Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/229

 

 

 

 

 

 

  2021             3              9                                          2021/ДШМ/229

 

 

Э.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

           прокурор Т.Болор-Эрдэнэ   

           шүүгдэгч Э.Гантулгын өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдаанаар 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2008000001445 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-ын Г, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д мужаанаар ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” худалдааны төвд Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хөх баандай овгийн Энхболдын Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Гас 178.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдолдоо: “Миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч хохирогч Э.Мгөөс уучлалт гуйж ирсэн. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нэгэнт гэм буруугаа хүлээж байсан тул өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэн өмгөөлөгчөөс зөвлөгөө, үйлчилгээ аваагүйн улмаас өөрийн эрх зүйн байдлыг дордуулж хохирол төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлөх тухай мэдэлгүйгээр шүүх хуралдаанд хохирлын төлбөрөө бэлнээр авч очсон ба өөрийн хувийн байдлыг бүрэн нотолж чадаагүй юм. Шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Э.Мгийн хохирлыг түүний “Хаан” банкны дансанд шилжүүлж бүрэн төлж барагдуулсан. Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 57 настай эцэг Д.Энхболд, 57 настай эх Н.Алимаа, 20 настай дүү Э.Отгончимэг нарын хамт амьдардаг. Би багаасаа мужаан мэргэжил эзэмшсэн ба гэр бүлийн хэмжээнд “Таван-Эрдэнэ” тавилгын үйлдвэрлэл худалдааны цехийг ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2020 оны 10-аас 12 дугаар сарын хооронд “Говь хангай” ХХК-ийн тавилгын үйлдвэрт мужаанаар ажиллаж өөрийн туршлага, мэргэжлийн чадвараа нэмэгдүүлсэн. Коронавирус цар тахлын улмаас болон өөрийн гэрийн хувийн бичил бизнес болох “Таван-Эрдэнэ” тавилгын үйлдвэрлэл худалдааны цехдээ ажиллах зорилгоор ажлаасаа гарсан. Тус эрүүгийн хэрэгт холбогдсоны улмаас одоог хүртэл нутагтаа очиж чадаагүй ба аав маань нас өндөр болсон ганцаараа мужааны цехийг ажиллуулах боломжгүй тул мужааны цехийг бусдад сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлж байгаа ба Улаанбаатар хотод байх хугацаандаа мужааны чиглэлээр хувиараа ажиллаж байгаа. Миний бие Коронавирус цар тахлын хүнд цаг үед гэр бүлийн хувийн бизнесээ үргэлжлүүлж, өрхийнхөө амьжиргааны орлогыг залгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэв.

           Шүүгдэгч Э.Гантулгын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас шүүх хуралдаанд хохирогчийн хохирол, төлбөрийг бэлнээр авч очсон байдаг. Үүнээс үүдэн нийтэд тустай ажил хийлгэх ял авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байдаг. Давж заалдах гомдолд хохирогчийн гомдол, саналгүй гэсэн бичиг болон шүүгдэгчийн банкны дансны хуулгыг хавсаргаж өгсөн. Уг дансны хуулгаар хохирогчийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан болон шүүгдэгч нь ажил эрхэлж, тодорхой хэмжээний орлого олдог болох нь тогтоогддог. Шүүх хуралдааны дараа шүүгдэгч нь Хөвсгөл аймагт очсон, мужааны ажилдаа эргэж орсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа. Шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйх 560.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү” гэв.

           Прокурор Т.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нь ажил эрхэлдэг гэсэн баримт, ажлын газрын тодорхойлолт, төлбөрийн чадвартай зэрэг баримт хэрэгт байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Говь хангай мебель” ХХК-д ажилладаг гэсэн боловч анхан шатны шүүх хуралдааны үеэр ажлаасаа халагдсан байсан. Шүүгдэгч нь одоо ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа гэдгээ шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Одоогийн нөхцөл байдалд үндэслээд давж заалдах шатны шүүхээс ялыг өөрчлөх боломжтой” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Шинэ авто” худалдааны төвд Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Мгийн “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би эхнэр болох А.Долгорын хамт хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд байж байсан чинь Э.Г гэх залуу манай эхнэрийн 94148717 гэсэн дугаар руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байх “Шинэ авто худалдааны төв” рүү хүрээд ир, машины нэр шилжүүлж авмаар байна гэж ярьсан. Эхнэр бид хоёр яваад очсон чинь Г “хоёулаа уулзъя” гэхээр нь би хамт явсан. ...Э.Г миний зүүн нүд рүү гараараа 1-2 удаа цохиод хэл үгээр доромжлоод байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 7/,

гэрч А.Долгорын “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед нөхөр Э.Мгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байх “Шинэ авто худалдааны төв” рүү очоод Э.Гтай уулзсан чинь Э.Г над руу уурлаад, нөхөр Э.Мтэй уулзана гээд дагуулаад явсан юм, тэгээд удалгүй Э.М над руу утсаар залгаад “би Э.Гд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь би яваад очсон чинь зүүн талын нүд нь хавдсан, хамраас бага зэрэг цус гарсан байдалтай байсан. ...” /хх 13/,

 шүүгдэгч Э.Гантулгын яллагдагчаар өгсөн “...би Э.Мтэй уулзаж ярилцах гэсэн чинь хэл үгээ ололцохгүй маргалдаад, би түүний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Гэтэл Э.М намайг барьж аваад бид хоёр зууралдаж байгаад Э.М газарт унасан. Э.М газарт унахаар нь би гараараа нүүр рүү нь цохисон. ...” гэх мэдүүлгүүд /хх 25/,

“Э.Мгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 15-16/,

хохирлын баримт /хх 37-39/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Э.Гантулгын Мөнхтүвшингийн нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.Гантулгын “...оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

 

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Гас 178.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Мд олгохоор заасан байх бөгөөд дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч Э.Г нь хохирогч Э.Мд төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт /хх 79, 93/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, одоо хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа, торгуулийн ял шийтгэлийг төлөх боломжтой зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦ/90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гантулгыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гантулгыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ Шүүгдэгч Ж.Г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй” гэж,   

 “Шүүгдэгч Э.Г нь хохирогч Э.Мд эмчилгээний төлбөрт 178.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                

                                ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

 

                                ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ