Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 14

 

Х.Б-, С.М- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2021/0020/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар, Ж.Туяа

                                                      Ө.Өлзиймаа

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой, Х-ын Б-, С-гийн М- нарт холбогдох, 2018002350259 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай,  Х- овогт Х-ын Б-,

Монгол Улсын иргэн, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/1 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 239 дүгээр зүйлийн 239.3-т тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 212.500 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж. ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт С-гийн М-,

Шүүгдэгч Х.Б- С.М- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байсан иргэн Б.Б-ын өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг машин механизм ашиглан хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт Б- овогт С-гийн М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Х- овогт Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын мал хулгайлсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45 06 УБП улсын дугаартай Тоуоta Рrius 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 9000000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

Хохирогч Б.Б- нь хохирол төлбөр нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “өөрийн 2 тооны хонийг гаргаж, борлуулсан болохоос биш бусдын малыг хулгайлж аваагүй” гэдгээ удаа дараа хэлдэг.

Тухайн үед гаргасан өөрийн малын арьс, толгойг цагдаагийн байгууллагын хүмүүст болон хохирогчид үзүүлж байсан.

Гэтэл прокурор, шүүхийн зүгээс хохирогчийн өөрийн гулууз махаа таньж байгаа гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Х.Б-ийг мал хулгайлсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр боллоо. Иймд Х.Б-ид холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, цагаатгаж өгнө үү.

Шүүгдэгч Х.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагдан хоригдсон бөгөөд цагдан хорих байранд байж байгаад таталт өгч улмаар ухаан алдан одоо Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт байна.

Эмчлэгч эмч нарын зүгээс яаралтай Улаанбаатар хот руу явж /13-А маягт/-аар эмчлүүлэх шаардлагатай байна гэсэн чиглэл өгсөн тул шүүгдэгч Х.Б-ийн эрүүл мэнд, амь насны байдлыг харгалзан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Энэхүү гомдол хүсэлттэй шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас танилцах боломжгүй байна гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт ...шүүгдэгч С.М-ыг шүүгдэгч Х.Б-той бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг хангалттай нотлон тогтоогоогүй байна гэж үзлээ, ... прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгч С.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар ...” гэж хуульд заасан хэргийг үндэслэлээс аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаар хуулийн үндэслэлийг тодорхой зааж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 9 дэх заалтад “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож...” гэж утгын алдаатай бичсэн нь шүүх шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох зэргээр таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч С.М-ыг цагаатгахдаа үндэслэлээ тодорхой бичээгүй. Шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтдаа таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэхдээ ойлгомжгүй бичиж тайлбарласан. Хавтаст хэрэгт таньж олуулах ажиллагаа хийхдээ гэрч н.Б-эр таниулсан байдаг. Н.Б-ийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй, иймд энэхүү ажиллагааг шүүхийн шатанд нөхөж гүйцэтгэх боломжгүй. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Шүүгдэгч Х.Б- мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй. Дуудлагаар очиход Х.Б- согтуу байсан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүгдэгчийг согтуу байхад Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Хэргийн газарт хамгийн ойроос харсан насанд хүрээгүй гэрч н.Б-ийн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй. “Хийморь” дэлгүүрт Х.Б-ийн зарсан мах нь түүний өөрийн мах байсан. Хохирол, хор уршгийг бодитойгоор тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий бодитой байх шаардлагыг хангаагүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Миний зүгээс тусгайлсан тайлбар байхгүй. Гэрч н.Б-д хууль сануулж таньж олуулах ажиллагааг хийсэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр энэ талаар бас тодорхой ярьсан гэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Х.Б- бусадтай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байсан иргэн Б.Б-ын өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг машин механизм ашиглан хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хэлэлцээд Б- овогт С-гийн М-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х- овогт Х-ын Б-ийг бусдын мал хулгайлсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “шүүгдэгч Х.Б-ийг цагаатгаж өгөхийг хүссэн.” талаар давж заалдсан гомдлыг түүний өмгөөлөгч Б.Чинбаатар гаргаж, прокурор “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-р эсэргүүцэл бичсэн байна.

Хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны хуралдаан дээр хуралд оролцсон прокурор Б.Сүрмандах “...хэрэгт зохих шалгалтуудыг хийх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.“ гэсэн хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д “...энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, ... хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах;“-р заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-д “ Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ... хэргийг буцаах тухай прокурорын санал, .... харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”, 34.7 дугаар зүйлийн 6.2-т Прокурор “...хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн.” тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар заасан байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х-ын Б-, С-гийн М- нарт холбогдох 2018002350259 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                           ШҮҮГЧ                                 Ц.ТУЯА

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР