| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 2413000090053 |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
2025 02 26 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж, Ерөнхий шүүгч А.Д, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
иргэдийн төлөөлөгч С.А,
улсын яллагч: Б-Ө аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А, Т.Б,
шүүгдэгч А.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Аын Ед холбогдох эрүүгийн 2413000090053 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овогт Аын Е, 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б-Ө аймгийн Н суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б-Ө аймгийн Н сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:**********,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Е нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Кийн гэрт урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдах явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хохирогч М.Кийн хэвлий тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч, гэрч нараас гаргасан мэдүүлэг,
1.Шүүгдэгч А.Е мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гудамжинд К надтай согтуу таарч, намайг гэрт хүргэж өгөөч гэсэн. Түүнийг гэрт нь хүргэхээр болоод машиндаа суулгаад гэрт нь очсон. Кийн гэр лүү нь очих замд бид ярилцаж явж байгаад Кт “чиний портер машин яасан юм бэ” гэхэд “эвдэрсэн” гэж хэлсэн. Тухайн үед би портер машин худалдаж аваад 6, 7 хоног болж байсан. Тэгээд Кт “тэгвэл портер машины хашлагыг хэд хоног надад өгч байгаач, би идэшний мал ачихад хэрэглээд өгье” гэж хэлсэн. Тэгэхэд надад “тэгвэл нэгийгээ задлаад авахгүй юу” гэж хэлсэн. Кийн гэрт нь очиход машины бүрхүүл нь байсан. Харин машины хашлага нь байгаагүй. Тэгэхээр нь “найз минь би хашлагыг хэлсэн шүү дээ” гэж хэлэхэд “ойлгож байна, машины хашлага, бүрхүүл хоёрыг нийлүүлээд 500,000 төгрөгөөр худалдана. Чи худалдаж авахгүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь “худалдаж авья, үнийг нь хувааж төлж өгч болох уу” гэхэд хохирогч “болно, гэхдээ эхлээд нэгийгээ задал” гэж хэлсэн. Машины хашлага чинь хаана байгаа юм бэ гэхэд Т гэх хүний гэрт байгаа гэж хэлэхэд нь “тэр хүн надад өгөхгүй байх, очоод надад авч өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Тн гэрт очихоор болоод явж байгаад К надад “нэг пиво авчих” гэхээр нь зам зуур дэлгүүрт зогсоод нэг пиво аваад Тн гэрт нь очоод пивоо задалсан. Тэгж байхад Т Кт хандаж “машины хашлага, бүрхүүлийг худалдах гэж байгаа бол чи яагаад надад эхлээд худалдах гэж байгаагаа хэлээгүй юм” гэсэн. Мөн тэрээр надад “чи миний хэрэглэж байсан хашлагыг худалдаж авах тийм Б болчихсон уу” гэсэн. Тэгэхээр нь “тэгвэл машины хашлагыг та аваарай, би бүрхүүлийг нь авая. Тэгээд хоёулаа 250,000 төгрөгөөр хоёр хувааж төлье” гээд тохиролцсон. Тэгж байхад А гэх залуу ирээд К, Т, А гурвуулаа хоёр пиво уусан. Тэгээд К нь Т, А хоёрыг хүчээр дагуулж авч, тэр гурав миний машинд сууж аваад Кийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Е гэх залуугийн дэлгүүрт зогсоод 2 пиво авч, Кийн гэрт нь очоод нэг пивог задалсан. Надад пиво уу гээд олон шахсан ч уугаагүй. Тэгж байхад Аы эхнэр нь залгаж, хүүхэд байхгүй байна гэхээр тэрээр явсан. Дараа нь Т бие засаж ирье гээд гараад тэр чигээрээ явсан байсан.
Тэгээд хохирогч бид хоёр үлдэж, тэрээр надад “би чамайг хүндэлж, пиво өгч байхад яагаад уухгүй байгаа юм бэ” гээд эхнэртээ “найз маань өнөөдөр манайд хонох болно. Мах чанаарай, идэшид гаргасан аавын адууны махыг битгий чанаарай” гэж хэлсэн. Тэгэхээр би “одоо танайд хонохгүй, дараа нь эхнэрээ дагуулж ирээд хонох болно, чи галзуу юм уу, би такси хийх ёстой, явлаа” гэхэд К намайг явуулаагүй. Тэрээр надад “би чамайг хүндэлж байхад чи яагаад намайг хүндлэхгүй, томроод байгаа юм бэ, би чамайг хутгалчих уу” гээд хутгыг барьсан. Тэгэхэд хохирогчийн эхнэр нь “хутгыг өг, энэ архичнаас болж үзэх, үзэхгүйгээ үзлээ” гээд гарч явсан. Тэгэхээр нь К нь гал тогооноос нэг шургуулыг татаж үзээд хутга байгаагүй тул дараагийн шургуулгыг татаж үзээд халбагатай хамт байсан хутгыг гаргаж ирээд над руу ирэхээр нь согтуу хүн хутгалчих байх гээд айгаад Кийг түлхээд гэрээс нь зугтаж гарсан. Үүдэнд тайлсан гутлаа өмсөх гэж байхад К хутга бариад гарч ирэхээр нь айгаад гутлаа өмсөж чадахгүй гадаа хөл нүцгэн гүйж гарсан. Машиныхаа хажууд очиход К бас гүйж, машины хажууд хүрээд ирсэн. Тэгэхээр нь хашааны буланд харанхуй газарт хөл нүцгэн Кээс нуугдаж байсан. Тэгээд харж зогсож байхад К миний машинд орсон. Тэгэхээр машины араас нь ирээд харж байхад К нь хутгыг хөлдөө зоож байсан. Тэгээд дахин хашааны харанхуй буланд очоод цагдаад залгах гэхээр утасны дугаарыг нь мэдэхгүй тул эхнэртээ залгаж “Кийн гэрт нь ирээд хэдэн пиво уусан. Тэрээр согтож надад хутга авч гүйсэн. Би одоо хөл нүцгэн хашааны гадаа байна. Чи ахдаа хэлээд цагдаа дуудаад ирээч, машиндаа суух гэхээр тэрээр миний машинд хутга бариад суучихлаа” гэж залгаж хэлсэн. 10, 20 минутын дараа К машинаас буугаад гэртээ орчихсон. Тэгэхээр нь машины дотор байсан үстэй дээлээрээ хөлөө ороож, цагдаа иртэл сууж байхад Кийн эхнэр нь “бурхан минь, энэ өөрийгөө хутгалчихлаа” гээд хашхирч гарч ирсэн. Тэгэхээр нь харж зогсож чадахгүй очих гэж байтал эхнэр нь дуудаж “энэ өөрийгөө хутгалчихлаа” гэж хэлэхэд “чамайг хутгалчихсан уу” гэхэд эхнэр нь “үгүй, гэрт орооч” гэж хэлсэн. Тэгээд амбаарын хаалгыг онгойлгоход К гарч ирээд “найз минь би тоглож байхад чи үнэн гэж бодсон уу, би хутгыг бусдад дүрэхгүй, өөртөө дүрнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи галзуу юм уу, эхнэрээ бодохгүй байна уу, чамд ямар нэгэн юм болвол би яах юм бэ, би эмч, цагдаа дуудаад явах болно” гэсэн. Тэгээд эхнэртээ залгаж “хадам ахдаа эмч, цагдаа хоёрыг дуудаж ир гэж хэлээрэй” гэсэн. Тэгэхэд утасны цаанаас хадам ах маань “цагдаа дуудвал чи өөрөө архи уусан байвал өөрөө буруутгагдана шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цагдаа дуудаж, үнэн бодит явдлыг олж авахгүй бол надад буруу тохогдож магадагүй, цагдаа дагуулж ирээрэй” гэж хэлсэн. Тэгж байхад Кийн эхнэр утсыг маань авч, манай эхнэртэй утсаар ярьж “бид танай нөхрийг буруутгахгүй, нөхөр маань хуулийн хариуцлага хүлээгээд одоо 3 сар болж байна. Өмнө нь баривчлагдаж байсан. Би өөрөө одоо жирэмсэн. Эмч, хуулийн байгууллагад хэлэхгүй байгаа ч, ямар нэгэн юм болвол эмчид бид өөрсдөө үзүүлье. А.Е огт архи уугаагүй. Одоо зүгээр сууж байна. Харин манай нөхөр согтуу байна” гэж хэлсэн. К бас “найз минь би согтуудаа өөрөө өөрийгөө хутгалсан. Чамд буруугаа тохохгүй. Хэрэв буруугаа тохвол хүүхдүүдийнхээ ирээдүйг үзэхгүй явах болно” гэж хэлээд уйлахаар нь үнэхээр өөрөө өөрийгөө хутгалсан болохоор миний буруу биш юм чинь гэж бодоод “цагдаа, эмч дуудахгүй байгаарай гэвэл дуудахгүй байя. Харин ямар нэгэн юм болно гэвэл би эмч, цагдаа дуудуулах болно. Бүр болохгүй бол эмч дуудуулая” гэж хэлсэн.
Тэгээд Кийн эхнэр нь уйлаад нөгөө өрөөнд ороход К надад “одоо эхнэрүүд даварсан байгаа, айлгах гээд биеийнхээ гадна талыг л зүссэн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Кийг эхнэрээ айлгах гэж тэгж байна гэж бодсон. Би явах гэхэд К надад “явахгүй” гээд дахин пиво аяглаж өгсөн. Тэгэхээр нь пиво уухгүй гэхэд тэгвэл би өөрөө ууна гээд надад аяглаж өгсөн пивог өөрөө авч уусан. Тэгээд Кт “бие засаж ирье, чи наадхаа арчиж байгаарай” гэж хэлээд гараад эхнэрт нь дахин “эмч дуудах уу” гэхэд “цагдаад битгий мэдэгдүүлээч, нөхөр маань бид нарыг зовоож дуусгалаа” гэж хэлсэн. Тэгээд би “явлаа” гэхэд “явбал явж байгаарай” гэж хэлсэн.
Тэгээд гэртээ ирсний дараа хадам ах маань ирсэн. Надад “чи зүгээр үү, архи дарс уугаагүй юу, наашаа үлээлгээч” гэж хэлэхэд нь үлээхэд архи үнэртээгүй болохоор “уучлаарай, миний буруу болсон байна, буруу хүнтэйгээ яагаад зууралдсан юм бэ” гэж хэлээд явсан. Маргааш өглөө 09 цаг гээд утас маань дуугарсан. Танихгүй дугаар байхаар нь авахад “манай дүү өчигдөр шөнө хутгалуулсан байна. Чи тэр үед хамт байсан гэж байна” гээд хэлэхэд тэр хүнд болсон бүх зүйлийг хэлсэн. Тэгээд “К эхнэртэй хоёулаа байгаа юм байна. Чи очвол яасан юм бэ” гэж хэлсэн. А гэх найзтайгаа хамт мотоциклээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд Кийн ахад нь болсон бодит зүйлийг хэлсэн. Кийн эхнэр ч бас миний хэлснийг баталж ахдаа болсон зүйлийг хэлсэн. Тэгээд К хагалгаанд орсон. Д гэх Кийн хамаатан нь гарч ирээд Улаанбаатар хотоос элгэнд 3 эмч ирсэн байна. Тэр 3 эмчид 300,000 төгрөг асууж байна. Асуусан 300,000 төгрөгийг нь өгөөд хурдан хагалгаанд оруулахгүй бол хүний бие нь муудаж байна гэж хэлсэн. Кийн ах нь бас надад 200,000 төгрөг байна гэхээр нь би надад 150,000 төгрөг байгаа гэсэн. Тэгвэл 100,000 төгрөгөө өгч байгаач гэж хэлсэн. Өмнө нь Кийн бүрхүүлийг авсан тул угаасаа өгөх ёстой мөнгө гэж бодсон. Тэгээд АТМ-ээс 100,000 төгрөг гаргуулж өгсөн. Тэгээд хагалгаанд орвол зарим зүйлс хэрэгтэй юм байна гэсэн. Тэгээд Кийн эхнэр нь надад “чамд мөнгө байхгүй юу, бүрхүүлийн мөнгөнөөс хасна” гэхээр нь 60,000 төгрөг хүрэх үгүйтэй мөнгө байгаа, тэр мөнгөнд хүрэх хэмжээгээр нь авч ирье гэж хэлээд Кийн эхнэр, бас нэг эмэгтэйтэй хамт бид гурав эмийн сан орж, хэрэгтэй зүйлсийг нь худалдаж авсан. Эмийн сангаас авсан зүйлсээ өгч, К хагалгаанд орсон. Тэр хооронд гэртээ очиж ирье гээд манай гэрээс цай уугаад буцаж ирэхэд хагалгаа амжилттай болсон гэж хэлсэн.
Тэгээд би “хөдөө очих ажилтай хөдөө яваад ирье, хурдан эдгээрэй” гэхэд Кийн эхнэр нь “баярлалаа” гэж хэлээд үлдсэн. Тэгээд би хөдөө яваад идшээ бэлдээд 7 хоног болоод ирэхэд Кийг гэртээ гарсан гэдгийг мэдсэн. Маргааш нь өглөө 10, 11 цагийн үед эхнэрээ дагуулаад очиход К байгаагүй. Харин Кийн эхнэр нь байсан. Кийн ээж нь намайг загнаж “галзуу юм уу, яагаад архи ууж, яагаад бие биеэ хутгалж байгаа юм бэ, миний хүүхэд өөрөө өөрийгөө хутгалсан уу, чи хутгалсан уу” гэхэд “өөрөө өөрийгөө хутгалсан” гэж хэлсэн. Тэгэхэд “харин тийм байх, үүнээс хойш миний хүүхэдтэй битгий уулзаарай, түүнтэй дахин битгий уулзаарай, тэр чамайг хутгална, эсхүл өөрөө өөрийгөө хутгална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Кийг тэгнэ гэж бодоогүй, гудамжинд явж байхад найз маань болохоор нь гэрт хүргэж өгье гэж бодсон” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр гарч явсан.
1 сарын дараа Улаанбаатар хотод байдаг дүү нь утсаар залгасан. Тэрээр “К “Фатиха” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тэрээр таныг ирж уулзах байх гэсэн ч ирж уулзаагүй. Тиймээс тэрээр таныг хуулийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулна. Тэрээр намайг хутгалсан гэж хэлсэн гэснийг надад хэлж, та яагаад түүнийг хутгалж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд болсон зүйлийг дүүдээ хэлэхэд тэрээр “яагаад Ктэй орооцолдож байгаа юм бэ” гээд загнасан. Дараа нь Кт өөрөө утасдаж “хаана байгаа юм бэ” гэхэд “гэртээ байгаа” гэсэн. Тэгэхээр нь “чи гэртээ биш, эмнэлэгт байгаа юм байна шүү дээ. Чи яагаад намайг хутгалсан гээд яриад яваад байгаа юм бэ, би чамд өмнө нь цагдаа, эмч дуудаж, бүгдийг хуулийн хүрээнд шийдье гэж хэлсэн. Одоо бүх зүйл болж өнгөрсний дараа яагаад намайг хуулийн байгууллагад өгөх гэж байгаа юм бэ” гэхэд хохирогч “чи тэр өдөр согтуу байсан тул ухаан санаагаа мэдэхгүй байсан шүү дээ” гэж хэлээд утсаа салгачихсан. Дараа нь залгахад утсаа аваагүй. Маргааш нь К манай ах руу шархдсан талаарх зургаа явуулсан байсан. Үүнийг харсан ах маань надад “чи яагаад бусдыг хутгалж байгаа юм бэ” гэхэд хутгалаагүй талаараа хэлсэн. Тэгээд хамаатнууд маань “К мөнгө хүсэж байгаа байх. Түүнд хэдэн төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг зодож, хутгалаагүй тул үнэн зөвийг шүүх шийдвэрлэж өгөх байх. Хуулийн байгууллагад өгвөл өгч л байг гэж хэлсэн. Би Кт ямар ч муу зүйл хийгээгүй. Үүнийг бурхан ч гэрчилнэ гэж хэлсэн. Тиймээс түүнээс болоод битгий санаа зовоорой, түүнтэй битгий уулзаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш К холбогдоогүй. Дараа нь цагдаа намайг дуудахаар нь би ирсэн. Хэрэгт шалгагдаад одоо 1 жил өнгөрч байна” гэв.
2. Шинжээч К.Х мэдүүлэхдээ: “...Манай статистик мэдээлэл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болдог. Тэгээд энэ нь шинжээчийн 2024 оны нэгдүгээр дүгнэлт болж гарчихсан байна. Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчээр 27 орчим жил ажиллаж байгаа миний бие Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Зын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжилгээ хийх тогтоолын дагуу Б-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багийн оршин суугч, 33 настай, эрэгтэй, ажилгүй, М.Кт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байгаа. Тухайн хэрэг учрал тодорхой байгаа. Шинжилгээний дүгнэлт хэсэгт “иргэн М.Кийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутганы шархтай, хэвлийн эрхтний гэмтэл, хэвлийн хананы ил шарх, хэвлийн чацархайн гэмтэл, хэвлийн дараа цус алдалт, хэвлийн баруун талын хөндлөн байрлалтай 3 сантиметрийн урттай шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн яаралтай тусламж авсан. Мөн амь насыг нь аврахын тулд хагалгаанд бас орчихсон байгаа. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн зүйлээр үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй. Иргэн М.Кийн дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар хүнд зэрэгт хамаарагдана” гэсэн байна. Гэмтлийн зэрэгт хохирлын зэрэг тогтоох журам 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж шинэ хохирлын зэргийн дүрмээр явж байгаа. Шинээр батлагдсан хохирлыг тогтоох журам дээр хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь шууд хүнд гэмтэлд хамаарагдана гэж тодорхой заасан байгаа. Хэвлийн хананы ил шарх гэдэг нь хэвлийн хөндийд нэвтэрснийг харуулж байгаа. Хэвлийн чацархай гэдэг нь хэвлийн эрхтний гэмтэл.
...хохирогчийг хэн нэгэн хутгалсан юм уу, хохирогч өөрөө өөрийгөө хутгалсан эсэхийг тогтоох боломжгүй” гэв.
3. Гэрч А.Е мэдүүлэхдээ: “...Тухайн үйл явдлаас хойш одоо 2 жил өнгөрсөн байна. Нэг бүрчлэн нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр би жижүүртэй байсан. Анх хохирогч ирэхдээ “өөрөө өөрийгөө хутгалсан” гэж ирсэн. Тэгээд өвчтөний түүхийг нээж, зөвлөх эмчээс зөвлөгөө авч, нэвтэрсэн шарх тул яаралтай хагалгаанд оруулая гэж хагалгаанд оруулсан” гэв.
4. Гэрч Х.Н мэдүүлэхдээ: “...тухайн өдөр С эмч дуудлага өгч, тэрний дагуу очиж шалгасан. Бид очиход хохирогч К цай уугаад сууж байсан. Түүний хажууд эхнэр, хэдэн хамаатан нь байсан. Хохирогч К нь “өөрөө өөрийгөө хутгалсан, хэн нэгэнд ямар нэгэн гомдол, саналгүй, тиймээс цагдаад гомдол гаргахгүй” гэж хэлсэн. Тэгээд хохирогчийг С эмч болон хамаатан хүмүүст нь хүлээлгэж өгөөд явсан” гэв.
5. Гэрч Д.Ж мэдүүлэхдээ: “...Нөхөр маань машины эд зүйл авна гэж явсан. К нь тухайн үед миний нөхөр лүү хутга барьж дайрахаар нь нөхөр маань зугтсан гэж над руу утсаар хэлсэн. Тэгэхээр нь ах бид хоёр цагдаа авч очих гэж байхад нөхөр маань дахин над руу залгаж “К нь өөрөө өөрийгөө хутгалчихлаа. Цагдаа, эмч нарыг авч ирээрэй” гэж хэлсэн. Тэгж байхад Кийн эхнэр утсыг аваад “нөхөр маань өөрөө өөрийгөө хутгалсан, тиймээс та нар эмч, цагдаа битгий авч ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь бид нар унтчихсан. Нөхөр маань шөнийн 23 цаг гээд гэрт ирсэн” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөгч нараас шүүгдэгч А.Еын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.
6. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд “...яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч хэдийгээр өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан өвчний түүх, түүнд бичигдсэн өөрийгөө хутгалуулсан гэх бичвэр, мөн хэргийн газарт очсон цагдаа Х.Н, Түркистан, мөн эмч С, Е нарын мэдүүлгээр хохирогч өөрийгөө хутгалсан талаар мэдүүлсэн боловч хохирогчийн 3 удаагийн хөдөлшгүй мэдүүлэг байна. Уг мэдүүлгээр өөрөөр хэлбэл хохирогч яагаад тухайн үед өөрийгөө хутгалсан гэж мэдүүлсэн талаар тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл тэд эртний танилууд, бас найз нөхдийн харилцаатай учраас эргээд тухайн гэмт хэрэг гарсны маргаашийн өдөр нь эв зүйгээ олчих боломжтой байсан учраас хууль хяналтын байгууллагад хэлж танилцуулж, шалгуулах шаардлагагүй. Бид бүхэн учраа олчих боломжтой гэж үзээд тухайн үед дээр нэр дурдсан хүмүүст өөрийгөө хутгалчихлаа гэдэг байдлаар тайлбарлаж байсан байна. Ингэж хэлсэн үг нь цаашид дамжуулж нотлох баримт болоод өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэг болж, хавтаст хэрэгт нотлох баримтуудаар цугларсан байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэлээ.
Хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг, тухайн үйл баримтыг харсан хамгийн эрүүл саруул уухантай байсан гэж хэлж болох хохирогчийн эхнэрийн 2 удаагийн мэдүүлэг байна. Ингээд хохирогч, шүүгдэгч болон тэд нарт хоол хийж өгөх гэж байсан хохирогчийн эхнэр гурвын дунд гэмт хэргийн процесс өрнөсөн. Мөн ач холбогдол бүхий мэдүүлгийг гэрч Б өгч байгаа. Бын тухайд тухайн үйл явдал болж өнгөрсний дараа өөрөөр хэлбэл шүүгдэгчийг ардаас нь хайж гарсан үйл баримтыг мэдүүлж байна. Ингээд хохирогчийн эхнэрийн 2 удаагийн мэдүүлэг буюу хутгалагдсан үйл баримт, ингэхдээ шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан. Гэрт байсан хутгыг авсныг коридорт үлдээсэн. Насанд хүрээгүй гэрч Бын тухайн үед шүүгдэгч болон хохирогч нарын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэд гэрт чанга дуугаар ярьж байсан. Тэгсний дараа шүүгдэгч нь хохирогчийг хутгалаад гэрээс гарч зугтаж явсан. Ийнхүү зугтахдаа өөрийн тээврийн хэрэгслээ жолоодоод яваад өгсөн. Тэрээр тээврийн хэрэгслээр ирсэн талаар өөрөө болон гэрч Б, шүүгдэгчийн эхнэр, мөн тухайн үед хамт ирсэн 2 архи ууж байгаад явсан хоёр гэрчийн мэдүүлэг байгаа. Эдгээр нотлох баримтуудаар тээврийн хэрэгсэлтэй ирсэн үйл баримт тогтоогдож байгаа учраас тухайн ач холбогдол бүхий буюу шууд гэмт хэргийг нотолж байгаа энэ 3 нотлох баримт буюу хохирогч, хохирогчийн эхнэр, Б нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт тогтоогдохгүй байна гэж прокурор зүгээс үзэж байна.
Мөн хөдлөнгийн байр сууринаас мэдүүлэг өгч байгаа гэрч Хуантхан, А, Алтынжан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээр дурдсан шууд нотлох баримтуудыг эдгээр хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгүүд нь дамжмал байдлаар буюу давхардуулж нотолж байгаа учраас гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.
Харин энэ хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хор уршигт 460,000 төгрөгийн хохирол учирсан. Уг үнийн дүнгээс шүүгдэгч нь 148,000 төгрөгийг нөхөн төлсөн гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдсан. Тэгэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс асуусан асуултаар юутай ч өгчихсөн гэдэг үйл баримтыг мэдүүлж байгаа. Тэр нь өөрөөр хэлбэл янз бүрийн асуудал гарвал хохирлоо тооцсон ч болно. Мөн бүх юмныхаа үнэд оруулж тооцсон ч болно гэдэг байдлаар мэдүүлэг өгч байгаа учраас яллах дүгнэлтэд дурдагдсан хэмжээгээр нь буюу 460,000 төгрөгөөс 180,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлыг гаргаж хохирогчид олгох нь зүйтэй байна. Мөн хохирогч цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх бол иргэний журмаар хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг шүүх хуралдаанд гаргаж байна “ гэв.
7. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд “...Улсын яллагчтай санал нэг байна. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө хохирогчийн гэрт урдах таарамжгүй харьцааны улмаас түүний биед зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хохирогчийн хэвлийд хутгалж хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал гаргаж байна. Энэ саналыг дэмжиж байна. Шүүгдэгчийн үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх боловч хамт байсан гэрч А, Т нарын мэдүүлэг, мөн гэрч Бжаны мэдүүлгээр тухайн өдөр өөрсдийн дундаа худалдаж авсан согтууруулах ундааны зүйлийг хохирогч, шүүгдэгч, А, Т нар нь тус тус хамтран хэрэглэсэн. Ийм учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд “би гудамжинд хохирогчийг архи дарс уугаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсныг нь гэрт нь хүргэж өгсөн” гэх тайлбар хэлж байгаа хэдий боловч энэ нь А, Т, хохирогч, Бжан нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нь өөрийн гэрийн гадаа оройн түлшийг янзалж, түлээ буталж сууж байхад нь Аы хамт очсон болох нь нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн мэдүүлгийг тухайн мэдүүлэг үгүйсгэж байгаа. Шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаараа дангаараа нотлох баримт байж чадахгүй. Тиймээс улсын яллагчийн санал болгосноор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баас гаргасан дүгнэлтэд “...Шүүгдэгчид А.Ед холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдээд бараг 1 жил гаран хугацаа болж байгаа юм байна. Миний хувьд шүүхийн шатнаас эхлэн хуулийн зүйн туслалцаа үзүүлж, гэрээ байгуулан ажиллаж байна. Хэргийг мөрдөн шалгах явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Тухайлбал нотлох баримтууд эргэлзээтэй байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа гэж дүгнэж байгаа. Хохирогчийн биед хохирол учруулсны дараагаар даруй цагдаа, түргэн тусламж дуудая гэсэн саналыг шүүгдэгчийн зүгээс гаргасан боловч хохирогч өөрөө зөвшөөрөөгүй. Тэгээд эхнэр лүүгээ утсаар хэлээд тэгээд эхнэр нь өөрийнхөө ахыг дагуулаад цагдаа, эмнэлгийн тусламж дуудаж, анхан шатын тусламж үзүүлье гэж хэлэхэд эхнэр нь зөвшөөрөхгүй гэж байгаа. Гэхдээ эд нарын мэдүүлэг нь зөрүүтэй. Хохирогч болон түүний эхнэрийн өгсөн мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж байгаа. Яагаад гэвэл шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд дэлгэрэнгүй өгсөн, яллагдагчаар татагдах үед өгсөн мэдүүлгүүд байгаа. Уг мэдүүлгүүдээ өнөөдөр шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж хэллээ. Энэ мэдүүлэг нь урьд өгсөн мэдүүлгээсээ ямар нэгэн зөрүүгүй гэж ойлгож байгаа. Тэрнээс гадна гэрч Жээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авсан байдаг. Түүний хувьд тухайн өдөр болсон үйл явдлыг нэг бүрчлэн мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө тэмдэглүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр тухайн үед өгсөн мэдүүлгээ давтан тодруулж хэлж байна. Хохирогч болон түүний эхнэрийн өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгчийг хохирогчийн биед хүнд гэмтэл учруулснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч гэрч С, А нарын мэдүүлгээр хохирогч болон түүний эхнэрийн мэдүүлгүүд үгүйсгэгдэж байгаа.
Мөрдөгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай санал гаргасан боловч прокурорын зүгээс хохирогчийн мэдүүлгийг үндэслээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд улмаар шүүгдэгчийг яллагдагчаар татсан нь тогтоогдож байгаа. Дээр дурдсанаас гадна түрүүн нотлох баримтаар шинжлүүлсэн үед дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Т, Х.Н, мөн анхан шатны тусламж үзүүлсэн С эмч, мөн мэс заслын эмч Е нарын мэдүүлэг болон аймгийн Нэгдсэн эмнэлгээс хөтөлсөн албан ёсны өвчний түүхийн хуулбарыг харахад шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Түүнээс гадна прокурорын зүгээс шүүгдэгчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч хэдий хэмжээний согтолттой байсан гэдгийг нотлох ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа. Тэгэхээр тухайн үед согтуу байсан гэдэг нь нотлогдохгүй. Харин хохирогч согтуу байсан нь цагдаагийн ажилтнууд болон эмнэлгийн ажилтнууд нотолдог. Шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгч байгаа. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Хохирогчийн биед хүнд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Үүний дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аээс гаргасан дүгнэлтэд “...мөрдөн байцаалтын шатнаас эхэлж шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Т.Б өмгөөлөгч тодорхой ярьсан тул давхардуулан ярих шаардлагагүй. Иймд Т.Б өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.
10. Иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд “...шүүгдэгч А.Е гэм буруугүй байна” гэв.
11. Эрүүгийн 2413000090053 дугаартай хэргээс яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
11.1. Иргэн М.Кээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
11.2. Хохирогч М.Кийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
11.3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 07-16 дахь тал/,
11.4. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар хутга 1 ширхэг, хохирогчийн футболка, цамцыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 24-30 дахь тал/,
11.5. Иргэн М.Кт үзүүлсэн Б-Ө аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Яаралтай тусламж”-ийн 7658 дугаартай хуудас, өвчний түүх”/1 дэх хавтаст хэргийн 36-66 дахь тал/,
11.6. Хохирогч М.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ж.А, Ж.Тилеухазы хоёр шөнө 01 цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгээд тэр хоёр явсаны дараа дэлгүүрээс 02 цаг өнгөрч байхад 2,5 литр “Сэнгүр” авч ирсэний дараа пиво уугаагүй байхдаа түүнд “чи 4-5 жилийн өмнө намайг зодсон шүү, тэр үед би цагдаад мэдэгдээгүй” гэхэд тэрээр над руу салаавч гаргаж “одоо чи надаас олж ид, тэр үедээ хэлэхгүй яасан юм бэ, чи намайг амжихгүй, би ах дүүс олонтой шүү, чамайг ална” гээд ширээн дээр байсан махны хутгыг баруун гартаа бариад миний хэвлийн хэсэгт хутгалсан. Тэгээд би орилход эхнэр маань гаднаас орж ирсэн ба тэр үед эхнэрт “А.Е намайг хутгалчихлаа” гэж хэлсэн ба эхнэр маань хутга хаана байна гэхэд А.Е нь “нөхрийг чинь хутгалсан хутга коридорт чинь байна, одоо надаас олж долоогоорой” гэж хэлээд өөрөө гэрээс гараад зугтаачихсан, ардаас нь манай гэрт байдаг ахын хүүхэд болох Р.Б түүнийг зогсоох гэж гарсан. Би тэр үед хутгалсан хэсгээр өвдөж байхад манай гэрт түргэний машин ирсэн, дараа нь цагдаа ирэхээр нь би өөрөө хутганд гэмтчихлээ гэж хэлээд эмнэлгийн машинд суугаад эмнэлэгт очиж хагалгаанд орсон.
...А.Еат намайг хутгалах үед хоёулхнаа байсан, харин эхнэр С.Бжан нь гал түлэх гээд гаднаас мод, нүүрс оруулж ирсэний дараа түүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Эхнэрийг гэрт орж ирэх үед миний хажууд А.Е өөрөө байсан ба эхнэрт маань “нөхрийг чинь хутгалчихлаа хутгалсан хутга нь коридорт байна одоо надаас олж идээрэй” гэж хэлээд гараад явсан.
...би хутгалуулсны дараа эхнэр маань хамаатны А, Х, Д, Серикбол гэх хүмүүст мэдэгдэж тухайн хүмүүс шөнө дунд намайг эмнэлэг явахын өмнө ирээд, түргэний машинаар явах хүртэл манайд байсан.
...тал пивийг бид хоёр ууж байхдаа би А.Ед 5-6 жилийн өмнө намайг зодож, миний толгойг хагалсан, морийг хөөж явуулсан шүү дээ гэхэд А.Е уурлаад чи наад асуудлаа тэр үед н цагдаад гомдлоо гаргаж чадаагүй байж одоо юугаа хуцаад байгаа юм бэ гэж миний цээж рүү зүүн гарын тохойгоороо тохиолдсон, тэр үед би “чи манайд хононо гэхээр манай эхнэр чамд хоол хийж байна, хэрүүл битгий гараарай” гэхэд “чи тэр үед надаас олж идэхгүй яасан юм бэ” гэж намайг заамдсан, тэр үед би түүнийг заамдаж аваад түүнийг хана руу шахсан. Тэр үед түүний баруун талын гарт нь хутга байсныг би харсан. Тэгээд би хутгыг авах гэж оролдоход тэрээр баруун гараа дээш өргөсөн, би тэр гарыг нь доош буулгахад тэрээр хутгаа миний хэвлийн баруун талд хутгалсан.
...А.Е миний биед гэмтэл учруулсны дараа цагдаад битгий хэлээрэй гээд тохиролцсон асуудал байхгүй. Би эмнэлэгт 9 хоног хэвтэхэд нэг ч удаа ирж уулзаагүй. Харин эмнэлэгт байхад хамаатны хүмүүсээс миний биеийн байдлын талаар асуугаад явж байсан. Эхнэрээ дагуулаад манай гэрт ирэхэд би гэртээ байхгүй байсан тул манай ээжтэй уулзаад “намайг уучлаарай” гэж хэлсэн гэсэн. Маргааш өглөө биднийг босоогүй байхад ганцаараа ирж надтай уулзаж уучлалт гуйсан. Тэр үед би “хуулийн байгууллагад гомдол гаргасан байгаа, юутай ч хоёулаа хуулийн дагуу үзье, чамайг 9 хоног хүлээлээ, тэр үед яагаад ирээгүй юм бэ, одоо дахиж надад битгий ирээрэй, надад ирсэн ч чамайг уучилж чадахгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-85, 88, 90-91 дэх тал/
11.7. Гэрч С.Бжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Е хонохоор боллоо гэхээр нь би хоол хийж өгье гэж бодсон. Тэгээд нөхөр М.К тэр хоёр дахин пиво уухаар болж нөхөр дэлгүүрээс пиво авчирсан. Би тэр хоёрт хоол хийж өгөх гээд гадаа гараад мод, нүүрс оруулж ирээд гал түлье гээд каридорт орж ирж ирэхэд нөхөр маань “хутгалчихлаа, хутгалчихлаа” гээд хашхираад би сандараад түүнээс “хутга хаана байна” гэхэд тэр “хутга чинь тэр байна” гээд гараа хутга руу заачихаад яваад өгсөн. Тэгээд би гэр рүү ороход нөхрийн хэвлий хэсэг цус болчихсон байхаар нь дүү Р.Быг дуудаад “А.Еат явчихлаа дуудаад ир” гэж хэлэхэд тэрээр гэрээс гараад явчихаад “машинаар гүйцэж чадсангүй” гэж орж ирсэн. Тэр үед би сандраад хадам ах билүү хөршдөө эмнэлэг дуудаарай гэж хэлсэн.
...Би гаднаас түлээ оруулж ирэхэд нөхөр маань надад “А.Е намайг хутгалчихлаа” гэж хэлснийг би анх ирсэн цагдаад хэлсэн. Тэр үед нөхөр маань миний хажуунаас “тийм юм байхгүй, би өөрөө өөрийгөө хутгалчихсан” гэж хэлэхэд цагдаа “та согтуу байна таниас асуухгүй, эхнэрээс тань асууж байна, дараа ямар нэгэн байдлаар цагдаад ирэх бол бүртгүүлнэ биздээ” гэж хэлсэн. Би хутгыг коридороос аваад шүүгээн дээр тавьчихсан байсан, тэгтэл бид хоёр эмнэлэг явсан хойгуур хөдөөнөөс ирсэн хадам эгч Серикжан гэдэг хүн хутгыг цэвэрлэчихсэн байсан. Хэрэг болсны дараа хөрш болох Асимет гэх 50 орчим насны эмэгтэйг гэртээ дагуулж орж ирээд тэр хүн хадам ах А.Хуантхан руу залгаж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93, 96 дахь тал/,
11.8. Насанд хүрээгүй гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд ирсэн 3 хүний 2 нь буцаад яваад өгсөн ба тэр хоёр явсаны дараагаар нээх их удалгүй Б.К ах нөгөө үлдсэн ахтай хоёулаа хэрэлдээд чанга чанга дуу гарч байгаад Б.К “хутгалчихлаа, хутгалчихлаа” гэж орилох үед би орноосоо босож очиход бэр эгч бас гаднаас орж ирээд надад “тэр хүнийг зогсоо, гараад явчихлаа” гэж хэлсэн. Би хувцасаа өмсөөд гарахад нөгөө хүн цагаан өнгийн Портер машинаараа хашаанаасаа гараад явчихсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/,
11.9. Гэрч А.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би М.Кийн авга ах нь болдог юм. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө хөрш айлынх нь эхнэр гэх эмэгтэй 95133990 дугаар руу залгаад “танай дүү М.Кийн хөрш байна, тэр хутгалуулсан байна. Эмнэлэгт оч гэхээр очихгүй гээд байна та хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгээд Ү.Атай хамт М.Кийн гэр рүү явж байтал цагдаагаас Ү.Аы утас руу залгаад М.Кийн гэрийг асуухаар нь бид хоёр замдаа цагдаагийн машиныг хүлээж байгаад цагдаагийн машинтай хамт М.Кийн гэрт очсон. Би тэгээд түүнийг эмнэлэгт очих хэрэгтэй гэж загнаж байгаад ирсэн цагдаагийн албан хаагч нар түргэн дуудаж өгөөд түргэний машин иртэл цагдаагийн албан хаагч нар яваагүй бөгөөд түргэн ирэх үед М.Кийг эмнэлэгт хүргэж өгөөд үүрээр хагалгаанд орсон. Би хэн ингэсэн юм бэ гэж М.К болон түүний эхнэрээс асуухад М.К дуу гаргахгүй байсан бөгөөд эхнэрээс нь асуухад “би гаднаас орж ирэх үед түүнийг хутгалчихсан байсан, хэн нэгэн хутгалчихсан гэж хэлээгүй” гэж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100, 197 дахь тал/,
11.10. Гэрч У.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Кийн эхнэр С.Бжан над руу залгаад “М.К хутгалуулчихлаа, та хурдан хүрээд ирээч, би түргэн дуудах гэхээр энэ өөрөө хэрэггүй гээд дуудуулахгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрээс гарахаасаа өмнө аймгийн Нэгдсэн эмнэлгийн 7042103 дугаар руу залгаад “Ө сумын 9 дүгээр багт хүний бие муудаж байна, Чингис хаан дэлгүүрийн урд ирээд залгаарай, тэндээс би тосож аваад гэрийг нь зааж өгье” гэсэн.
...А.Х руу утасдаж “К хутгалуулсан гэнэ, эмнэлэг, цагдаад дуудлага өгөөд хэрэггүй гээд эхнэрийнхээ үгэнд орохгүй байна, та хамт очих уу“ ...чи машинтай байвал манайд хүрээд ир гэхээр нь А.Хыг аваад М.Кийн гэр лүү явж байх замд цагдаагаас түүний гэрийг нь асуухаар бид хоёр цагдаагийн машиныг хүлээж байгаад араасаа дагуулаад М.Кийн гэрт нь очоод цагдаа болон ах Х нар дотогшоо орсон, би тэдний гэр лүү ороогүй, гадна хүлээгээд байж байсан. Тэгээд цагдаа нар орсны дараа эмнэлгээс түргэний машин ирээд тэдний гэр лүү орсны дараа М.К нь өөрөө алхаад түргэний машинд суусан бөгөөд ах А.Х нь түүнтэй хамт түргэний машинд суугаад явсан. Би араас нь бэр С.Бжантай хамт эмнэлэг рүү явсан.
...Бэр С.Бжан нь анх надтай утсаар ярихдаа “М.Кийг хутгалчихлаа” гэж хэлсэн бөгөөд хэн нэгнийг хэлээгүй, өөрөө өөрийгөө хутгалчихлаа гэж ч хэлээгүй, “хутгалчихлаа та хурдан хүрээд ирээ” гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,
11.11. Гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг ажил дээр хутгалуулсан шархтай хүн ирлээ гэсэн дуудлага мэдээллийн дагуу ажилд ирэхэд М.К гэх эрэгтэй хэвлийн баруун талд 2 см орчим урт, хурц ирмэгтэй зүйлийн шархтай, 400 мг цус алдсан байдалтай байсан бөгөөд яаралтай хэвлийг нь нээж шалгах хагалгаа хийх шаардлагатай байсан. М.Кт хагалгаа хийхийн өмнө өөрөөс нь зөвшөөрөл авах үед юу болсон талаар асуухад “өөрөө өөрийгөө хутгалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/,
11.12. Гэрч Е.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн шөнө 04 цагийн үед Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн эмнэлэгт үзүүлэхгүй байна гэсэн дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаа а/ч Х.Ний хамт албаны 05-32 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон бөгөөд хаягийг нь тодруулах зорилгоор хутгалуулсан хүний ах нь гэх хүнтэй утсаар ярьж байгаад Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн уулзвар дээрээс тухайн хүний жижиг машины араас дагаж явсаар байгаад дуудлага өгсөн газарт очсон. Уг жижиг машинаас нэг ах бууж ирээд Х.Н бид гурав гэрт орсон. Гэрт ороход нэг залуу ширээний хажууд сандал дээр цээж нүцгэн, доогуураа өмдтэй цай уугаад сууж байсан ба Х.Н юу болсон талаар асуухад уг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “юу ч болоогүй, би өөрөө өөрийгөө хутгалчихлаа, хэн нэгэнд гомдол байхгүй, гомдол гаргахгүй” гэж хэлсэн, харин нөгөө бидэнтэй цуг ирсэн ах нь түүнээс болсон асуудлыг асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй, тэгээд ах нь эмч дуудаад өгөөч гэхээр нь Х.Н эмнэлэг рүү залгаад түргэний машин ирээд ...суугаад явсан. Бид хоёр цагдаагийн газарт ирсэн.
...биднийг очих үед байшингийн коридор болон дотор талд ил хутга байгаагүй, хутгалуулсан гэх залуу бидэнд ямар нэгэн хутга харуулаагүй. Гэрт нь ороход шал нь, ширээ зэрэг нь ямар нэгэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл байхгүй.
...тухайн үед уг залуу “өөрөө өөрийгөө хутгалсан, хэн нэгэнд гомдол, санал байхгүй” гэж хэлсэн, ...нөхцөл байдлыг ерөнхий жижүүрт танилцуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,
11.13. Гэрч Х.Ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн өдөр батлагдсан томилгооны дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан бөгөөд шөнийн 04 цагийн үед “аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэний эмч С байна, нэг хүн өөрөө өөрийгөө хутгалсан байна, эмчид үзүүлэхгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тухайн дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Е.Ты хамт Ө сумын 9 дүгээр баг руу явсан.
...тэгээд тухайн гэрт нь утсаар ярьж, хаягийг нь зааж өгсөн ах болон Е.Т бид гурав ороход гал тогооны өрөөнд ширээний хажууд сандал дээр нэг эрэгтэй хүн цээж нүцгэн, доогуураа өмдтэй цай уугаад сууж байсан ба би юу болсон талаар асуухад “өөрийгөө хутгалчихсан, хэн нэгэнд гомдол санал байхгүй, цагдаад гомдол гаргахгүй” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээс нь юу болсон талаар асуухад “өдөр гадуур хүмүүстэй пиво уугаад гэртээ ирсний дараа өөрийгөө хутгалчихсан” гэж хэлсэн. Ах нь гэх залуу эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн.
...биднийг очих үед гэрт нь ил харагдах хутга харагдаагүй юм. Тэр залуу өөрөө өөрийгөө хутгалсан гэх хутгыг хаана байгааг зааж харуулаагүй.
...биднийг очих үед гэрийн шал, хананд ямар нэгэн цус мэт зүйлээр бохирлогдсон зүйл харагдаагүй, цэвэрлэгээ хийсэн байдалтай байсан.
...би тухайн үед энгэрийн камергүй байсан ба гар утсаараа бичлэг хийсэн ч дараа нь утасны багтаамж дүүрээд устгачихсан. Одоо ямар нэгэн бичлэг байхгүй.
...би тухайн дуудлага мэдээлэлд очоод нөхцөл байдлыг ерөнхий жижүүрт танилцуулсан, тэр залуу “өөрөө өөрийгөө хутгалсан, хэн нэгэнд гомдол саналгүй гэж байна, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өглөө шүү” гэж хэлсэн. Би дуудлага мэдээллийг бүртгэлд оруулах албан тушаалтай хүн биш учраас тэрийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/,
11.14. Гэрч Б.Алтанжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би эмнэлгээс гараад гэртээ байж байхад А.Е эхнэрийнхээ хамт манай гэрт ирээд “эгчээ намайг уучлаарай, би их согтоод танай хүүг хутгалчихсан байна” гэхээр нь “чи яагаад агсам тавьж байгаа юм, би идэшээ ч гаргаж чадахгүй, хүн байхгүй байна” гэхэд “би идэш гаргахад чинь туслая, өөр ажил байвал туслая, намайг уучлаач” гэхээр нь би “уучлахгүй” гэсэн. Маргааш өглөө манай хүү гэртээ унтаж байхад А.Е ганцаараа ирээд хүү М.Ктэй уулзсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/,
11.15. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдөр цагийн сайн санахгүй байна, үүр цайгаагүй байсан унтаж байхад нэг эмэгтэй хүн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход М.К ороод ирсэн ба хэвлийгээ дарсан байдалтай “би хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Түүний хэвлий хэсгээс цус гарсан байдалтай байсан бөгөөд буцаад гэрээс гараад явсан. Түүнийг гарч явсны дараа буцаад хаалгаа цоожлоод унтаж амарсан.
...би өмнөх мэдүүлэг дээрээ дутуу мэдүүлсэн байна. Тухайн шөнө хаалга цонх цохиод эмэгтэй хүн хаалга онгойлго гэж хэлсэн. Тэр үед М.К эхнэр С.Бжаны хамт орж ирсэн. Тэгээд М.К “би хутгалуулчихсан” гээд хэвлийгээ дарж байсан. Тэр үед хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ба эхнэр С.Бжан манай гэрт байх үедээ юм дуугараагүй тэгээд тэр хоёр удалгүй гэр лүүгээ явсан ба 5 орчим минутын дараа С.Бжан хаалга тогшоод М.Кийн бие өвдөөд байх шиг байна би өөрөө жирэмсэн болохоор айгаад байна гэхээр нь би хамт тэдний гэрт нь очсон.
...тэдний гэрт нь ороход М.К зочны өрөөний буйдан дээр сууж байсан ба хүүхдүүд нь унтчихсан, гэрт нь ямар нэгэн зодоон болсон шинжгүй байсан. Эхнэр нь хүмүүс руу залгаад байсан.
...гэр нь цэвэрхэн, шал нь ямар нэгэн цус бохирдолгүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121, 193 дахь тал/,
11.16. Гэрч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна, манай дүү Д.Ж над руу залгаад “А.Е над руу ярилаа, найз Кийн гэрт пиво ууж байхад агсам тавьж байна, эмч цагдаа дагуулаад Зүмисбекийн гэрт хүрээд ир гэж дуудаж байна” гэхээр нь би “за тэгье, би танайд очно” гэж хэлээд байж байхад буцаагаад Д.Ж над руу залгаад “очих хэрэггүй боллоо” гэхээр нь за гэж утсаа тасалчихаад хүргэн А.Е согтуу яасан бол гээд гэрт нь очсон, гэхдээ яг хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна. Гэрт нь очиход А.Е ирчихсэн байсан бөгөөд зүгээр эсэхийг асуухад зүгээр, биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй байхаар нь буцаад гэртээ ирж амарсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/,
11.17. Гэрч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд 23 цаг өнгөрч байхад нөхөр А.Е өөрийн 95641135 дугаарын утаснаас залгаад “М.К над руу хутга барьж дайрлаа, би айгаад хашааных нь гадна гарчихсан байна. Тэрээр машины хажууд ирчихсэн байна, чи А.Сыг дагуулаад цагдаа, эмч дуудаад М.Кийн гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах А.С руу залгаад “А.Е над руу залгаад байна, найз Кийн гэрт пиво уугаад агсам тавьж байна, та бид хоёрыг эмч, цагдаа дагуулаад ирээч гэж байна, хоёулаа очоод ирье” гэхэд “за” гэж хэлсэн. Тэгээд гэрээ гарах гэж байтал нөхөр А.Е над руу залгаад “та нар юу ч байсан эмч, цагдаа дагуулаад хурдан ирээч, К өөрөө өөрийгөө хутгалчихлаа, эмч дуудах хэрэгтэй” гэж ярьж байтал түүний гар утсыг М.Кийн эхнэр нь булааж аваад надад “К өөрөө өөрийгөө хутгалчихлаа, танай нөхөр ямар ч буруугүй, тэрээр их стогтсон байна, чи ах болон цагдаа, эмч дагуулж ирээд хэрэггүй” гэхээр нь би “болохгүй байх аа, маргааш та нар манай нөхрийг хутгалчихлаа гэж ярина шүү дээ” гэхэд “үгүй, тийм зүйл байхгүй, танай нөхөр гадна явж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж ах А.С руу залгаад “очих хэрэггүй боллоо” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөхөр маань гэртээ өөрийн машинтайгаа хүрээд ирсэн. Түүний араас 12 цаг өнгөрч байхад А.С ах ирээд нөхрийг маань зүгээр эсэхийг нь харчихаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,
11.18. Шинжээч Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “1. Иргэн М.Кийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутганы шарх, хэвлийн эрхтний гэмтэл, хэвлийн ханын ил шарх, хэвлийн чацархайн гэмтэл, хэвлийн цус алдалт, хэвлийн баруун талд хөндлөн байрлалтай 3 см уурттай шархтай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо /Иргэн яаралтай түргэн тусламж авсан, хагалгаанд орсон/. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд /хохирлууд/. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн М.Кийн дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дэх ХХ-ийн 129-130 дахь тал/
11.19. Шинжээч Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай, цагдаагийн дэслэгч С.Ргийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 24/08 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2-3. Уг хутганаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 136-139 дэх тал/,
11.20. Яллагдагч А.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би гэртээ харина гэхэд М.К надад “чи надтай хамт уухгүй байна, урьд нь чи намайг нэг удаа зодож байсан, тухайнүед миний ахын өвс шатаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад энэ намайг цагдаад өгч чадахгүй гээд намайг зодсон биз дээ” гэж хэрүүл маргаан гаргаж “чиний эцгийг чинь таниулаад өгөх” гэхээр нь “боль боль, чи урьд нь болсон асуудлын талаар яриад яах вэ” гэхэд тэрээр миний хүзүүнээс баруун гараараа тэвэрч аваад эхнэртээ “хутга аваад ир, би энийг хутга зоогоод хаячихна” гэж хэлэхэд эхнэр нь гэрээсээ гараад явчихсан. Тэр үед өөрөө босоод хоолны шүүгээ онгойлгож байгаад нэг хутга аваад над руу чиглэж ирэхээр нь би согтуу хүн бас яаж ч магадгүй гэж айгаад сууж байсан газраасаа босоод ширээг түүн рүү чиглүүлж түлхээд гэрээс нь гутлаа ч өмсөж чадахгүй гүйгээд гадна гараад машин дээрээ очиход түлхүүрээ гэрт үлдээчихсэн байсан болохоор машинаа онгойлгож чадаагүй. Тэр үед К нь гэрээсээ баруун гартаа хутга бариад гарч ирээд миний машины туслах талд суусан. Тэр үед би тэдний хашааны гадна хөл нүцгэн зогсоод М.Кийг харж байхад тэрээр миний машины туслах талын суудалд 10 орчим минут суусан. Тэгээд тэр миний машинаас буухгүй, тэгээд мөн дээрээс нь миний хөл маань даарчихсан учраас эхнэрийнхээ 85341135 дугаар луу өөрийн 95643511 дугаарын утсаар залгаж “ах руугаа залгаад М.Кийн гэрт цагдаа аваад ирээч, түүний гарт нь хутга байна, би хөл нүцгэн гадна зогсож байна” гэж хэлсэн.
...тэгээд М.К миний машинаас буугаад гэртээ орсон. Тэгэхээр нь би түүнийг гэртээ орохоор нь өөрийнхөө машин руу очиж байхад гэрээс М.Кийн эхнэр Бжан орилоод гараад ирсэн бөгөөд надад “К өөрийгөө хутгалчихлаа, одоо тэр хутгаараа хүүхдүүдийг алах юм шиг байна” гэхээр нь би эрх хүн юм чин ороод уулзъя гэж бодоод тэдний гэр лүү орох гээд гадна талын хаалгыг нээж дотор коридорт байхад тэрээр гэрээсээ гарч ирээд бид хоёр коридорт тааралдсан. Тэгээд тэрээр надад цамцныхаа доод хэсгийг сөхөж харуулаад “чи харсан уу, би өөр рүүгээ хутга зоочихлоо, би ямар найздаа хутга зоохгүй ш дээ” гэж хэлсэн ба түүний хэвлийгээс цус гарчихсан байсан ба түүнийг гэрт нь оруулж суулгаад би эхнэр лүүгээ залгаад “цагдаа, эмч бүгдийг нь аваад М.Кийн гэрт хүрээд ир, тэр өөрийгөө хутгалчихлаа” гэж байхад түүний эхнэр Бжан миний утсыг булааж аваад манай эхнэрт “битгий цагдаа дуудаарай, бид нар өөрсдөө цагдаад шалгагдаж байгаад арай гэж салсан, Еркад ямар нэгэн гомдол байхгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үед М.К надад “би чамд гомдол гаргахгүй, үхсэн ч гэсэн чамаас үзэхгүй, би өөррөө өөрийгөө хутгалсан, чи битгий айгаарай” гэхээр нь “за тэгвэл яахав” гээд яваад машинаа унаад гэртээ харьсан.
...тэдний гэрээс явах хүртэл М.К, Бжан хоёр хэн нэгэнтэй утсаар яриагүй, тэдний гэрт 20-30 минут байж байгаад явсан. Би түүнд цагдаад хэлэхгүй, эмч дуудаад үзүүлэх үү гэж хэлэхэд М.К нь “битгий айгаарай, би гадна талыг нь өнгөц зүсчихсэн, авгайг айлгах гээд зүсчихсэн” гэж хэлсэн. Намайг тэдний гэрээс явах хүртэл эмч, цагдаа ирээгүй.
...хагалгаанаас гарсны дараа 6-7 хоногийн дараа эхнэрээ дагуулаад гэр рүү очиход тэрээр гэртээ байхгүй байсан, маргааш нь өөрөө ганцаараа өглөө эрт тэдний гэрт очиход эхнэр нь гал түлж байсан. М.К нь өөрөө орон дээрээ хэвтэж байсан бөгөөд “чи ингэж болохгүй ш дээ, тэгж байгаад хүн алах нь байна ш дээ” гэхэд “юутай ч байсан үхлээс мултарлаа, тухайн үед хоёулаа нэлээд согтсон байсан шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168-169 дэх тал/,
11.21. Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би өөрөө багийн Засаг дарга ажилтай, М.К нь хавар Казахстан улс руу явсан, дахиж ирээгүй байна. Би түүний эгч М.Серикжанаас “цагдаагийн байгууллагаас М.К ирсэн үү, үгүй юу гэж асуугаад байна” гэхэд тэрээр “ирээгүй байгаа, Казахстан улс руу эхнэр хүүхдээ аваад нүүгээд явчихсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал/,
11.22. Гэрч М.Серикжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний дүү М.К, бид нар хоорондоо тийм дотно биш учраас ер нь уулзалгүй удаж байна. Аймгийн төвд байхдаа хүнтэй муудалцсан гэдгийг ээжээс сонссон. Одоо тэрээр Казахстан улс руу хавар 3 дугаар сарын сүүлчээр эхнэр хүүхдээ аваад явсан, ирээгүй, тэндээ амьдрахаар явсан болохоор Монгол Улсад ирээгүй байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 04 дэх тал/,
11.23. Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...анх гэрт нь очиход хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байсан ба эмнэлгийн тусламж үзүүлэхээр очиход К нь согтуу агсам тавьж шархаа үзүүлэхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчөөд дараагийн дуудлага руу явсан, цагдаагийн байгууллага ирсний дараа би дахиад очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж шархыг нь боосон.Тухайн үед амин үзүүлэлтүүд нь хэвийн “өөрийгөө хутгалсан” гэж хэлж байсан.
...яасан бэ гэж асуухад “өөрийгөө хутгалсан” гэж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгч А.Еыг цагаатгасан үндэслэлийн талаар:
12. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг нь магадлах аргаар тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд,
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, гэм буруутайд тооцох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх юм.
14. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1. “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй байдлаар нотлохыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорт хариуцуулсан байна.
15. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13. “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.” гэж зааснаар хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх үүрэгтэй байна.
16. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох иргэн М.Кт үзүүлсэн Б-Ө аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Яаралтай тусламж”-ийн 7658 дугаартай хуудас, өвчний түүх” /1 дэх хавтаст хэргийн 36-66 дахь тал/, шинжээч Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “1. Иргэн М.Кийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутганы шарх, хэвлийн эрхтний гэмтэл, хэвлийн ханын ил шарх, хэвлийн чацархайн гэмтэл, хэвлийн цус алдалт, хэвлийн баруун талд хөндлөн байрлалтай 3 см урттай шархтай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо /Иргэн яаралтай түргэн тусламж авсан, хагалгаанд орсон/. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд /хохирлууд/. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн М.Кийн дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргйн 129-130 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Кийн гэрт түүний эрүүл мэндэд нэг удаагийн үйлчлэлээр хэвлийн хөндийд нэвтэрсэн 3 см урт хутганы шарх бүхий хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
17. Тодруулбал: Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтад шүүгдэгч А.Еыг буруутай гэж үзэх хангалттай нотлох баримтыг мөрдөгч, прокурор нь эргэлзээгүй байдлаар хэрэгт бэхжүүлж чадаагүй байх тул улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлт болон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд “хохирогч М.Кийг шүүгдэгч А.Е нь согтуурсан үедээ таарамжгүй харилцааны улмаас хэвлий хэсэгт хутгалж, уг гэмтлийг учруулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
18. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч М.Кийн Б-Ө аймаг дахь Цагдаагийн газарт хаяглан гаргасан гэмт хэргийн талаарх өргөдөлд “...А.Е нь гэнэт уурлан босч ирээд ширээн дээр байсан махны хутгыг шүүрч аваад миний гэдэс тус газар хутгалж, улмаар хутгыг коридорт шидэж хаячихаад зугтаад явсан” гэж дурдсан байдал /1 дэх хавтаст хэргийн 03-05 дахь тал/, 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн “…хохирогч М.К нь А.Е хутгалсан гэх хэсгийг өөрөө зогсож харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх хэсэг /1 дэх хавтаст хэргийн 07-16 дахь тал/, хохирогч М.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Е нь чамайг ална гээд ширээн дээр байсан махны хутгыг баруун гартаа бариад миний хэвлий хэсэгт хутгалсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/, мөн хохирогч М.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.Е намайг заамдсан, тэр үед би бас түүнийг заамдаж аваад хана руу шахсан. Тэр үед түүний баруун талын гарт нь хутга байсныг харсан. Тэгээд би хутгыг авах гэж оролдоход тэрээр баруун гараа дээшээ өргөсөн. Би тэр гарыг нь доош нь буулгахад тэрээр миний хэвлийн баруун талд хутгалсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал/, гэрч С.Бжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Е хонохоор боллоо гэхээр нь би хоол хийж өгье гэж бодсон. Тэгээд нөхөр М.К тэр хоёр дахин пиво уухаар болж нөхөр дэлгүүрээс пиво авчирсан. Би тэр хоёрт хоол хийж өгөх гээд гадаа гараад мод, нүүрс оруулж ирээд гал түлье гээд каридорт орж ирж ирэхэд нөхөр маань “хутгалчихлаа, хутгалчихлаа” гээд хашхираад би сандараад түүнээс “хутга хаана байна” гэхэд тэр “хутга чинь тэр байна” гээд гараа хутга руу заачихаад яваад өгсөн, ...би гаднаас түлээ оруулж ирэхэд нөхөр маань надад “А.Е намайг хутгалчихлаа” гэж хэлснийг би анх ирсэн цагдаад хэлсэн. Тэр үед нөхөр маань миний хажуунаас “тийм юм байхгүй, би өөрөө өөрийгөө хутгалчихсан” гэж хэлэхэд цагдаа “та согтуу байна, таниас асуухгүй, эхнэрээс тань асууж байна, дараа ямар нэгэн байдлаар цагдаад ирэх бол бүртгүүлнэ биз дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93, 96 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд ирсэн 3 хүний 2 нь буцаад яваад өгсөн ба тэр хоёр явсаны дараагаар нээх их удалгүй Б.К ах нөгөө үлдсэн ахтай хоёулаа хэрэлдээд чанга чанга дуу гарч байгаад Б.К “хутгалчихлаа, хутгалчихлаа” гэж орилох үед би орноосоо босож очиход бэр эгч бас гаднаас орж ирээд надад “тэр хүнийг зогсоо, гараад явчихлаа” гэж хэлсэн. Би хувцасаа өмсөөд гарахад нөгөө хүн цагаан өнгийн Портер машинаараа хашаанаасаа гараад явчихсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/, гэрч Б.Алтанжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би эмнэлгээс гараад гэртээ байж байхад А.Е эхнэрийнхээ хамт манай гэрт ирээд “эгчээ намайг уучлаарай, би их согтоод танай хүүг хутгалчихсан байна” гэхээр нь “чи яагаад агсам тавьж байгаа юм, би идэшээ ч гаргаж чадахгүй, хүн байхгүй байна” гэхэд “би идэш гаргахад чинь туслая, өөр ажил байвал туслая, намайг уучлаач” гэхээр нь би “уучлахгүй” гэсэн. Маргааш өглөө манай хүү гэртээ унтаж байхад А.Е ганцаараа ирээд хүү М.Ктэй уулзсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг мөн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан иргэн М.Кт Б-Ө аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн өвчний түүх “өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр шөнийн 1 цаийн үед архи ууж өөрийгөө хутгалуулсан” /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч А.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хэн ингэсэн юм бэ гэж М.К болон түүний эхнэрээс асуухад М.К дуу гаргахгүй байсан бөгөөд эхнэрээс нь асуухад “би гаднаас орж ирэх үед түүнийг хутгалчихсан байсан, хэн нэгэн хутгалчихсан гэж хэлээгүй” гэж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100, 197 дахь тал/, гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Кт хагалгаа хийхийн өмнө өөрөөс нь зөвшөөрөл авах үед юу болсон талаар асуухад “өөрөө өөрийгөө хутгалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/, гэрч Е.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн шөнө 04 цагийн үед Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн эмнэлэгт үзүүлэхгүй байна гэсэн дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаагийн ахлагч Х.Ний хамт албаны 05-32 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон. ...Гэрт ороход нэг залуу ширээний хажууд сандал дээр цээж нүцгэн, доогуураа өмдтэй цай уугаад сууж байсан ба Х.Н юу болсон талаар асуухад уг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “юу ч болоогүй, би өөрөө өөрийгөө хутгалчихлаа, хэн нэгэнд гомдол байхгүй, гомдол гаргахгүй” гэж хэлсэн, харин нөгөө бидэнтэй цуг ирсэн ах нь түүнээс болсон асуудлыг асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй, тэгээд ах нь эмч дуудаад өгөөч гэхээр нь Х.Н эмнэлэг рүү залгаад түргэний машин ирээд ...суугаад явсан. ...биднийг очих үед байшингийн коридор болон дотор талд ил хутга байгаагүй, хутгалуулсан гэх залуу бидэнд ямар нэгэн хутга харуулаагүй. Гэрт нь ороход шал нь, ширээ зэрэг нь ямар нэгэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл байхгүй. ...тухайн үед уг залуу “өөрөө өөрийгөө хутгалсан, хэн нэгэнд гомдол, санал байхгүй” гэж хэлсэн, ...нөхцөл байдлыг ерөнхий жижүүрт танилцуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/, гэрч Х.Ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн өдөр батлагдсан томилгооны дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан бөгөөд шөнийн 04 цагийн үед “аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэний эмч С байна, нэг хүн өөрөө өөрийгөө хутгалсан байна, эмчид үзүүлэхгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тухайн дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Е.Ты хамт Ө сумын 9 дүгээр баг руу явсан. ...тэгээд тухайн гэрт нь утсаар ярьж, хаягийг нь зааж өгсөн ах болон Е.Т бид гурав ороход гал тогооны өрөөнд ширээний хажууд сандал дээр нэг эрэгтэй хүн цээж нүцгэн, доогуураа өмчдтэй цай уугаад сууж байсан ба би юу болсон талаар асуухад “өөрийгөө хутгалчихсан, хэн нэгэнд гомдол санал байхгүй, цагдаад гомдол гаргахгүй” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээс нь юу болсон талаар асуухад “өдөр гадуур хүмүүстэй пиво уугаад гэртээ ирсний дараа өөрийгөө хутгалчихсан” гэж хэлсэн. Ах нь гэх залуу эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн. ...биднийг очих үед гэрт нь ил харагдах хутга харагдаагүй юм. Тэр залуу өөрөө өөрийгөө хутгалсан гэх хутгыг хаана байгааг зааж харуулаагүй. ...биднийг очих үед гэрийн шал, хананд ямар нэгэн цус мэт зүйлээр бохирлогдсон зүйл харагдаагүй, цэвэрлэгээ хийсэн байдалтай байсан. ...би тухайн үед энгэрийн камергүй байсан ба гар утсаараа бичлэг хийсэн ч дараа нь утасны багтаамж дүүрээд устгачихсан. Одоо ямар нэгэн бичлэг байхгүй. ...би тухайн дуудлага мэдээлэлд очоод нөхцөл байдлыг ерөнхий жижүүрт танилцуулсан, тэр залуу “өөрөө өөрийгөө хутгалсан, хэн нэгэнд гомдол саналгүй гэж байна, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өглөө шүү” гэж хэлсэн. Би дуудлага мэдээллийг бүртгэлд оруулах албан тушаалтай хүн биш учраас тэрийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/, гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдөр цагийн сайн санахгүй байна, үүр цайгаагүй байсан унтаж байхад нэг эмэгтэй хүн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход М.К ороод ирсэн ба хэвлийгээ дарсан байдалтай “би хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Түүний хэвлий хэсгээс цус гарсан байдалтай байсан бөгөөд буцаад гэрээс гараад явсан. Түүнийг гарч явсны дараа буцаад хаалгаа цоожлоод унтаж амарсан. ...би өмнөх мэдүүлэг дээрээ дутуу мэдүүлсэн байна. Тухайн шөнө хаалга цонх цохиод эмэгтэй хүн хаалга онгойлго гэж хэлсэн. Тэр үед М.К эхнэр С.Бжаны хамт орж ирсэн. Тэгээд М.К “би хутгалуулчихсан” гээд хэвлийгээ дарж байсан. Тэр үед хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ба эхнэр С.Бжан манай гэрт байх үедээ юм дуугараагүй, тэгээд тэр хоёр удалгүй гэр лүүгээ явсан ба 5 орчим минутын дараа С.Бжан хаалга тогшоод М.Кийн бие өвдөөд байх шиг байна би өөрөө жирэмсэн болохоор айгаад байна гэхээр нь би хамт тэдний гэрт нь очсон. ...тэдний гэрт нь ороход М.К зочны өрөөний буйдан дээр сууж байсан ба хүүхдүүд нь унтчихсан, гэрт нь ямар нэгэн зодоон болсон шинжгүй байсан. Эхнэр нь хүмүүс руу залгаад байсан. ...гэр нь цэвэрхэн, шал нь ямар нэгэн цус бохирдолгүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121, 193 дахь тал/, шинжээч Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай, цагдаагийн дэслэгч С.Ргийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 24/08 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2-3. Уг хутганаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 136-139 дэх тал/, гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...анх гэрт нь очиход хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байсан ба эмнэлгийн тусламж үзүүлэхээр очиход К нь согтуу агсам тавьж шархаа үзүүлэхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчөөд дараагийн дуудлага руу явсан, цагдаагийн байгууллага ирсний дараа би дахиад очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж шархыг нь боосон. Тухайн үед амин үзүүлэлтүүд нь хэвийн “өөрийгөө хутгалсан” гэж хэлж байсан. ...яасан бэ гэж асуухад “өөрийгөө хутгалсан” гэж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/ зэрэг нотлох баримтуудтай тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, үнэлж үзэхэд шүүгдэгч А.Е нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Кийн гэрт урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдах явцдаа хэвлий тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдохгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Кийн “...намайг А.Е хутгалсан...” гэж мэдүүлсэн нь гэрч Е.Т, Х.Н, А.Е, Б.С, Д.Ж нарын дээрх мэдүүлгээр няцаагдаж байна.
19. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Кээс “эхэндээ би А.Еоос айсан, бид хоёр хоорондоо учраа олчих байх гээд цагдаад үнэн байдлыг хэлэлгүй эмнэлгээс гарсны дараа цагдаад бичгээр гомдол гаргасан юм” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Е болон түүний төрөл садан, холбоотой этгээдийн зүгээс хохирогч М.К, түүний гэр бүлийн гишүүд, хамаатан саданг айлган сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн гэх нөхцөл байдал мөн тогтоогдоогүй байна.
20. Мөн шүүгдэгч А.Е, гэрч Д.Ж, гэрч А.С нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч А.Е, хохирогч М.К нар нь “урьд нь зодолдсон” гэх байдлаар хоорондоо маргалдсан боловч тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Е нь эхнэр Д.Жийн гар утас руу залгаж “ах А.Сыг дуудаж, М.Кийн гэрт цагдаа, эмнэлэг дуудах” талаар хоорондоо харилцсан, гэрч М.А, Е.Т, Х.Н, Б.С нарын мэдүүлгээс үзэхэд хэргийн газарт буюу хохирогчийн орон байранд гэрийн шал, хананд ямар нэгэн цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлгүй, хохирогч М.К, гэрч С.Бжан нараас шүүгдэгч А.Е нь хохирогч М.Кийг хутгалсан гэх хутгыг биет байдлаар цагдаагийн албан хаагч нарт гаргаж өгөөгүй, гэр орноо цэвэрлэсэн нөхцөл байдал тус тус тогтоогджээ.
21. Мөн хохирогч М.К нь “өөрөө өөрийгөө хутгалсан” талаар шүүгдэгч А.Ед, хохирогч М.Кийн эхнэр нь болох гэрч С.Бжан нь шүүгдэгч А.Еын эхнэр гэрч Д.Жд утсаар хэлсэн, дуудлагын дагуу биечлэн очсон эмч Б.С, цагдаагийн албан хаагч Е.Т, Х.Н, хагалгаа хийхээр зөвшөөрөл авсан эмчлэгч эмч гэрч А.Е нар нь тус тус хохирогч М.Ктэй тухайн үед биечлэн уулзаж, болж өнгөрсөн нөхцөл байдлыг тодруулахад хохирогч М.К нь “өөрөө өөрийгөө хутгалсан” гэж шууд хэлсэн болох нь эдгээр гэрч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна.
22. Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсэн боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч М.К нь 2024 оны хавар эхнэр хүүхдүүдээ дагуулж, гадаад улс руу нүүж явсан болохыг мөн дурдах нь зүйтэй.
23. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан дээрх нотлох баримтуудыг шүүхээс бүхэлд нь үнэлж, дүгнэхэд шүүгдэгч А.Еыг согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах М.Кийн гэрт урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдах явцдаа зэвсэг болох хутга хэрэглэж хохирогч М.Кийн хэвлий хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулсан гэх үйл баримт хангалттай, хөдөлбөргүй тогтоогдоогүй, А.Еыг буруутай гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй, түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт хангалтгүй байна.
24. Иймд шүүгдэгч А.Еыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И овогт Аын Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Еыг цагаатгаж шийдвэрлэв.
25. Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд “...шүүгдэгч А.Еыг гэм буруугүй” гэж дүгнэлтээ гаргасан байх ба шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч А.Еыг хохирогч М.Кийг таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдоогүй тул цагаатгаж шийвэрлэсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
26. Цагаатгагдсан этгээд А.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд А.Е нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
27. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн футболка 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, 21 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б-Ө аймаг дах Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И овогт Аын Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Еыг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд А.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн "Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Цагаатгагдсан этгээд А.Е нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн футболка 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, 21 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б-Ө аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д
ШҮҮГЧ Б.Б