| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00369/И |
| Дугаар | 129/ШШ2017/00458 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 129/ШШ2017/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 3-27 тоотод оршин суух Б овгийн О.Н-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: 1979 онд төрсөн, ажилгүй, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт оршин суух Б овгийн Э.О-д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Н, хариуцагч Э.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч Э.О-с гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжинд авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ. Хариуцагч Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Н-тэй 2006 онд Улаанбаатар хотод хуримаа хийсэн бөгөөд Н өөрийн авч ирсэн бүх зүйлээ машинд ачаад явсан. Би энэ цагаас хойш сэтгэл санаагаар унаж архи ихээр уудаг болсон. Бүр сүүлдээ гэрийн доторх тавилга болон таван ханатай гэрээ хамаатны эгчдээ барьцаанд тавьж мөнгө авч архи ууж байгаад буцааж мөнгийг нь төлж чадалгүй бүх зүйлээ алдсан. Ах, эгч нар маань намайг орох оронгүй болсон учир арга буюу буцааж Өгийнуур суманд авч ирж эмчилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу, сэтгэл санаагаар унаснаас болж толгойд нэг ч үс үлдэлгүй унасан. Миний бөөр нуруугаар их өвддөг, даралт тогтмол ихэсдэг, 2012 онд хөлөө хугалж хадуулсан. Одоогоор хадаасаа авахуулж чадаагүй байгаа. Ах эгч нарынхаа авч өгсөн эмийг тогтмол ууж хэрэглэдэг. Ер нь бие тааруу байдаг болохоор хөдөлмөр хийж орлого олох боломж чадвар муутай болсон. Би одоо өөрийн гэсэн орох оронгүй, ах эгчийнхээрээ амьдарч, 83 нас гарсан аав дээрээ ихэвчлэн байдаг. Миний бодит амьдрал ийм байна. Үүнийг Нарандэлгэр ч мэдэж байгаа. Би Нарандэлгэртэй гурван жил хамт амьдрахдаа зодож нүдэж байгаагүй. Нарандэлгэр нь гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа хүнтэй сууж хоёр ч хүүхэдтэй болсон. Нарандэлгэр нь гэр бүлийн тухай хуульд зааснаар бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлж чадаагүй юм. Нарандэлгэр намайг дүүгээ өмөөрч зодсон гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Ийм зүйл болоогүй. Энэ үед ээж, ах нь ирж хараад намайг зодоогүй гэдгийг үзэж харсан юм. Н хүнтэй суухын тулд намайг зодсон болгож худлаа бичсэн байна. Шалтаг л хайсан байна. Би Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. Нэхэмжлэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О бид хоёр 2009 оноос хойш тусдаа амьдарсан. Э.О-тай хамт амьдраад О.Ц 2004 онд төрсөн, одоо 13 настай. О.Ц 48 дугаар сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. Би 2 дугаар курсийн охинтой. Тэгээд 5 настай охин, 4 настай хүүтэй. Бага охиноо төрөх үед өөр хүнтэй гэр бүл болсон учир Э.О-р овоглочих байх гээд эмнэлэгт төрөх дөхсөн үедээ Э.О руу “гэрлэлтээ цуцлуулъя” гэж утсаар ярихад “Үгүй. Чи наад хүндээ насан туршдаа гэр бүлтэй гэдгээрээ дарамтлуулж амьдар” гэж хэлж байсан. Тэрнээс хойш огт энэ талаар яриагүй, өргөдөл өгөөгүй байж байгаа энэ оны 06 сард шүүхэд өргөдөл өгсөн. Би өөр хүнтэй амьдраад 8 жил болж байна. Э.О бид хоёрын дундаас төрсөн охин маань 13 настай. Охиноо 4 настай байхад нь тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах хугацаанд Э.Од охиноо ерөөсөө харж ханддаггүй учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн. Хүүхдийнхээ ирээдүйн сургалтын төлбөрт хэрэгтэй гэж бодож байгаа учир тэтгэлэг тогтоолгохоор хүсэлт гаргасан. “Үнэхээр хүүхдийн тэтгэлгийн мөнгийг нь аваад намайг үрчихнэ гэж бодож байгаа бол охиныхоо регистрийн дугаарыг надаас утсаар авч байгаад охиныхоо нэр дээр данс нээлгэчих. Тэгээд охиныхоо нэр дээрх дансанд мөнгө хий” гэж зөндөө хэлж байсан. Э.О намайг “Чи гуйлгачин болчихсон юм уу?. Надаар тэжээлгэх гэж байгаа юм уу?” гэж байсан. Охиныхоо нэр дээр данс нээчихвэл охин маань 18 нас хүрээд банкнаас мөнгөө өөрөө авах эрхтэй болно гэдгийг олон удаа хэлж байсан. Энэ олон жилийн хугацаанд би охиноо өөрөө тэжээж өсгөж байхад Э.О куртик, малгай, гутал, утас гээд миний мэдэхийн 4 ширхэг юм л авч өгч байсан. Би цаашид хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүүхдийнхээ төлбөрт нь зарцуулах хүсэлттэй байна. Бид хоёрыг гэрлэх үед Н.Однямын талаас 50 ямаа өгч байсан. Энэ олон жилийн хугацаанд мал өссөн байгаа. Э.Однямын нэр дээр мал байхгүй, шөлний хоньтой гэдэг нь худлаа гэж бодож байна. Э.Од өөрөө малаа маллаж аавтайгаа хамт амьдардаг. Саяхан надад “миний охины 8 үнээ тугалчихсан байгаа. Чи өлсөж, цангаа юу? Надаас мөнгө авах гээ юу?” гэж хэлж байсан. Э.Однямын намайг зодож нүддэггүй байсан гэдэг нь худлаа. Миний нүүр рүү цохиж байсан. Э.О арын хашааны нэг нутгийнхаа хүнтэй хамт архи уудаг байсан. Би оёдлын засвар дээр ажиллаад 40 хувийг нь аваад 5000-6000 төгрөгтэй гэртээ ирэхэд охиноо өвөртлөөд 3 давхар хөнжлөөр өөрийгөө хучаад, өвлийнхөө гутал хувцастай хүйтэн гэрт унтаж байдаг байсан. Салсныхаа дараа би гэрээ их эргэж очдог байсан. Э.О шөнө ирж цонх нүддэг байсан. Яг хажуу талд Толгойтын цагдаа нар байрладаг байсан учраас янз бүрийн ааш гаргаж чаддаггүй байсан. Намайг эрэгтэй хүнтэй хамт байна уу? гэж арын хаалгыг нь хүртэл эвдэж орж ирж удаа байсан. Нэг удаа зодоход миний ихэр ах, ээжийн дүү маань ирж байсан. Э.Одням 50 ямаагаа хавар самнаад тэр мөнгөөрөө бүтэн жил намайг тэжээдэг байсан. Би их тарчигхан амьдардаг байсан. Би бүхэл өдрийн турш Баянхошууны тойрог дээр аяга угаагаад 2.500 төгрөг аваад ирдэг байсан. Надтай хамт 5-6 жил хамт амьдрахад Э.Одням ажил хийж байгаагүй. Нэг удаа барилгын харуул хийхэд “ходоод, уушги өвдөөд байна. Тенинд амьдарч чадахгүй нь” гээд хийгээгүй. 450.000 төгрөгөөр бүтэн жил амьдрах хүсэл, зорилго байгаагүй. Би үнэхээр залхсан. Э.О намайг хүнтэй суухын тулд өөрөөс нь салсан гэж бичсэн байсан. Э.О салсныхаа дараа нэг эмэгтэйтэй хамт амьдарч байсан. Тэрийгээ өөрөө худлаа гэж байна. Би 2009 оны 02 сард Э.Однямаас салаад одоогийнхоо нөхөртэй 2009 оны 10 сарын 03-ны өдөр танилцсан. Эцэг, эх маань зөвшөөрөхгүй байсан тул 3-4 жил үерхэж, нөхөрлөж байгаад 2013 онд охин маань, 2014 онд хүү маань төрсөн. Э.О бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Э.О архи их уудаг учраас өсвөр насны хүүхдийг өгөхгүй гэж эцэг, эх маань дургүйцдэг. Өвөл сургууль дээр нь очиж уулздаг. Тэрийг би хорьдоггүй. Гэр рүүгээ охиноо авч явна гэхэд л дургүйцдэг. Архи их уудаг хүнд өсвөр насны охиныг өгч явуулах боломжгүй гэж бодож байна. Би Э.О-с гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжинд авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв. Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н бид хоёр 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Би охинтойгоо уулзаагүй 3 жил болж байна. Эцэг, эх нь загнаад, О.Н хүүхдээ өгдөггүй. Хэдэн жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулъя гэхэд гэрлэлтийнхээ батлахыг хаячихсан байсан. О.Н намайг зөндөө басаж байсан. Намайг сэтгэл санааны гүн хямралд зөндөө оруулж байсан. Охинтойгоо уулзах гэхээр уулзуулдаггүй байсан. Охиноо гэртээ хааяа нэг авчирмаар байдаг. Охиноо их санадаг. Би сэтгэл санаагаар унаад их бие муутай, сэтгэл санааны гүн хямралд байдаг болсон. Би ажил хийдэггүй, ах эгч дүү нараасаа мөнгө авч эм тариагаа авдаг. Надад хувийн мал гэх юм байхгүй. Шөлний хэдэн хонь л бий. Ажил хийх чадваргүй учраас төлбөр төлөх чадал байхгүй. Би О.Н-г надтай суух болов уу гэж 2-3 жил хүлээсэн. Зодож нүдэж, гар хүрч байгаагүй. Би О.Н-г багахан хэрүүлээс болж алгадаж байсан нь үнэн. Дүүтэй хэрэлдэхэд нь түлхээд орон дээр суулгаж байсан нь үнэн. Зодсон гэх орой нь ээж, ах дүү нар нь ирж байсан. Надаас салах шалтаг хайж л гар хүрсэн гэж бичсэн байх гэж бодож байна. О.Н халаасны мөнгө ч өгдөггүй байсан. “чи надад мөнгө төгрөг өгөхөд яадаг юм бэ?” гэхэд “хаашаа дэмий тэнэх гэж байгаа юм бэ?” гэж дандаа намайг дарамталдаг байсан. Намайг өөр эмэгтэйтэй болохоос өмнө О.Н өөр залуутай болсон байсан. Салаагүй байхад мессеж ирдэг байсан. Тэрэнд нь хямраад архи уудаг байсан. Сүүлдээ хэрэлддэг болсон. Яг юу гэж мессеж ирдэг байсныг мэдэхгүй. Нэг удаа нууцаар мессежийг нь уншиж байсан. Өөр хүнтэй болсон талаар нь хэлж ярилгүй, хямарч архи уудаг байсан. Би ажил хийдэггүй байсан. О.Н надтай суусан жилдээ сургуульд сурсан. Би бүтэн жил хүүхдээ гэртээ харсан. Хавар нь мал төллүүлнэ гээд хөдөө гарсан. Эцэг эх маань бид хоёрт 50 ямаа өгсөн. 2010 оны хаврын хүйтнээр манай хонь, ямаа бүгд үрэгдсэн. Миний охин үсээ авахад охинд бяруу явуулаарай гэсэн. Тэр бяруу нь өсөж 2010 онд тугаллаад үнээ нь тэр өвөл үхсэн. Зүүн талын нутгийн бүх мал үхсэн. Бяруу нь тугалтай үнээ болсон. Одоо 2-3 болж байна. Надад тийм их мал байхгүй. Аав бид хоёрт мал байхгүй. Би аавтайгаа хамт байдаг. Ах дүү нарынхаараа л амьдардаг. О.Н бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиныг багаас нь өөрсдөө авчихаад надтай уулзуулдаггүйд нь их гомддог. Би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Э.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Э.О, О.Н нар нь 2003 оны 08 сарын 17-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-7х/, гэрлэгчдийн дундаас охин О.Ц 2004 оны 12 сарын 27-нд төрсөн нь 0005164 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-8х/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Хариуцагч Э.О нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрлэгчид 2009 оноос хойш тусдаа амьдарсан, эвлэрэх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул Э.О, О.Н нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй. О.Ц-н асрамжийн талаар талууд маргаагүй хүүхдийн амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал хүүхэд өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй талаар хариуцагч тайлбар гаргаагүй, хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул 2004 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн О.Ц-г эх О.Н-н асрамжинд үлдээж, О.Ц-г Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Э.О-р тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч О.Н, хариуцагч Э.О нар хэн аль нь охин О.Ц-н хувьд эцэг эхийн эрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад саад учруулах, хориглох эрхгүй болохыг, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч О.Н-н гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн үнийн дүнд хамаарах 48.262 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овгийн Э-н О, Б овгийн О-н Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2004 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн О Ц-г эх О.Н-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн О.Ц-г 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.О-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эх О.Н нь эцэг Э.О-г үүргээ хэрэгжүүлэхэд, мөн О.Ц-тай уулзахад саад учруулах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Э.О-с 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н-т олгож, 48.262 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Бямбаахүү/-д даалгасугай.
7. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
|
| |||
| |