| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/06009/И |
| Дугаар | 101/ШШ2022/00168 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00168
| 2022 01 11 | 101/ШШ2022/00280 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Х.Г.О /-ын гаргасан,
Э.Б -ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 30 минутын үед J.Crown маркийн УНР дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг буюу Цайз захаас урагш офицеруудын ордон руу уруудаж явж байх үед УББ SINOTRUK хово автомашины жолооч Э.Б нэг дүгээр эгнээ рүү шилжих гэж байгаад хажуу талаас шахаж шүргэсэн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хохирол учирсан. Э.Б ийн буруутай үйлдэл замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Би машинаа Х үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд 1,223,000.00 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Энэ талаар ярилцаж тохиролцоод 7 хоногийн дотор барагдуулахаар болсон ч утсаа авахгүй байсан учир 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Э.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч хаягтаа байхгүйн улмаас тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.О миний бие дахин шүүхэд хандсан боловч буцаасан. Одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй, оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү.
Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул эзгүйд хянан шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Оаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Э.Б тодорхойлон эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл тэрээр зам тээврийн ослын улмаас өөрийн эзэмшлийн УНР дугаартай автомашинд учирсан хохирол болох 1,223,000.00 төгрөгийг түүнээс нэхэмжлэх гэхэд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс улбаалан эрэн сурвалжлуулах шаардлагатай байгаа ажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар Э.Б нь УББ улсын дугаартай Хово маркийн автомашинаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас урагш явах замд Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4-г зөрчсөний улмаас Г.Оын эзэмшлийн УНР улсын дугаартай Кроун маркийн автомашиныг мөргөж хохирол учруулжээ.
Ингээд Э.Бэс гэм хохирын хохирлын улмаас учирсан мөнгөө буцаан нэхэмжлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоот захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.................. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтаар Э.Б нь гэм хорын хохирол учруулсан гэх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
Хариуцагчийн оршин байгаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулахаар нэхэмжлэгч тал өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүйг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Г.О нь энэ талаар тодорхой арга хэмжээ авсан байна.
Учир нь, нэхэмжлэгч Г.Оын зүгээс хариуцагч Э.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 1,223,000.00 төгрөгийг нэхэмжлэхээр харьяа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар харьяа хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн энэ хэргийг шүүхээс хянан хэлэлцэж байх хугацаанд Э.Болд-Эрдэнийг уг хаягт оршин суудаг эсэхийг тодруулахад бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй ажээ.
Тодруулбал, шүүхээс хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн харъяа хорооны засаг даргын тодорхойлолтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.7 болон Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар тухайн баг, хорооны засаг дарга нь хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх, мэдээлэх чиг үүрэгтэй тул хууль ёсны баримт гэж тооцох учиртай.
Иймд, нэхэмжлэгчийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан ба нэхэмжлэгчээс хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг үндэслэн Ш овогт Э.Б/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Б эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР