхан руу дайрч цохиж унагаад, нөгөө 2 залуу нь /Лхагвабат, Баатарсүрэн хоёр/ над руу шууд дайрсан. Энэ 3 залуу шууд ямар ч үгийн зөрүүгүй бид хоёр луу дайрсан. Шүүгдэгч нарын ярьж байгаа шиг маргалдаад, цохилцож, зодолдсон юм болоогүй. Лхагвабат, Баатарсүрэн нар нь над руу дайраад, Баатарсүрэн нь миний нүүр лүү цохиж унагаасан. Лхагвабат нөгөө хоёроосоо намхан, намайг цохиж гэмтэл учруулаагүй, хоёр талд гарчихаад дайраад байсан. Би тухайн үед биеэ хамгаалж, гартаа барьсан цүнхээрээ өөртөө ойртуулахгүй гэж хааж, тэр 2 залуу руу цүнхээрээ савсан.

Тэгтэл тэр 2 залуу 2 талаас зэрэг дайрсан. Миний зүүн гар талд байсан өндөр залуу /Баатарсүрэн/ нь миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед би арагшаа савж унасан. Намайг унасан байхад ч тэр 2 залуу над руу дахиад дайрахаар нь би хөлөөрөө тэр хоёрыг ойртуулахгүй санаатай жийсэн. Тэгтэл тэр 2 залуу гэнэт зугтаагаад явсан.

Би босоод Өлзийсайхан руу хартал нөгөө залуу /Булганбаатар/ Өлзийсайханы толгой руу нь өшиглөж байсан. Өлзийсайхан хоёр гараараа өөрийгөө хамгаалж нүүрээ дарсан байсан. Тэр үед бөх байрын хоёр залуу замаар гүйгээд ирж байнаа хөөе гээд орилтол эд нар зугтаагаад явсан. Би босч ирээд хартал миний цамцныхаа зүүн талын халаасанд хийсэн байсан Ай падны гэр газарт хэвтэж байхаар нь очоод авахад дотор нь байсан цагаан өнгийн Apple брендийн Ай пад байхгүй байсан. Мөн халаасанд байсан Нөте 1 маркийн хар өнгийн гар утас алга болсон байсан.

Би тэгээд Өлзийсайханы гар утаснаас “102 дугаарт дээрэмдүүллээ” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд Нэхмэлийн 7-р буудлын тэнд О.Лхагвабат, Н.Баатасүрэн хоёрыг явж байхад нь барьж аваад цагдаагийн газар очсон. Цагдаа дээр очоод “миний Ай падыг өгчих” гэхэд нөгөө залуу нь аваад явсан гэж байсан.

Харанхуй шөнө 50 настай, хоёр хөгшин хүн гурван залуу гүйгээд чиглээд ирэхэд  айлгүй яах вэ дээ. Ай падыг анх 1.600.000 төгрөгөөр япон улсаас захиулж авсан. Үнэлгээ хийлгэхэд Ай пад 900.000 төгрөг, гар утсыг 80.000 төгрөгөөр үнэлсэн байсан.  Эмчилгээний зардлыг баримтгүй учраас орхисон. Миний зүүн нүдний дээд талд хөхөрсөн байсан. Үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл гэж хэлсэн, тархи хөдөлсөн байсан. Шүүгдэгч нар “эд зүйлээ өг” гэж  хэлээгүй ч үгийн солиогүй ирээд зодолдсон. Хэрвээ маргалдсан бол би өөрөө хуульч хүн ингэж болохгүй гэдэг талаар ярьж зөвлөх байсан, тийм боломж олгоогүй. Миний зүгээс шүүгдэгч нар луу дайрсан, цохисон асуудал байхгүй, зөвхөн биеэ хамгаалсан.

Баатарсүрэнгийн биед учирсан гээд байгаа гэмтэл нь анх над руу дайрах үед үүссэн байсан. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030567 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Энхболдоос ХУД-ийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 1-4х/,

 

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 12-13х/,

 

3. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас,  14х/,  

 

4. Хохирогч Х.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би найзууд болох Энхболд, Баатаржаргал нартай орой 22 цагийн үед Ташкент ресторанд уулзсан. Бид тухайн ресторанд архи, пиво захиалан уусан. Тэгээд ууж байгаад шөнө 00 цагаас 01 цагийн хооронд гарсан. Би яг хэдэн цагт гарснаа тодорхой нарийн санахгүй байна. Бид 3 тэндээс гараад рестораны үүднээс Энхболд, бид 2 найз Баатаржаргалыг таксинд суулгаж өгөөд тэндээсээ манай гэр лүү явах гээд рестораны урд талын нарийн замаар бид явж байтал тэр харанхуй замд миний зүүн хавирга руу пид гээд хүн цохих шиг болсон.

Миний харснаар 3 залуу байсан. Над руу нэг залуу нь дайрч бид 2 ноцолдсон. Нөгөө хоёр залуу нь Энхболд руу дайрсан. Тэр 2 залуу нь Энхболдын барьж явсан цүнх рүү нь дайраад Энхболдтой ноцолдоод байсан. Над руу дайрсан залуу нь намайг газар унагаан дээрээс өшиглөсөн. Тэгтэл хаанаас ч юм хэдэн залуучууд гарч ирээд “хөөе юу болж байна аа” гэхэд нөгөө 3 залуу зугтаагаад явсан. Тэгээд Энхболд эд зүйлээ бүртгэж үзэхэд гадна талын цамцных нь халаасанд байсан Нөте-1 маркийн гар утас, мөн Айпад нь байхгүй алга болсон байсан. Тэгээд Энхболд миний утсаар 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн.

Тэр үед би нилээн согтсон байсан боловч болсон бүх зүйлийг санаж байна. Энхболд нь намайг бодоход согтолтын хувьд гайгүй байсан. Тухайн үед миний баруун талын хавирганы арьс нь жаахан зулгарсан байсан. Би тухайн үед бэртэж гэмтээгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-17х/,

 

5. Хохирогч Ж.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ташкент ресторанд найз Баатаржаргалтай уулзсан. Мөн бид 2 дээр найз Өлзийсайхан ирээд бид 3 хамт, нэг хүний 3, 3-н пиво авч уусан. Тэгээд орой ресторан хаах болж бид 3 ресторанаас гараад Өлзийсайхан бид хоёр Баатаржаргалыг урд замаас нь таксинд суулгаж өгчихөөд би Өлзийсайханыг гэр лүү нь дөхүүлж өгөх гээд Ташкент рестораны урдуур 2 байрны нарийхан замаар явж байтал урдаас 3-н залуу гүйж гарч ирээд 1 залуу нь шууд Өлзийсайхан руу дайрч цохиж унагаад үлдсэн 2 залуу нь над руу дайрч, миний гартаа барьсан цүнхийг авах гээд 2-лаа зууралдсан.

Тухайн цүнхэнд нь би бэлтгэлийн хувцасаа хийсэн байсан. Тэгтэл цаана Өлзийсайхан газар унасан, түүний толгой руу нь гурван залуугийн нэг өшиглөж байсан. Миний цүнхийг булаах гэж байсан 2 залууд би цүнхээ өгөхгүй гээд цүнхээрээ хааж, тэр 2 залуу руу цүнхээрээ савсан. Тэгтэл тэр хоёр залуу хоёр хажуу талаас зэрэг дайраад, миний зүүн гар талд байсан өндөр залуу нь миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон.

Тэр үед би цүнхээ барьсан чигээрээ арагш савж унасан. Намайг унасан байхад тэр 2 залуу над руу ахиад дайрахаар нь би хөлөөрөө тэр хоёрыг ойртуулахгүй гээд жийсэн. Тэгтэл тэр хоёр залуу юу болсон юм гэмээр гэнэт зугтаасан. Би босоод Өлзийсайхан руу хартал нөгөө залуу Өлзийсайханы толгой руу нь өшиглөөд, тэр хоёр гараараа хаасан байдалтай байсан. Би тэр залуу дээр очоод тэр залууг мөрнөөс нь таттал  тэр залуу зугтаагаад явсан.

Миний цамцныхаа зүүн талын халаасанд хийсэн байсан Ай падны гэр газарт хэвтэж байхаар нь очоод аваад үзтэл дотор нь байсан цагаан өнгийн Аппле брендийн Ай пад, ... мөн миний цамцны баруун талын халаасанд хийсэн Нөте-1 маркийн хар өнгийн гар утас байхгүй байсан. Би тэгээд тэр үед нэн даруй Өлзийсайханы утаснаас 102 дугаарт “дээрэмдүүлээ, зодууллаа” гэсэн дуудлага өгсөн.

Намайг туранхай, өндөр ойролцоогоор 170-175 см, онигор нүдтэй, хөх өнгийн куртиктэй залуу хоёр над руу дайрсан. Миний зүүн нүд рүү өндөр туранхай залуу нь цохисон. Өлзийсайханыг зодож байсан залуу нь туранхайдуу, бараан өнгийн куртиктэй залуу байсан. Намайг зодсон хоёр залуугийн царайг би санаж байна.

Өлзийсайханыг зодсон залуугийн царайг би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ташкент ресторанаас гарахад миний гар утас Ай пад хоёр байсан. Намайг зодсоны дараа гар утас, Ай пад хоёр байгаагүй. Би хар өнгийн Нөте-1 маркийн гар утсаа 2014 оны 5 дугаар сард 280.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо би гар утсаа үнэлж мэдэхгүй байна. Цагаан өнгийн Ай падаа Японоос 2014 оны 8 дугаар сард 1.400.000 төгрөгөөр захиж авчруулж байсан. Би анх авсан үнээрээ Ай падаа нэхэмжилж байна. Надад нийт 1.586.000 төгрөгний хохирол учраад байна. Би үүнээс 580.000 төгрөгийг нь авсан одоо 1.276.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 19-20х, 177-178х, 2-р хавтас 145х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 4896 тоот дүгнэлтэд:

1. Энхболдын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 31х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 3169 тоот дүгнэлтэд:

 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цүнхэнд ханзархай, оёдлын нүхэнд суналт гарсан байна. Ногоон хүрмэнд товчны бэхэлгээний нүх гарсан байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зүйргийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 33-35х/,

 

8. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 174-176х/,

 

9. Мөрдөн байцаалтын явцад хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 189-194х/ болон хохирлын мөнгө хүлээн авсан тухай хохирогч Ж.Энхболдоос шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 2-р хавтас 249-250х/,

 

10. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 91-105х/,  

 

11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 89х/,

 

12. Шинжээч Г.Ганцэцэгийг мөрдөн байцаалтын явцад байцаасан тэмдэглэлд:

“..3169 дүгнэлтэд дурьдсан Ж.Энхболдын хар өнгийн цүнхэнд ханзархай, оёдлын нүхэнд суналт гарсан байна. Ногоон хүрмэнд товчны бэхэлгээний нүх гарсан байгаа нь шинэ, хуучин аль нь болох, эдэлгээний явцад үүссэн үү эсхүл шинээр үүссэн байна уу гэсэн асуултад:

Шинжээч хариулахдаа: ” хар өнгийн цүнхэнд ханзархай, оёдлын нүхэнд суналт гарсан байна. Ногоон хүрмэнд товчны бэхэлгээний нүх гарсан байна Хувцасыг үзэхэд цүнхний даавуун бариулны залгаас оёосоор гарсан ханзралт, цувны зүүн халаасны товчны бэхэлгээний нүхний зах ирмэг нь бохирлогдоогүй, өнгөө алдаагүй нь эдэлгээний явцад үүссэн биш шинээр татах, чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Эдэлгээний биш,  шинэ ханзралт урагдалт юм.” гэжээ.  /хэргийн 2-р хавтас 156х/,

 

13. Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт:

“Retina брэндийн I pad зах зээлийн дээрх үнээс элэгдлийг хасч тооцсон үнэ 900.000 төгрөг, Samsung note маркийн гар утас зах зээл дээр худалдаалагдаж байгаа үнэ 80.000 төгрөг, бүгд 980.000 төгрөг гэж тогтоож байна.“ гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 181-187х/,

 

14. Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №201609000282 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах Прокурорын тогтоол, УЕПГ-ын  2016 оны 06 сарын 02-ны өдрийн “Мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай” прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 82-83х, 151х/,

 

15. Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 89х/,

 

16. Дархан сумын 16-р баг, үйлчилгээний төвийн баруун талд байрлах, 1 давхар улаан тоосгон павилонуудын урд захад байрлах “Хараа сутай” хаягтай, Р.Даваа гэх эзэнтэй  барьцаалан зээлдүүлэх газрын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 126х,

 

17. Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 128-129х/,

 

18. Хураан авсан эд зүйлийг хохирогч О.Мягмарсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 130х/,

 

19. Барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар /хэргийн 1-р хавтас 127х, 2-р хавтас 2х/,

 

20. Хохирогч О.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 3 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчим би нөхөр хүүхдийн хамт ажилдаа явахаар гараад хүүхдээ манай гэрээс холгүй байдаг аавындаа аваачиж орхичихоод ажилдаа явсан. Тэгээд үдээс хойш 14 цагийн орчим байх ажлаасаа тараад гэртээ эргээд иртэл манай Монгол гэрийн цоож нь байхгүй, хаалга зүгээр хаалттай байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан BSB маркийн хар өнгийн 32 инчийн LED зурагт байхгүй байсан. Бас баруун талын орон дээр бүтээсэн байсан улаан эрээн өнгийн нимгэн даавуун бүтээлэг байхгүй байсан. Би зурагтаа 250.000 төгрөгөөр 1 жилийн өмнө худалдаж авч байсан, их хуучраагүй шинээрээ зурагт байсан.

Манай зурагтыг үйлчилгээний төвийн тэнд ломбарданд тавьсан байсныг би өөрөө 90.000 төгрөг төлж барагдуулж авсан. Миний зурагт хэвийн гарч байна. Бас улаан өнгийн бүтээлгийг минь хурааж авсан байсныг авлаа. Тэгэхээр ломбарднаас авсан 90.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би хохирлоо барагдуулаад авбал өөр хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 132х, 2-р хавтас 8-9х/,

 

21. Хохирогч Н.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүү маань хөдөө явсан, бэр маань 2 ачийг  аваад Улаанбаатар явсан би гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ өглөө эрт 07 цагийн орчим гараад гадаа хаалгаа зүүдэг цоожоор цоожлоод явсан. Тэгээд байж байгаад маргааш нь 24-ний өдөр гэртээ ирсэн. Гэтэл байшингийн маань цоожийг цохиж эвдээд хулгай орсон байсан. Дотогш орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрт хойморт стенк дээр байсан 42 инчийн Самсунг маркийн хар улбар шардуу өнгийг зурагт, Лха телевизийн вох-ийн удирдлагын хамт алдагдсан байсан өөр зүйл алга болоогүй байсан.

Уг зурагтыг би Дархан захаас цахилгааны барааны лангуунаас 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Шинээрээ 3-хан сар болж байсан, ямар нэгэн сэв зураас гэмтэл байхгүй байсан. Би гэрээсээ алдагдсан эд зүйл болох зурагтаа Дархан-Уул аймгийн 16 дугаар багт байрлах Хараа сутай ломбарднаас 120.000 төгрөгөөр өөрөө мөнгөөрөө авсан. Би одоо зурагтаа ломбарднаас авсан 120.000 төгрөг болон “Лха” кабелын телевизийн боксны удирдлага байхгүй байгаа тэр удирдлагаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90-92х, 210х/,

 

22. Гэрч Р.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2 залуу манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд 1 залуу нь ВSB маркийн 32 инчийн, LED зурагт барьцаанд тавъя гэсэн. Би тэр залууг бичиг баримтаа шалгуул гэхэд “надад бичиг баримт байхгүй байна” гээд хамт явж байсан найзынхаа бичиг баримтаар барьцаанд аваач гэсэн. Би тэр зурагтыг нь шалгаад Болдбаатарын Нэргүй гэж хүний /РД:ТД88011971 дугаартай бичиг баримттай/ BSB маркийн, 32 инчийн, LED зурагтыг 90.000 төгрөгөөр барьцаанд авч, зээл өгсөн.

2016 оны 3 дугаар сарын 24-нд Мөнхбаяр гэж залуугаас РД:ТА94052230 дугаартай бичиг баримтаар /гэрийн хаяг нь Дархан сум 2-р баг Хушаат 7-13 тоот/ 40 инчийн “SAMSUNG” маркийн зурагтыг 120.000 төгрөгний барьцаанд авч зээл олгосон.

Манай ломбарданд байсан 32 инчийн BSB маркийн зурагт 42 инчийн Самсунг маркийн зурагтыг хохирогч эзэн нь гэх хоёр эмэгтэй ирээд, өөрсдөө барьцааны мөнгийг нь төлөөд авчихсан. Нэгийг нь 120.000 төгрөгөөр, нөгөөг нь 90.000 төгрөг төлөөд авчихсан. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-94х/,  

 

23. Гэрч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байх санаж байна, өглөө 11 цагийн орчим манай гэрт найз Баярсайхан, Алтантулга хоёр хамтдаа орж ирээд, намайг гаръя гэсэн. Тэгээд хамт гараад сагсны талбай дээр очиж тоглосон. Гэтэл тоглож байгаад тэр хоёр надаас “зурагт ломбарданд тавъя, чамд иргэний үнэмлэх байна уу” гэхээр нь “байгаа” гэсэн. Тэгээд би гэртээ орж иргэний үнэмлэхээ авах гэж ороод тэр 2 надаас салж явсан. Тэгээд би иргэний үнэмлэхээ аваад эргээд ирэхэд Алтантулга, Баярсайхан хоёр Ганбаа гэж таксинд явдаг ахын машинтай нэг зурагт авчихсан явж байсан.

Тэгээд шууд үйлчилгээний төв рүү очоод миний бичиг баримтаар барьцаанд тавьсан. 120.000 төгрөгөөр барьцаанд тавиад таксины жолоочид 20.000 төгрөг өгөөд, хуучин Дархан орж 3-уулаа биллъяард тоглосон. Баярсайхан өөрөө 20.000 төгрөгөөр гэр утас аваад, бас 20.000 төгрөг аваад, үлдсэн мөнгөөр нь бид нар үрээд дуусгасан. Тэр зурагт нь 42 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95х/,  

 

24. Гэрч Б.Тулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 3 дугаар сарын дундуур байх 16-17 цагийн орчим байх найз Нэргүйгийн машинтай Даваадоржийн хамт 3-уулаа тосгоны багийн төвийн төвийн тэнд явж байтал Нэргүй рүү хүн утсар яриад уулзахаар болоод бид далангийн тийшээ гудамжинд очиход 2 залуу хүлээж байсан. Тэгснээ бид нарыг очиход улаан эрээн өнгийн бүтээлгэнд боосон зурагтыг тэнд байдаг дэлгүүрээс авч гарч ирсэн. Тэгээд машинд суугаад тавуулаа шинэ Дархан руу яваад үйлчилгээний төвийн ард байх ломбарданд очоод, Нэргүй нэг залуутай нь ломбард орж барьцаанд тавьсан.

Нэргүйгийн нэр дээр тавьсан гэж байсан ба нөгөө хамт орсон залуу нь төрсний гэрчилгээтэй гээд авахгүй байсан гэсэн. Нэг залуу нь гадаа машинд сууж үлдээд утсаар яриад байсан. Ээжтэйгээ яриад байгаа бололтой, ногоон зоорин дээр ногоо ачиж байна гээд яриад байсан. Тэгээд барьцаанд тавьж гарч ирээд, нөгөө 2 залуу нь үйлчилгээний төвийн тэнд бууж үлдсэн ба тэгэхдээ явсны хөлс гээд 10.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 133х, 2-р хавтас 10-11х/,

 

25. Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 3 дугаар сарын 20-ны үер өдөр 15-16 цагийн орчим өөрийнхөө машинтайгаа найз Даваадорж, Тулга нарын хамт тосгонд аавындаа очоод буцаад харих гээд багийн төвийн тэнд явж байтал миний утас руу Итгэл гэж дууддаг залуу утасдаад хөгшөөн зурагт ломбарданд тавих гэсэн юм. Тийм газар мэдэх үү гэсэн. Тэгэхээр нь би мэднэ гээд үйлчилгээний төвийн тэнд байдаг ломбардыг зааж өгсөн. Тэгтэл тэр чи яваад өгчихөөч ээ, чамд таксины чинь мөнгийг өгчихнө гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм гэхэд хараагийн гүүрний наана эцсийн буудлын хойшоо далангийн хажууд гудамжны үзүүр дээр Итгэл нь өөр нэг бандитай 2-уулаа байсан. Тэр бага зэрэг халамцуу хар өнгийн бүтээлгэнд боочихсон зурагт авч явсан. Зурагт нь BSB маркийн 28-29 орчим болов уу гэмээр том биш Лед зурагт байсан. Тэгээд тэр хоёрыг машиндаа зурагттай нь суулгаад шууд хамт яваад үйлчилгээний төв рүү явсан. Тэгээд үйлчилгээний төвийн баруун талд байх улаан тоосгон ломбарданд очоод би Итгэлттэй хамт орсон. Ороод барьцаанд тавиах гэхэд Итгэл нь төрсний гэрчилгээтэй, иргэний үнэмлэхгүй байсан. Тэр ломбард нь иргэний үнэмлэх байхгүй гээд авахгүй байсан.

Тэгээд миний жолооны үнэмлэхээр би гарын үсэг зурж тавьсан. Тэгээд Итгэл 90.000 төгрөгөө аваад надад 10.000 төгрөг өгсөн. Би Итгэлээс ямар нэгэн асуудал байхгүй биздээ гэхэд байхгүй гэхээр нь барьцаанд тавьж өгсөн. Надад хамт явсан залуугийнхаа зурагт гэж хэлж байсан ба тэр банди нь ээжийн зурагт, гэрээсээ аваад гарч ирж байна гэж байсан. Тэгснээ замд гэрээс нь залгахад ажил дээрээ завгүй байна гэж яриад байсан. Тэгэхэд сүүлд буусных нь дараа манай 2 найз ингэж зөрж яриад байна, хулгайн юм биш биздээ гэж хэлэхэд нь би арай ч үгүй байлгүй дээ гээд өнгөрсөн. Хамт явсан залууг нь өмнө нь зүс харж байсан, тосгонд яваад байдаг банди байсан. Намхан шардуу царайтай байх..” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 12-13х/,

 

26. Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн  өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2016 оны 03 дугаар сарын 25-ны  өдөрийн шинжээчийн дүгнэлтэд:

“...Үнэлгээнд хамрагдсан “Самсунг” маркийн 42 инчийн өнгөт зурагт /хуучин/ 1 ш эд зүйлийн үнэ цэнэ нь 2016 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 98х/,

 

27. Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн  өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний  өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

“...”ВSB” маркийн 32 инчийн өнгөт зурагт (хуучин) 1 ш 200.000 төгрөг, орны бүтээлэг 1 ш 10.000 төгрөг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний байдлаар 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 135х/,

            

28. Мөрдөн байцаалтын шатанд А.Алтантулгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 03 сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна, өдрийн 15-16 цагийн орчимд 18-ын буудлын Талст билльярд тоглохоор Баярсайхан, Дүүрэнбаяр, Балжинням нарын хамт 4-үүлээ очиход араас Булганбаатар” эмнэлэг орчихоод ирлээ” гээд ирсэн. Тэгээд 5-уулаа бильярд  тоглоод Булганбаатар нэг шил архи аваад хувааж уусан.

Архиа хувааж уучихаад тавуулаа тосгон таксигаар яваад Ихэр саран дэлгүүрийн тэнд Дүүрэнбаяр буугаад салаад явсан. Тэгэхэд Булганбаатар “манай хамаатны айл эзэнгүй, зурагт байгаа, очоод зурагтыг нь аваад  ломбарданд тавья” гэж хэлсэн. Ар нь яах юм бэ гэхэд ар нь гайгүй, иймээ тиймээ юм болохгүй гээд, бид 4-үүлээ Хараагийн гудамжинд хохирогчийн хашааны гадаа очоод Булганбаатар, Баярсайхан 2 хашааны хаалгаар нь ороод би гадаа нь үлдсэн. Тэгэхэд Балжинням “хүнтэй уулзана” гээд уулзварын тийшээ явсан.  ...Баярсайхан, Булганбаатар хоёр гэрээс зурагт бүтээлгэнд боочихсон гаргаж ирээд, надад хашаа давуулаад өгсөн. Би зурагтыг нь аваад далангийн тийшээ явахад Балжинням, Булганбаатар, Баярсайхан 3 ардаас ирсэн. Тэгээд тэнд 4-үүлээ нэг машин ирэхэд нь Балжинням очиж уулзаад, Булганбаатар, тэр хоёр нөгөө машинд суугаад “барьцаанд тавьчихаад ирье” гээд явсан. Дараа нь тэр хоер барьцаанд тавьчихлаа гэж нэг цаг орчимын дараа яриад хуучин Дарханд уулзаад караокед ороод үрээд мөнгийг нь дуусгасан. 90.000 төгрөгөөр барьцаанд тавьсан  гэж байсан.

Үүний дараа 2016 оны 03 сарын 23-ны өдөр сүмийн ард, тэр хавийн хэдэн банди нартай архи уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад бүгдээрээ сагсны талбай ороод сагс тоглосон. Тэгээд харанхуй болоод бүгд тараад явахад Булганбаатар, Баярсайхан бид гурав үлдсэн. Тэгээд бид 3 манай гэрээр орчихоод буцаж гараад, Булганбаатар “энд нэг айл байгаа, гэрт нь зөндөө юм байгаа” гэсэн. Тэгээд бид нар Баярсайханы зааж өгсөн гудамжаар нь ороод нэг айлын гадаа очиж зогсоод, би гадаа нь үлдсэн. Булганбаатар, Баярсайхан 2 дотогшоо орсон. Удаагүй хэдэн минут болоод том зурагт авчихсан гарч ирсэн. Тэр зурагтаа авч яваад манай гэрийн хажуугийн байшингийн дээвэр дээр аваачиж нуусан. Маргааш нь Баярсайхан бид 2 уулзаад Мөнхбаатарыг дуудаад, шинэ Дархан явж, түүний бичиг баримтаар ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Булганбаатар эмнэлэг явна гээд яваагүй үлдсэн. Мөнгөөр нь архи авч уугаад, хэрэглээд дуусгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 139-140х/,   

 

29. Шүүгдэгч Б.Булганбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 03 дугаар сарын дундуур, би одоо өдрийг нь сайн санахгүй байна, Дархан-Уул аймагт байдаг хүүхдийн эмнэлэг орж хоол хүргэж өгчихөөд, буцах замдаа 12:00 цагийн үед найзууд болох Баярсайхан, Гантулга, Балжинням нартай 18-ын автобусны буудал дээр таарсан. Бид нар тэнд таараад тэнд байдаг бильярдын газарт орж 2 цаг гаран тоглосон. Тэнд тоглож байхдаа 4-үүлээ 2 шил архи уусан. Тэндээсээ 15:00 цагийн үед гараад 4-лээ ахиад дэлгүүр орж 1 шил архи авч, архиа Худгийн ард хувааж уусан. Тэгээд явж байтал замд миний таньдаг Цээгий гэж дууддаг миний таньдаг эгчийн монгол гэрийн хаалганы цоож нь хаалганаасаа дүүжлээстэй байсан.  Тэгтэл нэг мэдсэн Баярсайхан бид хоёр тэр айл дотор орчихсон зурагтыг нь аваад гараад ирсэн. Алтантулга, Балжинням хоёр хашааны гадаа хүлээж байсан. Балжинням нэг хүнтэй утсаар яриад байсан, удалгүй нэг машин ирээд Балжинням бид 2 суугаад зурагтаа аваад ломбард хайхаар явсан. Үйлчилгээний төвийн тэнд ломбардад Балжинням, нэг найзын хамт ломбард ороход би машинд нь суугаад үлдсэн. Удалгүй зурагтыг 100.000 төгрөгт тавьсан гээд тэр хоёр гарч ирсэн. Араас Баярсайхан, Тулгаа 2 нэмэгдэж ирээд бид нар тэндээсээ караоке орж, пиво авч, дуулж сууцгаасан.

Үүнээс хойш хэд хоногийн дараа би өдөр 13 цагийн үед гэрээс гараад урд гэр лүү очиж гал түлэхээр явж байгаад Баярсайхантай аавын гэрийн ойролцоо таарсан. Баярсайхантай тааралдахад “надад 5000 төгрөг байна, пиво ууя” гэсэн. Тэгэхэд надад бас 800 төгрөг байсан. Тэгээд бид 2 хамт яваад дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээний “Гүний хишиг” архи аваад манай гэрт орж уусан. Архиа уучихаад буцаж гараад явж байгаад Алтантулгатай таарсан. Тэндээсээ бид 3 Дархан зах орж Баярсайхан гар утсаа ломбарданд 60.000 төгрөгөөр тавиад, бид 3 Төмөр замын 13 нэртэй бильярдын газар орж нэг цаг гаран тоглосон. Тоглож байхдаа архи авч уусан. Тэндээсээ гараад Алтантулгын гэрт нь очоод пиво ууцгаасан. Тэгээд Зоригоо ахын хашааны гадаа ирэхэд  гэр нь цоожтой байсан. Зоригоо ахын гэрийн цоожийг гудамжнаас авсан арматурын төмрөөр цохиж эвдээд, бид нар гэрт нь ороод 42 инчийн зурагтыг нь  авч гараад буцаад Алтантулгын гэрт очоод тэдний байшингийн дээд хөндийд нь нуусан. Тэгээд салаад явсан. Маргааш нь би тэд нартай уулзаагүй. Дараа нь тэд нар ломбарданд тавиад мөнгийг нь үрсэн гэж байсан. Би тэр мөнгөнөөс аваагүй. Тэр үедээ архи уусан байсан болохоор согтуудаа ороод авсан байсан. Би хулгай хийсэн гэм буруугаа ойлгож байна.

Дархан-Уул аймагт мөрдөн байцаалтанд шалгагдаж байхад манай охины бие өвдөөд эхнэр эхлээд охиноо аваад хот руу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Эхнэр, охин хоёр Эх нялхасын эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би эхнэр охины хоёрын араас араас 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би эхнэрийн хамт, охиноо эмнэлэгт сахисан. Тэгээд би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр би хуучин ажиллаж байсан Ганаа дээр очиж бид хоёр тэдний гэр болох Дэнжийн 1000-н цагаан байранд архи уусан.

Түүний маргааш нь би хуучин Зайсанд барилга дээр болон Нисэхэд хамт ажиллаж байсан Баатараа, Лхагваа хоёртой Яармагт байдаг Баатараагийн ахынд нь уулзсан. Тэнд бид 3 уулзаад, мөн 2-3 шил архи уусан. Тэр өдрөө бид 3 тэндээ хоноод, маргааш нь Баатараа хуучин ажиллаж байсан ах руугаа ярихад “хийх ажил байна” гэсэн. Тэгээд бид 3 ажилд орох гээд Баатараагийн хуучин ажиллаж байсан Нисэхийн Спортын ордонгийн ард алд Тоонор хотхон дээр очиж Мөнхөө гэх хүнтэй уулзсан. Тэгтэл Баатараа бид хоёрыг барилгын ажилд аваад, Лхагвабатыг ажилд аваагүй. Тэр барилгын газарт Баатараа бид хоёр, 14:30 хүртэл  ажиллаад гарсан. Тэр орой Лхагваа өид хоёр луу яриад “танай барилгын ойрхон байна, хүрээд ир” гэсэн. Тэгээд бид хоёр ажлаас буугаад явж байна гэж хэлчихээд тэндээсээ  Баатараагийн Яармагт байдаг ахынд нь очсон. Бид 3 тэнд ууж идэж хоноцгоосон.

Маргааш нь бид нар өдөр болтол унтаж байгаад орой Лхагваа “нэг охинтой уулзана” гээд бид 3 хамт 120 мянгат нилээн орой харанхуй болсон байхад очсон. Бид 3 Хан-Уул сур харвааны талбайд 1 шил архи хувааж уусан. Лхагваатай уулзсан эмэгтэй архи уугаагүй. Тэнд бид гурав архи ууж байгаад хоорондоо маргалдаад муудалцаад би гараа гэмтээсэн. Гэхдээ би хэн гэмтээснийг санахгүй байна. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний баруун шуунаас цус гарч байсан. Зодоон болж байхад нөгөө эмэгтэй явчихсан байсан. Бид 3 тэндээсээ 120 мянгат орж такси барих гээд /Яармаг явах гэж/ зогссон боловч такси зогсоогүй.

Тэгэхээр нь Дэнжийн 1000 орох гээд урдаас хойд зүгт чиглэн алхсан. Бид 3 алхаж байхад бид 3-ын хажуугаар хоёр ах зөрсөн. Тэгтэл нэг мэдсэн Баатараа нэг ахтай нь зууралдан газар унаад, тэр ахын доор нь орчихсон цохиулж байсан. Мөн Лхагваа нэг ахтай нь зодолдож байсан. Тэгэхээр нь би Баатараагийн дээр нь байсан ахыг хөлөөрөө 2 удаа цээжнийх нь ойролцоо өшиглөсөн. Тэгтэл тэр ах цаашаа уначихсан. Тэр үед Лхагваа харагдахгүй байсан. Баатарсүрэн бид хоёр тэндээсээ зугтаад булан тойроод явж байхад  Лхагваа шатан дээр суучихсан утсаар оролцоод сууж байсан. Тэгээд бид 3 Энхтайваны гүүр чиглээд явсан. Тэр үед Лхагваа утас үзээд явж байхад нь би үзье гээд утсыг нь авч үзчихээд халаасандаа хийгээд явж байтал нэг жижиг цагаан өнгийн машинтай 3 ах хөөе гэж орилохоор нь Баатараа, бид нар зугтаасан. Би тэндээс зугтаад Энхтайваны гүүх доор очоод согтоод унтаад өгсөн байсан. Маргааш өгнөө нь босоод нөгөө гар утсыг аваад талбайн хажуу талын Монтел төв ороод Нөте-1 гар утсыг 30.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг би хэрэглээд дууссан. Маргааш нь би Гэмтлийн эмнэлэг орж, гараа оёулаад, 7-8 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, эмнэлгээс гараад шууд Дархан-Уул аймаг руу явсан. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй.

2016 оны 04 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би цайвар өнгийн жинсэн яактай, бор өнгийн даавуун өмдтэй, цэнхэр гуталтай байсан. Баатараа саравчтай малгайтай, улаан өнгийн куртка өмссөн байсан. Лхагваа хар өнгийн куртка өмссөн, биеийн тамирын өмдтэй байсан. Би өндөр биетэй ахыг нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр ах шар царайтай ах байсан. Тухайн үед бид 3 нилээн согтсон байсан. Би тэр өдрөө 2 ширхэг 0.75 литрийн архи уусан, нилээн согтуу байсан. Болсон бүх зүйлийг заримыг санаад заримыг нь санахгүй байгаа. Мөн дээрх 2 удаагийн хулгайн хэрэг үйлдэхдээ бас согтуу байсан. Тэр ахын Ай падыг бид нар аваагүй. Хохирогч Энхболдын биед хэн гэмтэл учруулсаныг мэдэхгүй байна.

Би дээрмийн гэмт хэрэг хийгээгүй, Лхагвабат, Баатарсүрэн бид нар тухайн 2 хүнийг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Би тухайн хүнийг цохисон болохоос эд зүйлийг нь дээрэмдэн авсан зүйл байхгүй, цохисон хариуцлагаа хүлээнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 51-52х, 108-111х, 145-146х, 187-188х, 2-р хавтас 201х/,

 

30. Шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би найзууд болох Булганбаатар, Лхагвабат нарын хамт орой 19 цагийн үед 120 мянгатад уулзсан. Тэндээсээ бид 3 Хурд хотхон орж Сурын харвааны талбай дотор 2 шил архи уусан. Бид гурав дээр манай найз Лаагий /утсыг нь мэдэхгүй байна/ ирээд бид нар хамт архи уусан. Бид гурав архиа ууж дуусчихаад, орой болсон хойно Булганбаатар, Лхагвабат бид гурав Номын сан орох гээд Энхтайваны гүүрийг чиглэн хойшоо алхсан. Лаагий замдаа гэртээ харьсан байсан. Бид гурав хойшоо алхаж явж байгаад хоёр ахтай таарсан.

Тэр хоёр ах хажуугаар гарахад нь би нэг ахыг нь мөрлөсөн. Тэгэхэд нөгөө ах миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Булганбаатар хажуугаас орж ирээд нөгөө ахын хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа цохисон. Тэгтэл тэр ахын гар утас газар унаад, Булганбаатар нөгөө ахын гар утсыг аваад замын урагшаа гүйсэн. Лхагвабат тэр үед нөгөө нэг ахынх нь гар утсыг аваад Булганбаатарын араас нь замын урагшаа гүйсэн. Би тэр хоёрын араас нь гүйгээд бид гурав гүүрэн дээр явж байтал бид 3-ын хажууд машинтай ах нар ирээд Лхагвабатыг бариад авсан. Булганбаатарыг барьж авах гэсэн боловч Булганбаатар зугтаачихсан. Би номын сан чиглэн хойшоо гүйсэн. Яармаг орох гээд 19-н тэнд алхаж байтал нөгөө машинтай ах нар ирээд намайг барж аваад бид нар Цагдаа дээр ирсэн. Тэр үед Ай пад харагдаагүй, хэн авсныг мэдэхгүй байна. Бид 3 тэр өдөр 2 шил 0.75 литрийн архи уусан, нилээн согтсон байсан. Тухайн өдөр ямар хувцастай явж байснаа санахгүй байна. Би тэр хоёр хүнд гар хүрээгүй, цохиж зодоогүй.“    

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйл анги сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хийсэн үйлдэлд ямар ч дээрмийн гэмт хэргийн шинж байхгүй. Би тэр ахтай явж байгаад л санаандгүй мөрлөсөн.  Гэтэл тэр ах “яаж байна аа” гээд миний нүд рүү шууд цохиод авсан. Тэр ах өөрөө түрүүлж намайг цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгээд би тэр ахтай харилцан зодолдсон. Нөгөө ахтай нь Булганбаатар, Лхагвабат нар муудалцаад зодолдож байсан. Булганбаатар хажуунаас орж ирээд тэр ахын хэвлий хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэр үед тэр ах газарт унасан. Тэр ахыг унах үед хувцасных нь халааснаас Нөте-1 маркийн гар утас газарт унасан. Лхагвабат тэр утсыг нь шүүрч аваад хажуугаар гүйгээд гарсан. Булганбаатар намайг босгоод араас нь гүйсэн. Хохирогч Энхболд бид харилцан зодолдож танхайрсан. Би уг хэргийг дээрмийн хэрэг гэж үзэхгүй байна.  Би тэр ахыг цохисноо бол хүлээн зөвшөөрч байна. Тэр ахын эд зүйлийг бүлэглэн дээрэмдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 179-180х, 182х, 2-р хавтас 158х, 204х/,

 

31. Шүүгдэгч О.Лхагвабатын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 06-нд Булганбаатар, Баатараа бид нар уулзаад Баатараагийнд архи ууж хоносон. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө гадуур явж байгаад бид нар Баатараагийн найз эмэгтэйтэй Сурын харвааны хажууд архи уусан.

Тэгээд архи уучихаад Баатараа, Булгаа 2 нь хоорондоо маргалдаад, муудалцаад байсан. Тэгээд тэндээс Лхагважаргал /Лаагий/ гэртээ харина гээд, Булгаа, Баатраа бид 3 Энхтайваны гүүр давах гээд алхаад явж байсан. Тэгтэл замд бид гуравтай 2 ах таарсан. Баатараа, Булгаа хоёр “тэр хоёрын юмыг авъя” гэж яриад байсан. Тэгээд Баатараа, тэр хоёр ахын нэгийг нь хажуугаар нь өнгөрөхдөө шүргэчихсэн юм.

Булгаа, Баатараа хоёр тэр хоёр ахтай ноцолдож байтал нэг ахынх нь халааснаас гар утас нь унасан. Би тэр утсыг нь аваад гүүр лүү гүйсэн. Тэгтэл араас Булгаа, Баатараа 2 гүйсэн. Бид 3 гүүрний гол хэсэгт байх сандал дээр амраад суусан. Тэгээд сууж байхдаа би нөгөө нэг ахын гар утсыг нь Булгаад өгчихсөн.  Бид гурвыг гүүрэн дээр сууж байтал машинтай хүмүүс ирээд Баатараа бид хоёр баригдсан. Булгаа нөгөө ахын гар утсыг аваад гүйсэн.

Би тэр өдөр саарал өнгийн куртиктэй гүйж байсан. Баатараа тэр өдөр улаан өнгийн куртиктэй, Булганбаатар нь цэнхэр яактай явж байсан. Бид нарын хэн нь малгай өмссөн байсныг би санахгүй байна. Би тэр хүнийг огт зодоогүй, Булгаа, Баатараа хоёр л зодсон. Би утсыг нь аваад гүйсэн. Булганбаатар, Баатарсүрэн бид 3 хамт явж байгаад, Булганбаатар, Баатарсүрэн хоёр хоорондоо урдаас ирж байгаа “хоёр ахын юмыг нь авъя” гээд ярьж байсан. Тэгтэл Баатарсүрэн тэр 2 ахыг хажуугаар зөрөхдөө нэгийг нь мөрлөчихсөн.

Тэгээд Баатарсүрэн тэр үед нэг ахтай нь барилцаад авсан. Булганбаатар тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Тэд нар ноцолдож байх үед  нэг ахынх нь халааснаас гар утас унасан. Би тэр утсыг нь аваад Энтхтайваны гүүр лүү гүйсэн. Араас Булганбаатар, Баатарсүрэн 2 ирсэн. Би газар унасан байсан гар утсыг Баатарсүрэн, Булганбаатар хоёрт үзүүлсэн. Булганбаатар тэр гар утсыг үзье гээд авчихсан. Бид тэгээд байж байтал цагаан өнгийн аксент маркийн машинтай 3 ах ирээд та нар хүний утсыг өгөөч гэж хэлсэн. Тэр машинтай 3 ахад Баатарсүрэн, бид хоёр баригдаад Булганбаатар зугтаад явчихсан. Тухайн ахын гар утас Булганбаатарт байсан.

Хохирогч ах тэр үедээ өөрөө цагдаа дээр байхад “миний Ай пад хаана хэнд байгаа юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би Ай падыг нь Булганбаатар авсан байх гэж бодсон. Тэрнээс би Ай падыг Булганбаатар, Баатарсүрэн хоёр авч байхыг хараагүй. Тэр ахын Ай падыг хэн авсныг би мэдэхгүй байна. Тэд нар ноцолдож байх үед Ай пад тэр ахын халааснаас нь унаагүй. Тэр Ай пад хэнд байгаа талаар би мэдэхгүй байна. Би согтолтын хувьд гайгүй байсан учраас болсон бүх зүйлийг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 184-185х, 2-р хавтас 198х, 161х/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Н.Сувданчимэг /хэргийн 1-р хавтас 22х/, Т.Насандэлгэр /хэргийн 1-р хавтас 24х/, О.Цэцэгжаргал /хэргийн 1-р хавтас 26х/, Д.Отгонпүрэв /хэргийн 1-р хавтас 27х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 55-57х, 119х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 58-60х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 61х/, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хэргийн 1-р хавтас 62-65х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэн, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1. Шүүгдэгч Б.Булганбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Э.Баярсайхан, А.Алтантулга, Х.Балжинням нартай бүлэглэн  Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 3-15 тоотод оршин суух иргэн О.Мягмарсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Би Эс Би /BSB/ маркийн телевизорыг хулгайлж, О.Мягмарсүрэнд 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн давтан үйлдлээр, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Э.Баярсайхан, А.Алтантулга нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-15 тоотод оршин суух иргэн Н.Оюунтунгалагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн Самсунг маркийн телевизорыг хулгайлж, Н.Оюунтунгалагт 450.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан, хоёр удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 660.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

- хохирогч Н.Оюунтунгалагийн “...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүү маань хөдөө явсан, бэр маань 2 ачийг аваад Улаанбаатар явсан, би гэртээ ганцаараа байсан үе юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ өглөө эрт 07:00 цагийн орчим гараад гадаа хаалгаа зүүдэг цоожоор цоожлоод явсан. Тэгээд маргааш нь буюу 24-ний өдөр гэртээ ирэхэд ...байшингийн маань цоожийг цохиж эвдээд, гэрт хулгай орсон байсан. Дотогш орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрийн хойморт стенк дээр байсан 42 инчийн Самсунг маркийн хар улбар шардуу өнгийн зурагт, Лха телевизийн вох-ийн удирдлагын хамт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-92х, 210х/,

 

- хохирогч О.Мягмарсүрэнгийн “...2016 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 09:00 цагийн орчим би нөхөр хүүхдийн хамт ажилдаа явахаар гараад хүүхдээ манай гэрээс холгүй байдаг аавындаа аваачиж орхичихоод ажилдаа явсан. ...Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан BSB маркийн хар өнгийн 32 инчийн LED зурагт байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 132х, 2-р хавтас 8-9х/,

 

- гэрч Р.Даваагийн “...2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр залуу манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд 1 залуу нь ВSB маркийн 32 инчийн, LED зурагт барьцаанд тавъя гэсэн. Би тэр залууг бичиг баримтаа шалгуул гэхэд “надад бичиг баримт байхгүй байна” гээд хамт явж байсан найзынхаа бичиг баримтаар барьцаанд аваач гэсэн. Би тэр зурагтыг нь шалгаад Болдбаатарын Нэргүй гэж хүний РД:ТД88011971 дугаартай бичиг баримтаар BSB маркийн, 32 инчийн, LED зурагтыг 90.000 төгрөгөөр барьцаанд авч,  зээл өгсөн.

2016 оны 3 дугаар сарын 24-нд Мөнхбаяр гэж залуугаас РД:ТА94052230 дугаартай бичиг баримтаар /гэрийн хаяг нь Дархан сум 2-р баг Хушаат 7-13 тоот/ 40 инчийн “SAMSUNG” маркийн зурагтыг 120.000 төгрөгний барьцаанд авч зээл олгосон. Манай ломбарданд байсан 32 инчийн BSB маркийн зурагт 42 инчийн Самсунг маркийн зурагтыг хохирогч эзэн нь гэх хоёр эмэгтэй ирээд, өөрсдөө барьцааны мөнгийг нь төлөөд авчихсан. Нэгийг нь 120.000 төгрөгөөр, нөгөөг нь 90.000 төгрөг төлөөд авчихсан. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-94х/,       

 

- гэрч М.Мөнхбаярын “...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байх өглөө 11:00 цагийн орчим манай гэрт найз Баярсайхан, Алтантулга хоёр хамтдаа орж ирээд “намайг гаръя” гэсэн. Тэгээд хамт гараад сагсны талбай дээр очиж тоглосон. Гэтэл тоглож байгаад тэр хоёр надаас “зурагт ломбарданд тавъя, чамд иргэний үнэмлэх байна уу” гэхээр нь “байгаа” гэсэн. Тэгээд би иргэний үнэмлэхээ аваад эргээд ирэхэд Алтантулга, Баярсайхан хоёр Ганбаа гэж таксинд явдаг ахын машинтай нэг зурагт авчихсан явж байсан.

Тэгээд шууд үйлчилгээний төв рүү очоод миний бичиг баримтаар барьцаанд тавьсан. 120.000 төгрөгөөр барьцаанд тавиад, таксины жолоочид 20.000 төгрөг өгөөд, хуучин Дархан орж 3-уулаа биллъярд тоглосон. Баярсайхан өөрөө 20.000 төгрөгөөр гар утас аваад, бас 20.000 төгрөг бэлнээр аваад, үлдсэн мөнгийг нь бид нар үрээд дуусгасан. Тэр зурагт нь 42 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95х/,    

 

- гэрч Б.Тулгын “...2016 оны 03 дугаар сарын дундуур байх 16-17 цагийн орчим найз Нэргүйгийн машинтай Даваадоржийн хамт 3-уулаа тосгоны багийн төвийн тэнд явж байтал Нэргүй рүү хүн утсаар яриад уулзахаар болоод бид далангийн тийшээ гудамжинд очиход 2 залуу хүлээж байсан. Тэгснээ бид нарыг очиход улаан эрээн өнгийн бүтээлгэнд боосон зурагтыг тэнд байдаг дэлгүүрээс авч гарч ирсэн. Тэгээд машинд суугаад 5-уулаа шинэ Дархан руу яваад үйлчилгээний төвийн ард байх ломбарданд очоод, Нэргүй нэг залуутай нь орж барьцаанд тавьсан. Барьцаанд тавьж гарч ирээд, нөгөө 2 залуу нь үйлчилгээний төвийн тэнд бууж үлдсэн. Таксинд явсны хөлс гээд 10.000 төгрөг надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 133х, 2-р хавтас 10-11х/,

 

- гэрч Б.Нэргүйн “...2016 оны 03 дугаар сарын 20-ны үер өдөр 15-16 цагийн орчим өөрийнхөө машинтайгаа найз Даваадорж, Тулга нарын хамт тосгонд аавындаа очоод буцаад харих гээд багийн төвийн тэнд явж байтал миний утас руу Итгэл гэж дууддаг залуу утасдаад “хөгшөөн зурагт ломбарданд тавих гэсэн юм. Тийм газар мэдэх үү” гэсэн. Тэгэхээр нь би “мэднэ” гээд үйлчилгээний төвийн тэнд байдаг ломбардыг зааж өгсөн. Тэгтэл тэр “чи яваад өгчихөөч ээ, чамд таксины чинь мөнгийг өгчихнө” гэсэн. Тэгэхээр нь “хаана байгаа юм” гэхэд “Хараагийн гүүрний наана, эцсийн буудлын хойшоо далангийн хажууд гудамжны үзүүрт байна” гэхээр нь яваад очсон. Итгэл нь өөр нэг бандитай 2-уулаа байсан. Тэр бага зэрэг халамцуу, хар өнгийн бүтээлгэнд боочихсон зурагт авч явсан. Зурагт нь BSB маркийн 28-29 инч орчим болов уу гэмээр том биш, Лед зурагт байсан. Тэгээд тэр хоёрыг машиндаа зурагттай нь суулгаад шууд хамт яваад үйлчилгээний төвийн баруун талд байх улаан тоосгон ломбарданд очоод, би Итгэлттэй хамт орсон. ...Тэгээд миний жолооны үнэмлэхээр, би гарын үсэг зурж тавьсан. Итгэл 90.000 төгрөг бэлнээр аваад надад 10.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

- Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №201609000282 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах Прокурорын тогтоол, УЕПГ-ын  2016 оны 06 сарын 02-ны өдрийн “Мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай” прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 82-83х, 151х/,

 

- Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 89х/,

- Дархан сумын 16-р баг, үйлчилгээний төвийн баруун талд байрлах, 1 давхар улаан тоосгон павилонуудын урд захад байрлах “Хараа сутай” хаягтай, Р.Даваа гэх эзэнтэй  барьцаалан зээлдүүлэх газрын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 126х,

- Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 128-129х/,

- Хураан авсан эд зүйлийг хохирогч О.Мягмарсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 130х/,

- Барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар /хэргийн 1-р хавтас 127х, 2-р хавтас 2х/,

- Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн  өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2016 оны 03 дугаар сарын 25-ны  өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан “Самсунг” маркийн 42 инчийн өнгөт зурагт /хуучин/ 1 ш эд зүйлийн үнэ цэнэ нь 2016 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн үнэлгээтэй байна” гэсэн, мөн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ВSB” маркийн 32 инчийн өнгөт зурагт (хуучин) 1 ш 200.000 төгрөг, орны бүтээлэг 1 ш 10.000 төгрөг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний байдлаар 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг байна.” шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 98х, 135х/,

 

- мөрдөн байцаалтын шатанд А.Алтантулгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 139-140х/, шүүгдэгч Б.Булганбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт бусдын эд хөрөнгө хулгайлсан гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Булганбаатараас хохирогч О.Мягмарсүрэн, Н.Оюунтунгалаг нарын ХААН банк дахь харилцах дансанд төлбөр шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг баримтууд /хэргийн 2-р хавтас 78х, 90х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Булганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул Б.Булганбаатарыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.   

 

2. Шүүгдэгч О.Лхагвабат, Н.Баатарсүрэн, Б.Булганбаатар нар нь бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, улмаар Ж.Энхболдын биед хөнгөн гэмтэл учруулан, гар утас, Ipad зэргийг нь дээрэмдэн авч, хохирогч Ж.Энхболдод 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

- хохирогч Ж.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ташкент ресторанд найз Баатаржаргалтай уулзсан. Бид хоёр дээр найз Өлзийсайхан нэмэгдэж ирээд, бид 3 хүний 3, 3 шил пиво авч уусан. Тэгээд орой ресторан хаах болоод, бид 3 гараад Өлзийсайхан бид хоёр Баатаржаргалыг урд замаас нь таксинд суулгаж өгчихөөд, би Өлзийсайханыг гэр лүү нь дөхүүлж өгөхөөр Ташкент рестораны урдуур 2 байрны дунд нарийхан замаар явж байхад урдаас 3-н залуу /шүүгдэгч Булганбаатар, Баатарсүрэн, Лхагвабат/ гүйж гарч ирээд 1 залуу нь /Булганбаатар/  шууд Өлзийсайхан руу дайрч цохиж унагаад, нөгөө 2 залуу нь /Лхагвабат, Баатарсүрэн хоёр/ над руу дайрсан. Энэ 3 залуу шууд ямар ч үгийн зөрүүгүй, бид хоёр луу дайрсан. Шүүгдэгч нарын ярьж байгаа шиг маргалдаад, цохилцож, зодолдсон юм болоогүй. Лхагвабат, Баатарсүрэн нар нь над руу дайраад, Баатарсүрэн нь миний нүүр лүү цохиж унагаасан. Лхагвабат нь нөгөө хоёроосоо намхан болохоор надад гар хүрээгүй. Баатарсүрэн нь надад учирсан гэмтлийг учруулсан. Хоёр залуу миний хоёр талд гарчихаад зэрэг зэрэг дайраад, миний гартаа барьсан цүнхийг авах гээд байхаар би гартаа барьсан цүнхнийхээ бариулаас бариад, өөрийгөө хамгаалаад, өөртөө ойртуулахгүй гэж хааж, тэр 2 залуу руу цүнхээрээ савсан. Миний зүүн гар талд байсан өндөр залуу /Баатарсүрэн/ нь миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед би арагшаа савж унасан. Намайг унасан байхад ч тэр 2 залуу над руу дахиад дайрахаар нь би хөлөөрөө тэр хоёрыг ойртуулахгүй санаатай жийсэн. Тэгтэл тэр 2 залуу гэнэт зугтаагаад явсан.

Би босоод Өлзийсайхан руу хартал нөгөө залуу /Булганбаатар/ Өлзийсайханы толгой руу нь өшиглөж байсан. Өлзийсайхан хоёр гараараа өөрийгөө хамгаалж нүүрээ дарсан байсан. Тэр үед бөх байрын хоёр залуу замаар гүйгээд ирж байснаа хөөе гээд орилтол эд нар зугтаагаад явсан. Би босч ирээд хартал миний цамцны зүүн талын халаасанд хийсэн байсан Ай падны гэр газарт хэвтэж байхаар нь очоод авахад дотор нь байсан цагаан өнгийн Apple брендийн Ай пад байхгүй байсан. Мөн халаасанд байсан Нөте 1 маркийн хар өнгийн гар утас алга болсон байсан. Би тэгээд Өлзийсайханы гар утаснаас “102 дугаарт дээрэмдүүллээ” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд Нэхмэлийн 7-р буудлын тэнд О.Лхагвабат, Н.Баатасүрэн хоёрыг явж байхад нь барьж аваад цагдаагийн газар очсон. Цагдаа дээр очоод “миний Ай падыг өгчих” гэхэд “нөгөө залуу нь аваад явсан” гэж хэлж байсан. Ай падыг анх 1.400.000 төгрөгөөр япон улсаас захиулж авсан. Үнэлгээ хийлгэхэд Ай пад 900.000 төгрөг, гар утсыг 80.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Эмчилгээний зардлыг баримтгүй учраас орхисон. Миний зүүн нүдний дээд талд хөхөрсөн байсан. Үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл гэж хэлсэн, тархи хөдөлсөн байсан. Шүүгдэгч нар “эд зүйлээ өг” гэж хэлээгүй ч үгийн солиогүй ирээд, зодсон. Хэрвээ маргалдсан бол би өөрөө хуульч хүн,  ингэж болохгүй гэдэг талаар ярьж зөвлөх байсан, тийм боломж олгоогүй. Миний зүгээс шүүгдэгч нар луу дайрсан, хэн нэгнийг нь цохисон асуудал байхгүй, зөвхөн биеэ хамгаалсан. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

- Мөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ташкент ресторанд найз Баатаржаргалтай уулзсан. Мөн бид 2 дээр найз Өлзийсайхан ирээд бид 3 хамт, нэг хүний 3, 3-н пиво авч уусан. Тэгээд орой ресторан хаах болж бид 3 гаран Өлзийсайхан бид хоёр Баатаржаргалыг урд замаас нь таксинд суулгаж өгчихөөд би Өлзийсайханыг гэр лүү нь дөхүүлж өгөх гээд Ташкент рестораны урдуур 2 байрны нарийхан замаар явж байтал урдаас 3-н залуу гүйж гарч ирээд 1 залуу нь шууд Өлзийсайхан руу дайрч цохиж унагаад, үлдсэн 2 залуу нь над руу дайрч, миний гартаа барьсан цүнхийг авах гээд 2-лаа зууралдсан. Тухайн цүнхэнд нь миний бэлтгэлийн хувцас хийсэн байсан. Тэгтэл цаана Өлзийсайхан газар унасан, түүний толгой руу нь гурван залуугийн нэг өшиглөж байсан. Миний цүнхийг булаах гэж байсан 2 залууд би цүнхээ өгөхгүй гээд цүнхээрээ хааж, тэр 2 залуу руу цүнхээрээ савсан. Тэгтэл тэр хоёр залуу хоёр хажуу талаас зэрэг дайраад, миний зүүн гар талд байсан өндөр залуу нь миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед би цүнхээ барьсан чигээрээ арагш савж унасан. Намайг унасан байхад тэр 2 залуу над руу ахиад дайрахаар нь би хөлөөрөө тэр хоёрыг ойртуулахгүй гээд жийсэн. Тэгтэл тэр хоёр залуу юу болсон юм гэмээр гэнэт зугтаасан. Би босоод Өлзийсайхан руу хартал нөгөө залуу Өлзийсайханы толгой руу нь өшиглөөд, тэр хоёр гараараа хаасан байдалтай байсан. Би тэр залуу дээр очоод тэр залууг мөрнөөс нь таттал тэр залуу зугтаагаад явсан. Миний цамцныхаа зүүн талын халаасанд хийсэн байсан Ай падны гэр газарт хэвтэж байхаар нь очоод аваад үзтэл дотор нь байсан цагаан өнгийн Аппле брендийн Ай пад, ... мөн миний цамцны баруун талын халаасанд хийсэн Нөте-1 маркийн хар өнгийн гар утас байхгүй байсан. Би тэгээд тэр үед нэн даруй Өлзийсайханы утаснаас 102 дугаарт “дээрэмдүүлээ, зодууллаа” гэсэн дуудлага өгсөн. Намайг туранхай, өндөр ойролцоогоор 170-175 см, онигор нүдтэй, хөх өнгийн куртиктэй залуу хоёр над руу дайрсан. Миний зүүн нүд рүү өндөр туранхай залуу нь цохисон. Өлзийсайханыг зодож байсан залуу нь туранхайдуу, бараан өнгийн куртиктэй залуу байсан. Намайг зодсон хоёр залуугийн царайг би санаж байна. Өлзийсайханыг зодсон залуугийн царайг би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ташкент ресторанаас гарахад миний гар утас Ай пад хоёр байсан. Намайг зодсоны дараа гар утас, Ай пад хоёр байгаагүй. Би хар өнгийн Нөте-1 маркийн гар утсаа 2014 оны 5 дугаар сард 280.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо би гар утсаа үнэлж мэдэхгүй байна. Цагаан өнгийн Ай падаа Японоос 2014 оны 8 дугаар сард 1.400.000 төгрөгөөр захиж авчруулж байсан. Би анх авсан үнээрээ Ай падаа нэхэмжилж байна. Би үүнээс 580.000 төгрөгийг нь авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 19-20х, 177-178х, 2-р хавтас 145х/,

- Хохирогч Х.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би найзууд болох Энхболд, Баатаржаргал нартай орой 22 цагийн үед Ташкент ресторанд уулзсан. Бид тухайн ресторанд архи, пиво захиалан уусан. Тэгээд ууж байгаад шөнө 00 цагаас 01 цагийн хооронд гарсан. Би яг хэдэн цагт гарснаа тодорхой нарийн санахгүй байна. Бид 3 тэндээс гараад рестораны үүднээс Энхболд, бид 2 найз Баатаржаргалыг таксинд суулгаж өгөөд тэндээсээ манай гэр лүү явах гээд рестораны урд талын нарийн замаар бид явж байтал тэр харанхуй замд миний зүүн хавирга руу пид гээд хүн цохих шиг болсон.

Миний харснаар 3 залуу байсан. Над руу нэг залуу нь дайрч бид 2 ноцолдсон. Нөгөө хоёр залуу нь Энхболд руу дайрсан. Тэр 2 залуу нь Энхболдын барьж явсан цүнх рүү нь дайраад, Энхболдтой ноцолдоод байсан. Над руу дайрсан залуу нь намайг газар унагаан дээрээс өшиглөсөн. Тэгтэл хаанаас ч юм хэдэн залуучууд гарч ирээд “хөөе юу болж байна аа” гэхэд нөгөө 3 залуу зугтаагаад явсан. Тэгээд Энхболд эд зүйлээ бүртгэж үзэхэд гадна талын цамцных нь халаасанд байсан Нөте-1 маркийн гар утас, мөн Айпад нь байхгүй алга болсон байсан. Тэгээд Энхболд миний утсаар 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн.

Тэр үед би нилээн согтсон байсан боловч болсон бүх зүйлийг санаж байна. Энхболд нь намайг бодоход согтолтын хувьд гайгүй байсан. Тухайн үед миний баруун талын хавирганы арьс нь жаахан зулгарсан байсан. Би тухайн үед бэртэж гэмтээгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-17х/,

 

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Энхболдоос ХУД-ийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 1-4х/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 12-13х/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас,  14х/,

- Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт:

“Retina брэндийн I pad зах зээлийн дээрх үнээс элэгдлийг хасч тооцсон үнэ 900.000 төгрөг, Samsung note маркийн гар утас зах зээл дээр худалдаалагдаж байгаа үнэ 80.000 төгрөг, бүгд 980.000 төгрөг гэж тогтоож байна.“ гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 181-187х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн Энхболдын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 4896 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 31х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цүнхэнд ханзархай, оёдлын нүхэнд суналт гарсан байна. Ногоон хүрмэнд товчны бэхэлгээний нүх гарсан байна.” гэсэн 3169 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 33-35х/,

- Шинжээч Г.Ганцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хар өнгийн цүнхэнд ханзархай, оёдлын нүхэнд суналт гарсан байна. Ногоон хүрмэнд товчны бэхэлгээний нүх гарсан байна Хувцасыг үзэхэд цүнхний даавуун бариулны залгаас оёосоор гарсан ханзралт, цувны зүүн халаасны товчны бэхэлгээний нүхний зах ирмэг нь бохирлогдоогүй, өнгөө алдаагүй нь эдэлгээний явцад үүссэн биш, шинээр татах, чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Эдэлгээний биш, шинэ ханзралт урагдалт юм.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 2-р хавтас 156х/, Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 174-176х/, Мөрдөн байцаалтын явцад хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 189-194х/ болон хохирлын мөнгө хүлээн авсан тухай хохирогч Ж.Энхболдоос шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 2-р хавтас 249-250х/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 01 сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 91-105х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 89х/,

- шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн сэжигтнээр өгсөн  “...Тэр хоёр ах хажуугаар гарахад нь би нэг ахыг нь мөрлөсөн. Тэгэхэд нөгөө ах намайг нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Булганбаатар хажуугаас орж ирээд нөгөө ахын хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа цохисон. Тэгтэл тэр ахын гар утас газар унаад, Булганбаатар нөгөө ахын гар утсыг аваад замын урагшаа гүйсэн. Лхагвабат тэр үед нөгөө нэг ахынх нь гар утсыг аваад Булганбаатарын араас нь замын урагшаа гүйсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 179-180х/,

- шүүгдэгч О.Лхагвабатын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-нд Булганбаатар, Баатараа бид нар уулзаад Баатараагийнд архи ууж хоносон. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө гадуур явж байгаад бид нар Баатараагийн найз эмэгтэйтэй Сурын харвааны хажууд архи уусан.

Тэгээд архи уучихаад Баатараа, Булгаа 2 нь хоорондоо маргалдаад, муудалцаад байсан. Тэгээд тэндээс Лхагважаргал /Лаагий/ гэртээ харина гээд, Булгаа, Баатраа бид 3 Энхтайваны гүүр давах гээд алхаад явж байсан. Тэгтэл замд бид гуравтай хоёр ах таарсан. Баатараа, Булгаа хоёр “тэр хоёрын юмыг авъя” гэж яриад байсан. Тэгээд Баатараа, тэр хоёр ахын нэгийг нь хажуугаар нь өнгөрөхдөө шүргэчихсэн. Булгаа, Баатараа хоёр тэр хоёр ахтай ноцолдож байтал нэг ахынх нь халааснаас гар утас нь унасан. Би тэр утсыг нь аваад гүүр лүү гүйсэн. Тэгтэл араас Булгаа, Баатараа 2 гүйсэн. Бид 3 гүүрний гол хэсэгт байх сандал дээр амраад суусан. Тэгээд сууж байхдаа би нөгөө нэг ахын гар утсыг нь Булгаад өгчихсөн.  Бид гурвыг гүүрэн дээр сууж байтал машинтай хүмүүс ирээд Баатараа бид хоёр баригдсан. Булгаа нөгөө ахын гар утсыг аваад гүйсэн. ...Хохирогч ах ...цагдаа дээр байхад “миний Ай пад хаана хэнд байгаа юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би Ай падыг нь Булганбаатар авсан байх гэж бодсон. Тэрнээс би Ай падыг Булганбаатар, Баатарсүрэн хоёр авч байхыг хараагүй. Тэр ахын Ай падыг хэн авсныг би мэдэхгүй байна. Тэд нар ноцолдож байх үед Ай пад тэр ахын халааснаас нь унаагүй. Тэр Ай пад хэнд байгаа талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 183-185х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.  

 

Дээрмийн гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн тухайн хохирогчийн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхлэж, хохирогчийн зүгээс үзүүлэх үйлдлийн эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.    

 

Прокуророос шүүгдэгч Б.Булганбаатарыг О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Н.Баатарсүрэн  Х.Өлзийсайхан руу довтолж, зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад О.Лхагвабатын хамт Ж.Энхболд руу довтолж, Б.Булганбаатар нь Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин арагш унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, О.Лхагвабат нь Ж.Энхболдын Самсунг нөте 1 /Samsung note 1/ маркийн гар утас, айпад /Ipad/ зэргийг дээрэмдэх үйлдлийг Н.Баатарсүрэнгийн хамт санаачилж зохион байгуулан, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарын хамт гардан гүйцэтгэсэн гэж,

шүүгдэгч Н.Баатарсүрэнг  Б.Булганбаатар, О.Лхагвабат нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 04 дүгээр 7-ноос 8-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Х.Өлзийсайхан руу довтолж, зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад, Б.Булганбаатар, О.Лхагвабат нар Ж.Энхболд руу довтолж, Б.Булганбаатар, Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин арагш унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, О.Лхагвабат Ж.Энхболдын Самсунг нөте 1 /Samsung note 1/ маркийн гар утас, айпад /Ipad/ зэргийг дээрэмдэх үйлдлийг Б.Булганбаатарын хамт санаачилж зохион байгуулан, Б.Булганбаатар, О.Лхагвабат нарын хамт гардан гүйцэтгэсэн гэж,

шүүгдэгч О.Лхагвабатыг Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг нь авах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Н.Баатарсүрэн Х.Өлзийсайхан руу довтолж зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад, Б.Булганбаатарын хамт Ж.Энхболд руу довтолж, Б.Булганбаатар Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин арагш унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж байхад, Ж.Энхболдын Самсунг нөте 1 /Samsung note 1/ маркийн гар утас, айпад /Ipad/ зэргийг дээрэмдэх үйлдлийг Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн нарын хамт гардан гүйцэтгэсэн гэж тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцооны байдлыг ялгаж дүгнэхдээ Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн нарын үйлдэл оролцоог зөрүүлэн сольж дүгнэсэн байдлаа шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд залруулж зөвтгөсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамласан нь  хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон хэдий ч “бүлэглэж” болон “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжид хамаарах тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтыг давхар журамлаж, хэргийг зүйлчлэх шаардлагагүй юм.   

 

Тухайн тохиололд шүүгдэгч Н.Баатарсүрэн нь өөдөөс ирж явсан хохирогч Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын дундуур орж, салган, Б.Булганбаатар нь хохирогч Х.Өлзийсайхан руу довтолж, түүний хавирга тус газарт цохин унагааж өшиглөсөн,  Б.Баатарсүрэн, О.Лхагвабат нар нь хохирогч Ж.Энхболдын хоёр талаас дайрч давшилсан, улмаар Н.Баатарсүрэн нь уг хохирогчийн зүүн нүдэн тус газар гараараа цохиход тэрээр арагш савж унасан, энэ үед Б.Булганбаатар нь хохирогч Ж.Энхболдын цээжин тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, хохирогч Ж.Энхболдын биед учирсан хөнгөн гэмтэл нь Н.Баатарсүрэн түүний нүдэн тус газарт гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, улмаар газарт унасан байсан хохирогчийн ай пад алга болж, гар утсыг шүүгдэгч Лхагвабат нь авч зугтаан, Б.Булганбаатарт өгсөн, Б.Булганбаатар уг гар утсыг бусдад зарж борлуулан, мөнгийг нь өөрөө авч ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон ба нэр бүхий шүүгдэгч нар тухайн гэмт хэрэгт үйлдэл болон сэтгэл санаагаараа нэгдмэл байдлаар оролцсон, тэдгээрийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь нэг нь нөгөөгийнхөө үйлдлийг хөндлөнгөөс нотолсон байхаас гадна, шүүгдэгч нар гэмт хэрэг хамтран үйлдсэн байдлыг үгүйсгэх үндэслэл, нотолгоо хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.   

 

Мөн шүүгдэгч Н.Баатарсүрэн, Б.Булганбаатар нар нь “замд таарсан хоёр хүний юмыг авъя” гэж ярьсан гэх үндэслэлээр тэдгээрийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай, нэр бүхий шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэгт хэн нь ямар үүрэгтэй оролцох зэргээр гүйцэтгэх үүрэг хуваарийн талаар хэлэлцэж тохирсон зүйлгүй, хэрэг гарсан тухайн нөхцөлд тохиолдлын шинжтэй үүссэн гэмт санаагаа хэрэгжүүлэн, бүлэглэн, бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдсэн бүлэглэн гүйцэтгэгч”-ийн шинжийг агуулсан байх ба шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан” гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарыг  бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “тэдгээр нь үл ялих зүйлээр буюу “мөрлөж зөрлөө” гэснээр шалтаглан, гудамж, талбай, олон нийтийн газар бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, догшин авирлаж танхайрсан гэх үндэслэлээр нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд:

 

Б.Булганбаатар нь бусадтай бүлэглэн Дархан-Уул аймагт үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч О.Мягмарсүрэнд 210.000 төгрөгийн, хохирогч Н.Оюунтунгалагт 450.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Нэр бүхий хохирогч нар нь хулгайд алдагдсан эд зүйлсээ биет байдлаар буцаан авснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх ба шууд бус хохирлоос өөрт оногдох төлбөрөө Б.Булганбаатар нь нөхөн төлсөн нь хохирогч Н.Оюунтунгалагийн: “...Би одоо зурагтаа ломбарднаас авсан 120.000 (120.000/3=40.000) болон Лха кабелын телевизийн боксны удирдлага байхгүй байгаа тэр удирдлагаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-92х, 210х/, хохирогч О.Мягмарсүрэнгийн: “...Манай зурагтыг үйлчилгээний төвийн тэнд ломбарданд тавьсан байсныг би өөрөө 90.000 (90.000/4=22.500) төгрөг төлж барагдуулж авсан. ...зурагтаа авахад ломбарданд төлсөн 90.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 132х, 2-р хавтас 8-9х/ болон хохирогч О.Мягмарсүрэн, Н.Оюунтунгалаг нарын ХААН банк дахь харилцах дансанд төлбөр шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг баримтуудаар /хэргийн 2-р хавтас 78х, 90х/,  

шүүгдэгч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нар хохирогч Ж.Энхболдын эд хөрөнгөд учирсан хохиролд тооцон мөрдөн байцаалтын шатанд 580.000 төгрөг, шүүхийн шатанд 400.000 төгрөг, нийт 980.000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүү хувааж нөхөн төлсөн нь хохирогч Ж.Энхболдын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 189-194х/, төлбөр хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 2-р хавтас 249-251х/ зэргээр тус тус нотлогдсон тул нэр бүхий шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 58-60х/ хэрэгт авагдсан тул тэдгээрийг хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.  

 

Шүүх, шүүгдэгч нар нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогч О.Мягмарсүрэн, Н.Оюунтунгалаг, Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн болно.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Булганбаатарын энэ хэрэгт сэжигтнээр 2016 оны 5 дугаар сарын 03-наас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон хугацааг /хэргийн 1-р хавтас 148х/ түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бэлтгэлийн цүнх, хар ногоон өнгийн цувыг тус тус хохирогч Ж.Энхболд нь буцаан авах хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, эвдэрсэн Айпадны гэрийг зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                          

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баасансүрэнгийн Булганбаатарыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

- Боржигон овогт Баасансүрэнгийн Булганбаатар, Боржигон овогт Насандэлгэрийн Баатарсүрэн, Анчин шарнууд овогт Отгонпүрэвийн Лхагвабат нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Булганбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 04/ дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарыг тус бүрийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Булганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд эд хөрөнгө хураахгүйгээр 05 /тав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Булганбаатарын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бэлтгэлийн цүнх, хар ногоон өнгийн цувыг тус тус хохирогч Ж.Энхболдод буцаан олгож, эвдэрсэн Айпадны гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нар төлөх төлбөргүй, Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАЗАРХАНД

                         

                                   ШҮҮГЧИД                                           Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                        

                                                                                                 П.ТУЯАТ