Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Б.Батбаяр,

Хохирогч Б.Өнөрцэцэг, 

Шүүгдэгч Ц.Эрхэмбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Галт овогт Цэвээндоржийн Эрхэмбаатарт холбогдох эрүүгийн 201710010159 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн  Бат-Өлзий суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р баг, Эрүүл мэндийн гудамж 01-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Галт овогт Цэвээндоржийн Эрхэмбаатар /ЙР68111333/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Эрхэмбаатар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн гудамжны 01-14 тоотод хамтран амьдрагч Б.Өнөрцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Эрхэмбаатарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр уржигдраас авахуулаад уурлаад байдаг болсон. Ямар учиртай уурлаад байгааг нь би ойлгоогүй. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 00 минутын үед эхнэр босоод намайг бос гэхээр нь би боссон. Тэгээд хүн надад юм захихаар нь Эрээн гараад авчихъя гэсэн бодолтой байсан. Тэгээд би эхнэрээ чи УАЗ-469 машинаа унаад явчих, би жипээ унаад явчихъя гэж хэлсэн. Тэгтэл “чи муу хоосон ирчихээд би чамайг тэжээж байна” гээд уурлаад энэ байдалд нь би уур хүрээд нүүрэн тус газар руу нь цохисон нь үнэн. Би буруугаа хүлээж байна. Эхнэртэйгээ суугаад 7 жил болж байна. Гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдарч байна. Миний нэг хүүхдийг гаргаж өгсөн. Эхнэр өөрөө нэг дагавар хүүхэдтэй надтай суусан. Төдийгөөс өнөөг хүртэл би энэ хүний төлөө хүүхдийнхээ төлөө л амьдарч байсан. Манай эхнэр гэртээ маш их дарамттай байлгадаг. Би өөрөө өвчтэй хүн. Бие муутай. Би энэ хүүхэнтэй суухад банкны өр зээлтэй, лизингээр хөргөгч, хөлдөөгч авсан өртэй л байсан. Энэ бүгдийг нь би төлж байсан. Машин тэрэг нь эвдэрэхээр би янзалж өгдөг л байсан. Миний олсон орлогыг байнга авч надад таван төгрөг өгдөггүй болсон. Би тамхины мөнгө нэхэж авдаг болсон. Би энэ хүнтэй ханилаад 6 жил болоход би гэр орон цэвэрлэх, хоол хийхэд би хийдэг байсан. Би өөрөө нурууны хагалгаанд орсон. Миний хоолой өвдөж би группт байдаг. Энэ байдлаас болж би сэтгэл гутралд орж байна. Одоо би эмчилгээнд явахад өөрөө мөнгө гаргаж эмчилгээнд ордог. Би өөрийнхөө группээр хувцас хунар авдаг. Тэрийгээ би хувцас хунар авч өгдөг гэж ярьдаг. Би кармандаа мөнгөгүй явдаг. Миний бүх мөнгийг хураагаад авчихдаг. Би гэртээ зурагт үзэх эрхгүй хүн шүү дээ. Эхнэр маань өөрийгөө хүнд өрөвдүүлж ойлгуулж ярьдаг хүн байдаг.. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу, гэм буруугаа ойлгож байгаа. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 08/,

- Хохирогч Б.Өнөрцэцэгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн нөхөр Ц.Эрхэмбаатартай хамтран амьдраад бараг 7 жил болж байна. Би БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд сумын хүн ба ачаа тээвэрлэдэг. Би 2017 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн орчимд 3-ын хаалтанд очерт тавьсан машин руугаа явахаар нөхрөө сэрээгээд “би жип унаад явчихъя. Чи УАЗ-469 маркийн автомашинаа унаад явчих” гэтэл Эрхэмбаатар “чи хэзээ жип унадаг байсан юм бэ?” гэхээр нь “би өөрийнхөө мөнгөөр авсан машинаа унах гэж байна. Чам шиг хүний хөдөлмөр сорж амьдраагүй” гэж хэлсэн. Тэгээд машин гаргаж өгөхгүй болохоор нь би өөрөө УАЗ-469 маркийн автомашинаа гражаас гаргачихаад, жип маркийн автомашинаа асаагаад гражаас гаргах гээд ухрах үйлдэл хийх гэтэл Эрхэмбаатар хаалга онгойлгоод машин унтраагаад түлхүүрийг нь булааж авсан. Тэгээд “чи муу яасан их хөрөнгөтэй хүн бэ?” гэхээр нь маргалдаад байж байтал гэнэт миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед гар нь бөгжтэй байсан тул миний уруулын дотор тал сэтэрсэн. Тэгээд би УАЗ-469 маркийн автомашинаа унаад эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би 2017 оны 05 дугаар сард Эрхэмбаатарт удахгүй бороо орно. Чи гэрийн бүрээс сольчихоорой гэтэл гэрийн бүрээс солихгүй байсаар 2 өдөр бороо ороход гэр норсон. Түүнээс болж 06 дугаар сарын 23-ны орой бид 2 маргалдсан. Ингээд би Эрхэмбаатарт уурласан байсан тул тэр өдрөө юм ярилгүй унтсан. Маргааш өглөө буюу 24-ний өглөө намайг 3-ын хаалт руу явъя гэхэд чи хэзээ жип унадаг байсан юм бэ? Гэснээс болж маргалдсан. Сүүлийн 2 жил жижиг сажиг зүйлээс болж байнга маргалддаг болсон. 2015 оны 08 дугаар сард намайг хүүхдээ тэвэрч байхад надтай маргалдаж байгаад цохисон. Тэгэхээр нь би уурлаад хүүхдээрээ Эрхэмбаатарыг савтал намайг гитараар цохих гээд далайхад нь би гараараа хаатал ирмэгт нь миний 2 гар зүсэгдсэн. Гэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулж байгаагүй. Бага охинтой зүгээр харьцдаг. Харин том хүүтэй маань заримдаа гайгүй, заримдаа гоочилж харьцдаг. Жишээ нь ажлыг нь урамшуулахгүй, өө хараах гэх мэт. Бид хоёрын хажууд ямар ч хүн байгаагүй. Би Эрхэмбаатараар уучлалт гуйлгамаар байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань надаас уучлалт гуйсан ялихгүй юмнаас болж ийм байдалд нөхрөө орууллаа. Надад гомдол санал байхгүй, нөхөрт маань холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 200 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Өнөрцэцэгийн биед дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4.  Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-р заалтыг үндэслэн гаргасан болно.

     6. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 14/,

- Ц.Эрхэмбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 27-28/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Ц.Эрхэмбаатарын дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрх гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрх үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Ц.Эрхэмбаатарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Ц.Эрхэмбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчилж ирүүлснээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нв зүйтэй гэж үзлээ. Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй боловч шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм хор арилсан хохирогчтой эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

Иргэн Б.Өнөрцэцэгийн биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Ц.Эрхэмбаатарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Ц.Эрхэмбаатарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч Ц.Эрхэмбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

 Шүүгдэгч Ц.Эрхэмбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Галт овогт Цэвээндоржийн Эрхэмбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Галт овогт Цэвээндоржийн Эрхэмбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Ц.Эрхэмбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрхэмбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ