Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414002410053 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  овогт *******ын *******,******* регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 02 цаг 20 минутын орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, Мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зулгаралт, тархи доргилт, эрүү, хэвлий, баруун алганы зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....Би хохирогчийн хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 02 цаг 20 минутын орчимд Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Дунд захын арын засмал замаар явж байгаад 118 дугаар байрны машины зогсоол дээр явж байсан чинь цагаан өнгийн кровн маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод шаалцах уу гээд байсан. Тэгээд машиндаа буцаад суухаар нь би машиных нь урд талд очсон чинь эхлээд урагшаа хөдлөөд миний зүүн талын хөл хэсэг рүү мөргөсөн. Тэгэхээр нь би жолооч тал буюу тээврийн хэрэгслийн баруун талаар очоод хаалгыг нь нээгээд чи намайг мөргөчихлөө эр хүн юм бол хоёулаа эндээ тохироод учраа олъё гэсэн чинь жолооч нь хойшоо ухраад намайг хаалгаараа чирээд зугтаад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний дайруулсан газар зогсоол байсан. Намайг тээврийн хэрэгслийн баруун талд буюу жолооч талын хаалгаар чирсэн жолооч мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Хажууд явсан хүмүүс хүн аллаа  гэж орилж байсан. Ойролцоогоор 1 метр орчим чирэгдсэн. Би тухайн үеийн камерын бичлэгийг авах гэж осол болсон газрын хажуугаар байх хяналтын камеруудыг үзэхэд Баянбулаг зочид буудлын хяналтын камерт өртсөн байсан. Надад 54 секундын бичлэг байгаа. Шөнө байсан болохоор гэрэлд гялбаад тодорхой сайн харагдахгүй байсан. Надад тухайн бичлэгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй....Би 600,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Надад ямар нэгэн баримт байхгүй. Би сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Тухайн ослоос учирсан гэмтэлдээ 600,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, тухайн мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 41/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2024 оны 04 дүгээр 11-нөөс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед дунд захын ард талд байх засмал замаар *******ийн хамт явж байсан чинь цагаан өнгийн кровн маркийн ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл унасан нэг залуу пиздагуудаа гээд орилсон чинь ******* чи эмэгтэй хүнийг юу гээд байгаа юм гээд жолооч талын хаалгыг нээгээд хэлсэн чинь нөгөө тээврийн хэрэгсэл унасан байсан залуу хойш ухраад *******ийг хаалгандаа тээглүүлээд хойш нь чирсэн. Тэгээд замын хажуу талын бродюр дээгүүр даваад ******* машинаас салсан чинь нөгөө машин унасан хүн ертөнцийн зүгээр зүүн тийш чигээрээ зугтаагаад явсан. Би машины араас нь гүйж байгаад улсын дугаарыг нь харж үлдчихээд гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Баянхонгор сумын 1 дүгээр багт байх дунд зах дээрээс *******тай уулзаад ******* машинтай ирэхээр нь гэртээ хүргүүлэх гээд хөдлөөд явж байтал замын хажууд 2-3 хүн явж байхаар нь миний таньдаг хүн шиг харагдаад би тухайн хүмүүс рүү орилсон чинь яагаад дуудаад байгаа юм гэж ирээд машины хаалгыг нэг эрэгтэй залуу нь онгойлгоод зогссон. Тэгсэн чинь ******* хаалга хаагаагүй байхад нь хойшоо ухарсан тэгсэн чинь хаалга онгойлгож зогсож байсан хүн хаалганд тээглээд газар унасан ******* бид хоёр шууд явсан. Цагаан өнгийн 210 кровн байсан, улсын дугаарыг санахгүй байна. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 289,163 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 110-111/

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 169-ний өдрийн 242 дугаартай

1.*******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зулгаралт, тархи доргилт, эрүү, хэвлий, баруун алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад эрүү, хэвлий, баруун алганы зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 57-59/,

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн магадлагаа

1.Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирсон байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

2.Холбогдогч  ******* нь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна"-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалттай байна.

3.Холбогдогч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.

4.Мөн дүрмийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадлалтай байна...гэх магадалгаа /хх-ийн 63-64/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 11-12/,  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 135-138/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84/,шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-86/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 86-87/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87-88/  депозит дансны хуулгууд /хх-ийн 89-100/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90-101/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ / хх-ийн 103-105/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-ийн 146-147/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  шөнийн 02 цаг 20 минутын орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, Мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зулгаралт, тархи доргилт, эрүү, хэвлий, баруун алганы зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч .....би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 142-143

Хохирогч *******ийн.. би машиных нь урд талд очсон чинь эхлээд урагшаа хөдлөөд миний зүүн талын хөл хэсэг рүү мөргөсөн, ....хойшоо ухраад намайг хаалгаараа чирээд зугтаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 41/,

Гэрч *******ийн...жолооч талын хаалгыг нээгээд хэлсэн чинь нөгөө тээврийн хэрэгсэл унасан байсан залуу хойш ухраад *******ийг хаалгандаа тээглүүлээд хойш нь чирсэн. Тэгээд замын хажуу талын бродюр дээгүүр даваад ******* машинаас салсан чинь нөгөө машин унасан хүн ертөнцийн зүгээр зүүн тийш чигээрээ зугтаагаад явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/

Гэрч *******гийн...******* хаалга хаагаагүй байхад нь хойшоо ухарсан тэгсэн чинь хаалга онгойлгож зогсож байсан хүн хаалганд тээглээд газар унасан,...бид хоёр шууд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

Иргэний нэхэмжлэгч ын...Би *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 289,163 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 110-111/

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 169-ний өдрийн 242 дугаартай...*******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зулгаралт, тархи доргилт, эрүү, хэвлий, баруун алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 57-59/,

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн.... Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирсон байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна. Мөн дүрмийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадлалтай байна...гэх магадалгаа /хх-ийн 63-64/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  шөнийн 02 цаг 20 минутын орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зулгаралт, тархи доргилт, эрүү, хэвлий, баруун алганы зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт  тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг гэж зүйлчлэхээр хуульчилсан байна.

 Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  нь шууд шалтгаант холбоотой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс Э. автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр хохирогч *******өд эмчилгээний зардалд  600,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул /хх-ийн 163/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллаг хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн хаатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч  ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 289163 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын 1009000020080 санд  нийт 289160 төгрөгийг төлж барагдуулсан / хх-ийн 162-163/ болно.

Хохирогч ******* нь  цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч    тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ас....хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй,  торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх... дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус хуульчилжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч  ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /Өмнөговь аймгийн ХХК-д жолооч ажилтай, сарын 3,800,000 төгрөгийн цалинтай/ ,ажил хөдөлмөр эрхэлдэг байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,   хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, /хх-ийн 163-164/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын  хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, шүүгдэгч   дугаар жолоочийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, шүүгдэгч дугаар жолоочийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт тус тус хадгалсугай. 

9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА