Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

 

 

 

 

       

     2025          03            13

              

 

                    2025/ШЦТ/68

 

 

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,   

хохирогч Ж.Р,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т,   

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ах жигит овогт Р-гийн Бд холбогдох эрүүгийн 2513000000029 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А ах жигит овогт Р-гийн Б, 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б-Ө аймгийн Бнуур суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганц бие, Б-Ө аймгийн Ө сумын 4 дүгээр багийн 36 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь (1) Б-Ө аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял, (2) мөн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, (3) Б-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, (4) мөн шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ял, (5) мөн шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:********. 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр баг, К-4 байрны гадна хардалтын улмаас урьд гэр бүлийн харилцаатай байсан Ж.Рг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

мөн шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Ж.Рг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн К-4 орон сууцанд байрлах гэрт нь, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ж.Ргийн ажлын газар болох Ө сумын 5 дугаар багт байрлах оёдлын газарт, 2024 оны 8 дугаар сарын сарын 30-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө гэрт нь зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

2. Хохирогч Ж.Р мэдүүлэхдээ: “...Нөхөр маань 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ялаа эдэлж, Ховд аймгаас ирж, шөнө дунд цонхоор орж ирээд “чи надаас сална гэж бодоо юу, би чамайг алах болно” гэж намайг зодож, үүнээс болж хамгаалах байранд очсон. 6 дугаар сарын 23-ны өдөр би штаб дээр байхад “чи намайг яллуулчихаад өөрөө жаргаж явж байгаа юм уу” гэж агсам тавьж зодсон. 8 дугаар сарын 30-ны өдөр гэрт миний хоёр эмэгтэй дүү байхад нөхөр маань согтуу ирээд, Улаанбаатар хот руу явахаар боллоо гэж уйлсан. Тэгэхэд нь би яв гэхэд нөхөр маань явахгүй, чи яагаад намайг байнга хөөдөг юм бэ гээд  зодсон. Дараа нь би аймгийн цагдаагийн газарт очиход нөхөр маань зугтаж алга болсон. 11 дүгээр сарын 20-ны өдөр найз маань машин авч, үүнийг ресторанд тэмдэглээд гэрт ирж байхад найз маань таарч, хүргэж өгье гэсэн. Хүүхдүүд маань аавдаа залгаж, гэртээ ирээч, юм авч өгөөч гэж хэлж байгаагүй.

...Р.Б хүүхдүүдэд “миний хүүхэд гэдэг чинь үнэн бол ээжийнхээ дагуулж ирсэн эрчүүдийг өөрийн гараараа хутгалаарай” гэж хэлж байсныг чинь би сонсож байсан. 11 дүгээр сарын 20-ны өдрийн хувьд гэвэл үнэхээр найз маань гэрт ирсэн. Нөхөр маань хүүхдүүдийн гар утсыг хурааж авсан. Нөхөр болон манай найз хоёр манай орцонд зодолдсон. Харин тэр үед гэрийн хаалгыг хаасан байсан. Дараа нь аймгийн Цагдаагийн газар луу явж байхад “Б” рестораны хажууд намайг өшиглөж, зодоод явсан. Би тэр үед ухаанаа алдсан байсан. Дараа нь би аймгийн Цагдаагийн газарт очсон ба намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт аваачсан.

...Болсон бүх зүйл энэ байгаа. Харин өмнөх шүүх хуралдаанаас гарахад нөхөр маань надад “чи намайг хуулиар айлгах юм уу, бүх зүйл дуусаагүй байна” гэж сүрдүүлсэн. Тэр байдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчид хэлсэн. Би одоо шүүгдэгчээс насан туршдаа айж амьдрах юм уу, би тайван баймаар байна. Би 17 жил хамт амьдрахад нөхрөө хуурч байгаагүй. Тэр талаар надад эргэлзэж байвал чи маш их андуурч байна.

...надад шүүгдэгч Р.Баас нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.   

3. Эрүүгийн 2513000000029 дугаартай хэргээс: иргэн Ж.Ргаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,  хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 128 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-** дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, шинжээч Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е-ын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Б-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 141-145 дахь тал/, шүүгдэгч Р.Бы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.

4. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд “...Шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьд гэр бүлийн харилцаатай байсан буюу салсан эхнэр Ж.Ргийн биед хардалтын улмаас халдаж хөнгөн хохирол учруулсан. Үүнээс гадна 4 удаагийн үйлдлээр хохирогч Ж.Ргийн биед халдаж, түүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдож хохирол хор уршгийн асуудал яригдана. Хохирогчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэв. 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-аас гаргасан дүгнэлтэд: “…Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Мөн тэрээр хохирогчоос уучлалт гуйж байгаа.” гэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

6. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:  

Хэргийн үйл баримтын талаар.

7. Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр баг, **-4 байрны гадна хардалтын улмаас урьд гэр бүлийн харилцаатай байсан Ж.Рг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан, мөн шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Ж.Рг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн К-4 орон сууцанд байрлах гэрт нь, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ж.Ргийн ажлын газар болох Ө сумын 5 дугаар багт байрлах оёдлын газарт, 2024 оны 8 дугаар сарын сарын 30-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө гэрт нь зодсон үйл баримт хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: 7.1. иргэн Ж.Ргаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,   

7.2. Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөхөр болох Р.Баас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор салсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр... 23 цагийн үед намайг найз болох С хүргэж ирсэн. Гэрт ирээд хаалга тогшиход хүүхдүүд маань хаалга тайлсан. Тэгээд гэрт ороход манай салсан нөхөр болох Р.Б сууж байсан. Тэгээд “чи муу янхан хүүхдүүдийн нүдэн дээр явалддаг залуугаа дагуулж ирж байгаа юм уу” гэж хэлээд Сайлаубекыг заамдаж бариад тэр хоёр ноцолдож эхэлсэн. Тэр хоёр байрны коридорт ноцолдож байхад манай хөршүүд гарч ирээд бид тэд нарыг салгах гэж оролдсон. Р.Б Сайлаубектэй зодолдож байхад миний үснээс татаж зулгааж, толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж авсан.

...намайг газарт унагааж хөлөөрөө өшиглөж, гараараа зөндөө олон удаа зодсон бөгөөд би ухаан алдсан. Би арай ядаж тэндээс босож цагдаагийн газарт очсон. Тэгээд эмнэлэгт ирж толгойндоо 2-3 оёдол тавьсан.

...Р.Бы намайг олон удаа зодож байсан. Шоронд явж ирээд зодсон. Шүүхээс баривчилсан.

...нөхөр маань 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ялаа эдэлж, Ховд аймгаас ирж, шөнө дунд цонхоор орж ирээд “чи надаас сална гэж бодоо юу, би чамайг алах болно” гэж намайг зодож, үүнээс болж хамгаалах байранд очсон. 6 дугаар сарын 23-ны өдөр би штаб дээр байхад “чи намайг яллуулчихаад өөрөө жаргаж явж байгаа юм уу” гэж агсам тавьж зодсон. 8 дугаар сарын 30-ны өдөр гэрт миний хоёр эмэгтэй дүү байхад нөхөр маань согтуу ирээд, Улаанбаатар хот руу явахаар боллоо гэж уйлсан. Тэгэхэд нь би яв гэхэд нөхөр маань явахгүй, чи яагаад намайг байнга хөөдөг юм бэ гээд зодсон ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

7.3. Насанд хүрээгүй гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө би гэртээ унтаж байсан. Манай гэр Д баарны хойд талын К тас-4 гэх орон сууцанд байгаа. Ээж болон эгч, 4 дүүгийн хамт К тас-4 орон сууцны подвалд хэсэг айл түрээсэлж амьдарч байгаа. Тухайн өдөр би унтаж байхад манай гэрт аав болох Б ирсэн байна. Би тэр хүн ирснийг нь мэдээгүй. Энэ талаар надад дараа нь эгч маань хэлж өгсөн. Би унтаж байхад манай гэрт гэнэт шуугиан гарахаар нь босоод харсан чинь манай гэрийн хаалганы гадна талд Сайлаубек гэдэг залуу руу аав болох Б дайрч байсан ба ээж салгаж байсан.

...Би хаалганаас гарч харахад хөрш айлын хүмүүс бид нарт хандан “та нар орчих, өөрсдөө шийдэж авна” гэж хэлээд бид нарыг гэрт оруулсан. Түүний дараа гадаа тэр хүмүүсийн хооронд юу болсныг бол мэдэхгүй байна. Харин хэсэг хугацааны дараа манай ээж аавдаа зодуулаад эмнэлэгт очиж хэвтсэн талаар сонссон. Тухайн үед аав ээжийг яаж зодсоныг бол би өөрийн нүдээр хараагүй. Ээж маань толгой өвдөөд одоо хүртэл эмнэлэгт хэвтэж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-** дахь тал/,

7.4. Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байсан байх манай хөрш ирээд нэг юм асуусан. Тэгээд хаалга дутуу хаагдсан байна. Тэр үед аав гаднаас ороод ирсэн. Аав орж ирэхэд би ээж рүүгээ залгаж хэлэх гэтэл аав миний утсыг авч ээж рүү залгуулаагүй. Ээж маань нэг хүмүүс цайллаганд дуудаад тийшээ явсан байсан. Тэгээд аав согтуу гэртээ орж ирээд суучихсан бөгөөд бид нарын утсыг хураагаад авчихсан. Мөн бид нарт хандан “танай ээжийг ална” гэж хэлсэн. Тэгж байтал ээж хүрч ирээд хаалга тогшсон. Тэр үед би очоод хаалга тайлахад аав намайг түлхэж надаас түрүүлж байрны коридор луу гарсан. Тэр үед аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Мөн ээжийг найз нь болох Сайлаубек хүргэж ирсэн бөгөөд тэр ахтай аав зодолдож хэд хэдэн удаа цохисон.

...тэр үед ээж аавыг салгах гэтэл аав ээжийн үснээс зулгааж, толгой тус газар хэд хэдэн удаа цохиж авсан, Тэр үед хөршүүд гарч ирээд тэд нарыг болиулж бид нарыг гэртээ ор том хүмүүс өөрсдөө шийднэ гэж хэлсэн. Тухайн үед бид нар гэртээ орчихсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

7.5. Насанд хүрээгүй гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би орондоо орж эрт унтчихсан байсан юм. Тэгээд нэг мэдэхэд гадаа шуугилдаж хүмүүс орилж ярьж байсан бөгөөд би босоогүй орондоо хэвтэж байсан. Шөнө намайг эгч М- сэрээж “хаалгыг цоожилж аваарай, аав ирээд ээжийг зодож, ээж эмнэлэгт хэвтсэн байгаа, би ээжид хувцас хунар хүргэж өгье” гэж хэлсэн. Тэр үед би нөгөө шуугилдаж байсан хүн аав болохыг мэдсэн. Эгч маань хэлэхдээ тэр өдөр аав согтуу ирээд гэртээ хүлээж сууж байгаад ээж гаднаас ирэхэд л зодсон байна гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

7.6. Шинжээч Б-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е-ын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай “1.Иргэн Ж.Ргийн биед тархины доргилт, духны хэсэгт оёдолтой шарх, баруун бугалга, зүүн шуу, зүүн алганы гадна цус хуралттай, хүзүүнд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх  тал/,

7.7.  Б-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 141-145 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

8. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Р.Б, хохирогч Ж.Р нар нь 2007 онд гэрлэсэн бөгөөд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалсан ба шүүгдэгч Р.Б нь хардалт, үүнээс үүссэн маргааны улмаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хохирогч Ж.Рг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Быг гэм буруугүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Эрх зүйн дүгнэлт.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

11. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

12. Шүүгдэгч Р.Б согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн К-4 байрны гадна хардалтын улмаас урьд гэр бүлийн харилцаатай байсан Ж. Рг зодож, эрүүл мэндэд “тархины доргилт, духны хэсэгт оёдолтой шарх, баруун бугалга, зүүн шуу, зүүн алганы гадна цус хуралттай, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг агуулж байна.

13. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхыг ойлгоно. Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхийг хүнийг зодсон шинж нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус үйлдэл буюу гэмт хэрэг болно.

14. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Р.Б нь хохирогч Ж.Рг хардалтын улмаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус зодсон үйл баримт нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарласан байна.

**. Энэ хэргийн шүүгдэгч Р.Б, хохирогч Ж.Р нар нь 2007 онд гэрлэсэн бөгөөд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалсан нөхцөл байдал тогтоогдсон учраас шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

17. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

18. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.Бы согтуурсан байдал, хардалт, үл ойлголцох байдал нөлөөлсөн байна.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

20. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан байна.  

21. Шүүгдэгч Р.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ргийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Ж.Р нь “шүүгдэгч Р.Баас нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Р.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

22. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Ж.Ргийн “байшинг суллах, хүүхдийн хоёр жилийн хугацааны тэтгэлгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй ба эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх чиг үүрэгт хамаарахгүй тул хууль зүйн туслалцаа авах, мөн тус аймаг дахь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт хандах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

23. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Р.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 хоногийн хорих ялаар дүйцүүлж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  1 жил 2 сарын хугацаагаар тогтоох” дүгнэлтийг,

24. Хохирогчоос “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,  

25. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн санал болгож байгаа ялыг багасгаж 6 сарын хугацаагаар хорих оногдуулах”  дүгнэлтийг тус тус гаргасан болно.   

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Бы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

27. Шүүгдэгч Р.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

28. Шүүгдэгч Р.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа... үйлдсэн”-ийг мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

29. Шүүгдэгч Р.Б нь хувийн байдлын хувьд 1979 онд төрсөн, ганц бие, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь таван удаа ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал хавтатс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

30. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

31. Шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.  

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг; 2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг; 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; 2.4.хорих ялын нэг хоногийг.”, 3. “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж заасныг журамлан шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялд нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоов.

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Р.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Р.Бд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

34. Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах гаргах, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Ж.Ртай уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шүүгдэгч Р.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ах жигит овогт Р-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялд нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Ж.Ртай уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шүүгдэгч Р.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Р.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т