Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00178

 

 

 

 

 

 

 

 

    2017          07              05                                                 178    

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

      Хохирогч Г.Энхбаяр,

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цэндээгийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 201722000189 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хардархад Цэндээгийн Пүрэвсүрэн, 1989 оны 05 дугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух, Хилчний алдар-3, Хилд амжилт гаргасны төлөө медалиар шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РВ89052311 дугаартай.

 Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нь гэртээ байнга архидан согтуурч, эхнэр Г.Энхбаярыг цохих, зодох зэргээр бие махбодид нь байнга халдаж, зүй бус үг хэрэглэн доромжилж таарвал ална, элгийг чинь иднэ гэх зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Пүрэвсүрэн нь 2016 оны 5 дугаарс араас хойш гэртээ байнга архидан согтуурч, эхнэр Г.Энхбаярыг цохих, зодох зэргээр бие махбодид нь байнга халдаж, зүй бус үг хэрэглэн доромжилж таарвал ална, элгийг чинь иднэ гэх зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Пүрэвсүрэнгийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "… Би архи ууж тасарчихаараа ийм асуудал гаргадаг. Сард 3-4 удаа архи ууж, хэрүүл маргаан гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо дахиж ийм асуудал гаргахгүй. Цаашид гэр бүлийн хамт амьдрах болно...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Энхбаярын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Ц.Пүрэвсүрэн хамт амьдарсан үеэсээ л намайг хий хардаж архи уухаараа гичий, нохой гэх мэтээр хэлж хэл амаар доромжилж гарт нь тааралдсан зүйлээрээ авч шидэж зодож, цохидог байсан. Хамт байхад үнэхээр хэцүү болоод нагац эгчийнхээ гэрт амьдарч байна. Пүрэвсүрэн уучлалт гуйгаад гэрт харихаар дарамтлаад би охинтойгоо хамт буцаж эгчийндээ очдог байсан. Энэ байдал олон удаа давтагдсан. Пүрэвсүрэн нэг хэсэг Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирээд манай эгчийн гэрт ирээд бид нартай хамт амьдарч байсан. Пүрэвсүрэн ирснээсээ хойш 10-д хоног дараалан архи уусан. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвсүрэн янз янзын хүний дугаараас залгаж хаана байна. Чамтай таарах л юм бол гэх мэтээр залгаж сүрдүүлсэн. 89205319 дугаараас өнөөдөр элгийг чинь нухна, янхан, элгийг чинь иднэ, таарвал ална гэх мэтээр мессэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Золжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны хавар Энхбаяр нь манайд хүүхэдтэйгээ ирээд 2-3 хоноод явсан. Шалтгаанаа надад хэлээгүй. Дараа нь бас л /он сарыг нь санахгүй байна/ Энхбаяр охинтойгоо ирж 2-3 хоноод явсан. Наад Энхбаяр ерөөсөө ямар учиртай манайд ирж хонодогоо хэлдэггүй байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

 Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 11-14 дүгээр хуудас/,

Хохирогчийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Хохирогч Г.Энхбаяр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Г.Энхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг  1 сар баривчлах байсныг 6 сар хорих ял болгон нэмэгдүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул өмнөх Эрүүгийн хуулиар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

       2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ял нь хасагдсан байх тул Ц.Пүрэвсүрэнг  баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.8, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Хардархад Цэндээгийн Пүрэвсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар шүүгдэгч Цэндээгийн Пүрэвсүрэнг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэндээгийн Пүрэвсүрэнг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

     4. Эрүүгийн 201722000189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пүрэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР