| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Х,
Улсын яллагч хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч М.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 22-ны өдөр Х аймгийн М суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Х аймгийн Б сум *-р багт оршин суух, урьд С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М М /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ 20** оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн М сумын * дүгээр баг А х гэх газарт Б.М-г үл ялих зүйлээр шалтаглан зодож улмаар эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ 20** оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн М сумын 4 дүгээр баг А х- гэх газарт Б.Мг үл ялих зүйлээр шалтаглан зодож улмаар эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Б.М-ийн"...араас М гэх залуу гарч ирээд "Манай найзынд орж ирээд агсам тавьдаг юу вэ" гэж хэлээд араас бариад авсан. М миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би зөрүүлээд хэд хэдэн удаа цохисон. Тухайн залуу согтуу байсан болохоор би унагаад дээр нь гарч 2 удаа цохисон. Тухайн үед Ё араас гарч ирээд хоолойноос татаж унагаасан. М тэр үед миний дээр гарч сууж байгаад намайг ойролцоогоор 10 гаруй удаа цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Гэрч О.Ц "... Тухайн үед М, М муудалцаж маргалдаад гадагш гарсан ба намайг харахад М дээр М нь гараад зодож байсан. Тэгээд би цагдаа дуудаад Ё, М, М нарын хажууд зогсож байсан ба би очоод Ё-г “Чи бас нийлээд зодоод байгаа юм уу” гэхэд манай нөхөр "Би энэ хоёрыг салгаж байна" гэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаартай “...Б.М-ийн биед зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14 дэх тал)
Яллагдагч М.М-ын "... Би Хөвсгөл аймаг Бүрэнтогтох суманд оршин суух хаягтай ба Д аймаг М сум, "Т А" уурхайд ажиллахаар 20** оны 12 сарын 10-ны өдөр ирсэн. Тухайн асуудал болсон өдөр ажлаасаа бууж байсан ба М суманд байдаг манай ажлын залуу Ё-д хувцсаа үлдээсэн байсан тул авахаар очсон. Гэрт нь очиход Ё-ийн хашаа руу нэг хүн шээгээд зогсож байсан ба Ё түүнийг нь хараад "Болиоч ээ писда минь" гэж хэлээд гэртээ орсон. Нөгөө шээгээд зогсож байсан хүн гэрт нь орж ирэхэд Ё уурлаад хараагаад байсан. Тэгээд маргалдах гээд байхаар нь би тухайн хүнийг аваад гарсан. Гадаа гараад би нөгөө хүнд хандан "Та яагаад айлд орж ирээд хэрүүл үүсгээд байгаа юм” гэж хэлэхэд тухайн хүн над руу "Би 10 гаруй жил шоронд явсан хүн шүү, чамайг ална шүү банди минь, чамд хамаагүй" гэж хэлээд намайг бариад авсан. Бариад авахаар нь би цааш нь түлхсэн. Тэгтэл намайг шууд нүүрэн тус газар гараараа цохисон. Би зөрүүлээд нүүр хэсэгт нь гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Дараа нь намайг тухайн хүн мушгиж унагаад миний дээр гарч суугаад хэд хэдэн удаа нүүр рүү цохисон. Тэр үед Ё- гарч ирээд нөгөө хүнийг миний дээрээс босгоод болиулсан. Болсон зүйл гэвэл ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт М М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.4
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА