| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/01528/И |
| Дугаар | 181/ШШ2019/00182 |
| Огноо | 2019-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2019/00182
2019 оны 01 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2019/00182 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж групп ХХК
Хариуцагч: Ш.Б нарт холбогдох,
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51/А байр, 13 тоот хаягт байрлах 37.63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Ж групп ХХК-ийн төлөөлөгч *******, гуравдагч этгээд Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч-ийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Д.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие Жаст Групп ХХК-д 2001 оноос эхлэн ажиллаж үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох хүртэл нярав, нягтлан бодогч, дотоод ажлын менежерийн ажил хийж байсан болно.
2009 онд надад орон сууц хувиарлан өгч уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууц эзэмшүүлэх гэрээний 15 жилийн хугацаа дууссаны дараа орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх болоход манай байр Төрийн банкинд барьцаалагдсан учир боломжгүй болсон тул шүүхэд хандан эрхээ хамгаалуулж байна.
Тухайн орон сууцны гэрээ байгуулагдаж орон сууцаа хүлээн авсанаас хойш надад мэдэгдэлгүй, надаас зөвшөөрөл аваагүй банкинд барьцаалсан байх тул барьцааг хүчингүй болгуулах эрхтэй гэж үзэж байна.
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51а байр, 13 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч*******групп ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Жаст групп ХХК нь 2009 оны 12 сарын 10-ны өдөр өөрийн ажилтан *******тай Орон сууц эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан ба уг гэрээгээр ******* нь тус компанид 15 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан тохиолдолд нэхэмжлэлд дурдсан орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцсан тохиролцсон.
Өөрөөр хэлбэл гэрээнд заасан нөхцөлд биелэх хүртэл ******* орон сууцыг түр хугацаагаар эзэмших бөгөөд тэр хүртэл орон сууцны өмчлөгч нь Жаст групп ХХК хэвээр байх агуулга бүхий гэрээ байгуулсан юм.
Гэтэл 2013 оны 7 дугаар сард Жаст групп ХХК-ийн санхүүгийн байдал ажилчиддаа эзэмшиж буй орон сууцыг нь дээр дурьдсан Орон сууц эзэмшүүлэх гэрээ-ний дагуу өмчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэдий ийм нөхцөл байдал үүссэн ч 2013 оны 8 сарын 1-нд тус компанийн Ерөнхий захиралын шийдвэрээр *******тай нэмэлт гэрээ байгуулан түүний ажилласан жилд ногдох төлбөрийг компаниас хөнгөлж, үлдэгдэл 12,041,600 төгрөгийг ******* өөрөө төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон.
Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг орон сууц нь ажилчидтай байгуулсан гэрээний нөхцөл хангагдаж, өмчлөх эрх шилжих хүртэл*******групп ХХК-ийн хууль ёсны хөрөнгө байсан тус компаны зүгээс өөрт шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор Хадгаламж банкны зээлийн барьцаанд тавьсан байсан.
Жаст групп ХХК-ийн зүгээс банкны барьцаанд байгаа ажилчдын орон сууцуудыг зээлийн барьцаанаас суллуулах хүсэлтээ Хадгаламж банкинд удаа дараа тавьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 12,041,600 төгрөгийг төлөөгүй байгаа ч*******групп ХХК нь орон сууцыг *******ийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй болно гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Жаст групп ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгөөр орон сууцны хороолол барьсан ба түүнээсээ ажилтнууддаа тодорхой нөхцөл, хугацаатайгаар эзэмшүүлж байсан юм. Ажилтнууддаа орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг тэдгээрийн нөхцөл, хугацааг нь бүрэн хангагдах хүртэл түр хувь хүний нэр дээр шилжүүлэх нь зүйтэй гэж*******групп ХХК-ийн Ерөнхий захирал шийдвэрлэсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-60 тоот тушаал гаргасан.
Уг тушаалын дагуу ажиллагсдад эзэмшүүлсэн орон сууцуудын гэрчилгээг Санхүүгийн газрын захирал******* миний нэр дээр түр гаргасан.
Хэдийгээр эдгээр орон сууцууд нь******* миний нэр дээр түр шилжсэн хэдий ч эдгээр хөрөнгийн захиран зарцуулах эрх нь*******групп ХХК-ийн Ерөнхий захирлын мэдэлд байгаа болно.
Иймд дээрхи орон сууцтай холбоотой асуудлыг*******групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд миний талаас татгалзах зүйлгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр******* бүртгэгдсэн байдаг. Хуучнаар Хадгаламж банк нь*******тай 2013 оны 02 сарын 04-ний өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан байдаг.
7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан. Барьцаагаар хангагдах үүрэг биелэгдээгүй байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэсэн байдаг.
*******ийн хувьд 15 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн нэмэлт гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй байгаа.
Цаг хугацааны хувьд 2009 онд ******* нь*******групп ХХК-тай гэрээ байгуулсан, 2012 онд******* нь тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2013 оны*******групп ХХК нэмэлт гэрээ хийсэн байдаг.
Анхны өмчлөгч нь******* юм. Иймд захиран зарцуулах эрхтэй этгээд нь*******групп ХХК бус харин******* юм. *******ийн хувьд гэрээнээс татгалзах, хохирлоо шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь анх хариуцагч*******групп ХХК, Төрийн банк ХХК нарт холбогдуулан, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 51А байрны 13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч Төрийн банк ХХК-иас татгалзаж, хамтран хариуцагчаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч-ийг татаж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, хамтран хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч-аас татгалзаж, хамтран хариуцагчаар*******ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51/А байр, 13 тоот хаягт байрлах 37.63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах гэж тодруулан өөрчилсөн.
Хариуцагч*******групп ХХК, хамтран хариуцагч******* нар нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргадаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэн *******,*******групп ХХК нар 2009 оны 12 сарын 10-ны өдөр ЖГ/24-09 тоот Орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулж, ******* нь компанид 15 жил тасралтгүй, үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллах,*******групп ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 37.63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг *******ийн эзэмшилд шилжүүлэх, улмаар ******* нь өмнө дурдсан компанид 15 жил тасралтгүй ажиллах үүргээ биелүүлсэн тохиолдолд уг орон сууцыг *******ийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.
Дараа нь талууд 2013 оны 08 сарын 01-ний өдөр дээр дурдсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажилтан орон сууц эзэмшүүлэх гэрээнд заасан 15 жилээс үлдсэн 3 жилд ногдох 12,041,600 төгрөгийг төлсөн тохиолдолд ажилтны өмчлөлд орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан Болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарч байх ба маргааныг Иргэний хуулийн Ерөнхий ангид заасан зохицуулалтыг хэрэглэн шийдвэрлэх нь оновчтой байна.
Нэг. Хэрэгт авагдсан баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийн оролцогч талуудын тайлбар зэргээр дараахи үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогч талууд энэ талаар маргаагүй. Үүнд:
а/. Иргэн ******* нь 2001 оны 07 сараас 2014 оны 02 сар хүртэлх хугацаанд*******групп ХХК, түүний охин компанид тасралтгүй ажилласан.
б/. Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51/А байр, 13 тоот хаягт байрлах 37.63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн ******* нь 2010 оны 06 сараас хойшхи хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа ба уг хаягт байнга оршин суудаг бүртгэлтэй.
в/. Иргэн *******тай Орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулах үедээ*******групп ХХК нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан ба уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх******* 2012 оны 11 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
г/. Хариуцагч******* нь 2013 оны 02 сарын 04-ний өдөр Хадгаламж банктай 13-1060/007/1 тоот Батлан даалтын гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар үйлдэж, батлан даагч******* нь зээлдэгч*******групп ХХК, зээлдүүлэгч Хадгаламж банк нарын хооронд 2013 оны 02 сарын 04-ний өдөр байгуулагдсан 13-1060/007 тоот Зээлийн шугам нээх гэрээний дагуу зээлж авсан 2,500,000 ам.долларын зээлийн үүргийн биелэлтийн баталгаа болгож нийт 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, эдгээр 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн нэг нь маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51/А байр, 13 тоот хаягт байрлах 37.63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна.
д/. Дээр дурдсан Батлан даалтын гэрээ-тэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хянаад, 2014 оны 10 сарын 29-ний өдөр 1019 дүгээр магадлал гаргасан, уг магадлагаар Хадгаламж банк болон******* нарын байгуулсан Батлан даалтын гэрээг Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэж,*******групп ХХК-иас 4,749,270,896.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-д олгож, хариуцагч*******групп ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51А байр, 13 тоот хаягт байрлах 37.63 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.
Хоёр. Хэрэгт авагдсан баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийн оролцогч талуудын тайлбар зэргээр тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд.
а/. Нэхэмжлэгч ******* нь*******групп ХХК, түүний охин компанид тасралтгүй 12 жил ажилласан байх ба Орон сууц эзэмшүүлэх гэрээ-нд заасан хугацаанаас 3 жил дутуу ажилласан явдал нь түүнээс өөрөөс нь үл шалтгаалсан буюу*******групп ХХК-ийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой байх тул ажилтан ******* нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу Орон сууц эзэмшүүлэх гэрээ-нд заасан үүргээ биелүүлэхийг буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хариуцагч*******групп ХХК-иас шаардах эрхтэй байна.
б/. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хариуцагч******* нь ... хэдийгээр эдгээр орон сууцууд нь******* миний нэр дээр түр шилжсэн хэдий ч эдгээр хөрөнгийн захиран зарцуулах эрх нь*******групп ХХК-ийн Ерөнхий захирлын мэдэлд байгаа болно. Иймд дээрхи орон сууцтай холбоотой асуудлыг*******групп ХХК хариуцан шийдвэрлэх бөгөөд хэрвээ*******групп ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд миний талаас татгалзах зүйлгүй хэмээн тайлбарлаж байх тул *******ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.
Түүнчлэн, иргэн ******* нь орон сууцыг*******групп ХХК-тай хэлцэл хийсэн үеэс одоог хүртэлх хугацаанд бодитоор эзэмшиж байгаа, мөн орон сууцны эзэмшил, ашиглалттай холбоотой аливаа маргаан өмнө *******,*******групп ХХК,******* нарын хооронд гарч байгаагүй,******* нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг*******групп ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан зэргээс үзэхэд хариуцагч*******ы тайлбарыг үнэн зөв байна гэж үзэх үндэслэлтэй байгааг нь зүйтэй.
в/. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь 01 тоот 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн*******групп ХХК-ийн Орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/24-09 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан 12,041,600 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон боловч хариуцагч нар энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд *******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргаж байх тул нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад саад болохгүй гэж үзэв.
Гурав. *******ийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нь төлбөр авагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөх эсэх тухайд.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох тул Хадгаламж банк,******* нарын байгуулсан Батлан даалтын гэрээ буюу барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй бөгөөд уг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон түүний дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, Хадгаламж банк,******* нарын хооронд 13-1060/007/1 тоот Батлан даалтын гэрээ байгуулагдах үед ажилтан ******* нь Орон сууц эзэмшүүлэх гэрээ-нд заасан болзлыг хангаагүй байсан ба *******ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс ******* нь тухайн орон сууцны хувьд өмчлөгчөөр тооцогдох учиртайг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.
Дөрөв. Шүүх хуралдааны ирц болон улсын тэмдэгтийн хураамжийн тухайд.
Хариуцагч******* нь хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй болохоо*******групп ХХК-ийн төлөөлөгчөөр дамжуулан уламжилсан учир түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
*******ийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн орон сууцны үнийг *******,*******групп ХХК нарын хооронд 2013 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан 01 тоот 2009 оны 12 сарын 10-ны өдрийн*******групп ХХК-ийн Орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/24-09 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд 60,208,000 төгрөг хэмээн тодорхойлсон байх тул уг дүнгээс хуульд заасан хувь, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцох нь зүйтэй байна.
Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага биш байх тул уг шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар *******ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044693 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51/А байрны 13 тоот хаягт байрлах 37.63 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг *******т гаргаж өгөхийг хариуцагч*******групп ХХК,******* нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 76,990 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч*******групп ХХК,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 458,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР