Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2021/00510

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2021/00510

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б овогт Д.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  С овогт Д.Н-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О миний бие 2014 онд хариуцагч Д.Н-той танилцаж улмаар дотносон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бага охин Н.П-г төрүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэтэл нөхөр маань уг хугацаанаас зан ааш нь хувирч байнга архи ууж, архи уусан үедээ хэл амаар доромжилж, хутга мэс барьж ална гэж айлгадаг, энэ үйлдэл нь даамжирсаар далд хүчирхийлэл болж дагавар охин н.П-г маань бэлгийн дарамтанд оруулсан, би маш их гомдолтой байна. Мөн намайг болон том охин н.П, бага охин Н.П-г дарамталж айлган сүрдүүлж, хадаастай модоор цохих, гал руу түлхэх мэтээр айлгах, шөнийн 2, 3 цагт архинд явуулах, шөнө гэрээс хөөж гаргах, шөнө хоол хийлгэж иддэг. Группийн мөнгийг надаас авч архинд өгдөг, хэрэв мөнгө байхгүй бол группийн дэвтрийг маань архинд тавьдаг. Цаашид хоёр охин болон Н.П, н.П бид гурав түүнтэй амьдрахад байнгын дарамттай хэцүү боллоо. Одоо Д.Н нь хоригдож байгаа. Анх Д.Н-той гэр бүл болоход би өөрийн гэр болох хашаа байшиндаа хамт амьдарч байсан. Дундын өмч байхгүй, эвлэрэх боломжгүй тул эвлэрүүлэн зуучлалаар орохгүйгээр гэрлэлтээ цуцлуулмаар байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие өөрийн эхнэрийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, охиноо асрамжиндаа авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний эхнэр намайг буруугаар ойлгож гэрлэлтээ цуцлуулах санал гаргаж байгааг ойлгож байна. Би гэрлэлтээ цуцлуулахгүй. Би эхнэртэйгээ уулзаж ярилцах хүсэлттэй байна. Биднийг эвлэрүүлэх хоорондоо ярилцах, зөвшилцөх боломжоор хангаж өгнө үү. Д.О-н хэлсэн ярьсан зүйл худлаа. Би хүүхдээ өөрөө авч өөрийнхөө аав, ээжээрээ харуулмаар байна. Би хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй гэж бодож байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Д.Н нар нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Н.П төрсөн ба одоо охин Н.П нь эх Д.О-ын хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 341/000677 дугаартай Гэрлэлт бүртгэлийн лавлагаа, 341/000678 дугаартай Н.П-н Төрсний бүртгэлийн лавлагаа, А аймгийн Э сумын ..... дугаар багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 373 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.О нь ...Д.Н-н зан ааш нь хувирч байнга архи ууж, архи уусан үедээ хэл амаар доромжилж, хутга мэс барьж ална гэж айлгадаг, хадаастай модоор цохих, гал руу түлхэх мэтээр айлгах, шөнийн 2, 3 цагт архинд явуулах, шөнө гэрээс хөөж гаргах, шөнө хоол хийлгэдэг. Цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна гэдгээ илэрхийлдэг ба хариуцагч Д.Н нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байна.

 

Хариуцагч Д.Н нь олон нийтийн газар архидан согтуурсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр орондоо агсам согтуу тавьсан зэрэг үндэслэлээр удаа дараа баривчлагдаж арга хэмжээ авагдаж байсан нь А аймаг дахь Цагдаагийн газраас Хайлтын систем-ээс гаргаж ирүүлсэн баримт, нэхэмжлэгч Д.О, охин О.П, Н.П нар нь гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 36 хоног түр хамгаалах байраар үйлчлүүлсэн талаар А аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. гэж заасны дагуу дээр дурдсан нотлох баримтыг үндэслэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцалсан болно.

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч Д.Н нь охин Н.П-г өөрийн асрамжинд авна гэж маргаж байх боловч эхийн хайр халамж, ёс суртахууны байдал, хүүхдийн өсөж торниж буй орчин нөхцөл, бололцоо, мөн бага насны хүүхэд зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Н.П-г эх Д.О-н асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Мөн хариуцагч Д.Н хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж маргаж байгаа нь тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Д.Н-р сар бүр охин Н.П-г тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.О-д даалгах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцагч Д.Н-г хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Д.О нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Н-с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг, мөн 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35,337 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Д.О, С овогт Д.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин С овогт Н.П-г эх Д.О-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Н.П-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Н-р сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.О-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

7 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Н-с 70,200 төгрөгийг, мөн 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35,337 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА