| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Х,
Улсын яллагч хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч Б.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 5-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, У т з харьяа С татах хэсэгт замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Д аймгийн С сумын * дугаар баг Ү **** тоотод оршин суух, урьд Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хэрэг хариуцах чадвартай, М овогт Б М, Регистрийн дугаар ***********.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь Д аймгийн С сумын * дугаар баг М *** тоотын гадна О.О-г өөрийг нь дуудлаа гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт цохиж, өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнтэй тохиролцсон буюу 450 нэгжээр торгох ялыг оногдуулах саналтай байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжээр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолын тухайн хэсгийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,150,000 төгрөгөөр тогтоож 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай байна. Шүүгдэгчид авсан байгаа хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: “Шүүх хуралдаанд Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Өмгөөлөгчийн зүгээс болон М зүгээс гэм буруугийн талаар маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлал гуйж эвлэрч хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Ингээд прокурорын шатанд М прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хүсэлт гаргаж прокурортоо ял тохиролцсон байгаа.Тэгэхээр М хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох 450,000 төгрөгөөр торгох өмнөх Д аймаг дахь анхан анхан шатны шүүхийн 20** оны 02 сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.5-т зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8.1, 6.9.1-т зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3,150,000 төгрөгөөр тогтоож уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3.4-т зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдэж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Д аймагт анхан шатны шүүхийн 20** оны 02сарын 13-ны өдрийн тогтоолын торгох ял оногдуулсан эсэхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад М холбогдох хэргийг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж өгөөч гэсэн санал гаргаж байгаа вэ гэхээр М зүгээс ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг ийм хүн байгаа. Тэгэхээр өндөр торгуулийн ялыг богино хугацаанд биелүүлэхэд түүний ар гэр амьжиргаанд нь асуудалтай жоохон дарамттай байх болов уу гэсэн үүднээс 10 сарын хугацаанд эцэслэн төлөхөөр шийдэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа юм.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Д С сумын * дугаар баг М *** тоотын гадна О.О-ыг өөрийг нь дуудлаа гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт цохиж, өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч хохирогч О.О*ын “...20** оны 11 дүгээр сарын 28-ны 00 цагийн үед манай хүргэн ахын найз М гэх хүн манайд орж ирсэн. Орж ирээд ямар нэг юм ярилгүй шууд гал тогооны шүүгээ ухаад байсан. Дараа нь ариун цэврийн өрөө ороод толь цохиж хагалаад, хаалга өшиглөж нээгээд гараад явсан. Би араас нь гараад "Та яаж байгаа юм бэ? ах аа. Толь хагалчихлаа шүү дээ" гэхэд М надад хандан "Чи ингэх болоогүй шүү Б. Би чамайг ална шүү" гэж хэлээд нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 2-оос 3 удаа цохисон. Би нүүрээ дараад тонгойход нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай "...О.О-ын биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12 дахь тал),
Шинжээч Э.А "... Үзлэгээр тогтоогдсон гэмтлүүдийн өнгө, шинж байдлаас дүгнэхэд тухайн гэмтлүүд хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Яллагдагч Б.М "... 20** оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн үед Д гэх найзынхаа гэрт очсон. Намайг Д очиход эхнэр нь болох Х, Х найз Б нар байсан. Тэгээд Д Б нарын хамт 2.4 литрийн савлагаатай 2 ширхэг пиво хувааж уусан. Дараа нь 22 цагийн үед Х, Б, Д нарын хамтаар Д аймаг С сумын * дүгээр багт байрлах Л бааранд орсон. Ороод 0,5 литрийн савлагаатай 3 ширхэг пиво уусан. Тэгээд баар хаах үед Д орохоор гарч байсан гэдгээ санаж байна. Нэг мэдэхэд Д гэрт маргааш өглөө нь сэрсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 58-р хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М- үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.М нь Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба торгох ялыг биелүүлээгүй байх тул тус ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн торгуулийн ялын хэмжээг нийт 3,150,000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА