Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС              

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Д,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын 12-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ************ мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 11, нөхөр 3 дүү, 6 хүүхдийн хамт Д аймаг С сумын *-р баг Д ***** тоотод оршин суух, урьд шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Х Б овогт Э Э /РД:***********/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э нь 20** оны 12 дугаар сарын 09-ний өдөр **** улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Д аймгийн С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах С бөөний төвийн өмнөх авто зам дээр Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйл "Жолооч улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө" гэж, 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэж, 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж тус тус заасныг зөрчин явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д би, Э.Э-т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.Э нь  хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б мэдүүлэг болон мөрдөгчийн магадалгаагаар шүүгдэгч Э.Э нь Toyota aqua загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1, 16.1, 12.3 дугаар заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон байна. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 77 дугаартай дүгнэлтээр энэхүү ослын улмаас Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх нэгдсэн журмыг тогтоосон захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Э.Э нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 15.1, 16.1, 12.3 дугаар заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Э.Э-ийн үйлдэл, учирсан хор уршгийн шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.Б зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй, учирсан хохирол хор уршгийн төлбөрийг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тухайн өдөр би Ю орчхоод гэр лүүгээ явж байсан. Гарцаар гарч байсан чинь намайг машин ирээд мөргөчихсөн. Мөргөж зогсоод дахиад хөдлөөд намайг түлхээд унагачихсан. Жолооч нь бууж ирээд надаас уучлалт гуйгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэв.

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...20** оны 12 дугаар сарын 9-ний өдөр өглөөний 9 цаг өнгөрөөгөөд С бөөний төв орсон. Ороод сүү аваад буцах замдаа хохирогчийг мөргөчихсөн. Тухайн үедээ хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчхөөд Цагдаагийн газарт дуудлага өгөх гэсэн чинь эмнэлгээс дуудлага өгчихсөн гэсэн. Мөрдөгч намайг авч яваад мэдүүлэг авсан. Б.Б эгч 3 хоног эмнэлэгт хэвтсэн. 4 дэх хоног дээр нөхөр бид хоёр хот руу авч явсан. Хотод очоод хөл, хэвлий, толгойг нь үзүүлсэн. Үзүүлэхэд хуучны болон шинэ өвчин байна, хагалгаанд орох шаардлагатай гээд дурангийн хагалгаанд орохоор болсон. Шинэ жилийн үе таараад эмч нар завгүй байсан учир шинэ оны дараа боломжтой гэсэн. Одоо хагалгаанд орох л дутуу байгаа гэв...” гэх мэдүүлэг,

Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20** оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай "... Б.Бийн биед баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор коллатерал холбоосны урагдал, урд чагтан холбоосны суналт, арын чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулга холбоосны суналт, дунд чөмөг, шаант ясны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Мөрдөгчийн "...Жолооч Э.Э нь замын хөдөлгөөний дүрмийн дараах дүрмийг зөрчсөн байна... 15.1... 16.1.... 12.3..." гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг (хавтаст хэргийн 3-7 дахь тал) болон нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 20** оны 12 дугаар сарын 09-ний өдөр **** улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Д аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах С бөөний төвийн өмнөх авто зам дээр Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйл "Жолооч улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө" гэж, 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэж, 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж тус тус заасныг зөрчин явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор коллатерал холбоосны урагдал, урд чагтан холбоосны суналт, арын чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулга холбоосны суналт, дунд чөмөг, шаант ясны эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас Б.Б-ийн биед баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор коллатерал холбоосны урагдал, урд чагтан холбоосны суналт, арын чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулга холбоосны суналт, дунд чөмөг, шаант ясны эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...20** оны 12 дугаар сарын 9-ний өдөр өглөөний 9 цаг өнгөрөөгөөд С бөөний төв орсон. Ороод сүү аваад буцах замдаа хохирогчийг мөргөчихсөн. Тухайн үедээ хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчхөөд Цагдаагийн газарт дуудлага өгөх гэсэн чинь эмнэлгээс дуудлага өгчихсөн гэсэн. Мөрдөгч намайг авч яваад мэдүүлэг авсан. Б.Б эгч 3 хоног эмнэлэгт хэвтсэн. 4 дэх хоног дээр нөхөр бид хоёр хот руу авч явсан. Хотод очоод хөл, хэвлий, толгойг нь үзүүлсэн. Үзүүлэхэд хуучны болон шинэ өвчин байна, хагалгаанд орох шаардлагатай гээд дурангийн хагалгаанд орохоор болсон. Шинэ жилийн үе таараад эмч нар завгүй байсан учир шинэ оны дараа боломжтой гэсэн. Одоо хагалгаанд орох л дутуу байгаа гэв...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бийн мэдүүлсэн: “...Тухайн өдөр би Ю орчхоод гэр лүүгээ явж байсан. Гарцаар гарч байсан чинь намайг машин ирээд мөргөчихсөн. Мөргөж зогсоод дахиад хөдлөөд намайг түлхээд унагачихсан. Жолооч нь бууж ирээд надаас уучлалт гуйгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэв.

Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20** оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай "... Б.Б-ийн биед баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор коллатерал холбоосны урагдал, урд чагтан холбоосны суналт, арын чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулга холбоосны суналт, дунд чөмөг, шаант ясны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Мөрдөгчийн "...Жолооч Э.Э нь замын хөдөлгөөний дүрмийн дараах дүрмийг зөрчсөн байна... 15.1... 16.1.... 12.3..." гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. бүдүүвч зураг (хавтаст хэргийн 3-7 дахь тал) болон нотлох баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба тус гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсэгт зааснаар, харин гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол, түүнийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспозицед зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол түүнээс дээш хор уршиг учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.   

Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд байна.

Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  зүйтэй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

 Шүүхээс шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Э-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй.

Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

4. Шүүгдэгч Э.Э нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5.Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

9.Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний болох холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                         

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ГОНЧИГСУМЛАА