Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

Р.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.*******ийн давж заалдах гомдлоор Р.*******д холбогдох 20230012300122 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Б.*******, шүүгдэгч Р.******* түүний өмгөөлөгч Э.******* нар оролцов. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар:******* Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын эй багийн нутаг “ аа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.6 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “HYUNDAI Porter” маркийн ******* УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 466.248 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.*******ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* УБЭ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж түүний үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Р.*******эс гаргуулж, түүний өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн моторт цахилгаан хөрөөг хурааж, гэмт хэрэг үйлдэж олсон 140 ширхэг 1,6 метр куб шинэс модыг тус тус улсын төсөвт оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Р.*******ийн давж заалдах гомдолд: Миний бие Р.******* Улиастай сумын Богдын гол багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй тул барилгын засварын ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Би 2020.07.18-нд 1,6 м3 шинэс мод бэлтгэж 466,248 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлсэн хохирол 1,398,744 төгрөгийг зээл авч төлж барагдуулсан. Мөн шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг битүүмжлээд чөлөөлөхөд 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.Харин тогтсон ажилгүй барилгын заслын ажлаар гэр бүлээ тэжээж өр төлбөрөө төлдөг тул ажил орлогогүй байх хугацаанд зээлийн хүү төлбөр нэмэгдэж ар гэрийн амьдрал улам хүндэрнэ. Иймээс анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож хохирол төлсөн байдал, амьдрал ахуйг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх надад оногдуулсан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 240 цаг албадан ажил хийх ялаас чөлөөлж өгнө үү гэжээ. Т

ОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын эй багийн нутаг “ аа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.6 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “HYUNDAI Porter” маркийн ******* УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 466.248 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэгч Ө., гэрч Э.гийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Р.******* давж заалдах гомдолдоо: надад оногдуулсан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 240 цаг албадан ажил хийлгэх ялаас чөлөөлж өгнө үү гэжээ. Тухайн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл буюу “ Хууль бусаар мод бэлтгэх” хуулийн зүйл, хэсэг нь дотроо 3 төрлийн ялын сонгох санкцтай байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийг харгалзан Р.Батэрдэнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохирсон, ял хүндэдээгүй байна. Шүүгдэгч Р.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтуудаар Р.ийг нийтэд тустай ялаас чөлөөлөх Эрүүгийн хуулийн 6.7, 6.13 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ