| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/03162/И |
| Дугаар | 181/ШШ2019/00005 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2019/00005
| 2018 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2019/00005 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.С-д холбогдох,
2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******д 2017 оны 04 сард 2,000,000 төгрөг зээлсэн болно. Улмаар зээлсэн 2,000,000 төгрөгөө өгөхгүй явсаар 2018 оны 10 сарын 31-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатайгаар 2018 оны 11 сарын 07-ны өдөр төлж барагдуулахаар болсон.
Гэрээний хугацаа дууссан боловч ******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.
Төлбөр барагдуулах гэрээ-нд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 10 хоногийн алданги 100,000 төгрөг, үндсэн зээл 2,000,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь 2018 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 31-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээнээс үзэхэд хариуцагч ******* нь 2017 оны 04 сард нэхэмжлэгч *******оос 2,000,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт тогтоогдож байх ба тухайн үед талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болох 2,000,000 төгрөгийг зээлдүүлэгч *******од буцаан төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч ******* нь шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө *******ээс буцаан шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй бөгөөд манай тохиолдолд 2,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн байх тул зээлийн гэрээг бичгээр байгуулсан эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Талууд хожим зээлийн гэрээний үүргийг дүгнэж, зээлдэгч ******* нь зээлж авсан 2,000,000 төгрөгөө 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээлдүүлэгч *******олдод буцаан төлөх үүргийг хүлээсэн байх ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцжээ.
Иймд үндсэн зээл 2,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 2018 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны алданги (2,000,000 х 0.5%) х 10 хоног = 100,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгч *******од олгох нь хуульд нийцнэ.
Түүнчлэн, хариуцагч ******* нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хариуцагч *******д хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг хүргүүлсэн болох нь шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******ээс 2,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 48,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР