| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч:Б.Байгаль
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000044 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/94 дугаартай шийтгэврээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цаг 25 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,94 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Соёмбо” зочид буудлаас тус багт байх “Орд” гэх караоке орж улмаар буцаж “Соёмбо" гэх зочид бүүдал хүртэлх зайд *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байх уурхайгаас ажлын хүмүүстэй 22 цагийн үед Баянхонгор аймагт ирээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх “Соёмбо” гэх нэртэй буудалд ажлын хүн болох *******,******* нарын хамт байрлаад тэндээ 0,7 литрийн “Эдэн” гэх архи хамт хувааж уусан. Тэгээд байж байгаад бид нар хоорондоо ярилцаад караоке оръё гээд гарсан. Тэгсэн чинь ******* машинаар явъя би уначихъя гэхээр нь тэгье гээд Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх Орд гэх нэртэй караоке орсон. Тэгээд тухайн караокед 1 хүний 2 ширхэг “касс” гэх нэртэй лаазтай пиво уучхаад караокеноос гараад дахин ******* тээврийн хэрэгслийг жолоодоод Соёмбо гэх буудал руугаа амрахаар явж байтал цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгсэл журамласан. Би ******* улсын дугаартай прадо 50 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. *******ыг драйгер багаж үлээлгэхэд 0,94 хувьтай архи согтууруулан ундаа хэрэглэсэн гарсан. *******ын согтолт бага байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байх уурхайгаас ажлын 2 хүн болох *******, ******* нарыг аваад Улаанбаатар хот руу явж байсан юм. Тэгээд орой болсон болохоор Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байх “Соёмбо” нэртэй зочид буудалд хоноод явъя гээд буусан. Тэгээд бид 3 тухайн газар 0,7 литрийн “Эдэн” гэх нэртэй архи хувааж уучхаад караоке оръё гэж ярилцаад “Соёмбо” буудлаас гаргаад Орд гэх караоке руу ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ******* бид хоёр суугаад явсан. Тэгээд Орд караокед дахин 1 хүний 2 ширхэг “касс” гэх пиво уугаад караокеноос гараад буудал руугаа очиж амрах гээд ******* тээврийн хэрэгслээ жолоодоод хөдлөөд явж байтал цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд тээврийн хэрэгслийг журамласан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/94 дугаартай шийтгэвэр /хх-ийн 37-39/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 04/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 06/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 07/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 22/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23/, депозит дансны хуулгууд /хх-ийн 25-32/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 43-46/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.******* нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/94 дугаартай шийтгэврээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цаг 25 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,94 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Соёмбо” зочид буудлаас тус багт байх “Орд” гэх караоке орж улмаар буцаж “Соёмбо" гэх зочид бүүдал хүртэлх зайд *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын... Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
Гэрч *******ын..ажлын хүн болох *******,******* нарын хамт байрлаад тэндээ 0,7 литрийн “Эдэн” гэх архи хамт хувааж уусан...тухайн караокед 1 хүний 2 ширхэг “касс” гэх нэртэй лаазтай пиво уучхаад караокеноос гараад дахин ******* тээврийн хэрэгслийг жолоодоод Соёмбо гэх буудал руугаа амрахаар явж байтал цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгсэл журамласан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч *******ын... бид 3 тухайн газар 0,7 литрийн “Эдэн” гэх нэртэй архи хувааж уучхаад караоке оръё гэж ярилцаад “Соёмбо” буудлаас гараад Орд гэх караоке руу ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ******* бид хоёр суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/94 дугаартай шийтгэвэр /хх-ийн 37-39/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч ******* цусан дахь спиртийн агууламж 0.94 промиль гарсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №94 дугаартай шийтгэвэр болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс 28-нд шилжих шөнө 02 цаг 25 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт 0.94 хувийн согтолттой жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах...дүгнэлтийг гаргажээ..
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, /Улаанбаатар хотод ХХК-д ажилладаг, сарын 3,500,000 төгрөгийн цалинтай, орон нутагт ажиллах гэрээгээр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байх уурхайд жолоочоор ажилладаг буюу ажлын нөхцөл байдал/ хувьд ноогдох хөрөнгөтэй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА