Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/02598

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/02598

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.Х

 

Нэхэмжлэгч: Р.О нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө.Ф ХХК-д холбогдох,

 

59,842,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

2016 оны 07 сарын 05-ны өдрийн 09/07 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Р.О-ийн төлөөлөгч Р.Х, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эгч дүү *******,******* бид Гариг констракшн ХХК болон******* ХХК-иудтай 2016 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц захиалах гэрээ, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2017.07.05-ны өдөр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжил банк дахь 471011142 тоот дансанд орон сууцны үнэ 39,895,000 төгрөгийг*******ийн нэрээр бүрэн төлсөн.

Өнгөт фасад ХХК нь гэрээний дагуу бидэнд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14-р гудамж, 431а, 432б, 433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц 3-р давхрын 50,5 м.кв талбайтай, 2 өрөө А загварын орон сууцыг 2017 оны1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, ашиглалданд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Тухайн асуудлаар өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2018 оны 04-р сарын 23-ны өдрийн 935-р шийдвэрээр *******,******* нараас төлсөн 39,895,000 төгрөгийг 50.5 м.кв талбай бүхий А загварын орон сууцны нийт үнэ гэж үзэх боломжгүй, улмаар Х.Хишигт,******* нар орон сууцны үнийг 100 хувь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна... гэж үзсэн учраас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Харин шүүхийн шийдвэрт ...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу *******,******* нар гэрээний дагуу төлсөн 39,895,000 төгрөгийг өөрийн үзэмжээр Гариг констракшн ХХК,******* ХХК-ийн аль нэгээс шаардах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв гэсэн.

2016 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4.15-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасан.

Тус гэрээний 4.1-д Орон сууцны барилгыг 2017 оны 01 сард батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгнө гэж зааснаар барилга хүлээлгэн өгөх хугацаа 2017 оны 01 сард дууссан бөгөөд 30 хоногийг нэмж тоолоход 2017 оны 03 сараас 2018 оны 09 сарыг хүртэл 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийг нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 19,947,500 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд******* ХХК-иас 39,895,000 төгрөг, алданги 19,947,500 төгрөг, нийт 59,842,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Өнгөт фасад ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол, Алтайн 14-р гудамжинд байрлах 84 айлын Монтед цогцолбор хороолол орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулсан. Тус орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,350,000 төгрөгөөр зуучлан борлуулах ажлыг******* ХХК нь Хангарьд пропертийз ХХК-тай 2016 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 16/70 тоот Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон.

Хангарьд пропертийз ХХК нь 16/70 тоот Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Гариг констракшн ХХК-ийн ажилчиддаа орон сууц худалдаж авъя гэх захиалгын дагуу 9 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан 10 орон сууцыг худалдахаар тохиролцсон байдаг.

*******,******* нар нь Гариг констракшн ХХК-тай 2016 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, орон сууц захиалсан дээрх нэр бүхий 10 иргэдийн нэг бөгөөд гэрээний төлбөрийг Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд шилжүүлжээ. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Гариг констракшн ХХК-руу мөнгөө шилжүүлсэн тухайгаа дурдсан байна.

Иймээс******* ХХК нь *******,******* нартай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, гэрээний төлбөрт огт мөнгө аваагүй, гэрээний үүргийг хариуцах этгээд биш болно. Харин Гариг констракшн ХХК нь орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш атлаа гэрээний зүйлийн үнийг бууруулан нэр бүхий 10 иргэнд орон сууцыг давхар худалдан борлуулж, нэхэмжлэгч нарыг мөнгийг залилж, хохирол учруулсан байна. Тус гэрээний 4.15 дахь хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгч нарт огт хамааралгүй болно.

Иймд******* ХХК нь гэрээний үүргийг хариуцах этгээд биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гарсан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гариг констракшн ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, орон сууцны 7-р хороололд хэрэгжиж байсан Монтед 84 айл-ын орон сууц төслөөс ажилчиддаа 10 ширхэг орон сууц авна хэмээн захиалан 2016 оны 05 сарын 27-ны өдөр №09 тоот Орон сууц захиалгын гэрээ-г******* ХХК-тай байгуулсан. Гэрээний 3.2-т төлбөрийг хэсэгчлэн төлөх дүн, хугацааг графикаар тохиролцсон байдаг.

Гэвч захиалагч Гариг констракшн ХХК нь №09 тоот гэрээний 3.2-т заасан төлбөрийг төлж барагдуулаагүй байхдаа 2016 оны 7 сарын 05-ны өдөр*******, Р.Хишигт нартай Орон сууц захиалах онцгой гэрээ гэж байгуулан нэхэмжлэгч нараас 39,895,000 төгрөгийг авч залилсан байна. Иймд*******, *******, Гариг констракшн" ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалах онцгой гэрээ нь зөвхөн тэдэнд хамааралтай.******* ХХК гэрээний тал биш байх тул гэрээгээр ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.

Мөн Гариг констракшн ХХК нь 2016 оны 7 сарын 05-ны өдөр орон сууцны тоот, үнэ тохиролцоогүй №09/07 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г "Өнгөт фасад ХХК-аар ажилчидын гэрээ гэж батлуулсан.

Дээрх №9/07 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ээр талууд худалдаалах орон сууц болон үнийг тохироогүй учир тус гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 09/07 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Эгч, дүү ************** бид Гариг констракшн ХХК-тай болон Өнгөт Фасад ХХК-иудтай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалах гэрээ, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Гариг констракшн ХХК-ны Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд орон сууцны үнэ 39,895,000 төгрөгийг*******ийн нэрээр төлсөн.

Өнгөт Фасад ХХК нь гэрээний дагуу бидэнд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14 гудамж 431 а, 4326,433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1 дүгээр блок байрны 1-р орц 3 давхарын 50,5 метр квадрат талбайтай, 2 өрөө А загварын орон сууцыг 2017 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, ашиглалданд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Түүнээс хойш нэхэмжлэгчдийн зүгээс Өнгөт Фасад ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай албан өрөөнд нь очиж уулзахад Гариг констракшн ХХК-иас захиалгын төлбөр манай компани руу орж ирсэн тухай тайлбарлаж цаг хугацаа авч байсан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээсы үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу *******,******* нар гэрээний дагуу төлсөн төлбөрийг******* ХХК-ийн шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон байх бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тавигдах шаардлагад сөрөг нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бигчийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрээ хэлцэлд хариуцагчийн зүгээс эрхийн болон хууль зүйн хувьд ямар нэг зөрчилгүй байгууллагын хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Б.Мөнхбат гарыг үсэг зурж баталгаажуулсан зэрэг нь энэхүү гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн зүгээс гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******,******* нар хариуцагч******* ХХК-д холбогдуулан, учирсан хохирол 39,895,000 төгрөг, алданги 19,947,500 төгрөг, нийт 59,842,500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч *******,******* нарт холбогдуулан, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын тухайд.

Өмнө нь *******,******* нар хариуцагч******* ХХК-д холбогдуулан, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхар, А загварын 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 сарын 23-ны өдөр маргааныг хянан шийдвэрлэж, 181/ШШ2018/00935 дугаар шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-14-17х/

Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 сарын 02-ны өдөр хянаж, 1545 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх ба уг магадлалд ...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсний дагуу гэрээний үүргийг өөрийн үзэмжээр Гариг констракшн ХХК,******* ХХК-ийн аль нэгээс шаардах эрхтэй гэж, мөн Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ тодорхой байх ёстой бөгөөд тухайн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний зүйлийн үнэ тодорхойгүй буюу гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй учраас хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй гэж, мөн Нэхэмжлэгч нар буруутай этгээдээс хохирлоо шаардахад давж заалдах шатны шүүхийн магадлал саад болохгүй гэж тус тус дүгнэжээ. /хх-18-21х/

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзэв.

Хоёр. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нд тусгагдсан талуудын эрх, үүргийн тухайд.

Өнгөт фасад ХХК, Гариг констракшн ХХК, *******,******* нар 2016 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэх гэрээг байгуулж,******* ХХК нь орон сууцыг 2017 оны 01 сард багтаан батлагдсан зургийн дагуу барих, *******,******* нар төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-9-10х/

Гэрээний үнийн дүн хэд болох талаар, гэрээний үнийн дүнг хэрхэн тодорхойлох аргын талаар гэрээнд тусгаагүй байх боловч төлбөрийг 100% Гариг констракшн ХХК-д төлөх үүргийг *******,******* нарт хүлээлгэсэн байна. /Гэрээний 3.1, 4.11, 4.25, 5.2/

*******,******* нар 2016 оны 07 сарын 05-ны өдөр гэрээнд заасны дагуу Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот данс руу 39,895,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-13х/

Өнгөт фасад ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг барьж, *******,******* нарын өмчлөлд шилжүүлээгүй үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогддог.

Гурав.******* ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухайд болон *******,******* нарын шаардах эрхийн тухайд.

*******,******* нар гэрээнд заасны дагуу Гариг констракшн ХХК-д 39,895,000 төгрөгийг шилжүүлж, 39,895,000 төгрөгөөр хохирсон байх тул өөрт учирсан хохирлоо буцаан гаргуулахаар******* ХХК-иас шаардах эрхтэй байна.

Өнгөт фасад ХХК нь Гариг констракшн ХХК-иас 28,000,000 төгрөгийг хүлээн авсан, уг мөнгө эрх бүхий байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч нарын зүгээс 39,895,000 төгрөгийг бүхэлд нь******* ХХК-иас шаардахад саад болохгүй гэж үзэв.

Учир нь гэрээнд заасны дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг хэрхэх асуудал нь******* ХХК болон Гариг констракшн ХХК нарын дотоод асуудал байх бөгөөд тэдгээрийн хоорондын тохиролцоо нь *******,******* нарт хамааралгүй байна.

Нэг талаас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 1545 дугаар магадлалд дурдсанчлан талууд гэрээний гол нөхцөл буюу гэрээний зүйлийн үнийг тохиролцоогүй учир хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй, нөгөө талаас гэрээнд тодорхой үнэ тусгаагүй байхад *******,******* нар 39,895,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн байх тул******* ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шилжүүлэн өгсөн 39,895,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Дөрөв. Алданги 19,947,500 төгрөгийг шаардах эрхтэй эсэх тухай.

Талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй, улмаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй учир нэхэмжлэгч нарт хууль буюу гэрээнд заасан алданги шаардах эрх үүсэхгүй гэж үзэв.

Тав. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хариуцагч******* ХХК нь 2016 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан зохицуулалттай холбоотой тайлбарлаж байна.

Нэгэнт давж заалдах шатны шүүх Хүчин төгөлдөр хэлцлийн улмаас шаардах эрх үүсэх, нөгөө төлд үүрэг үүсэх учиртай ба хэлцэл хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй тус шаардах эрх үүсэхгүй... хэмээн дүгнэсэн байх тул хийгдээгүй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй юм.

Зургаа. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй 201725020897 тоот эрүүгийн хэргийн тухайд.

Иргэн Б.Цолмонгэрэлийн гомдлоор үүссэн, бартерийн байр хямдхан зарна гэж залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэг нь Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөрд холбогдох хэрэг байх тул *******,******* нарын нэхэмжлэлтэй,******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй буюу тухайн эрүүгийн хэрэг нь энэхүү иргэний маргаанд хамааралгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хариуцагч******* ХХК-иас 39,895,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,947,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, *******,******* нарт холбогдох, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай,******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,170 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 357,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,******* нарт буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР