Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/00168

 

 

 

 

 

 

2022 01 04

101/ШШ2022/00168

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.З-ын гаргасан,

 

Хариуцагч: Т ХХК-нд холбогдох,

 

12,190,560.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З, өмгөөлөгч П.Н, нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2021 оны 02 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3365 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс би, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхой болгоод дахин хандаж байна. Миний бие хариуцагч Т ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр тус компани Улаанбаатар хотын 4ны нутаг дэвсгэрт баригдах 0ны 1 дүгээр орцны 4 давхарт 11 тоот 37.28 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,090,000 төгрөг байхаар тооцож нийт 40,635,200.00 төгрөгөөр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар 2014 оны 1-2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

 

Би, төлбөрийг төлөх тухайд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д гэрээг байгуулагдсан өдөр урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30 хувь болох 12,190,650.00 төгрөгийг хариуцагчийн Хаан банк ХХК-ийн 0 тоот дансанд шилжүүлсэн. Тодруулбал, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000.00 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000.00 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, мөн 10 дугаар сарын 08-ны өдөр 190,560.00 төгрөгийг тус тус төлж үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн.

 

Гэтэл хариуцагч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хүлээсэн 2014 оны 1-2 дугаар улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн буюу 1 жил гаруй хугацааны дараа буюу 2015 оны сүүлээр орон сууцыг ашиглалтад оруулсан ба энэ үед намайг орон сууцны зээлэнд хамруулах боломжгүй байна гэж хэлсэн. Түүнчлэн хариуцагч нь орон сууцыг надад биш, өөрийнхөө ажилтанд шилжүүлэн өгсөн байсан.

 

Эдгээр асуудлаас болоод бид цаашид гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон тул гэрээнээс татгалзах шийдвэрийг амаар гаргаж, хариуцагч нь мөнгийг аль болох богино хугацаанд буцааж өгнө гэсэн.

 

Талууд нэгэнт гэрээнээс татгалзсан тул миний орон сууцны урьдчилгаанд төлсөн 12,190,560.00 төгрөгийг яаралтай буцаан авахыг хүссэн боловч хариуцагч нь өнгөрсөн хугацаанд одоо шилжүүлэх боломжгүй байна, Нийслэлийн худалдааны төв ашиглалтад орохоор таны мөнгийг өгнө гэх мэтээр элдэв шалтаг хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Намайг 2021 оны 05 сард хариуцагчийн оффис дээр очиж захирал н.Мөнхбат гэх хүнтэй биечлэн уулзахад мөнгийг минь өгнө, Нийслэлийн худалдааны төв ашиглалтад орохоор хурдан буцаан өгөх боломжтой гэж хэлсэн хэдий ч Нийслэлийн худалдааны төв ашиглалтад орсон байхад урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхгүй зайлсхийсээр байна.

 

Нэхэмжлэгч миний бие аргаа бараад 00 цагдаагийн газар гомдол гаргасан ба миний гомдлыг хүлээн авч шалгаад Нийслэлийн  Прокурорын газрын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 206 тоот тогтоол гаргаж, иргэний хэрэг маргаан гэсэн үндэслэлээр шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой гэсэн. Тиймээс би, харьяаллын дагуу иргэний хэргийн шүүхэд хандан 12,190,560.00 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2013 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 12,190,560.00 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж надад олгож, хохиролгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч нь тухайн үед гэрээг цуцлах болсон шалтгаануудаа тайлбарласан, 2 үндсэн шалтгаан гарсан байдаг. Эхнийх нь гүйцэтгэгч компани гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй нөхцөл байдал үүссэн, 2015 онд энэхүү орон сууц нь ашиглалтад орсон бөгөөд 2015 оноос өмнө нэхэмжлэгчийн нэр дээр зээл гаргуулах боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгч хариуцагч талын компанид биечлэн очиж гэрээг цуцлах талаар амаар мэдэгдээд, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан олгож өгөөч гэсэн хүсэлтүүдийг 2015 оноос хойш тавьж эхэлсэн байдаг. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол энэ талаар тайлбараа тодорхой хэлэх байх гэж бодож байсан, гэвч шүүх хуралдаанд эзгүй шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж аваад өнөөдрийг хүртэл шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй үйлдэл нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох агуулгаар дүгнэгддэг. Хариуцагч нь хэрэгт ач холбогдол өгөхгүй, нэгэнт төлөх мөнгө учраас гэсэн байдалтай хандаж байгаа нь нөхцөл байдал тодорхой гэж дүгнэгдэж байна. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний хүрээнд хийгдсэн байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 12.190.560 төгрөгийг хариуцагч талын дансанд гэрээнд заасан өдөрт багтаж орсон байдаг. Энэ мөнгөн дүнгээ буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. Нэгэнт гэрээ хэрэгжээгүй, гэрээ цуцлагдсан, энэ мөнгөн дүнгээр хариуцагч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Нэхэмжлэгч Х.З болон хариуцагч Т ХХК нарын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ,

 

2.            Нэхэмжлэгч Х.Заас 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000.00 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000.00 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, түүнчлэн 10 дугаар сарын 08-ны өдөр 190,560.00 төгрөгийг хариуцагч Т ХХК-ийн Хаан банк ХХК дахь 0 тоот дансанд шилжүүлсэн баримт,

 

3.            Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 206 тоот тогтоол,

 

4.            Улсын тэмдэгтийн хураамжид 210,000.00 төгрөгийг төлсөн баримт,

 

5.            Өмгөөлөгч П.Намнансүрэнтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт нь:

 

1.            Хариуцагч Т ХХК-ийн талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан хувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагаа,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Заас хариуцагч Т ХХК-нд холбогдуулан 12,190,560.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан. Ингээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус товлож, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.З 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Т ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, 4ны нутаг дэвсгэрт баригдах Шинэ Налайх хотхон орон сууцнаас 37.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 40,635,20.00 төгрөгөөр авахаар тохиролцсон байна /х.х-ийн 5-9 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нь 37.28 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1,090,000.00 төгрөг, нийт 40,635,200.00 төгрөгөөр барьж гүйцэтгэж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр төлбөрийн 30 хувь буюу 12,190,560.00 төгрөгийг төлж, үлдэх 70 хувь болох 28,444,640.00 төгрөгийг орон сууцыг ашиглалтад ороход төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх тэрхүү цаг хугацаанд гэрээний зүйл болох 37.28 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байсан, харин гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хариуцагч нь тухайн орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн зэргээс үзвэл зохигчид шинээр бий болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Т ХХК нь зохигчдын байгуулсан гэрээгээр 37.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бий болгохоор барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Х.Зд хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

 

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х.З нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000.00 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000.00 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, түүнчлэн 10 дугаар сарын 08-ны өдөр 190,560.00 төгрөг, нийт 12,190,560.00 төгрөгийг хариуцагч Т ХХК-ийн Хаан банк ХХК дахь 0 тоот дансанд төлсөн байна /х.х-ийн 11-14 хуудас/

 

Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч буюу ажил гүйцэтгэгч Т ХХК нь гэрээний зүйлийг 2014 оны 2 дугаар улиралд барьж гүйцэтгэх үүргээ зөрчсөн байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч нь энэ талаар хариу тайлбар өгөөгүй тул тухайн үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Нөгөө талаар дээр дурдсан хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Тайлбарлавал, хариуцагч Т ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан нэхэмжлэлд 14 хоногийн дотор буюу мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хариу тайлбар, татгалзал өгөх ёстой байсан хэдий ч тийнхүү өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас нэхэмжлэгчийн гэрээний зүйлийг 2014 оны 2 дугаар улиралд барьж гүйцэтгэх үүргээ зөрчсөн, орон сууцыг өөр хүнд худалдсан байсан гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

4.            Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж, түүнчлэн 350 дугаар зүйлийн 350.1Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгч болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 37.28 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж ашиглалтад оруулсан боловч надад хүлээлгэн өгөөгүй, тухайн орон сууцанд өөр хүн амьдарч байгаа, одоо миний бие тус орон сууцыг авах шаардлагагүй болсон гэснээс үзэхэд нэхэмжлэгч Х.З нь хариуцагч Т ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр ажлын үр дүн гэрээг байгуулмагц биелэх бус, харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж тус тус зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.

 

Нэгэнт хариуцагч Т ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгч Х.Зд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж буй нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3-д тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221.5Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн байна.

 

Тийм учраас хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Х.Заас авсан 12,190,560.00 төгрөгийг түүнд буцааж өгөх үүрэгтэй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т ХХК-иас 12,190,560.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР