| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/03279/И |
| Дугаар | 181/ШШ2019/00101 |
| Огноо | 2019-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2019/00101
2019 оны 01 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2019/00101 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б.К ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ч.Бат-Амгалан нь тус компанийн худалдан борлуулдаг Кирби хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 05 сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6,200,000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500,000 төгрөг төлж үүнээс хойш сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тооцоо хийж 12 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно.
Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 500,000 төгрөг төлсөн боловч 2015 оны 05 сарын 12-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Ийнхүү нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргатал хариуцагч нь гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн. Улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс 2018 оны 11 сарын 19-ний өдөр хариуцагчийн хаягийг олж тогтоосон тул дахин нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч нь залгахаар утсаа авдаггүй, төлбөр төлөх боломжгүй гэх болсон. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй болно. Гэрээний хугацаа 2016 оны 05 сарын 12-ны өдрөөр дуусгавар болсноос хойш 930 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний дагуу алданги тооцвол 36,907,500 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн хувийн 50 хувийг давсан байна.
Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:
а/. 2015 оны 06 сарын 12-ны өдөр буюу худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнээс хойш 1 сарын дараа тухайн үед надад төхөөрөмж зарсан Самь хэмээх борлуулагч руу залгаж, энэ төхөөрөмж болохгүй байна. Тиймээс буцаан авна уу, би мөнгө төлж чадахгүй гэдгээ тодорхой хэлсэн. Гэвч эргээд холбогдоё гээд холбогдоогүй. Хэсэг хугацааны дараа дахиад залгахад ажлаасаа гарсан, яах талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Учир нь уг төхөөрөмж 2-3 удаа ажиллуулаад л хоолой нь эвдэрсэн байсан юм.
б/. Гэрээ хийгдэх үед амьдарч байсан Баянгол дүүрэг, 2-р хороо, 54-51 тоотоос би 2016 оны 07 сарын 27-ны өдөр нүүсэн ба одоог хүртэл Хан-Уул дүүрэг, 5-р хороо, Яармагийн 12-307 гэсэн хаягтай ба хүүхдийн сургуулийн байдлаас болж Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 42А байр, 8 тоотод түрээслэж амьдардаг. Миний үндсэн хаягт манай хашааг харж айл амьдарч байгаа байнга холбоотой байдаг.
Мөн гэрээ хийх үед байсан и-мэйл хаяг, гар утасны дугаар /99107227/ одоо болтол өөрчлөгдөөгүй ба энэ хугацаанд Төгөлдөр бьюти кэйр ХХК нь надтай нэг ч удаа холбогдоогүй болно. Намайг эрэн сурвалжлах шаардлага байгаагүй.
в/. Иргэний хуулийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК нь хариуцагч Ч.Бат-Амгаланд холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талууд 2015 оны 05 сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Төгөлдөр бьюти кэйр ХХК нь Кирби Сентриа /Kirby Sentria/ хивс цэвэрлэх төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамтаар Ч.Бат-Амгалангийн өмчлөлд шилжүүлэх, Ч.Бат-Амгалан нь төхөөрөмжийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнэ 6,200,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-5-8х/
Төгөлдөр бьюти кэйр ХХК /худалдагч/, Ч.Бат-Амгалан /худалдан авагч/ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээний бараа хүлээлгэж өгсөн акт, Бэлэн мөнгөний баримт, зохигч талуудын тайлбараар худалдагч Төгөлдөр бьюти кэйр ХХК нь 2015 оны 05 сарын 12-ны өдөр Кирби Сентриа /Kirby Sentria/ хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авагч Ч.Бат-Амгалангийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Ч.Бат-Амгалан нь худалдагч Төгөлдөр бьюти кэйр ХХК-д урьдчилгаа төлбөр гэж 500,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-8х/
Иймд нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК нь үлдэгдэл төлбөр 5,700,000 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Амгалангаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ч.Бат-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ хивс цэвэрлэх төхөөрөмжийн хоолой нь 2-3 удаа ашиглаад эвдэрсэн, энэ талаар борлуулагч н.Самсэрэнд хэлсэн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байна.
Худалдан авагч Ч.Бат-Амгалан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлын талаархи шаардлагаа худалдагч Төгөлдөр бьюти кэйр ХХК-д гаргах эрхтэй хэдий ч борлуулагч н.Самсэрэнд гаргасныг Төгөлдөр бьюти кэйр ХХК-д холбогдуулан гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д Энэхүү гэрээний дагуу аливаа шаардлага ... г бичгээр үйлдэн дор дурдсан хаягын дагуу биечлэн хүргэх эсвэл шуудангаар илгээнэ, Төгөлдөр бьюти кэйр ХХК, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион бөхийн байр, 94006840, 99035393 гэж заасан байхаас гадна гэрээний нэг тал нь н.Самсэрэн бус Төгөлдөр бьюти кэйр ХХК байна.
Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т ... эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй хэмээн заасны дагуу
Кирби Сентриа /Kirby Sentria/ хивс цэвэрлэх төхөөрөмжийн хоолой эвдэрсэн нь түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
2015 оны 05 сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3.2-т Үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд 500,000 төгрөгөөр төлж дуусгана гэж заасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 05 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ч.Бат-Амгалангаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Бат-Амгалангаас 5,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бат-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР