Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х,

             Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,   

             Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Т-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн байцаалт:

           Монгол улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Н хошуу з-т замын мастер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Д аймгийн Э сумын Н х з оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт О Т, Регистрийн дугаар: ***********.

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Т нь 20*** оны 03 дугаар сард Д аймгийн С сумын *-р баг Г үйлчилгээний төвийн гаднаас хохирогч С.Г эзэмшлийн гээгдүүлсэн Самсунг Эс-23 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч О.Т нь 20** оны 03 дугаар сард Д аймгийн С сумын *-р баг Г үйлчилгээний төвийн гаднаас хохирогч С.Г эзэмшлийн гээгдүүлсэн Самсунг Эс-23 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Г "...Минерал бааранд ороод шууд бие засах өрөөнд ороход миний гар утас байгаагүй ба тухайн үедээ М миний гар утсыг аваад явсан гэж бодоод О гар утаснаас М утас руу залгаж ярихад би чиний утсыг аваагүй чиний утас руу залгаж үзэхэд дуудаж байгаад тасарсан гэж надад хэлсэн. Би баарнаас ганцаараа гараад гар утсаа хайхад олдоогүй....би гар утсаа олж авсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 6, 46-47-р тал)

           Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 32, 35-р тал)

           Гэрч О.Ц "...20** оны яг хэдэн сард гэдгийн мэдэхгүй байна. Хавар байсан шиг санаж байна. Аймгаас ирэхдээ нэг гар утас хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд тэр гар утас манай гэрт байгаад л байсан. Тэгээд сүүлдээ нээх ашиглах хүн байхгүй байхаар нь миний төрсөн эгч Мөнхцэцэгт түр зуур бариулсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р тал)

           А б ХХК-ний 20** оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-39-р тал)

           Шүүгдэгч О.Т-гийн мөрдөн байцаалтын байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "...20** оны 03 дугаар сард шиг санаж байна. Би анх ажиллаж байсан Э сумын А гол з ажиллаж байгаад албан тушаал өөрчлөгдөж тус сумын Н х з рүү томилогдох болж аймгийн төв рүү орж ирж хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлаар аймаг руу орж ирсэн. Тэр үеэр би г б төвийн хойд талд хашаанаас цаашаа хаан банк явах чиглэлд зам шороо дээрээс олж аваад аймагт байрлаж байр луугаа очоод шөнийн суудлаар Э зөрлөг рүүгээ явсан. Намайг тэр SАMSUNG S-23 маркийн гар утсыг олж авахад цэнэгтэй байсан. Намайг олсны дараа тэр гар утас руу хэн нэгэн хүн залгаагүй. Би гар утсыг олсны дараа ашиглах боломжтой байх гэж бодоод би код байна уу гэж үзсэн чинь дэлгэцэн дээр хуруугаараа шудраад үзэнгүүт шууд нээгдэж байсан. ...Би гар утсыг 20** оны 02 дугаар сарын 21-ний өдөр цагдаа дээр авч ирж мөрдөгчид өөрийн хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 54-55-р тал) зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

           Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг ойлгоно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч О.Т нь 20** оны 03 дугаар сард Д аймгийн С сумын *-р баг Г үйлчилгээний төвийн гаднаас хохирогч С.Г эзэмшлийн гээгдүүлсэн Самсунг Эс-23 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

           Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Тиймээс шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Г өмчлөх эрхэд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

           Бусад асуудлыг талаар

           Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Ш овогтой О Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГОНЧИГСУМЛАА