Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 129/ШШ2021/00525

 

 

 

 

 

 

 

 

 

1129/ШШ2021/00525

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЗД-д холбогдох

 

Нийт 843,824,016 төгрөг гаргуулах тухай, ТУ ХХК-д холбогдуулан 187,500,000 төгрөг гаргуулах тухай А аймгийн Засаг даргын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Р.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТУ ХХК-ийн төлөөлөгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ЗД нь А аймгийн Э суманд Ноос угаах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэх ААОНӨГ............. дугаарын гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан болно. Уг гэрээг 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан боловч 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргаар батлуулж хүлээн авсан. 2018 ондоо цахилгааны техникийн нөхцлийг гаргуулж, 10 дугаар сард барилга барих газрыг албан ёсоор сонгон авч эскиз зургийн дагуу тэг тэнхлэгийг тавиулснаар барилгын ажил гүйцэтгэх технологийн хугацаа дууссан. 2019 онд цахилгааны дэд станц, гүний худаг, барилга угсралтын үндсэн ажлуудыг дуусгах 729,819,344 төгрөгийн бодит гүйцэтгэлийг гарган захиалагчид удаа дараа өгсөн боловч зураг төсвийг магадлалаар баталгаажуулах гэсэн шалтгаанаар гүйцэтгэлийг баталгаажуулахгүй хойшлуулж санхүүжилтийг хийхгүй 1 жил 6 сар гаруй хугацаанд тус компанийг хохироож байна. Иймд хариуцагч ЗД-с дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: нийт гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын санхүүжилтын үлдэгдэл 542,319,344 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн 23, 24 дэх заалтын дагуу алданги 271,159,672 төгрөг, барилгын ажлын зураг, төсвийн үнэ 21,200,000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575,000 төгрөг, барилгын газрын инженер геологийн дүгнэлтийн ажлын хөлс 2,270,000 төгрөг, сахиулын цалингийн зардал 6,300,000 төгрөг, нийт 843,824,016 төгрөгийг ТУ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ТУ ХХК-иас А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ТУ ХХК нь ЗД-тай ноос угаах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч ТУ ХХК нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу эх загвар зураг /эскиз/-аа хугацаандаа хийж гүйцэтгээгүй удаашруулж, Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг 2020 онд гүйцэтгэсэн. Ингэхдээ анх гэрээ байгуулсан мөнгөн дүнгээсээ хэд дахин өсгөж магадлалын төсвийг 2,000,000,000 төгрөг болгосон. Иймд ТУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ЗД шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх А аймгийн Э суманд ноос угаах үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж /зураг төсвийн хамт/ нийлүүлэх ААОНӨГ.......... дугаартай тендерт ТУ ХХК нь шалгарч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар захиалагч талаас гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн. Үүний дагуу захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э суманд Ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулах ажлыг гүйцэтгэхээр ААОНӨГ............. тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч ТУ ХХК нь ноос угаах үйлдвэр байгуулах ажлыг 789,456,789 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч ТУ ХХК нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн, магадлал хийгдэж, баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэх зэргээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.16, 40.2 дахь хэсэг болон гэрээний холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн одоогийн магадлалаар орж баталгаажсан гэх зураг төсөв нь гэрээгээр тохиролцсон мөнгөн дүнгээс хэд дахин өссөн тул ажлын хэсгийн дүгнэлт болон улсын байцаагчийн акт зэргийг үндэслэн захиалагч ЗД гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ТУ ХХК-ийн захирал Р.Т-д гардуулан өгч, гэрээгээ цуцалсан. Талуудын хооронд ААОНӨГ............ тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсны дараа ТУ ХХК нь ноос угаахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад улсаас захиалах шаардлагатай байна, тоног төхөөрөмж нь 2 сар хийгддэг мөн урьдчилгаагүйгээр тоног төхөөрөмжийг хийж эхлэхгүй тул урьдчилгаа олгож өгнө үү гэсэн хүсэлтийг захиалагч талд гаргасан. Тухайн үед ноос угаах үйлдвэрийг 2 сарын хугацаанд барьчихвал тоног төхөөрөмж нь ирэхгүй хүлээгдэх магадлалтай байсан тул гүйцэтгэгчийн гаргаж өгсөн бичиг баримтыг үндэслэн урьдчилгаа 187,500,000 төгрөг ТУ ХХК-д олгосон. Гэтэл ТУ ХХК-иас тоног төхөөрөмж авахад зориулж олгосон урьдчилгаа 187,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ТУ ХХК-ийн төлөөлөгч Р.Т сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй болно. Нэхэмжилсэн 187,500,000 төгрөгийг манай компани нь үйлдвэр байгуулах гэрээний хүрээнд авч гэрээг зориулалтын дагуу ажилдаа зарцуулсан байгаа. Гүйцэтгэлийн тайлангаар манай барилга угсралтын ажлын гүйцэтгэл 729,800,000 төгрөгөөр урьдчилж авсан санхүүжүүлтээр 187,500,000 төгрөгийг хасаж ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үлдэгдлийг 524,300,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч ТУ ХХК-ийн төлөөлөгч Р.Т шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн талаар болон сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл болох ноос угаах үйлдвэрийн барилга барьж байгуулах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Би 09 дүгээр сарын 20-ны үеэр батлагдсан гэрээгээ хүлээж авсан. Түүнээс хойш ажлаа түргэн шуурхай хийх зорилгоор компаниас боломжтой бүх арга хэмжээг авч, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу техникийн нөхцлүүдийг авах тал дээр манай компанийн зүгээс өөрөөс гарах боломжтой бүх материалаа хөөцөлдөж, шаардаж авч байгаад 2018 оны 10 дугаар сард цахилгааны техник нөхцлийг гаргуулж авсан. Энэ нөхцлийн дагуу 2018 онд цахилгааны дэд өртөөний ажлыг бүрэн хийсэн. Манай компанийн хүлээх үүрэг болох зураг төслийг гаргуулж, зураг төслийн дагуу барилга барихаар захиалагчийн зүгээс шаардсаны дагуу зураг төслийг гаргуулахын тулд захиалагчаас хамаарах технологийн маш олон ажлууд байсан. Үүний дагуу захиалагчаас удаа дараа биеэр болон албан бичгээр хүсэлт гаргаж байж 2019 онд зураг төслийг гаргуулж авсан. Газрын асуудал шийдэгдээгүй байсан. Захиалагчтай ярьж тохиролцсоноор бол зургийн дагуу тэг тэнхлэгээ тавиулж эхлүүл гэсний дагуу 2018 оны 10 дугаар сард газрыг нь баталгаажуулж албан ёсоор шийдэж, барилгын тэг тэнхлэгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Тэгээд тухайн технологийн хугацаа дууссан учраас барилгын ажил явуулах боломжгүй болж барилгын ажлаа хойшлуулж 2019 онд барилгын ажлаа үргэлжлүүлэхээр болсон. 2019 оны 04 дүгээр сараас барилгын ажил эхэлсэн. Барилга захиалагчаас 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа эхлүүл гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/35 тоот албан бичгээр барилга эхлүүлэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэх баримтыг ажил гүйцэтгэгчийн зүгээс өгсөн боловч хариу огт ирээгүй. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай гэсэн бичиг авсан. Түүний дагуу мөн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай гэсэн 01/24 тоот албан бичгийг хүргүүлсэн. Энэ бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Барилгын ажил удааширсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Одоо хүртэл удаа дараагийн мэдэгдэл өгч байсан. Бид захиалагчтай зөвшилцсөний дагуу зураг батлагдсаны дараа барилгын ажил хийнэ гэдэг ямар ч боломжгүй, зургийн ажлыг манайх анх тендерт орохдоо өөр компаниар эскиз зураг хийлгэж, тэр зургийн дагуу тендерт орсон. Тендер авсны дараа тухайн компани А аймгийн Ноос угаах үйлдвэрийн ажлын зургийг үргэлжлүүлэн хийх боломжгүй, бид нар өөр төсөл зураг дээр ажиллаж байна гэж хэлсэн. Нэг дүгээрт техникийн нөхцөл тэнцүү боловсруулагдаагүй. Ноос угаах үйлдвэрийн хүчин чадал технологийн асуудал батлагдсан зүйл юу ч байхгүй, техникийн нөхцлүүд бүрэн авагдаагүй, газрын геологийн дүгнэлт гараагүй, газар нь баталгаажиж гараагүй учраас манайх зураг хийх ямар ч боломжгүй гэсэн үндэслэлээр анхны компани татгалзсан. Ингээд И ХХК-иар барилгын зураг хийлгэхээр 2019 оны 04 дүгээр сард гэрээ хийсэн. Барилгын зургийг шаардлагын дагуу газрын суурийн зургийг гаргахын тулд газрын инженер геологийн дүгнэлт гарах шаардлагатай. Энэ дүгнэлт нь 2019 оны 05 дугаар сард дахин өрөмдлөг хийж байж гарсан. Гарсан дүгнэлтээ зургийн компанид өгч тухайн дүгнэлтийн дагуу барилгын суурийн зургийг гаргаж өгсөн. Тухайн зургийн дагуу 05 дугаар сарын 17-ны өдөр зураг төсөл гарахаас нааш ажил үргэлжлүүлж болохгүй, ажлыг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гарсан байсан. Тэгээд суурийн зургаа гаргуулж, захиалагчтай зөвшилцсөний дагуу ажлаа үргэлжлүүлж суурийн ажлыг хийсэн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг захиалагч тал түүн дээр асуудал байхгүй, манайхаас гарах болохоор та түүн дээр санаа зовох хэрэггүй, зургийн ажлаа түргэвчлээд барилгын ажлаа түргэн шуурхай явуул гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсны дагуу би барилгын ажлыг гүйцэтгэж, ерөнхийд нь барилга угсралтын ажлыг 2019 онд багтааж хийж дуусгасан. Би 2018 онд барилгын бүх материалыг татаж авчирсан. Түүний дагуу гүйцэтгэл өгсөн боловч оны эцэс болсон. Төрийн сан хаасан гэдэг утгаар тухайн төсвийг баталж өгөөгүй. 2019 онд барилгын ажлаа хийж дуусгаж, мөн ажлын зураг зургийн компаниас гарсан байсан. Ганцхан экспертиз батлуулах ажил дутуу буюу энэ нь захиалагч талаас техникийн нөхцөл дутуу, мэргэжлийн хяналтаас дүгнэлт гарах, аймгийн ерөнхий архитектураас дүгнэлт гарах, аймгийн Онцгой байдлын газраас галын дүгнэлт авах зэрэг ажлууд 2019 оны 09 дүгээр сар хүртэл хүлээгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр баталгаажиж, бид нар гүйцэтгэсэн ажлаа экспертиз батлуулах үе шатанд нь оруулсан. Ийм шалтгаанууд буюу Барилгын тухай хуульд заасан захиалагчаас шалтгаалах үндэслэлүүдээр барилгын зургийн ажил хойшлогдож удааширч гарсан. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Барилгын ажлын төсөвт өртөгт нэмэгдсэн гэдэг асуудлыг CD дээр бичигдсэн байгаа байх. Энэ ажлын төслийн менежер н.М, Газар хот барилгын хэлтсийн дарга н.М нар зургийг хүлээж авлаа, зургийн дагуу барилга барихад ямар төсөв гарахыг нь гаргуулж экспертиз батлуулж ир гэсэн үүрэг даалгавар өгч хойшлогдсон. Үүний дагуу төсвийг нь мэргэжлийн мэрэгшсэн үнэлгээчнээр гаргуулж, Барилга хот хөгжлийн төвийн дэргэдэх магадлан итгэмжлэгдсэн газраар батлуулж гарсан барилгын үнэлгээгээр 2,2 тэрбум төгрөгийн төсөвт үнэлгээ гарсан. Үүнийг би гарсан даруйд нь аймгийн захиалагч ЗД-д танилцуулсан. Батлагдсан зургийн дагуу 2,2 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж гарсан. Үүнийг бас та нар анхаарч ажлын гүйцэтгэл санхүүжилтэд өөрчлөлт оруулна уу гэсэн хүсэлтийг 2 удаа өгсөн. Тэр хүсэлтийг хариуцагчийн зүгээс бид нар төсвийг санаатайгаар үндэслэлгүй 3 дахин нэмэгдүүлсэн гэх хариу тайлбар гаргаж байгаа. Бид нарын өөрсдөө гаргаагүй, өөрсдийнх нь шаардлагын дагуу зохих журмаар холбогдох байгууллагаар нь гаргуулсан байгаа. 729,000,000 төгрөгийн гүйцэтгэлээс өмнө нь авсан байсан 187,500,000 төгрөгийг хасаад 542,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдээд өгчих юм бол төслийн ажлаа үргэлжлүүлж, тоног төхөөрөмжийн ажлаа авчирч суурилуулаад 2020 онд багтаагаад ажлыг бүрэн дуусгаад хүлээлгэж өгөх боломжтой гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. Одоо үүнийг хариуцагч талаас тайлбарлахдаа манай компани 2,2 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм шиг яриад байна. Бид нар огт 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжлээгүй. Бодит гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг авчих юм бол бид нар эргээд авсан санхүүжилтээрээ тоног төхөөрөмжөө нийлүүлж, ажлаа дуусгах боломжтой гэсэн албан тоот удаа дараа хүргүүлж байсан. Энэ асуудлыг шийдээгүйгээс болж бид нар 3 жил хохирч байна. Ажлууд бодитой хийж гүйцэтгэгдсэн байдаг. Санхүүжилт хийхгүй, гүйцэтгэлийг хүлээж авахгүй, гэрээн дээр гүйцэтгэлийг үе шатаар нь хүлээж авч, санхүүжилтийг хийнэ гэсэн заалт байгаа. Гэрээнийхээ дагуу захиалагч талаас энэ ажлаа хийхгүй, удаа дараа шалтаг шалтгаан хэлж өдий хүрсэн. Нийт 729,000,000 төгрөгийн гүйцэтгэл гарснаас урьдчилгаа 187,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 542,319,344 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт, гэрээний тусгай нөхцлийн 23, 24-д зааснаар алданги 271,159,642 төгрөг болж байгаа. Барилгын зургийн ажлыг гүйцэтгэсэн төсвийн өртөг 21,200,000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575,000 төгрөг, барилгын геологийн дүгнэлт 2,270,000 төгрөг болсон. Ажлын гүйцэтгэл гарснаас хойш хугацаанд тухайн объектод манаач ажиллуулсан хөлс 6,300,000 төгрөг буюу нийт 843,824,016 төгрөг болох үндсэн нэхэмжлэлээ би бүрэн дэмжиж оролцож байна. Би сөрөг нэхэмжлэлийг дэмжихгүй байна. Дэмжихгүй байгаа шалтгаан нь бид нар захиалагч Аймгийн засаг дарга, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нартай хэлэлцэж тохиролцоод ажил гүйцэтгэх урьдчилгаа олгоно уу гэсэн хүсэлтийг өгсөн. Урьдчилгаа мөнгийг тоног төхөөрөмж нийлүүлэхээр өгвөл боломжтой. Тийм хүсэлт гаргаж өгнө үү гэсэн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гаргасан. Тухайн мөнгийг зориулалтынх нь дагуу зарцуулах гэж бодож хүсэж 2018 оныг дуустал манай компанийн зүгээс гол анхаарлаа хандуулж явсан. Эхлээд н.Э даргын хэлсний дагуу Хятадын үйлдвэртэй бид нар ярилцаж тохиролцсон, тухайн компаниас очиж ав, би өөрөө хамт явна гэж хэлж байснаа болиод орчуулагч Өвөрмонгол хүнтэй уулзаад гэрээ хэлэлцээр хийгээд ир гэсэн үүрэг даалгавар өгсөн. Түүний дагуу би Эрээн хотод очиж уулзаж, зааж өгсөн хүмүүстэй нь Бээжингээс цааш Гуанжу хот орж үйлдвэр дээр нь очиж гэрээ хэлцэл хийсэн. Тэгээд урьдчилгаа төлбөр төлснөөс хойш 5 сарын дотор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэсэн тохиролцоотой ирсэн. Ирээд би үйлдвэрийн дансанд хийе гэхэд н.Э дарга үйлдвэрийн дансанд хийхгүй, орчуулагчийн дансанд мөнгөө хий гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би нэгэнт гэрээ хийсэн баталгаат үйлдвэрийн газрынх нь данс руу хийнэ, орчуулагчийн дансанд хийхгүй гэсэн. Нэгдүгээрт би тухайн үйлдвэр дээр биеэрээ очиж үзсэн. Тэр үйлдвэр нь улсын үйлдвэр биш, хувийн үйлдвэр, хуучин тоног төхөөрөмж засдаг үйлдвэр байна лээ. Тийм учраас эцсийн хариуцлагыг би хүлээх учраас ажлаа бодоод ийм журмаар мөнгийг зарцуулж чадахгүй. Би энэ мөнгөөр чинь барилгын ажлын материалаа бэлдсэн. 2018 оны 12 дугаар сар гэхэд үйлдвэрийн барилгын бүх материал цонх хаалгатайгаа 100 хувь захиалж авсан. 187,500,000 төгрөг дээр өөрөө 100,000,000 гаруй төгрөгийн зээл авч санхүүжилт хийж, барилгын материал авсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь Улаанбаатар хотоос улсын үйлдвэртэй нь Ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Г.Б гэдэг хүнийг хөлсөлж хамт авч яваад гэрээ хэлцэл хийж ирсэн. Г.Б нь өөрөө Д-д Ноос ноолуур угаах үйлдвэртэй юм байна лээ. Хятадын хэд хэдэн компаниас тоног төхөөрөмж авч байсан. Барилгын ажлын санхүүжилтийг авч тоног төхөөрөмжөө нийлүүлье гэж өдий хүртэл явж байгаа. Тэрнээс бид нар мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Бид нар үйлдвэрийг байгуулах гэсэн гэрээтэй, тухайн гэрээнийхээ хүрээнд мөнгийг ажилдаа зарцуулсан. Хэрвээ би 187,500,000 төгрөгийг тэр компанид өгсөн бол одоо барилга ч байхгүй, тоног төхөөрөмж ч байхгүй байх байсан. Аймгийн захиалагчийн зүгээс тоног төхөөрөмжийг суурилуулах, барилга байгууламж, зураг нь болоогүй байсан. Зургийг гаргуулахын тулд би гэрээ хэлцэл дээр онцгой анхаарал тавьж байсан. Зураг гаргуулахын тулд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ямар хүчин чадалтай ямар тоног төхөөрөмж авах, уур ус яаж зарцуулах, бохирыг нь яаж ялгаруулах зэргийг үндэслэж барилгын зураг гарах ёстой. Тийм учраас тоног төхөөрөмж нийлүүлэхээс өмнө барилгын зургаа гаргуулж, барилгаа гүйцэтгэж байж, барилга бэлэн болсон нөхцөлд тоног төхөөрөмжүүдээ авчрахад ямар ч асуудал байхгүй байсан. Үүний дагуу аймгийн З-д удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж, хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сар, 2020 оны 10 дугаар сард 542,000,000 төгрөгийн санхүүжилтээ авсан тохиолдолд тухайн мөнгөөр тоног төхөөрөмжөө нийлүүлж, 2020 онд гэрээт ажлаа дуусгах боломж байна гэдэг хүсэлтийг удаа дараа өгч байсан. Тийм учраас тухайн мөнгийг төслөөс өөр юманд зарцуулсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ захиалагч талын шаардсанаар тоног төхөөрөмж авчирсан бол тухайн тоног төхөөрөмжийг хадгалах газар байхгүй хаана хадгалах вэ? гэдэг асуудал яригдах байсан. Зайлшгүй барилга барьсны дараа тоног төхөөрөмжийг нийлүүлэх байсан. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хэлцэл хийх асуудал нь барилга барих, зургийг үндэслэлтэй гаргах ийм нөхцөл байдлыг үүсгэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар төсөвт өртөг 2,2 тэрбум төгрөгийг нэхэмжлээгүй. Хариуцагчаас тавьсан шаардлагын дагуу гаргасан төсөв нь зураг төслийн дагуу бодитоор гарах зардлыг нь мэргэжлийн байгууллагаар гаргуулсан үнэлгээ, экспертиз батлагдсан төсөв нь ийм мөнгө болж байна шүү гэдгийг үүн дээр цаашид анхаарч ажиллах шаардлагатай байна гэдэг шаардлагыг тавьсан. Бодит гүйцэтгэсэн ажил болох 729,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг баталгаажуулж, санхүүжилтийг өгнө үү. 187,500,000 төгрөгийг төсөвт ажилд зарцуулсан. Тухайн урьдчилгаа болгон өгсөн 187,500,000 төгрөгийг Засаг дарга, захиалагч тал өөрсдөө ярилцаж байгаад урьдчилгаа мөнгийг ийм нөхцөлөөр гаргах боломж байна. Энэ мөнгийг заавал тоног төхөөрөмжид зарцуулаад яах вэ, та төслийнхөө хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажилдаа зарцуул гэж тохиролцсоны үндсэн дээр тухайн үед барилга эхлээгүй, урьдчилгаа авах ямар ч боломжгүй, харин эхний ээлжинд тоног төхөөрөмж нийлүүлнэ гэсэн үндэслэлээр санхүүжилт гаргах боломжтой байна гэсэн өөрсдийнх нь нөхцөл байдлын улмаас урьдчилгаа мөнгийг авсан. Өөр зүйлд зарцуулаагүй, энэ төслийн ажилд зарцуулсан. Энэ төслийнхөө гүйцэтгэлээс тухайн мөнгийг хасаж нэхэмжилж байгаа. Тэгэхээр манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах ямар ч боломж байхгүй, үндэслэл байхгүй. Тухайн мөнгийг төслийн ажлаас өөр ажилд зарцуулсан гэх нотлох баримт хариуцагч талд байхгүй гэж бодож байна. Гэрээг цуцалж, бид нар төсөв мөнгөний талаар өөрсдөө мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байж шийднэ гэж хэлсэн. Гэрээг хүлээн авсныхаа дараа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга н.Э-тай уулзахад та 2,2 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн учраас ингэж байгаа юм. Гэрээнд заасан үнэндээ багтаагаад хийх юм бол бид нар юу гэж татгалзах юм гэж хэлсэн. Тэгээд би тохиролцоод 800,000,000 төгрөгт багтааж, 789,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн байгаа, алдагдал нь надад хамаа байхгүй, би төрөлх нутагтаа бодитой ажил хийж, хэдэн хүнийг ажилтай болгохоор, та нарын ажлыг дэмжээд ажиллахад бэлэн байна гэдэг хүсэлтээ удаа дараа тавьж байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд гүйцэтгэлийн ажилтай холбогдуулан зөвхөн тендерт түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгэгч компани зураг төсөл гаргах ёстой. Гэхдээ захиалагч байгууллага үндсэн бүх техникийн нөхцөл, бүх зүйлийг гаргаж өгсний үндсэн дээр бид нар зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж батлуулах өндөр шаардлагатай. Энэ бол зүгээр нэг агуулахын барилга биш. Бүхэл бүтэн үйлдвэрийн чиглэлийн барилга учраас захиалагчаас гүйцэтгэх ёстой техникийн нөхцөл, дүгнэлт гаргуулах, аймгийн ерөнхий архитектур, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Онцгой байдлын газруудтай уулзаж ярилцах ажлуудыг түргэн хугацаанд шийдвэрлээд туслаад дэмжээд өгөөч гэсэн асуудлыг ярьж байсан болохоос гүйцэтгэлийн төсвийн дагуу нэхэмжилж байна гэж огт яриагүй гэдэг нь батлагдаж, нотлогдож байна гэж харж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн талаар болон сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Анх ТУ ХХК нь сонгон шалгаруулалтад орохдоо түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шалгарч, зураг төсөл болон барилга угсралтын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө гэж гэрээгээ байгуулсан байдаг. Гэтэл 2019 оны 12 дугаар сар буюу хугацаа болсон байхад улсын комиссын магадлангаар баталгаажсан эх хувь, зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхэлсэн байдаг. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч талаас экспертиз батлагдсан төсвөөр барилгын байгууламжийн төсвийн нийт өртөг нь 1,183,011,699 төгрөг болж, гэрээнд заасан үнийн дүн 1,5 дахин их буюу 393,000,000 төгрөгөөр нэмэгдэж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төсөвт өртөг нь 1,096,832,145 төгрөг буюу нийт 2,279,843,844 төгрөг болсон. Үүнийг зураг төсвийг үндэслэн гэрээний үнийг тохиролцож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн ЗД-д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тавьсан байдаг. ЗД-н зүгээс анх байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэд дахин нэмэгдсэн үнэ байсан учраас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Р.Т захиралд хүргүүлсэн байдаг. Манай тухайн мэдэгдлийг мэргэжилтэн Р.Т захиралд өөрт нь өгсөн байдаг. Ийм учраас манай тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ТУ ХХК нь Ноос ноолуур угаахад шаардлагатай тоног төхөөрөмж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас захиалах шаардлагатай байна, тоног төхөөрөмж нь захиалга хийснээс хойш 2 сарын хугацаанд нийлүүлэлт хийгддэг, мөн урьдчилгаа өгөхгүй бол тоног төхөөрөмж нийлүүлэхгүй тул урьдчилгаа мөнгө олгож өгнө үү гэсэн хүсэлтийг захиалагч тал буюу ЗД-д гаргаж байсан. Тухайн үед Ноос ноолуур угаах үйлдвэрийг 2 сарын хугацаатай барих, тоног төхөөрөмж хугацаанд нь байрлуулж чадахгүй хүлээлгэх магадлалтай байсан тул гүйцэтгэгчийн гаргаж өгсөн баримт бичгийг үндэслэж 187,500,000 төгрөгийг ТУ ХХК-д олгосон байгаа. ТУ ХХК нь захиалагчаас олгосон урьдчилгаа хөрөнгөөр тоног төхөөрөмж аваагүй, өөр зүйлд зарцуулсан гэдгийг Р.Т захирал хүлээн зөвшөөрсөн тухай хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд тоног төхөөрөмж нийлүүлэхээр авсан урьдчилгаа 187,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТУ ХХК нь хариуцагч ЗД-д холбогдуулан нийт 843,824,016 төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч ЗД нэхэмжлэгч ТУ ХХК-д холбогдуулан 187,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ТУ ХХК-ийн хариуцагч ЗД-д холбогдуулан гаргасан нийт 843,824,016 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нийт 843,824,016 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан ба хариуцагч тал ...улсын комиссын магадлангаар баталгаажсан эх хувь, зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхэлсэн. Анх байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэд дахин нэмэгдсэн үнэ байсан учраас гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

Нэхэмжлэгч ТУ ХХК нь Ноос, ноолуур угаах үйлдвэрийн барилгын ажлыг зураг төсвийн хамт нийлүүлэхээр зарласан тендерт шалгаран хариуцагч ЗД-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх ААОНӨГ/.......... дугаарын гэрээ байгуулж ажил гүйцэтгэгч нь А аймгийн Э суманд Ноос, ноолуур угаах үйлдвэрийн барилгын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч ажлын хөлсөнд 789,456,789 төгрөгийг төлөхөөр тохирч, талууд гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчинтөгөлдөр болсон байна. Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ба гэрээний талаар талууд маргаагүй. /хх-н 8-11 ху/

 

Нэхэмжлэгч ТУ ХХК нь байгуулсан гэрээнийхээ дагуу барилгын ажлыг эхлүүлэхдээ эрх байгууллагын зөвшөөрлийг аваагүй, магадлал хийгдэж, баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдээгүй, барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулаагүй, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, мөн анх байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэд дахин нэмэгдсэн үнийн санал хүргүүлсэн зэрэг нотцтой зөрчлүүд гаргасан нь ТУ ХХК-ийн захирал Р.Т-н 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 01/23 дугаартай албан тоот, А аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 456 дугаартай албан тоот /хх-н 16 ху/, мөн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай албан тоот /2-р хавтасны 21 ху/, ЗД-н 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/605 тоот захирамжийн дагуу байгуулагдсан Ноосны үйлдвэрийн барилга угсралтын ажлын явцын тухай ажлын хэсгийн дүгнэлт /хх-н 161-164 ху/, А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03-07-022/26 дугаартай акт /хх-н 165-166 ху/, А аймгийн Э суманд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Ноос боловсруулах үйлдвэрийн барилгын хэрэгжилтийн талаарх хурлын тэмдэглэл /хх-н 167-178 ху/, А аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/785 дугаартай албан тоот /хх-н 160 ху/, гэрч Л.Л-н өгсөн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал ...Барилгын ажил захиалагчаас шалтгаалж удааширсан. Санхүүжилт хийхгүй, гүйцэтгэлийг хүлээж авахгүй, гэрээн дээр гүйцэтгэлийг үе шатаар нь хүлээж авч, санхүүжилтийг хийнэ гэсэн заалт байгаа. Гэрээнийхээ дагуу захиалагч талаас энэ ажлаа хийхгүй, удаа дараа шалтаг шалтгаан хэлж өдий хүрсэн. Тийм учраас нийт 729,819,344 төгрөгийн гүйцэтгэл гарснаас урьдчилгаа 187,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 542,319,344 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт, гэрээний тусгай нөхцлийн 23, 24-д зааснаар алданги 271,159,642 төгрөг болж байгаа. Барилгын зургийн ажлыг гүйцэтгэсэн төсвийн өртөг 21,200,000 төгрөг, зураг төсвийн магадлалын ажлын хөлс 575,000 төгрөг, барилгын геологийн дүгнэлт 2,270,000 төгрөг болсон. Ажлын гүйцэтгэл гарснаас хойш хугацаанд тухайн объектод манаач ажиллуулсан хөлс 6,300,000 төгрөг буюу нийт 843,824,016 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн... гэсэн байр суурийг илэрхийлж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд энэ зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч ТУ ХХК-ийн төлөөлөгч Р.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус заасан ба мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч ТУ ХХК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн, захиалагч тал ажлын үр дүнг тооцож барилгыг хүлээж аваагүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч ЗД-д холбогдуулан гаргасан нийт 843,824,016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Хариуцагч ЗД-н нэхэмжлэгч ТУ ХХК-д холбогдуулан гаргасан тоног төхөөрөмж авахад зориулж олгосон урьдчилгаа 187,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч ЗД нэхэмжлэгч ТУ ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж авахад зориулж олгосон урьдчилгаа 187,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба ТУ ХХК-ийн зүгээс ...Тоног төхөөрөмж худалдан авахаар захиалагч талд хүсэлт тавьж гаргуулсан 187,500,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан. Энэ нь өөр зүйлд зарцуулсан асуудал биш юм. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн байр суурийг илэрхийлдэг.

 

Нэхэмжлэгч ТУ ХХК нь ноос, ноолуур угаахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас захиалах шаардлагатай тул урьдчилгаа мөнгө олгуулах хүсэлтийг захиалагч талд гаргаж хүсэлтийг үндэслэн 187,500,000 төгрөгийг гүйцэтгэгч ТУ ХХК-д олгосон нь тоног төхөөрөмжийн урьдчилгаа нэрээр ТУ ХХК-ийн ............ тоот дансанд шилжүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зарлагын баримт /хх-н 180 ху/, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар-За-2018/54 Санхүүжилтийн мэдэгдэл /2-р хавтасны 20 ху/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогддог.

 

Гүйцэтгэгч тал болох ТУ ХХК нь захиалагчаас олгосон урьдчилгаа 187,500,000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан аваагүй, өөр зүйлд зарцуулсан нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогддог ба энэ талаар ТУ ХХК-ийн төлөөлөгч Р.Т маргадаггүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ нь ажил гүйцэтгэгч тогтоосон хугацаанд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлсийг төлөх хүртэл тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээнд хамаарагддаг бөгөөд гэрээний нэг тал гэрээг ноцтой зөрчсөний улмаас нөгөө тал гэрээг дуусгавар болгосноор хоёр талын үндсэн үүрэг дуусгавар болж, улмаар үүргийн харилцаа нь өгсөн авснаа буцаах солилцооны харилцаагаар солигддог.

 

ЗД гэрээний ерөнхий нөхцлийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.2 е заалтуудыг үндэслэн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ТУ ХХК-д хүргүүлсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ТУ ХХК-ийн төлөөлөгч Р.Т нь ...Урьдчилгаа мөнгийг тоног төхөөрөмж нийлүүлэхээр өгвөл боломжтой. Тийм хүсэлт гаргаж өгнө үү гэсэн захиалагч талын хүсэлтийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлэхээр урьдчилгаа мөнгө гаргуулахаар хүсэлт гаргасан. Гаргуулсан 187,5000,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан нь буруу биш зориулалтын дагуу ашигласан ... гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгч ТУ ХХК-иас 187,500,000 төгрөгийг гаргуулан ЗД-д олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч талын гаргаж өгсөн 1 ширхэг CD бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шүүхийн зүгээс үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,377,070 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул ТУ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,000 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЗД-д холбогдох нийт 843,824,016 төгрөг гаргуулах тухай ТУ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ТУ ХХК-иас 187,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч ЗД-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ЗД улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТУ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,377,070 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ТУ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,000 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА