Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 156/ШШ2020/00285

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00713/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Галшар сумын ... дугаар багт оршин суух үндсэн хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ........... тоот хаягт түр оршин суух, Х овогт Ч Г /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, ............. тоот хаягт оршин суух, Ж овогт Д Ч /РД:/-д холбогдох,

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ч.Г,

хариуцагч Д.Чулуун, өмгөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичийн дарга Ж.М нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос Д.Ч танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Биднийг хамт амьдарч байх хугацаанд 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин Ч.Н нь төрсөн. Намайг жирэмсэн байхад миний хүүхэд биш гэдэг байсан. Мөн төрөөд сар ч болоогүй байхад гэрээсээ хөөж явуулсан. Удалгүй миний араас Г суманд согтуу ирж шинжилгээ хийлгэнэ гээд эмч дуудаж байсан. Д.Ч нь хамт амьдарч эхлэх үеэс архи ууж биднийг байнгын дарамталж, гар хүрдэг болсон. Мөн байнга зохиомол байдал үүсгэж хэнтэй ч хамаагүй хардах болсон. Ингээд бид хамт амдрах боломжгүй болж тус тусдаа амьдарч эхэлсэн. Охиныг маань гэр рүүгээ авч явчихаад өгөхгүй гэдэг, охиныгоо бодоод эргээд нийлэе гэтэл нэг өдөр согтуу ирээд өөрийгөө хутгалчихаад намайг хутгалсан гэж цагдаад өгсөн. Энэ хэрэг нь Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраар шийдвэрлэгдсэн. Д.Ч өөрийгөө хутгалах үед 2 охин маань хамт байсан. Одоо Д.Ч нь архины хамааралтай олон найз нөхдөө гэртээ авчирч архидаж, аль эсвэл охиныг маань авч явж архиддаг байсан. охин Ч.Н маань ярихдаа аав архи уусан, яах вэ гэж залгадаг. Миний хувьд хүүхдээ өөрөө өсгөөд явах бүрэн боломжтой. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул охиноо өөр дээрээ авч, эцгээс тэтгэлэг гаргуулна гэв.

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Г нь хүүхэд өсгөх боломжгүй. Г архи ууж, зугаа цэнгэл хөөцөлддөг байснаас болж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш би охиноо өсгөж хүмүүжүүлж байсан. Охин ээж дээрээ очихоороо сэргэлэн цовоо биш болдог. Иймд охин Ч.Н өөрөө өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна гэв.

 

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Д.Ч холбогдуулж хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Ч.Г нь Д.Ч 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин Ч.Н нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Д.Ч, Ч.Г нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно. 

Мэтгэлцээний байр суурийн хувьд зохигчийн хэн аль нь охин Ч.Н өөрийн асрамжид авна гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр эх Ч.Г охин Ч.Н эрсдэлгүй өсгөх боломжтой гэж дүгнэсэн байна.

Талуудын мэтгэлцээний байр суурь, шинжээчийн дүгнэлтээр эцэг, эхийн хүүхдээ асрах боломжийн хувьд хэн нэгнийг онцгойлон авч үзэх боломжгүй байгаа боловч хүүхдийн нас, хүйсэнд тохирсон хайр халамжийн онцлог, асрах арга барил, эцэг, эхээс хүүхдэд үзүүлэх нөлөөллийг харгалзан хүүхдийг эхийн асрамжид үлдээж, энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг тогтмол орлогын эх үүсвэртэй эсэх нь эргэлзээтэй, байнгын оршин суух орон сууцгүй гэж маргаж байх боловч одоо нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөгүй байгаа нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл болохгүй, мөн төрийн эрх бүхий байгууллагаас олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаагаар нэхэмжлэгч нь тогтсон орлого бүхий ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдсон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин Ч.Нямжаргалыг сар бүр эцэг Д.Чулуунаар нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 101 764 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д  зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 31 564 төгрөгийг төрийн санд тус тус олгов.

Мөн Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт гаргахад гаргасан зардал 357 000 төгрөгийг Хэнтий аймгийн Шүүхийн Тамгын газар урьдчилж төлсөн учир уг зардлыг нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан хариуцагчаар нөхөн төлүүлж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ч.Н эх Ч.Г асрамжинд үлдээж,

хариуцагчийн гаргасан хүүхдийн  асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ч.Н 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ч нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Г даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 103 594 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 33 594 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд 357 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Хэнтий аймгийн Шүүхийн Тамгын газарт олгосугай.

 

            7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ